Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч Л.Б өмгөөлөгч Б.Болортунгалаг, шүүгдэгч Э.Ч өмгөөлөгч С.Нарангэрэл, шүүгдэгч Л.Б , Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ч, Л.Б  нарт холбогдох эрүүгийн 1939000360026 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, төрсөн,  Э  гэх айлд туслах малчингаар ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа, шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,  Э.Ч  

Монгол Улсын иргэн, суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт сумын  дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  04 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,  Л.Б 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Э.Ч , Л.Б  нар нь Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутаг “Хөтөл шүүт” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн “Чансаа” маркийн мотоцикль ашиглан Б.Х 7 тооны адууг хулгайлж нийт 12.175.000 /арван хоёр сая нэг зуун далан таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч , Л.Б  нар “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Э.Ч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Бид 2 архи ууж сууж байхдаа би Б  хандаж Би ирлээ, хоёулаа адуундаа явъя, мөн манай ах Б очиод ирье, тэдний адуунаас хулгайлъя гэж хэлэхэд Б зөвшөөрсөн. Учир нь би Б бид хоёр хэд хоногийн өмнө адуунд явна гэж ярьж тохироод салсан байсан юм. Ингээд бид хоёр Т  ахын гэрт очиж цай хоол идчихээд гэрээс нь гараад явсан. Тухайн үед гадаа харуй бүрий болчихсон байсан. Би цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна Т  ахын гэрийн гаднаас би мотоциклио барьж Б миний хойно сууж бид хоёр Т  ахынхаас зүүн урд зүг рүү явсан. Ингээд гадаа харанхуй байсан учир Б ахын гэр болон адууг нь олоогүй. Бид хоёр тухайн үед Хаяа цагаан, Үнэгт гэх уулын доогуур, Майханы айраг гэх газруудаар явсан боловч Б ахынх олдохгүй болохоор нь буцаж гэрлүүгээ явж байтал Галшар сум болон Түвшинширээ сумын зааг нутаг болох Балцан магнай гэх газрын баруун өндөр дээр 20 гаран тооны бараан зүсмийн адуу байхаар нь тэр хэдэн адуунаас хулгайлахаар болоод очиход 7 тооны адуу нь салж сарнихаар нь тэр чигт нь гэрийн зүг туугаад явсан. Ингээд бид хоёр гэрийн ойролцоо ирээд уг 7 тооны адууг гэрээс урагш 2 км орчимд байх ууландаа орхисон. Ингээд бид хоёр манай гэрт унтаж амарсан. Тухайн үед манай эхнэр хүүхэд Хэнтий аймгийн төв рүү явчихсан байсан. Ингээд бид хоёр маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний мотоциклиор Баянхутаг сумын бойруу явж Б ийн машиныг авсан. Би тухайн үед унаж явсан мотоциклио уг бойны газар үлдээгээд Б болон түүний эхнэр Э ын хамтаар машинтай нь Хэнтий аймгийн төв рүү орсон. Ингээд Б бид хоёр Э  үлдээгээд буцаж манай гэрт ирж 7 тооны адуугаа нядлаад өөр өөрсдийн машиндаа гурав, гурваар ачаад үлдсэн нэг адууг нь идэшэндээ хэрэглэхээр хувааж авсан. Ингээд Б эхнэрийн хамтаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр махаа борлуулахаар явсан. Харин би орой нь 16 цагийн орчимд очиж Баянхутаг сумын бойнд очиж бойны эзэнд нь адууны махаа зарж боруулсан. Миний зарж борлуулсан мах нийт 2.552.000 төгрөг болсон. Би энэ мөнгийг эхнэр Г Хаан банкны дансаар нь авсан. Би энэ мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан.” гэх мэдүүлэг /хх-н 46-47 хуу/

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Ч хоёулаа урдуур буюу Сүхбаатар аймгийн Түвшиширээ сумын 3 дугаар баг Хоолой гэх газар нутаглаж байгаа Б ахынхаар ороод ирье гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Бат-Өлзийнх Баянхутаг сумаас багцаагаар 100 орчим км юм. Ингээд Ч мотоциклио унаж харин би ард нь сууж явсан. Ингээд бид 2 Түвшинширээ сумын 3 дугар багийн нутгаар Ч ахыг хайгаад олохгүй нилээн төөрсөн. Ингээд олдохгүй болохоор нь цаг орой байсан тул буцаж Баянхутаг сумын төв рүү буцахаар болоод явж байтал замд буюу Хэнтий аймгийн Галшар сум, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумдын зааг Цахилдагын ухаа уул гэх газрын баруун доор нь 20 орчим тооны бараан зүсмийн адуу бэлчиж явтал Ч хараад Энэ адуунуудыг тууя гэхээр нь зөвшөөрөхөд Ч уг адуунууд дээр мотоцикльтойгоо очиход уг хориод тооны адуунаас 7 тооны адуун тасарахад Ч уг 7 тооны адууг тэр чигт нь тууж явж байгаад Баянхутаг сумаас зүүн зүгт 20 гаран км-т байх Ч гэрийн гадаа авчирсан. Би Ч гэрийг яг ямар нэртэй газар нутагладаг гэдгийг мэдэхгүй байна. Ч гэрт ирэхэд хүн байгаагүй. Ингээд бид хоёр уг 7 тооны адууг ойр хавьд нь үлдээгээд Ч гэрт унтаж амраад маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өглөө 10 цагийн үед Ч бид хоёр Баянхутаг сумын бойруу очиж тэнд байсан миний эзэмшилд байдаг 45-13 УБН улсын дугаартай Сузуки Свит маркийн автмашиныг унаж Ч унаж явсан мотоциклийг үлдээгээд эхнэр Туулыг дагуулаад Хэнтий аймгийн төв рүү бензин авахаар 15 цагийн үед ирсэн. Ингээд эхнэр Туулыг Хэнтий аймгийн төвд үлдээгээд Ч бид хоёр буцаж Ч гэрт 17 цагийн үед ирсэн. Ингээд Ч гэртээ ирж морь унаад Түвшинширээ сумаас ирэхдээ тууж ирсэн 7 тооны адууг авчирахаар явсан. Ингээд 21 цагийн үед Ч нь урд зүгээс 7 тооны адуу туугаад ирсэн. Тэгээд бид хоёр нийлж уг 7 тооны адууг нядалсан. Энэ 7 тооны адууг нядалж дуусахад өглөөний буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны 06 цаг болж байсан. Ч бид хоёр нядалсан 7 тооны адууны гэдэс, толгой ширийг нь Ч шар өнгийн Пропокс маркийн автомашинд ачаад гэрээс хойш 30-аад км-ийн зайнд байх Хэнтий аймгийн Зүүн талд байх хог хаядаг нүхэнд аваачиж хаясан. Ингээд буцаж Ч гэрт ирж янзалсан 7 тооны адуунаас 3 тооны адууг тал адууны махтай хамт өөрийн машиндаа ачиж Баянхутаг сумын бойнд очиж Б гэдэг хүнд 3 адууг нийт 2.332.000 төгрөгөөр өгсөн. Би энэ мөнгийг эхнэр Э  Хаан банкны дансаар дамжуулж авсан. Харин үлдсэн тал адууны махыг өөрийн гэртээ идэшэндээ хэрэглэсэн. Ингээд би энэ хэрэгт удалгүй баригдсан...” гэх мэдүүлэг /хх-н 30-21 хуу/

Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд эхнэр бид хоёр Улаанбаатар хотоос ирээд би өөрийн адуундаа явахад Галшар сумын 4 дүгээр багийн нутаг Цахилдагийн ухаагийн бага магнай гэх газар бэлчиж байсан адуун дээрээ очиж адуугаа бүртгэхэд манай бор азаргатай адуунаас ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай шарга гүү, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 6 настай бор гүү, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай бор гүү, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 8 настай жороо саарал гүү, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай хар гүү, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай хүрэн зээрд гүү, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай буган халиун зүсмийн гүү буюу нийт 7 тооны гүү дутуу байсан. Ингээд би дутуу адуугаа нутгийн ойр хавиар эрж хайсан боловч олоогүй. Ингээд би энэ цаг хугацаанаас хойш дутуу байсан 7 тооны гүүгээ олон хоног хайж байгаад олдохгүй болохоор хулгайд алдсан байна гэж бодоод Хэнтий аймгийн Цагдаагийн газар бүртгүүлье гэж бодож байтал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.У нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр надруу залгаж Манай суманд ганзага имтэй, сартай нэмэх тамгатай адуу хулгайлсан хэдэн нөхдүүд Хэнтий аймгийн Баянхутаг сумын бойноос баригдлаа та ирж эдгээр адууны арьс толгойг үздээ гэхээр нь би за гэж хэлээд явах гэж байтал нөгөө хэсгийн төлөөлөгч нь эргэж залгаад за Х  ахаа танай адуу болох нь тогтоогдлоо, хулгайлсан хоёр нөхөр нь танай адуу гэдгийг хүлээж байна, ийм учир та үзэж харъя гэвэл сумынхаа хэсгийн төлөөлөгчтэй уулзаарай гэж хэлсэн. Ингээд би энэ талаар мэдээллийг аваад хэсгийн төлөөлөгчтэйгөө уулзана гэж бодож байсан боловч тухайн үед ажил төрөл амжихгүй уулзаж чадаагүй. Тэгсэн миний 7 тооны гүүг хулгайлсан хоёр этгээдийн нэг нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Э.Ч  гэж өмнө нь манайхаар ирж адуу мал гуйж унаж байсан залуу болон Түвшинширээ сумын харьяат бөмбөг хочит Б хоёр байсан. Би Б  гэхдээ сайн танихгүй. Ингээд миний алдсан 7 тооны гүүний сураг гарсан. Би сартай нэмэх тамгатай 7 настай шарга гүүгээ орон нутгийн үнэлгээгээр буюу 1.350.000 төгрөгөөр, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 6 настай бор гүүг мөн орон нутгийн үнэлгээгээр болох 1.000.000 төгрөгөөр , ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай бор гүү орон нутгийн үнэлгээгээр болох 1.350.000 төгрөгөөр, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай хар гүүг орон нутгийн үнэлгээгээр болох 1.350.000 төгрөгөөр, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай хүрэн зээрд гүүг орон нутгийн үнэлгээгээр болох 1.350.000 төгрөгөөр, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай буган халиун зүсмийн гүүг орон нутгийн үнэлгээ болох 1.350.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Харин ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 8 настай жороо саарал гүүг 5.000.000 төгрөгөөр үнэлнэ. Энэ гүүний маань эцэг нь хурдан удмын хар азарга байсан. Аймаг сумдад 10 гаран айраг түрүү авч байсан. Харин эх талаасаа мөн л айраг суманд айраг түрүү авч байсан будан азарганы төлөөс гарсан төл байгаа юм. Энэ гүүг өмнө нь хүн 5.000.000 төгрөгөөр авъя гэхэд нь өгөөгүй юм. Харин үлдсэн 6 тооны гүү удам сударгүй энгийн гүүнүүд байгаа. Л.Б  нь миний данс руу 1.000.000 төгрөг хийсэн байсан. Өөр мөнгө төгрөг өгч хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би хохирлоо мөнгөн хэлбэрээр барагдуулж авна. Л.Б , Э.Ч нар нь миний хохирол мөнгийг барагдуулна гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна” гэх мэдүүлэг /хх-н 19-20 хуу/

Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой манай нөхөр гэртээ ирээгүй 2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд манай нөхөр, Ч хамт ирсэн. Тэгээд Ч мотоциклийг бойны хашаанд орхиод манай машинтай Хэнтий аймаг руу Чулуунхүү, манай нөхөр бид гурав яваад бензин аваад хөдөө Ч гэр рүү явсан. Ч гэрт очоод хоол цай идээд байж байгаад Ч  хоносон. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өглөө намайг босоход манай машинд адууны мах ачсан байсан. Би нөхрөөсөө энэ юун адууны мах юм бэ гэж асуухад манай нөхөр надад хэлэхдээ би Ч 3 тооны адуу авч байгаа юм гэж хэлж байсан. Адууны мах нийт 2.332.000 төгрөг болж байсан. Би Чулуунхүүгийнхээс 1 тооны адууны гэдэс гэрлүүгээ авч явсан” гэх мэдүүлэг /хх-н 25-26 хуу/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай бойнд Б , Э  нар 12 дугаар сарын 18-ны өдөр 3 тооны адуу авч ирж өгсөн. Харин тухайн 3 тооны адууны арьс, толгой нь байгаагүй мөн малын бичиггүй 3 тооны адууг оруулсан юм. Тухайн 3 тооны адуу 424 кг болсон. Тэгээд би 12 дугаар сарын 19-ний өдөр 2.332.000 төгрөгийг Н.Э данс руу хийсэн” гэх мэдүүлэг /хх-н 28-30 хуу/

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 10 цаг өнгөрөөгөөд ажил дээрээ ирэхэд Б түүний эхнэр болох Э  хоёр 3 тооны адууны мах хиллэчихсэн, ахаа би 3 тооны адууны махтай ирсэн гэхээр нь хэдэн килограмм болсон юм гэхэд 454 кг болсон гэхээр нь би өөрөө дахиж  хиллэж үзэхэд 424 кг болж байсан. Тухайн үед манай эхнэр болох М  Б ээс энэ юун  мах юм бэ гэх асуухад би ах дүүгээсээ адууны мах авсан гэж ярьж байсан. Тухайн адууны мах нь 2.332.000 төгрөг болж байсан. Мөнгийг Б ийн эхнэр Э ын данс руу 2018 оны 12 дугаар сарын 19-нд хийсэн. Уг 3 адууны арьс, ширийг манайд өгөөгүй шалдан мах байсан” гэх мэдүүлэг /хх-н 31-34 хуу/

Эд зүйлийн үнэлгээ /хх-н 14-р хуу/, малын үнэлгээ /хх-н 16, 17-р хуу/, Хэнтий аймгийн Дархан сумын Шажин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 56 хуу/, шүүгдэгч Н.Э 2018 оны малын тооллогын бүртгэл, Э.Ч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55 хуу/,  Л.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 62 хуу/, хохирогч Б.Х т хохирол барагдуулсан талаарх  баримт /хх-н 85-р хуу/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Э.Ч , Л.Б  нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх бичмэл нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Ч , Л.Б  нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутаг “Цахилдагийн ухаагийн бага магнай” гэх газраас БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн “Чансаа” маркийн мотоцикль ашиглан хохирогч Б.Х 7 тооны адууг хулгайлж бусдад 12.175.000 /арван хоёр сая нэг зуун далан таван мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Б.Х “...Галшар сумын 4 дүгээр багийн нутаг Цахилдагийн ухаагийн бага магнай гэх газар бэлчиж байсан адуун дээрээ очиж адуугаа бүртгэхэд манай бор азаргатай адуунаас ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай шарга гүү, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 6 настай бор гүү, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай бор гүү, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 8 настай жороо саарал гүү, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай хар гүү, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай хүрэн зээрд гүү, ганзага имтэй, сартай нэмэх тамгатай 7 настай буган халиун зүсмийн гүү буюу нийт 7 тооны гүү дутуу байсан …миний 7 тооны гүүг хулгайлсан хоёр этгээдийн нэг нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Э.Ч  гэж өмнө нь манайхаар ирж адуу мал гуйж унаж байсан залуу болон Түвшинширээ сумын харьяат бөмбөг хочит Б хоёр байсан. Би Б  гэхдээ сайн танихгүй...” гэх мэдүүлэг

Гэрч Н.Э “...2018 оны 12 дугаар сарын 18-ны өглөө намайг босоход манай машинд адууны мах ачсан байсан. Би нөхрөөсөө энэ юун адууны мах юм бэ гэж асуухад манай нөхөр надад хэлэхдээ би Ч 3 тооны адуу авч байгаа юм гэж хэлж байсан. Адууны мах нийт 2.332.000 төгрөг болж байсан...” гэх мэдүүлэг

Гэрч Л.Б “...Б түүний эхнэр болох Э  хоёр, 3 тооны адууны мах хиллэчихсэн, ахаа би 3 тооны адууны махтай ирсэн гэхээр нь хэдэн килограмм болсон юм гэхэд 454 кг болсон гэхээр нь би өөрөө дахиж  хиллэж үзэхэд 424 кг болж байсан. Тухайн үед манай эхнэр болох М  Б ээс энэ юун  мах юм бэ гэх асуухад би ах дүүгээсээ адууны мах авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Ч , Л.Б  нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Ч , Л.Б   нар нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тал дээр маргаагүй болно. 

            Шүүхээс шүүгдэгч Э.Ч , Л.Б  нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

          Шүүгдэгч нарыг “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлага оногдуулах санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов.

          Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Э.Ч өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Чансаа маркийн улсын дугааргүй мотоциклийг ашигласан болох нь нотлох баримтаар тогтоогдсон, дээрх мотоцикль нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцогдох тул хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй юм.

          Хохирол төлбөрийн талаар:

           Шүүгдэгч нар нь прокурорын шатанд хохирогч Б.Х т учруулсан 12.175.000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг ирүүлсэн тул тэднийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Э.Ч, Л.Б  нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч , Л.Б  нарыг тус бүр 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ч , Л.Б  нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий  7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Э.Ч өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн Чансаа маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.Ч , Л.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР