| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 103/2024/00243/И |
| Дугаар | 210/МА2024/02126 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/02126
2024 12 06 210/МА2024/02126
Д.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 103/ШШ2024/00580 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Я.Э-т холбогдох,
Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны үнэ 95,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г, хариуцагч Я.Э-, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 00 тоот орон сууцанд 1995 оноос эхлэн өвөг эцэг Ж.Б-, эх Б.Б-, дүү Д.М- нарын хамт амьдарч байсан ба өвөг эцэг Ж.Б-д дүүргээс уг орон сууцыг өгсөн байсан. Уг орон сууцыг өвөө маань зээ охин Д.М-ын нэр дээр байрыг өмчлөн авсан байсан. Би гэмт хэрэг үйлдэж 1999 онд ял шийтгэгдэн хүүхдийн хорих ангид явсны дараа эгч Д.М- ганцаараа тус байранд амьдарч байсан. Миний гэмт хэргийн хохирлын асуудал байнга нэхэгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас орон сууцыг дуудлагаар зарна гэж хүртэл айлгаж дарамталдаг байсан. Эгч Д.М-ын хувьд нийгмийн харилцаанд оролцох чадамж муутай, юмны утга учрыг ухаж ойлгох, хэл ярианы чадвар муутай хүн. Түүнийг Багануур дүүрэгт тулж түшээд явах ах дүү байхгүй, дүүгээ шоронд нэг ч удаа эргээд очих чадалгүй байсан зэрэг шалтгааны улмаас байраа түгжээд 2000 оны орчимд Дархан-Уул аймаг руу шилжиж, ах Ү-ийнд очиж тэдний ойр зуур ажилд нь тусалж амьдарч байсан. Би хорихоос суллагдсанаас хойш Багануур дүүрэгт ирэхэд байр маань цоожтой хүнгүй байсан тул хажуу талын 2 айлаас асуухад хэн байдгийг нь сайн мэдэхгүй, хүнгүй байдаг гэсэн хариу өгсөн. 3 жилийн дараа 2014 онд эгчийгээ Дархан-Уул аймагт байхад нь олж уулзахдаа Багануур дүүрэг дэх байрны талаар асуухад хаанаас ч юм хүмүүс ирээд хураана гээд байдаг байсан. Тэгээд би айгаад түгжээд яваад өгсөн гэсэн ба би олон хэрэг үйлдсэн хохирол төлбөр ихтэй байсан учраас төлбөрт нь хураагаад авсан гэж бодоод өнгөрсөн.
Миний бие 2022 оны 12 сард Багануур дүүрэгтээ ажиллаж амьдрахаар эргэн ирээд өөрийн орон сууцыг ер нь ямар журмаар хэнд шилжээд очсон юм бол, одоо ямар хүмүүс амьдарч байгааг мэдэж сураглахаар очиход эзэн нь Цэцэгмаа гэж эмэгтэй байдаг талаар СӨХ-оос хэлсэн бөгөөд өөр эмэгтэй хүн түрээсэлж суудаг байдалтай байсан.
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж Орон сууцны арилжааны гэрээ-г тус газраас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн. Энэхүү гэрээ нь 1999 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хийгдэж Н.А- гэж нотариатчаар батлагдсан Д.М-аас тус орон сууцыг Я- овогтой Э- гэдэг хүнд хаана нь үл мэдэгдэх хашаа байшингаар сольсон тухай гэрээ байсан. Эгч Д.М-ын хувьд Я.Э- гэж хүнийг огт мэдэхгүй, ийм гэрээ хэзээ ч хийгээгүй, хэзээ ч ямар нэгэн хашаа байшин аваагүй гэдгээ надад хэлсэн. Гэрээн дээрх түүний гарын үсгийг хуурамчаар татлан зурсан байгаа бөгөөд Д.М- нь гарын үсгээ таталж зурж чадахгүй, арай гэж нэрээ зөв бичих, хальт мулт л унших чадвартай. Орон сууцыг нь ямар нэгэн төрийн байгууллагаас хураан авсан зүйлгүй байсан.
Энэхүү орон сууц нь тухайн хэлцлээр Я.Э-т очсоноос хойш олон хүнд дамжин шилжсэн байх тул орон сууцны үнийг гаргуулах хүсэлтэй байна. Миний эгч Д.М- нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 103 дугаартай шийдвэрээр төрөлхийн оюуны хөнгөн хомсдолтой, өөрт хохиролтой хэлцэл хийх зэрэг хэлбэрээр иргэний акт, гэрээ, үйлдсэн тохиолдолд иргэний эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй, иргэний эрх зүйн зарим чадамжтай гэж үзэн иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтайд тооцогдож харгалзан дэмжигчээр Д.М- миний бие тогтоогдсон.
Багануур дүүрэгт нэг өрөө /арктай/ орон сууцны одоогийн зах зээлийн ханш 95,000,000 төгрөг гэж үнэлэгдсэн. Иймээс нэг өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ болох 95,000,000 төгрөгийг хариуцагч Я.Э-аас гаргуулна гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Би н.Ү- гэдэг хүнтэй наймаа хийсэн, нэхэмжлэгчийг танихгүй, зохих журмын дагуу энэ орон сууцыг худалдаж авсан. н.Ү- гэдэг хүн зарах эрхтэй байсан болохоор л орон сууцыг зарсан. 1998 онд 400,000 төгрөгөөр худалдаж авсан, би машинаа 1,000,000 төгрөгөөр үнэлсэн, харин ч н.Ү- надад 600,000 төгрөг өгөх ёстой байсан, миний машиныг аваад л сураггүй болсон. Одоо нэхэмжлэгчийн төрсөн ах нь надаас мөнгө нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгүүдэд зааснаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 00 тоот орон сууцыг Б овогт Д-ийн М-ын өмчлөлөөс Эрхий мэргэн овогт Я-гийн Э-ын өмчлөлд орон сууцны арилжааны гэрээгээр шилжүүлсэн 1999 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хэлцлийг хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 00 тоот, улсын бүртгэлийн Ү-2208002102 дугаарт бүртгэгдсэн 18 м.кв орон сууцны үнэ 95,000,000 төгрөгийг хариуцагч Я.Э-аас гаргуулж нэхэмжлэгч Д.М-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 861,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Э-аас 861,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-т олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн.1999 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 25 жил болсон байх бөгөөд энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад энэ талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримт хэрэгт авагдаагүй. 3 жилийн дараа 2014 онд эгчийгээ Дархан-Уул аймагт байхад нь олж уулзсан бөгөөд 2014 оноос хойш нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй 10 жил өнгөрсний дараа гэнэт нэхэмжлэл гаргасан нь мөн үндэслэлгүй. Энэ талаар ямар ч баримт гаргаж өгөхгүйгээр худал, хуурмаг баримтгүй тайлбар хийсэн байна. Энэ хугацаанд байрны талаар огт ярилцаагүй гэх утгагүй, итгэл үнэмшилгүй, бодит байдалд нийцэхгүй зүйлүүдийг тайлбарласан байгаа нь шүүхийг төөрөгдүүлсэн, худал тайлбар гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Эдгээр нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарласан үйл баримтынхаа талаар нэг хуудас ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй худал, хуурмаг зүйлүүдийг үргэлжлүүлэн 25 жилийн хугацааг худал байдлаар тайлбарласан байна.
Анхан шатны шүүх хэргийн энэ үйл баримт болон энэхүү үндэслэл, хэрэгт авагдсан баримтын талаар заавал дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой байхад энэ талаар дүгнэлт хийх, шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн байна.
4.2. Д.М-ын хувьд нийгмийн харилцаанд оролцох чадамж муутай, юмны утга учрыг ухаж ойлгох, хүнтэй үг хэлээ ололцох хэл ярианы чадвар муу байсан ... гэх нэхэмжлэлийн үндэслэл бодит байдалд нийцэхгүй, тогтоогдохгүй, худал үндэслэлгүй болно.
Гэтэл нэхэмжлэгч талаас шинжээч томилсонтой холбоотойгоор өөрөө нотлох баримтуудыг гаргаж өгсөн байх ба гарын үсгийн хэд хэдэн нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд 2019-2021 оны хооронд Д.М- нь нийгмийн харилцаанд оролцож, бусдын өмнө ажил үүрэг гүйцэтгэн цалин хөлс авч, авсан цалингаа баталгаажуулан өөрийн гарын усгийг зурж, мөн Төрийн банкны өмнө тодорхой эрх, үүрэг, хариуцлага хүлээж эрх зүйн харилцаанд оролцож байсан болохыг нотолсон баримтууд байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч талаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Д.М-, Д.М- нар хамтран нэхэмжлэгчээр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 00 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд тухайн үед Д.М-аас Д.М-т итгэмжлэл олгосон ба шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 00129 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй, хууль бус байна.
4.3. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг иргэний журмаар шийдвэрлэсэн ноцтой зөрчил гаргаж хуулийг ноцтой зөрчсөн.
Нэхэмжлэл болон шүүхийн тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэн тайлбарлаж байх боловч бодит байдал дээр Д.М- нь уг гэрээг хийгээгүй, харин түүний төрсөн ах болох н.Ү- гэрээг хийсэн нөхцөл байдал үүсч байна. Тиймээс уг 21 дүгээр шийдвэрийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Харин гэрээг Д.М- байгуулсан бол тухайн үндэслэлийг тайлбарлах нь зүйн хэрэг юм.
Түүнчлэн, түүний ах болох н.Ү- гэрээг хууль бусаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл яригдаж байх бөгөөд тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрүүгийн журмаар шалган дүгнэлт өгөх нөхцөл байдал үүссэн байхад иргэний журмаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн ур дагаврыг үүсгэсэн байна. Миний бие н.Ү-ийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрүүгийн журмаар хуулийн дагуу шалгуулахаар гомдол гаргаж байгаа болно.
Нэхэмжлэгч талаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Д.М-, Д.М- нар хамтран нэхэмжлэгчээр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 00 тоот, 1 өрөө орон сууцны өмлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 00129 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэгт н.Ү- гэрчээр оролцож шүүхэд худал мэдүүлэг өгсөн нөхцөл байдал үүссэн тул түүний шинээр үйлдсэн Худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрүүгийн журмаар хамтад нь шалгуулах нөхцөл байдал давхар үүсээд байна. Тиймээс түүний үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хамтад нь эрүүгийн журмаар шалгуулах юм.
Мөн миний сонсож мэдсэнээр энэхүү иргэний хэрэгт Д.М-ын өмгөөлөгчөөр Л.Г- гэх өмгөөлөгч оролцсон ба Л.Г-ын эхнэр П.Ц- нь уг хэргийг шийдвэрлэсэн шүүхийн Ерөнхий шүүгч бөгөөд тухайлсан энэ иргэний хэргийг шийдвэрлэх хуралдаан даргалагчаар 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүгч Т-ийг албажуулсан 00170 дугаар захирамжийг гаргасан. Тиймээс тус хэргийг шийдвэрлэх шүүгчийг томилсон асуудлыг мөн эрүүгийн журмаар шалгуулах болно.
4.4. Анхан шатны шүүх нь маргаан бүхий нөхцөлд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн.
Учир нь тухайн гэрээг Д.М- хийгээгүй гэх буюу түүний гарын үсгийг хууль бусаар дуурайлган зурсан гэмт хэргийн шинжтэй асуудал хангалттай дүгнэгдэж байхад төрөлхийн оюуны хөнгөн хомсдол өвчтэй, хууль эрх зүйн хувьд бусадтай иргэний эрх зүйн харилцаанд орох, түүний үр дагавар, үүсэх хор хохирлыг тооцох чадваргүй байсан үедээ Өөрөө хийсэн гэрээ мэтээр зөрчилдөөнтэй тайлбарлаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний анхан шатны шүүх нь хуулиар өөрт нь харьяалуулаагүй гэмт хэргийн шинжтэй асуудал буюу хуулиар Эрүүгийн хэргийн дагнасан чиг үүрэг бүхий шүүхийн харьяалан шийдвэрлэх гэмт хэргийн үйлдлийг таслан шийдвэрлэсэн маш ноцтой хуулийн зөрчлийг гаргасан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
1995 оноос Д.М-, Д.М- нарын эзэмшиж байсан байрыг 1999 онд Я.Э- хуурамч хэлцэл хийж өөрийг нь оролцуулахгүйгээр гарын үсгийн хуурамчаар зурж хашаа байшингаар сольсон гэх арилжааны гэрээ хийж орон сууцыг авсан. Уг асуудлыг орон сууцны эзэмшигч Д.М- мэдээгүй байсан. Тухайн үед ах дүү нар нь байхгүй байсан ба сүүлд уг орон сууцны талаар мэдээд Багануур дүүргийн үл хөдлөх газарт хүсэлт гаргаж, 1999 онд Я.Э- гэдэг хүнд шилжсэн байна гэх лавлагаа өгсөн. Байрны өмчлөгч болох Д.М- нь төрөлхийн сэтгэцийн өвчтэй, хууль ёсны гэрээ хэлцэл хийх чадамжгүй. Шинжээчийн дүгнэлтээр төрөлхийн сэтгэцийн өвчтэй нь нотлогдоод анхан шатны шүүх уг дүгнэлтийг үндэслээд эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай байна, асран хамгаалагчаар Д.М-ыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. 1999 онд хэлцэл хийгдсэн нөхцөл байдлыг мэдэхгүй, мэдэх байсан ч гэсэн тухайн үед Д.М- нь эрх зүйн чадамжгүй байсан гэх нөхцөл байдал үүссэн. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн чадамжгүй хүнд хэрэглэгдэх Иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтаар зохицуулагдана. Энэ хүн эрх зүйн чадамжгүй гэж тогтоогдсон үеэс эхэлж хөөн хэлэлцэх хугацаа тоологдох боломжтой гэж үзэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Тухайн үед байгуулсан гэрээнд хуулиар оролцох ёстой этгээд оролцоогүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэдгийг тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
1. Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Я.Э-т холбогдуулан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны үнэ 95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
3.1. Д.М- нь Я.Э-тай 1999 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууцны арилжааны гэрээ-гээр 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хашаа байшингаар харилцан тохиролцож, сольсон байна. /хх10/
3.2. Д.М-ын өмчлөлд Багануур дүүрэг 1 дүгээр хороо 22 дугаар байр 00 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2000 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өмчлөгч байсан болох нь Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар тогтоогджээ. /хх11-12/
3.3. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 103/ШШ2024/00021 дугаар шийдвэрээр Д.М-ыг иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтайд тооцож, Д.М-ын харгалзан дэмжигчээр Д.М-ыг тогтоосон байна. /хх7-8/
3.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 1733 дугаартай дүгнэлтээр ...1999.12.02 гэсэн огноотой Орон сууцны арилжааны гэсэн баримтын хамтран эзэмшигчийн гарын үсэг гэсэн хэсэгт зурагдсан байх гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.М-ын гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна гэжээ./хх32-34/
4. Анхан шатны шүүхээс талуудын маргааныг шийдвэрлэхдээ Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 103/ШШ2024/00021 дугаар шийдвэрээр Д.М-ыг иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтайд тооцсон үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолж, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн гомдлыг хангана.
4.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил, 75.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч тал дээрх арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагаа дээрх хуульд заасан хугацаанд гаргаагүй байна.
4.2. Нэхэмжлэгч Д.М- хорих ангиас 2012 онд суллагдаж улмаар орон сууцыг гэмт хэргийн хохиролд хураагдсан гэж бодож явсан гэж тайлбарлаж байх бөгөөд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 00021 дугаар шийдвэрээр Д.М-ыг иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтайд тооцсон нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэлд хамаарахгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 78.4 дэх заалтад иргэний эрх зүйн чадамжгүй, мөн иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдүүд хамаарна. Гэтэл, иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй иргэнд Иргэний хуулийн 18 дугаар зүйлд заасан иргэн хамаардаг бол, иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэнд Иргэний хуулийн 16 дугаар зүйлд заасан 14-18 хүртэлх насны иргэн хамаардаг.
4.3. Мөн нэхэмжлэгч нь эгч Д.М-ын эрх ашгийг хамгаалахын тулд хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тухай үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 103/ШШ2024/00580 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Э-т холбогдуулан гаргасан 1999 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орон сууцны арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны үнэ 95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ