Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/110

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Ч.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Чын Дт холбогдох 1812001830221 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч:  О овогт Ч-ын Д /РД:Й._.........../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ч.Д нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны орой Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт байрлах “Наадмын талбай”-н орчим иргэн Д.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д мэдүүлэхдээ: ...Миний буруу. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812001830221 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Н-гийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 12 дугаар сарын 14-ний өглөө эрт Чулуут суманд хүн нас барсан гээд ажил явдалд орох гэж Улаанбаатар хотоос очсон. Тэгээд орой нь Б гэх найзтайгаа гэрт нь очиж хонох гээд миний Приус-20 маркийн машинтай явж байтал Д, М, О, Э гэсэн 4 залуу мотоцикльтой явж байгаад Д наадмын талбайн хойно очоод ганц пиво ууя гэхээр нь хамт явж очоод нэг пиво ууж байхад Д миний машины жолоон дээр сууж байсан. Тэгээд бид нар пивоо ууж дууссан чинь Д дахиад архи, пиво уумаар байна гэхээр нь одоо яах юм бэ, машин тэрэгтэй архи, дарс уугаад яах вэ гэтэл энэ муу сүртэй юм бэ, батерей уначихаад, үүнийг чинь би зөндөө унасан юм, чамд орж ирсэн батерей аваад өгөх үү гээд машины арын шилэн дээр цохисон. Тэгээд намайг буугаад ир гэхээр нь би буугаад очтол намайг заамдаж аваад хавсарч унагаахаар нь би босоод ирсэн чинь хамт явсан хүмүүс салгатал намайг нүүр рүү мөргөсөн. Тэгээд миний ам, хамраас цус гараад байхаар нь цусаа тогтоогоод цагдаа дээр очтол цагдаа байхгүй байсан. Би маргааш нь ажил явдалд явчихаад ирээд эмнэлэг дээр очиж эмчид үзүүлж бичиг авчихаад ажилтай байсан болохоор Улаанбаатар хот руу явсан. Би Д-тай утсаар яриад миний шүд унасан, хиймэл шүд хийлгэх хэрэгтэй байна, шүдний мөнгө өг гэсэн чинь за тэгье хө гэж яриад байж байснаа нилээн удаж байгаад дахиад ярьсан чинь чи хуцаад байгаарай, чамайг дахиж залгавал ална шүү гэхээр нь би яахаараа эрүүл мэндээрээ хохирчихоод зүгээр байх юм гэж бодоод аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Миний санаж байгаагаар сургуульд байхдаа Д-тай 2 удаа маргалдаж байсан. Тухайн үед хүүхэд байсан бөгөөд миний гуя руу чулуугаар цохиж байсан. Сургууль төгсөөд хотод нэг удаа тааралдсан. Тэрнээс хойш 3-4 жил тааралдаагүй. Харин 2017 оны 12 дугаар сард ажил явдал гээд Чулуут сум руу орохдоо тааралдаж маргалдсан энэ асуудал байгаа юм. Архи ууна гээд байхаар нь би одоо хэрэггүй, яах юм бэ, машин тэрэгтэй болохгүй гэтэл энэ муу батерейг би унаж байсан юм, чамд орж ирсэн батерей авч өгье гээд буугаад машины арын шил рүү цохиод намайг буугаад ир гэхээр нь би буугаад очтол намайг барьж аваад хавсарч унагаахаар нь би босоод иртэл Д-тай хамт явсан хүмүүс салгасан. Тэгээд юм яриад зогсож байтал намайг мөргөчихсөн. Д бид хоёрын хооронд урьд өмнө өс хонзонгийн асуудал байхгүй. Миний дээд талын үүдэн шүд хугараад, хөдөлсөн. Өөр гэмтэл байхгүй. Үүдэн шүд болохоор хоол унд идэж уухаас авахуулаад хэцүү байсан болохоор эмнэлэгт үзүүлтэл авахаас өөр арга байхгүй гэхээр нь авахуулаад хиймэл шүд хийлгэсэн чинь сугарч унаад хугараад болохгүй байна. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Д-тай уулзах гэж хотоос хоёр удаа аймагт ирсэн бөгөөд ирж, очсон бензиний мөнгө, шүд хийлгэх мөнгө гээд гарсан зардлаа нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Н-гийн дахин мэдүүлсэн: ...Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би үүдэн шүдэндээ “Цагаан хясаа” гэдэг хувийн шүдний эмнэлэгт өөрийн зардлаар 70.000 төгрөгөөр шүд хийлгэсэн боловч тогтохгүй унаад байгаа учраас Д-ын намайг мөргөснөөс болж унасан үүдэн шүдэндээ авагддаггүй хиймэл шүд /инфланд/ хийлгэх шаардлагатай байна. Би эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Б-ы мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын дундуур байх /өдрийг нь санахгүй байна/ манай найз Н хүний ажилд оролцох  гээд Улаанбаатар хотоос ирсэн. Би Чулуут сумын төвд байх билъярданд байж байтал Н хотоос ирсэн уулзая гээд залгасан. Тэнд нутгийн хүмүүс болох М, М, О, Д нар байсан. Бид нар билъярднаас гараад сумын төвийн наадмын талбайн ар талд Нгийн унаж явсан Приус-20 маркийн автомашинд хоёр, хоёр лаазтай пиво, нэг шил архи уугаад юм яриад сууж байтал Д, Н хоёр маргалдаад эхэлсэн. Тэр хоёр машинаас буугаад Н Дг заамдаад боохоор нь би очоод салгасан. Тэгээд нэг харсан чинь тэр хоёр дахиад барьцалдаад авсан байсан бөгөөд Д Н-гийн шүд рүү мөргөчихсөн. Тухайн үед Н-гийн шүднээс цус гарчихсан байсан бөгөөд миний шүд хөдөлчихлөө гэж байсан. Бид нар тэр хоёрыг салгаад гэр гэр рүүгээ харьцгаасан. Би Д-ыг бага байхаас нь танина, аавыг нь Ц, ээжийг нь Ч гэдэг Чулуут сумын төвд амьдардаг хүмүүс байгаа юм. Д нь нэг их архи дарс уугаад байдаггүй, хааяа л нэг архи дарс уудаг байх, ааш зангийнх нь талаар сайн мэдэхгүй байна. Д нь Хүрэм багт мал маллаж амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.М-гийн мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сард Н Улаанбаатар хотоос ирээд Н, О, Д, М бид нар уулзсан юм. Бид нар сумын төвөөс 200 метр газар Нгийн машин дотор суугаад нэг, нэг лааз пиво, тал шил архи уугаад байж байсан. Тухайн үед Д машины жолоон дээр сууж байсан. Н Д-г Приус машин барьж үзэх үү гээд тэр хоёр маргалдсан. Бид нар гартал Д-г Н өмсөж явсан жинсэн цамцных нь захаар боогоод ухраагаад түрээд яваад байсан. Тэгснээ машин руу түрж кабин руу тулгаад цамцных нь захыг нь мушгиад боосон чинь Д ухаан алдаад газарт унасан. Тэгээд бид нар буугаад боль гэж хэлээд болиулаад би Д-гийн хацрыг алгадаад хүүе, хүүе гэтэл босоод ирсэн. Бид нар машиндаа орж суугаад явцгаах болоход тэр хоёр машин дотор ороод ирчихсэн байхдаа хэрэлдээд байснаа Н машинаа асаах гэснээ болиод машинаас буусан чинь Д ч гэсэн буугаад бие биенийхээ хүзүүгээр нь тэврээд явсан. Тэгтэл удалгүй Н хамраа дарсаар машин руу буцаж ирээд Д намайг мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ цагдаагийн кобон дээр очоод Н сумын цагдаа Б-д миний шүд хөдөлчихсөн байна гэж хэлж байсан. ...Тэр хоёр машинаас буугаад явсан бөгөөд бид нар үлдсэн архиа тойруулаад сууж байсан болохоор би хараагүй. Тухайн үед Н-гийн хамраас цус гарсан байсан бөгөөд ариун цэврийн цаас байна уу гэж асууж байсан. ...Тухайн үед Н, Д нарын хооронд зодоон болсон. Бид гурав огт гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Д-ын мэдүүлсэн: ...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын төвд 8 жилийн сургуульд хамт сурч байсан Н, М, Б, М О нартай тааралдсан. Тэгээд бид нар Чулуут сумын наадмын талбайн ертөнцийн зүгээр хойд талд нь очоод сууцгааж байгаад 2 литртэй пиво 3-4 ширхгийг ууцгаасан. Тухайн үед Н Приус-20 маркийн автомашинтай явж байсан. Би машиных нь жолоон дээр суух гэтэл Н уурлаад намайг буугаад ир гэхээр нь би буугаад очтол Н намайг заамдаж аваад боохоор нь би ямар овоо пизда вэ гэж хэлээд Нг татаж авчраад мөргөчихсөн. Тэгээд бид нар цагдаа дээр очоод тэндээсээ тарцгаасан. Би Н-г ганцхан удаа нүүрэн тус газарт нь мөргөсөн. Өөрөөр зодож, цохисон асуудал байхгүй. Н бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би машиныг нь ухраах гээд жолоон дээр суусан чинь уурлаад, маргалдсан. Тухайн үед Н намайг заамдаж боосон. Тэр үедээ хоолой боогдоод хүзүү жаахан улайсан байсан. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 163 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Д.Н-гийн биед баруун дээд үүдэн 1-р шүд унасан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтмол алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 22 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41-42, 91 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 32 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 12 дугаар сарын 15-ны орой Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт байрлах “Наадмын талбай”-н орчим иргэн Д.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Ч.Д нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2017 оны 12 дугаар сарын 15-ны орой Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт байрлах “Наадмын талбай”-н орчим иргэн Д.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Н-гийн мэдүүлсэн “Бид нар пивоо ууж дууссан чинь Д дахиад архи, пиво уумаар байна гэхээр нь одоо яах юм бэ, машин тэрэгтэй архи, дарс уугаад яах юм гэтэл энэ муу сүртэй юм бэ, батерей уначихаад, үүнийг чинь би зөндөө унасан юм, чамд орж ирсэн батерей аваад өгөх үү гээд машины арын шилэн дээр цохисон. Тэгээд намайг буугаад ир гэхээр нь би буугаад очтол намайг заамдаж аваад хавсарч унагаахаар нь би босоод ирсэн чинь хамт явсан хүмүүс салгатал намайг нүүр рүү мөргөсөн. Тэгээд миний ам, хамраас цус гараад байхаар нь цусаа тогтоогоод цагдаа дээр очтол цагдаа байхгүй байсан. Миний дээд талын үүдэн шүд хугараад, хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Б-ы мэдүүлсэн “тэгээд нэг харсан чинь тэр хоёр дахиад барьцалдаад авсан байсан бөгөөд Д Н-гийн шүд рүү мөргөчихсөн. Тухайн үед Нгийн шүднээс цус гарчихсан байсан бөгөөд миний шүд хөдөлчихлөө гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.М-гийн мэдүүлсэн “удалгүй Н хамраа дарсаар машин руу буцаж ирээд Д намайг мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ цагдаагийн кобон дээр очоод Н сумын цагдаа Б-д миний шүд хөдөлчихсөн байна гэж хэлж байсан. Тухайн үед Н-гийн хамраас цус гарсан байсан бөгөөд ариун цэврийн цаас байна уу гэж асууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, мөрдөн байцаалтын шатанд Ч.Д-ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би машиных нь жолоон дээр суух гэтэл Н уурлаад намайг буугаад ир гэхээр нь би буугаад очтол Н намайг заамдаж аваад боосон. Тэгэхээр нь би ямар овоо пизда вэ гэж хэлээд Н-г татаж авчраад мөргөчихсөн. Би Н-г ганцхан удаа нүүрэн тус газарт нь мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34/, хохирогч Д.Н-гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 163 тоот шинжээчийн дүгнэл /хх-ийн 22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч О овогт Ч-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ч.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Д-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Ч.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Ч-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Д-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ