Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 407

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар    

Нэхэмжлэгч: Д.О

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын алба, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох,

Гуравдагч этгээд:Х.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “... Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2003 оны алдаатай хийгдсэн нэгж талбарын 18642314502969 дугаартай газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулан, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар иргэн Д.Ц, З.М нарт газар өмчлүүлж, Х.Г-д шилжүүлсэн захирамжийн Д.О-ын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, уг хасагдсан хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 466 дугаар захирамжаар Д.О-д өмчлүүлсэн газрын хэмжээн дээр нэмж өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Х.Г-ын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202005803 дугаартай гэрчилгээний Д.О-ын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Нийслэлийн засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цо, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 34-686 тоотод миний эцэг Т.Д нь 1962 оноос оршин сууж байсан бөгөөд анх 2003 онд Чингэлтэй дүүрэг, өмч газрын харилцааны албанаас газрын кадастрын зураглал хийхдээ малын саравч байсан догол хэсгийг оруулалгүй хийсэн байсныг аав минь анзаараагүй байсан. 2007 онд бага хүү болох Д.О миний нэр дээр аав минь өвлүүлэн өгсөн юм. Дээрхи малын саравч байсан догол хэсэг нь намайг мэдээ орох үеэс л байж байсан.

Учир нь манайх намайг хүүхэд байхад малтай байсан. Тэгээд 2013 онд уг саравч байсан хэсгийг авто машины гараж болгон өөрчилсөн. Тухайн үед ааваасаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж байх үед миний бие газрын кадастрын зураг алдаатай хийгдсэн гэдгийг мэдээгүй бөгөөд 2014 оны 7 сард манай арын хашаа болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 34-692 тоот хашааг иргэн Х.Г худалдан авсан бөгөөд уг худалдаж авсан өмчлөлийн газарт нь манай өмчлөлд байх ёстой догол газар орсон байсан бөгөөд 2015 оны 6 дугаар сард манай арын догол газрыг өөрийн өмчлөлийн газар хэмээн хашаагаа буулга гэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Энэ үеэс 2003 онд хийгдсэн Чингэлтэй дүүрэг, өмч газрын харилцааны албаны хийсэн газрын кадастрын зураг алдаатай хийгдсэн гэдгийг анх мэдсэн. Иргэний шүүхэд уг маргаантай асуудлаар явж байхдаа Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын мэдээллийн төвийн 1982, 2002 оны агаарын зураг дээр дээрхи догол хэсэг нь манай эзэмшилд байсан гэдэг нь нотлогддог бөгөөд шүүхээс томилсон Хөрөнгийн үнэлгээний “Л” ХХК шинжээчийн дүгнэлт нь хоёр удаа хийгдсэн бөгөөд дээрхи малын саравч байсан газар нь ямарч давхцалгүйгээр нотлогдож манай талд дүгнэлт нь гарсан бөгөөд Чингэлтэй дүүрэг, өмч газрын харилцааны албанаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 374 тоот албан бичигтээ дээрхи зурагт анх 2003 онд хийгдсэн кадастрын зураг алдаатай байгаа нь харагдаж байна гэсэн албан бичиг байдаг.

Иймд Д.О миний өмчлөлд байх ёстой газар нь Чингэлтэй дүүргийн өмч газрын харилцааны албанаас 2003 онд газрын кадастрын зураг буруу хийгдсэнээс болж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар иргэн Х.Г-д уг газар нь өмчлөгдсөн байдаг юм.

Иймд алдаатай кадастрын зураг хийгдсэн газар нь иргэн Х.Г-ын өмчлөлд байх ёстой биш, харин Д.О миний өмчлөлд байх ёстой тул Чингэлтэй дүүргийн Өмч газрын харилцааны албаны 2003 онд буруу хийсэн газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулж, уг кадастрын зургийг үндэслэж гарсан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийг өөрчлөн, Д.О миний нэр дээрх кадастрын зурагт зохих өөрчлөлт оруулж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгож өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Д.О нь нийслэлийн Засаг даргын 2008 оны 466 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34 дүгээр гудамжны 686 тоот хашааны 607 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан байна.

Харин өөрийн хашааны газрын эзэмшилд байсан гэх догол хэсэг нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34 дүгээр гудамжны 692 тоот хашааны 384 м.кв газар нь иргэн Д.Ц-д өмчлөгдсөн байна.

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Азийн хөгжпийн банкны санхүүжилтээр кадастрын зураглал, бүртгэлийн ажлыг хийх тусгай эрх бүхий компаниуд 2003-2004 онуудад Улаанбаатар хотын хэмжээнд хийж гүйцэтгэсэн байдаг.

Тухайн орчинд төсөлөөр ажил гүйцэтгэсэн тусгай эрх бүхий компани кадастрын зураглал бүртгэлийн ажил хийх үедээ дээрхи хаягт байрлах хамар хашааны хил заагийг нарийн тогтоогүйгээс хүний амбаар саравч хөрш айлын хашааны газарт орж, бүртгэгдсэн улмаар өмчлөгдөх үндэслэл болсон нь 1982, 2002 оны агаарын, 2010 оны агаарын зурган баримтаас харагддаг.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлага нь үндэслэлтэй гэж үзэж болох боловч, Засаг даргын шийдвэрийг үндэслэн өмчлөгчийн эрхийн гэрчилгээ бусдад шилжсэн байх магадлалтай юм.

Түүнчлэн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлд зааснаар иргэний газар өмчлөх эрх дуусгавар болдог тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т-с шүүхэд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Д.О нь нийслэлийн Засаг даргын 2008 оны 466 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 34 дүгээр гудамжны 686 тоот хашааны 607 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан байна.

Нэхэмжлэл гаргагчаас шүүхэд хандаж байгаа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 34 дүгээр гудамжны 692 тоот хашааны 384 м.кв газрыг анх Д.Ц нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар өмчилж авсан байна. 

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр кадастрын зураглал, бүртгэлийн ажлыг хийх тусгай эрх бүхий компаниуд 2003-2004 онуудад Улаанбаатар хотын хэмжээнд хийж гүйцэтгэсэн.

Тухайн орчинд төслөөр ажил гүйцэтгэсэн тусгай эрх бүхий компани кадастрын зураглал бүртгэлийн ажил хийх үедээ дээрх хаягт байрлах хамар хашааны хил заагийг нарийн тогтоогоогүйгээс хажуу айлын амбаар, саравч хөрш айлын хашааны газарт орж бүртгэгдэн улмаар өмчлөгдөх үндэслэл болсон нь 1982, 2002 оны агаарын, 2010 оны агаарын зурган баримтаар харагддаг. 

Иймд иргэн Д.О-ын гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй учир “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 31 дүгээр зүйлд заасан дагуу өмчлөх эрхийг дуусгавар болгодог тул, / шүүхийн шийдвэрээр өмнөх газар өмчлүүлэх тухай шийдвэрүүдийг хүчингүй болгож, одоогийн бодит байдлаар хийсэн зургаар газрын хэмжээг тогтоох/ мөн /маргалдагч талууд харилцан тохиролцвол шүүхээр эвлэрлийн гэрээ байгуулах/-аар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна “ гэв. 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийнн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэлд дурьдсан эрхийн улсын бүртгэлийн Г-2202005803 дугаартай Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 34 дүгээр гудамж 692 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 384 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.Ц, З.Маамаа нарын 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан мэдүүлэг, өргөдөл, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн дагуу иргэн Д.Ц, З.М нарт олгосон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, кадастрын зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн иргэн Д.Ц, З.М нарын өмчлөлд бүртгэж 000017348 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Н.Б-ын өмчлөлд, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр одоогийн өмчлөгч болох Х.Г-ын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлж 000283003 тоот гэрчилгээ олгогдсон байна. 

Дээр дурдсан бүртгэлийн нотлох баримт бичгээс үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэхээс татгалзаж буцаах үндэслэл байгаагүй бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 15 дугаар зүйлийй 15.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д тус тус заасны дагуу бүртгэлийг хийсэн нь хуулийн дагуу үйлдэл болсон. Хэрэв бүртгэхээс татгалзаж буцаасан бол мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг зөрчсөн эс үйлдэл болох байсан.

Бүртгэлийн байгууллага нь эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийж энэ талаарх мэдээлэл цуглуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан аливаа шийдвэрийг хянах эрхгүй, талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ хэлцэлд хөндлөнгөөс оролцох, аль нэг талд нь давуу үйлчлэх зэргээр гэрээний эрх чөлөөнд халдах эрхгүй, мөн хуульд зааснаас өөр баримт бичиг, нотлох баримт шаардах эрхгүй юм. Хэрвээ шаардсан бол энэ нь харин хууль бус үйлдэл, эс үйлдэл болох байсан. Иймд Нийслэлийн Засаг даргын захирамж, Чингэлтэй дүүргийн газрын албаны хийсэн кадастрын зургийг хянах, эрх үүрэг бүртгэлийн байгууллагад байхгүй юм.

Мөн иргэн Д.Ц, З.М, Н.Б-ын байгуулсан бэлэглэлийн гэрээ, Н.Б, Х.Г нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь өнөөдрийн байдлаар хүчинтэй байгаа болно.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь “...Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2003 оны алдаатай хийгдсэн нэгж талбарын 18642314502969 дугаартай газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулан, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар иргэн Д.Ц, З.М нарт газар өмчлүүлж, Х.Г-д шилжүүлсэн захирамжийн Д.О-ын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, уг хасагдсан хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 466 дугаар захирамжаар Д.О-д өмчлүүлсэн газрын хэмжээн дээр нэмж өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Х.Г-ын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202005803 дугаартай гэрчилгээний Д.О-ын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн гудамж 34-686 тоот 607 м.кв нэгж талбарын 18642314502969 дугаар бүхий газарт  2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг хийлгэжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 230 дугаар захирамжаар Дашчирэв овогтой Отгонд Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо сургуулийн 34-686 тоот, нэгж талбарын 18642314602969 дугаар бүхий 607 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгосон байх бөгөөд энэхүү шийдвэрийг үндэслэн  Нийслэлийн Засаг даргын 2008 оны 466 дугаар захирамжаар дээрх газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Д.О-д өмчлүүлж, газар өмчлөх эрхийн Г-2202007992 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгосон байна.     

Харин Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар иргэн Д.Ц, З.М нар нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 34 гудамж, 692 тоот, нэгж талбарын 18642314484975 дугаар бүхий, 384 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, улсын бүртгэлийн Г-2202005803 тоот гэрчилгээг олгосон, 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр  Д.Ц-ын зөвшөөрлөөр хамран өмчлөгч З.М нь бэлэглэлийн гэрээгээр Н.Б-т маргаан бүхий газрыг шилжүүлж, улсын бүртгэлийн 000016068 дугаарт бүртгүүлсэн байх бөгөөд, Н.Б нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Х.Г-той газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий газрыг одоогийн өмчлөгч Х.Г-ын өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлийн 000283003 тоот гэрчилгээ олгогджээ.  

Нэхэмжлэгчээс “...маргаан бүхий газарт манай аав 1962 оноос оршин сууж байгаа бөгөөд 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын харилцааны албанаас газрын кадастрын зураглал хийхдээ малын саравч байсан догол хэсгийг оруулалгүй хийснээс энэ маргаан үүссэн, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын албанаас “..Тухайн орчинд төслөөр ажил гүйцэтгэсэн тусгай эрх бүхий компани кадастрын зураглал бүртгэлийн ажил хийх үедээ дээрхи хаягт байрлах хамар хашааны хил заагийг нарийн тогтоогүйгээс хүний амбаар саравч хөрш айлын хашааны газарт орж, бүртгэгдсэн улмаар өмчлөгдөх үндэслэл болсон нь 1982, 2002, 2010 оны агаарын зурган баримтнаас харагддаг. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлд зааснаар иргэний газар өмчлөх эрх дуусгавар болдог тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна”, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Нийслэлийн Засаг даргын захирамж холбогдох баримтыг хавсарган мэдүүлэг өгсөн тул бүртгэхгүй байх үндэслэл байхгүй” гэж тайлбарлан маргаж байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын кадастрын зураг нь давхцалгүй байгаа хэдий ч бодит байдал дээр 19 м.кв газраар давхцаж байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас тус шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 

Мөн нэхэмжлэгч энэхүү догол газар нь малын өвөлжөө байсан, байрлал өөрчлөгдөөгүй, Чингэлтэй дүүргийн Газрын албанаас кадастрын зураг хийхдээ буруу хийгдсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд газрын кадастрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд 1982, 2002, 2005, 2010 онуудад энэхүү догол хэсэг нь нэхэмжлэгчийн хашаалснаар байсан бөгөөд хил зааг өөрчлөгдөөгүй болох нь Газрын харилцаа геодези зураг зүйн газраас Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүргүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/907 дугаар албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний “Л” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн газрын албанаас  “...Тухайн орчинд төслөөр ажил гүйцэтгэсэн тусгай эрх бүхий компани кадастрын зураглал бүртгэлийн ажил хийх үедээ дээрхи хаягт байрлах хамар хашааны хил заагийг нарийн тогтоогүйгээс хүний амбаар саравч хөрш айлын хашааны газарт орж, бүртгэгдсэн улмаар өмчлөгдөх үндэслэл болсон нь 1982, 2002, 2010 оны агаарын зурган баримтнаас харагдаж байна” гэж тайлбарлаж байгаас үзэхэд кадастрын зураг алдаатай хийгдсэн болох нь тогтоогдож байна. 

Мөн хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас иргэн Д.Ц-д анх газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Д.О-ын хашаа барин амьдарч байсан газрын хойд хэсэг болох 19 м.кв газартай нь давхцуулан кадастрын зураг хийж, эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасныг зөрчсөн байх бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн дээрх захирамжийг үндэслэн уг газрыг нь өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх”, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах”, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.” гэж тус тус заасныг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Мөн дээрх хууль зөрчсөн захиргааны актуудыг үндэслэн маргаан бүхий газрыг гуравдагч этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль бус байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэж тус тус зааснаар маргаан бүхий улсын бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2003 оны алдаатай хийгдсэн нэгж талбарын 18642314502969 дугаартай газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулахыг тус дүүргийн Газрын албанд даалгаж, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар иргэн Д.Ц, З.М нарт газар өмчлүүлж, Х.Г-д шилжүүлсэн захирамжийн Д.О-ын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, уг хасагдсан хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 466 дугаар захирамжаар Д.О-д өмчлүүлсэн газрын хэмжээн дээр нэмж өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Х.Г-ын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202005803 дугаартай гэрчилгээний Д.О-ын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-с Чингэлтэй дүүргийн Газрын алба, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2003 оны алдаатай хийгдсэн нэгж талбарын 18642314502969 дугаартай газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулан, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар иргэн Д.Ц, З.М нарт газар өмчлүүлж, Х.Г-д шилжүүлсэн захирамжийн Д.О-ын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, уг хасагдсан хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 466 дугаар захирамжаар Д.О-д өмчлүүлсэн газрын хэмжээн дээр нэмж өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Х.Г-ын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202005803 дугаартай гэрчилгээний Д.О-ын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Ц.ОДМАА