Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 147

 

А.М-, П.Э-, Б.О-,

Б.А-, Ц.Д- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Х.Оюунбат, шүүгдэгч Б.О- П.Э- нарын өмгөөлөгч О.Сарантуул, шүүгдэгч Б.А-, Ц.Д- нарын өмгөөлөгч С.Дорждулам, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаар магадлалтай, А.М- нарт холбогдох 1925009210276 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, *** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Х овогт А-н М- /РД:**/,

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй, “** үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цех-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, *** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, О овогт Ц-н Д- /РД:**/,

3. Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Орхон аймгийн “**-*Д” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 3, энхэр, хүүхдийн хамт амьдардаг, *** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Т овогт Б-н А- /РД:**/,

4. Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ДЦС-ийн төмөр замын хэсэгт замчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, *** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, А овгийн П-н Э- /РД:**/,

5. Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, ** ангид салааны ахлагч, тасгийн захирагч ажилтай, ам бүл 6 эцэг, эх, ах, эгчийн хамт амьдардаг, *** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Б-н О- /РД:**/.

А.М- нь Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа “Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журам”-ын холбогдох заалтуудыг зөрчин 2015-2019 оны хооронд тус аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Э.Б-г тээврийн хэрэгсэл бичиг баримтгүй жолоодсоныг, Б.О-, Б.А-, Ж.Г-, Ч.Б- нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсныг саатуулан шалгасан боловч цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаар дамжуулан нийт 1,650,000 төгрөгийн хахууль авсан,

Б.О-, Б.А- нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсныг цагдаа А.М- шалгах явцад өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор түүнд бусдаар дамжуулан хахууль өгсөн,

П.Э-, Ц.Д- нар нь өөрийн найзыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсныг мэдсээр байж тэдэнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор цагдаа А.М-од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

мөн П.Э- иргэн М.О-н хүү Э.У-г Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч мэргэжлийн үнэмлэх гаргах нэрийдлээр нийт 5.300.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.М-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон,

мөн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Б.О-г нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн, 

шүүгдэгч Ц.Д-, Б.А- нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн,

П.Э-ыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-од оногдуулсан дээрх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 15,400,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

шүүгдэгч Ц.Д-, Б.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

шүүгдэгч П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ад оногдуулсан дээрх ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрийг 2 жилийн хугацаагаар хасаж 3300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-, шүүгдэгч Б.О- нарт тус тус оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 3 жил хүртэл хугацаанд,

шүүгдэгч Ц.Д-, Б.А-, шүүгдэгч П.Э- нарт тус тус оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 2 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-аас 5,300,000 төгрөг гаргуулж хохирогч М.О-т олгуулж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-оос 1,050,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт газарт буцааж, шүүгдэгч Б.А-, Ц.Д- нарын өмгөөлөгч С.Дорждуламын давж заалдах гомдолд дурдсан “...зарим үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй...” гэсэн хэсгийг хүлээн авч, түүний давж заалдах гомдлын бусад хэсэг болон шүүгдэгч       П.Э-, Б.О- нарын өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Х.Оюунбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх А.М-ыг Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай гэж шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх уг гэмт хэргийн шинжийг үгүйсгэн дүгнэлт хийхдээ дүгнэлтэд ноцтой нөлөөлөх нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй гэж үзэж байна. Энэхүү дүгнэлтийг хийхдээ А.М-ыг “зөрчилд арга хэмжээ авч байгаа мэтээр тэдэнд ойлгуулж өөрийн Хаан банкин дахь дансаар мөнгө шилжүүлэн авсан” гэх дүгнэлтийг хийж, анхан шатны дүгнэлтийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон дүгнэлтийг давж заалдах шатны шүүх ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж, орхигдуулсан гэж үзэж, өөр гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж байгаагаа магадлалд заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3-дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг хэлэхийг заасан бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ жолоодвол, жолооч замын хөдөлгөөнд оролцохыг хориглосныг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх, зөрчлийн хариуцлагыг эрх бүхий албан тушаалтан хүлээлгэх тухай хуулийн тодорхой заалтуудыг “төөрөгдсөн” гэх нөхцөл байдлыг буюу гэрч Б-, Г, Б нарыг хуурч, зохиомол байдлыг бий болгох замаар төөрөгдөлд оруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг нотолсон гэж үзэх үндэслэл бүхий баримтыг үндэслэж байгаагаа дурдаагүй атлаа гэмт хэргийн зүйлчлэлийг “үндэслэлгүй” гэх дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь заасан давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх үндэслэл болсон нотлох баримтаа дурдаагүй, мөн анхан шатны шүүхээр хэлэлцэн тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О-, П.Э- нарын өмгөөлөгч О.Сарантуул хэлсэн саналдаа “Б.О-, П.Э- нарыг хахууль өгсөн гэмт хэрэгт яллагдагчаар татаж шалгасан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд зааснаар  ял оногдуулсан. Гэтэл А.М- нарт холбогдох хэрэгт холбогдсон бусад жолооч нарын адил торгох арга хэмжээ авагдсан гэж ойлгосон байтал хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж бусад хүмүүсийг хохирогч мэтээр дүгнэж, өөр зүйл ангиар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй байдлаар хэрэглэсэн учир хяналтын шатны шүүх хэргийн зүйлчлэлийг нэг мөр тайлбарлах ёстой. Шүүгдэгч Б.О-, П.Э- нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй буюу бүртгэлд оруулахгүй, шалгахгүй байх талаар тохиролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд зааснаар ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.А-, Ц.Д- нарын өмгөөлөгч С.Дорждулам хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний бие шүүхийн шатнаас Б.А-, Ц.Д- нарын өмгөөлөгчөөр оролцсон. Хэрэг давж заалдах шатны шүүх шүүхээс анхан шатны шүүхэд буцсаны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдсэн холбогдогч нарын хэргийн зүйлчлэлийг 22.1 дүгээр зүйл болгосон ба миний үйлчлүүлэгч нарыг хахууль өгсөн гэмт хэргээр зүйлчилсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад А.М-ын хаан банкны дансанд маш олон хүмүүс мөнгө шилжүүлсэн байдаг бөгөөд хэдхэн хүнийг хэрэгт холбогдуулан шалгасан. Гэтэл               Б.А-, Ц.Д- нарыг хахууль өгсөн гэмт хэрэгт ял шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Бусад хүмүүсийн тухайд адилхан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ч асуудлыг тэр даруй шийдвэрлэж мөнгө шилжүүлснээрээ л ялгаатай. Б.А- 400.000 төгрөгийг тэр даруй төлж асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсны улмаас ял шийтгүүлэх болсон байна. Харин Ц.Д-гийн хувьд найзынхаа өмнөөс Б.А- гэсэн утгаар А.М-ын дансанд 400.000 төгрөг шилжүүлсэн байхад давхар гэмт хэрэгт холбогдуулж хохироосон. Бусдын өмнөөс мөнгө шилжүүлэх бол хүний амьдралд өдөр бүр тохиолддог энгийн үйлдэл юм. Гэтэл найздаа тусалсныхаа төлөө гэмт хэрэгт холбогдсон. Иймд Б.А-, Ц.Д- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч А.М- нь Б.О-гийн ашиг сонирхлын үүднээс П.Э-аар дамжуулан 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 350.000 төгрөг, Б.А-ын ашиг сонирхлын үүднээс Ц.Д-гээр дамжуулан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь дансаар 400.000 төгрөгийн хахуулийг тус тус авсан,

мөн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж, Э.Б-, Ж.Г-, Ч.Б- нарт давуу байдал олгосон,

шүүгдэгч Б.О-, П.Э-, Б.А-, Ц.Д- нар нь өөрийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан А.М-од нийт 750.000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч П.Э- нь У-г ажилд оруулж өгнө гэж хуурч дансаар болон бэлнээр нийт 5.300.000 төгрөгийг залилж авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Гэхдээ хэргийг шийдвэрлэхдээ хахууль өгөгч Б.О-гийн ашиг сонирхлын үүднээс П.Э-аар, Б.А-ын ашиг сонирхлын үүднээс Ц.Д- нар нь хахуулийн мөнгийг дамжуулан шүүгдэгч А.М-од өгсөн үйлдэлд хамтран оролцогчийг журамлан шийдвэрлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйл, 3.5 дугаар зүйлд заасныг журамлан шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс А.М-од холбогдох хэргээс “Э.Б-, Ж.Г-, Ч.Б- нарыг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан зөрчилд нь арга хэмжээ авч байгаа мэтээр тэдэнд ойлгуулж, ХААН банкны дахь өөрийн дансаар нийт 700000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт засаан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул зөвтгөн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, тухайн үед Э.Б-, Ж.Г-, Ч.Б- нар нь ямар зөрчил гаргаснаа мэдэж байсан, тухайн зөрчилд Зөрчлийн хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөг, 3 дахь хэсэгт зааснаар жолоочийг 400.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл ногдуулахаар заасан гэдгийг А.М- тайлбарлаж өгсөн байна.

Үүний дагуу зөрчил гаргасан Э.Б-, Ж.Г-, Ч.Б- нар нь нийтийн албан тушаалтан болох А.М-той ярилцан тохиролцож, зөвхөн торгуулийн мөнгийг албан тушаалын байдалтай нь холбогдуулан А.М-ын дансанд хийж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулалгүйгээр шийдвэрлүүлж, өөртөө давуу байдал бий болгож байгаа нь залилах гэмт хэргээс ялгагдаж байна. Өөрөөр хэлбэл Э.Б-, Ж.Г-, Ч.Б- нар нь гаргасан зөрчилдөө тохирсон арга хэмжээгээ авхуулсан гэж төөрөгдөлд ороогүй Зөрчлийн тухай хуульд заасан торгууль болон эрх хасах 2 арга хэмжээний нэгийг сонгож, тохиролцон, төрийн санд төвлөрүүлэх ёстой торгуулийн мөнгийг хувь хүний буюу А.М-ын данс руу шилжүүлсэн санаатай үйлдэл гэж дүгнэхээр байна. Энэ шинжээрээ залилах гэмт хэргээс ялгагдаж байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөх талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтад тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэрийг няцаан үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн А.М-, П.Э-, Б.О-, Б.А-, Ц.Д- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос А.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн эсэх болон хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд дээрх шаардлагыг хангаагүй, хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хүлээн авч, шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Тодруулбал, шүүх хэргийн үйл баримт, шүүгдэгчийн үйлдэл, түүний гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоон, түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ, иргэн Э.Б-, Ж.Г-, Ч.Б- нарыг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн  тухайн зөрчилд нь арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албаны бус хувийн дансаар мөнгө шилжүүлэн авсан шүүгдэгч А.М-ын үйлдлийн шинжид үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч А.М-ын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дээрх хууль зүйн дүгнэлт, үндэслэлүүд нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж, шүүгдэгчийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүндрүүлэх шинжтэйгээр залилж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д гэмт хэргийн заасан шинжид хамаарч байгаа эсэхийг хянан үзэж дүгнэлт хийх шаардлагатай байгааг дурдан, шүүгдэгч А.М- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №24 дугаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэн байх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн хүрээнд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.М- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Х.Оюунбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

Б.БАТЦЭРЭН

Ч.ХОСБАЯР

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН