| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2024/01633/И |
| Дугаар | 210/МА2024/02120 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/02120
2024 12 06 210/МА2024/02120
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/04021 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ТХ-нд холбогдох,
Хамтран ажиллах гэрээний үүрэгт 6,397,930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Манай компани нь арьсан цүнх, жижиг эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг бөгөөд 2020 онд хариуцагч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Хариуцагч компани бүтээгдэхүүнүүдийг өөрийн дэлгүүрээр борлуулж, борлуулалтын мэдээ тайлангаа тухай бүрд нь харилцан тооцоо нийлж, акт үйлддэг байсан. Энэ гэрээний харилцаа нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс үргэлжлээд 2020 оны 12 дугаар сард дуусгавар болсон.
Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтран ажиллах гэрээнд заасан сар тутамд хариуцагч компанид шилжүүлэхээр тохирсон 200,000 төгрөгийг хассан дүнгээр тооцоо нийлж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 10,651,960 төгрөгийн тооцоог нийлж, эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнээс хойш 3,785,490 төгрөг, 468,540 төгрөгийн буюу 2 удаагийн падаанаар бараа бүтээгдэхүүний буцаан татан авалт хийсэн. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10,651,960 төгрөгийн үлдэгдлээс буцаан авалт хийсэн 4,254,030 төгрөгөө хасаж, одоо 6,397,930 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
Иймд ТХ-ноос хамтран ажиллах гэрээний үүрэгт хүлээсэн борлуулсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 6,397,930 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр М ХХК нь Монголд үйлдвэрлэсэн арьсан гар урлал болон савхин жижиг зүйлсийн бараа бүтээгдэхүүнийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн гэрээнд заасны дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлсэн. Манай компани нь 2019 онд анх Монголд үйлдвэрлэсэн Монголын брэнд болсон бараа бүтээгдэхүүнийг хамтарсан нэрийн барааны Кооп нэртэй дэлгүүрээр үйл ажиллагааны урсгал зардал, нэмүү өртөг үйлдвэрлэн байршуулж, хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. Мөн талуудын гэрээний 5.2-т Нийлүүлэгч нь Кооп ХНД-т нэгдэн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон түүнд дөхөж очих хамгийн хямд үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах болж байгааг үндэслэн сар бүрийн гэрээний хураамж болох 200,000 төгрөгийг Тэнгэр Кооп Монголия ХХК-ийн Улаанбаатар хотын банкны 2601050612 тоот данс руу шилжүүлэх байсан. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг манай ХНД-ийн дансанд огт шилжүүлээгүй.
Нэхэмжлэгч нь анх 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Шевроо ХХК-аараа хамтран ажиллах гэрээг байгуулж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 13 тоот гэрээг М ХХК-аараа байгуулж хамтарч ажилласан. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээний хугацаагаар авч үзээд, хамгийн сүүлд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан. Энэ хугацаагаар тооцоолол гаргахад хариуцагч компани нь М ХХК-д 6,397,000 төгрөгийг төлж барагдуулах үндэслэлгүй. 2019-2020 он, 2020-2021 он хүртэл 200,000 төгрөгийн хураамжтай байсан. 2 компанийнхаа нэрээр гэрээ байгуулж, 2 том талбай буюу 2 том лангууг авч бараа бүтээгдэхүүнээ тавьж борлуулж байсан. Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаас харахад 6 сарын хураамж хасагдсан. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний хураамжуудыг хасуулмаар байна. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 2,100,000 төгрөгийг хасаж тооцоход нэхэмжлэгч компанид төлөх өр төлбөр байхгүй байна. М ХХК-ийн гэрээний хураамжийг төлж барагдуулмаар байна. Тус хураамжийг төлүүлэхээр манай компани авлагатай болж байгаа. Нэхэмжлэгч компанийн гаргасан хууль бус үндэслэлгүй, тооцоо, дансаа мэддэггүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТХ-ноос 6,397,930 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТХ-ноос 117,317 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
М ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр анхлан манай компанитай гэрээ байгуулан хамтран ажилласныг нотлох хамтран ажиллах №13 тоот гэрээг гаргаж өгсөн ба нэхэмжлэгч компани нь өөрийн хамаарал бүхий компани болох М ХХК-ийн 2019 оны гэрээг гаргаж өгөхгүй, илт нууж байсан тул хариуцагчийн зүгээс энэхүү гэрээг яаралтай олж хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргуулсан. Гэтэл анхан шатны шүүх нь энэхүү нотлох баримтыг огт үнэлэлгүйгээр хэрэгт огт хамааралгүй мэтээр дүгнэсэн. М ХХК-ийн хариуцагч ТХ-ны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгч М ХХК-ийн анхны тооцоо нийлсэн акт хэмээн илт буруу дүгнэлт хийж, огт үндэслэлгүй шийдвэрийг гаргасан.
Шүүх талуудын тооцоо нийлсэн актыг үндэслэн 10 хувиа суутган авч шилжүүлээгүй баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх нь тооцоо нийлсэн актыг 100 хувь нэхэмжлэгч компанид төлөх ёстой байсан тооцооны үлдэгдэл хэмээн үзэж 10 хувийг хариуцагч хасч тооцуулах ёстой гэдгээ хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн тооцооны үлдэгдлийг огт хянан үзэлгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан гэж үзнэ.
Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцоо нийлсэн актыг огт хөдөлбөргүй, үнэн зөв баримт хэмээн урьдчилан тогтоосон байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Гэрээнд заасан сар бүрийн 200.000 төгрөгийн хураамжийг нотлохоор нэхэмжлэгч компанитай харилцаж байсан албан тоотууд болон тооцооны үлдэгдлийн баталгаа, түрээсийн хураамжийн дэлгэрэнгүй тооцооллыг баталгаажсан хувийг нотлох баримтаар гаргаж өгсөн атал энэхүү нотолгооны ач холбогдол бүхий баримтуудыг анхан шатны шүүх нь нэг талын баримтыг шүүх үнэлэх боломжгүй хэмээн огт үнэлэлгүйгээр хууль бус хэтэрхий нэг талыг барьсан хууль бус шийдвэрийг гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анх 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр М ХХК нь анхны хамтран ажиллах гэрээг байгуулсан ба 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр М ХХК үүсгэн байгуулагдаад үүнээс 8 хоногийн дараа хариуцагч байгууллагатай дахин хамтран ажиллах гэрээ байгуулсан. Түүнчлэн, анхны тооцоо нийлсэн акт дээр 3 байгууллага хүлээн зөвшөөрч буюу М ХХК-ийн тооцооны үлдэгдлийг М ХХК руу шилжүүлж тооцоо нийлсэн. Тиймээс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш Марис трейд болон ТХ- нь хоорондоо харьцаж байсан. 2 удаа гэрээ байгуулсан ба эхний гэрээ нь нэг улирлаар хийгдсэн байсан, дараагийн гэрээ нь 2020 оны 4 дүгээр улирлыг дуустал сунгасан гэрээ байгаа.
Өөрөөр хэлбэл, 2021 он гэх асуудал огт байхгүй тул 2021 оны 06 дугаар сар хүртэл ажилласан, түрээсийн хураамжийг суутгах ёстой байсан гэж хариуцагч тал хэлдэг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.4-т маргаан бүхий 200,000 төгрөгийн хураамжийг суутгаж тооцъё гэдгээр тохиролцсоны дагуу суутгаж 3 удаа тооцоо нийлэх акт үйлдсэн учир хариуцагч тал ч үүнийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 70/30 бартер болон бэлэн мөнгөөр төлье гэж байсан. Иймээс хамтран ажиллах гэрээний 5.4-т заасны дагуу энэ хураамж бүрэн суутгагдаж төлөгдөөд талуудын хооронд тооцоо нийлэх акт үйлдэгдсэн учир хариуцагч тал төлбөрийг төлөх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч ТХ-нд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 6,397,930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоосон байх боловч хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ.
3.1. М ХХК нь ТХ-той байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай Хамтран ажиллах гэрээ-гээр М ХХК нь Марис брэндийн зохих шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулагч буюу ТХ- нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн хоршооны Кооп хамтын нэрийн дэлгүүрт байршуулан нийлүүлэгчийн нэрлэсэн үйлдвэрийн үнээр худалдах, худалдах ажлыг зохион байгуулах үүргийг тус тус хүлээж, талууд харилцан тохиролцжээ. /хх139-142/
3.2. М ХХК нь ТХ-той байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай Хамтран ажиллах гэрээ-гээр нийлүүлэгч буюу М ХХК нь Maris брэндийн зохих шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулагч буюу ТХ- нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн хоршооны Кооп хамтын нэрийн дэлгүүрт байршуулан нийлүүлэгчийн нэрлэсэн үйлдвэрийн үнээр худалдах, худалдах ажлыг зохион байгуулах үүргийг тус тус хүлээж, талууд харилцан тохиролцжээ. /хх7-10/
3.3. М ХХК нь ТХ-той байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20/05 дугаартай Хамтран ажиллах гэрээ-гээр нийлүүлэгч буюу М ХХК нь Марис брэндийн зохих шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулагч буюу ТХ- нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн хоршооны Кооп хамтын нэрийн дэлгүүрт байршуулан нийлүүлэгчийн нэрлэсэн үйлдвэрийн үнээр худалдах, худалдах ажлыг зохион байгуулах үүргийг тус тус хүлээж, талууд харилцан тохиролцжээ. /хх151-153/
3.4. М ХХК нь ТХ-той Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 17,878,320 төгрөгийн төлбөр гарсныг харилцан баталсан байна. /хх51/
3.5. М ХХК нь ТХ-той Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дуустал хугацаанд 4,383,853 төгрөгийн төлбөр гарсныг харилцан баталсан байна. /хх66/
3.6. М ХХК нь ТХ-той Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дуустал хугацаанд 10,651,960 төгрөгийн төлбөр гарсныг харилцан баталсан байна. /хх6/
4. Хариуцагч нь дээр дурдсанаар тооцоо нийлсэн 10,651,960 төгрөгөөс 4,254,000 төгрөгийг төлж 6,397,930 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тухайд маргаагүй, харин гэрээнд заасны дагуу сар бүр 200,000 төгрөгийн хураамжийг нэхэмжлэгч төлөх ёстой бөгөөд зөвхөн 6 сарын хураамж төлсөн тул үлдэх хураамжийг хасаж тооцуулна гэж маргасан боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
4.1. Түүнчлэн, Т- тайлан нэртэй баримтаар сар бүр 200,000 төгрөгийн хураамж суутган тооцсон байх ба 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд хариуцагч нь 10,651,960 төгрөгийн төлбөртэй гэж тооцоо нийлсэн байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна./хх 52-65/
4.2. Мөн, Тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дуустал хугацаанд барааны үлдэгдэл тооцоо 6,397,930 төгрөгөөс түрээсийн хураамж 4,200,000 төгрөгийг хасч тооцон 2,197,930 төгрөгийн төлбөр гарсныг батлав гэсэн баримтад нэхэмжлэгч байгууллагын гарын үсэг зурж баталгаажаагүй байх тул уг баримтыг шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцнэ./хх125-126/
4.3. Мөн хариуцагч талаас, нэхэмжлэгч М ХХК-д 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтдээ ...тооцооны үлдэгдэл 70% бартераар, 30% мөнгөөр хийх хүсэлт гаргаж байсан тухай баримт авагдсан байх ба уг баримтад түрээсийн хураамжийн тооцооны асуудал дурдагдаагүй байна./хх5/
5. Дээр дурдсанчлан М ХХК нь ТХ-той Тооцооны үлдэгдлийн баталгаа-г 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 17,878,320 төгрөгийн төлбөр гарсныг харилцан баталсан хэрэгт авагдсан бөгөөд М ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тооцоо нийлсэн гэдэгтэй талууд маргадаггүй. Мөн нэхэмжлэгч М ХХК 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан байсан тухай улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт баримтаар авагдсаныг дурдах нь зүйтэй./4, 51/
Иймд М ХХК-ийн хариуцагч ТХ-ны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгч М ХХК-ийн анхны тооцоо нийлсэн акт хэмээн илт буруу дүгнэлт хийж, огт үндэслэлгүй шийдвэрийг гаргасан гэх гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журамд нийцсэн байх байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж хууль хэрэглээний алдааг залруулж өөрчилнө.
6.1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.
7. Иймд хариуцагч ТХ-ноос гэрээний төлбөрт 6,397,930 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/04021 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8-д гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,317 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ