Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 532

 

 

 

 

 

 

-

 

     2019           5           15                                         2019/ШЦТ/532         

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, 

улсын яллагч Б.Энхбат,

гэрч Г.Э,

шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Лыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808036510519 дүгээр хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Монгол овогт Ганпүрэвийн Л /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун Велла хотхоны орчимд иргэн О.Тыг зодож, эрүүл мэндэд “хоёр зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 27-нд Болдбаатартай цуг Тынд очиж архи уусан. Тын биед гэмтэл учруулсан нь үнэн. Болсон явдлыг санаж байна. Гэм буруу дээр маргахгүй. Нүүр лүү нь цохиж, түлхэж унагаасан. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Торгох ялыг багасгаж өгнө үү. Ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг, машины лизингтэйг харгалзан хөнгөн ял өгнө үү” гэв.

Гэрч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нөхөр халамцуу, хүнд зодуулсан гээд орж ирсэн. Хамраас нь цус гарсан. Л өөрөө манай нөхрийг зодсон талаар хэлж байсан. Зүүн нүд нь харахаа болисон. Хагалгаанд орох шаардлагатай” гэв.

 

Эрүүгийн 1808036510519 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.Тын: “2018 оны 7 дугаар сарын ...27-ны өглөө гэртээ унтаж байсан чинь Лын дугаараас Бороо залгаад “Л бид хоёр 4 дүгээр цахилгаан станцын энд төмөр тушаах гээд явж байна” гэж ярьсан. Түүнээс хойш 20 орчим минутын дараа залгаад “Л бид хоёр танай гэрийн ойролцоо явж байна, бид хоёр гэрт чинь ороод ганц шил архи уучих уу” гэхээр нь “гэрт хүүхэд байна, би унтаж амарч байна” гээд утсаа салгасан. Дахиад Бороо залгаад “яваад орох уу” гээд байхаар нь “тэг” гээд зөвшөөрөл өгсөн. Ингээд Бороо, Л хоёр 0,5 литрийн архи, ундаатай орж ирээд бид гурав хувааж уусан. Ингээд архи дуусаад 13 цагийн үед Бороо, Л 2 дахиад 0,75 литрийн архи авч орж ирээд бид гурав уучихсан. Ингээд ууж дуусах үед 15 цаг өнгөрч байсан. Эхнэр ирэх болж байсан учраас гэрээс гарсан. Бороо “Л гадаа машин байгаа, жолооч дуудсан” гэж хэлсэн. Би хүний архи уучихсан учраас санаа зовоод 16 цагийн үед дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад Лын машинд орж ууж байсан. Их муудсан байсан. Нэг мэдсэн чинь Л миний нүүр лүү цохиж байсан. Тэр үед би ухаан орсон. Лыг болиулах гэсэн чинь дийлдэхгүй, би яах ч аргагүй 2-3 удаа нүүр лүүгээ цохиулсан. Тэгээд би гэртээ орсон. Л намайг зодож байхыг Бороо болон машиныг нь барихаар ирсэн залуу харсан. Тухайн үед хоёр нүд хавдаж хөхөрсөн, уруулын дотор тал язарсан, хөл гар, цээжний хэсэгт хөхөрсөн байсан. ...Зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-20-22/,

Гэрч Б.Болдбаатарын: “2018 оны 7 дугаар сарын 27- ны өдөр ...би О.Т луу залгаад “Г.Л бид нар явж байна, гэрт чинь архи ууя” гэсэн чинь “хүрээд ир” гэж зөвшөөрсөн. Т бид хоёр 0,5 литрийн нэг шил архи, ундаатай авч гурвуулаа уусан. Дахин 0,75 литрийн нэг шил архи уусан учраас нилээн согтсон байсан. Өдөр 13-14 цагийн орчим харихаар гараад бид хоёрыг хүргэж өгдөг залууг дуудаад хүлээж байх хооронд бие засаад ирсэн чинь машин ирсэн. Г.Л О.Т хоёр юунаас болсныг мэдэхгүй, машины хажууд маргалдаж барьцалдан, заамдалцаж аваад газар унаж харилцан зодолдохоор нь бид хоёр салгаад Г.Лыг машинд суулгаад найз нь аваад явсан. ...Машины хажууд ноцолдож газар унасан. Хэн хэнийгээ яаж цохисныг согтуу байсан учраас сайн санахгүй байна. Маш хурдан болоод бид хоёр салгасан...” гэх мэдүүлэг /хх-32-35/,

Гэрч С.Энхбаатарын: “2018 оны 7 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Л залгаад “машин ирээд аваадахаач, би хоёр найзтайгаа архи уусан байна” гэсэн. ...Гурилын үйлдвэрийн урд талын орон сууцны баруун талд очиход Л хоёр найзтайгаа машин дотроо архи уусан согтуу байсан. Тэр гурав буугаад бие засаад Л миний хажууд суугаад “явъя” гэсэн чинь нөгөө хоёр нь “дахиж архи ууя” гээд явахгүй байсан. Тэгтэл зодуулсан гэх хохирогч Т Лын сууж байсан хаалгыг онгойлгоод савах шиг болсон чинь Л “машин эвдлээ чи” гээд уурлаж буугаад түлхсэн. Нөгөөдөх нь газар унаад босож ирээд барилцаад авсан. Хамт явсан залуу салгасан. Би машинаа эргүүлээд ирсэн чинь тэр хоёр салсан хэрэлдээд зогсож байсан. Л хохирогч Ттай маргалдаж барьцалдсан бөгөөд хэн хэнийгээ яаж цохисон эсэхийг хараагүй. Тэр хоёртой хамт явсан Болдбаатар нь хэн нэгнийг цохиогүй, намайг харахад тэр хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-37/,

Гэрч Г.Эгийн: “2018 оны 7 дугаар сард ...нөхөр “байрны гадаа хамт архи уусан найз Лутаад зодуулчихлаа” гэсэн хамраас нь цус гарсан, нүд нь хөхөрсөн согтуу орж ирсэн. Тэгээд би Лутаатай юу болсон талаар утсаар асуухад “тэр залуу согтуу байсан, зодоон болсон, манай нөхрийг зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-78-79/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.08.06-ны өдрийн 9418 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. О.Т-н биед 2 зовхинд цус хурал, дээд уруулын дотор салстад шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-29/,

Шүүгдэгч Г.Лын яллагдагчаар өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өглөө найз Болдбаатар манайд ирээд ...нэг шил архи аваад О.Т луу ярихад “хүрээд ир” гэсэн. Бид хоёр нэг шил архитай Тын гэрт очиж ууж дуусаад, би дахиж нэг шил архи аваад, миний машин дотор ууж байгаад найз Энхбаатарыг утсаар дуудаж ирсэн. Энхбаатараар машинаа бариулаад явах гэсэн чинь Т “дахиж нэг шил архи аваад өг” гээд явахгүй, машины хаалга эвдчих гээд согтуурахаад байхаар нь нүүрэн тус газар нь нэг алгадаж, түлхэж унагаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-61-63/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-16-17/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн О.Тын мэдүүлэг /хх-17/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-41-44/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-50/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-64-75/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-80-82/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Л согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун Велла хотхоны орчимд хохирогч О.Тыг зодож, хоёр зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.Тын “...Ингээд хоёр шил архи ууж дуусах үед 15 цаг өнгөрч байсан. ...Нэг мэдсэн чинь Л миний нүүр лүү цохиж байсан. ...би яах ч аргагүй 2-3 удаа нүүр лүүгээ цохиулсан...” гэх мэдүүлэг /хх-20-22/, шүүх эмнэлгийн 9418 дугаар “1.О.Т-н биед 2 зовхинд цус хурал, дээд уруулын дотор салстад шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-29/, гэрч Б.Болдбаатарын “...Г.Л О.Т хоёр машины хажууд барилцаж заамдалцаж аваад газар унаж харилцан зодолдохоор нь салгаад...” гэх мэдүүлэг /хх-34/, гэрч С.Энхбаатарын “...Л “машин эвдлээ чи” гээд уурлаж буугаад түлхсэн. Нөгөөдөх нь газар унаад босож ирээд барилцаад авсан...” гэх мэдүүлэг /хх-37/, гэрч Г.Эгийн “...нөхөр “байрны гадаа хамт архи уусан найз Лутаад зодуулчихлаа” гэсэн хамраас нь цус гарсан, нүд нь хөхөрсөн согтуу орж ирсэн. ...Лутаатай юу болсон талаар утсаар асуухад “...зодоон болсон, манай нөхрийг зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-79/, шүүгдэгч Г.Лын яллагдагчаар өгсөн “Т ...согтуурахаад байхаар нь нүүрэн тус газар нь нэг алгадаж, түлхэж унагаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-61-63/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-80-82/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Эгийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Лын согтуурсан үедээ хохирогч О.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул Г.Лыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт өгөөгүй байна. Хохирогчийн “...Зодуулсандаа гомдолтой, эрүүл мэндээрээ хохирсон...” гэх мэдүүлэг /хх-22/, гэрч Г.Эгийн шүүх хуралдаанд өгсөн “Хохирогч О.Тын зүүн нүд нь харахаа болисон, хагалгаанд орох шаардлагатай” гэх тул хохирогч О.Т гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хувиараа барилгын ажил хийдэг гэсэн, дансны хуулгаар тогтмол орлого олдог болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Лад 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч  “Ганцаараа ажиллаж гэр бүлээ тэжээдэг, машины лизингтэй тул торгох ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтнй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч аль аль нь согтуурсан байсан, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол, хор уршиг арилаагүй/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэв. Гэвч торгох ялын хэмжээний хувьд хохирогчийн дахин архи ууя гээд шүүгдэгчийг явуулахгүй байсан, мөн машины хаалгыг савсан зүй бус санаатай үйлдэл /гэрч С.Энхбаатарын мэдүүлэг хх-37-38/ нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсныг харгалзан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу согтуурсан үедээ хохирогчийн эрх чөлөөнд халдаж зодсон үйлдэлд 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Г.Лыг 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Л урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Ганпүрэвийн Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лыг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Л торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Л урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч О.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Лад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР