Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/01926

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 25 210/МА2024/01926

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/03323 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: ******* ТӨХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 11 дүгээр сараас хойш хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан болохыг тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, 2020 оны 03 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн мэргэжилтний ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 25,688,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сараас одоог хүртэл харуул, хамгаалалтын ажлыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 21,600,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сараас 2021.05.31-ний өдрийг хүртэлх хугацааны хоол, унааны олговорт 14,040,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сараас 2024 оныг хүртэл хугацаанд олгогдох ээлжийн амралтын цалин олговорт 3,788,324 төгрөг, нийт 65,116,324 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бүрнээ, Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие Төрийн орон сууцын корпораци ТӨХХК-д 2017 оноос хойш эхлэн Хөлсөөр ажиллах гэрээ-ний дагуу ******* 1 хорооллын 457 авто зогсоолыг худалдан борлуулах, төлбөрийн мэдэгдэл өгөх, зэрэг ажлуудыг хийсэн. ******* 2 хорооллын зарагдаж дуусаагүй 288 м.кв талбайтай, 6 ширхэг зоорийн давхрыг манаж хамгаалан 4 ширхгийг нь худалдан борлуулсан. ******* 2 хорооллын хөрсний ус соруулах ажлыг Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран өдөр тутамдаа хийдэг байсан. ******* ТӨХХК-иас ирсэн албан бичиг, гарын үсэг зуруулах мэдэгдлүүдийг ******* 1, ******* 2 хорооллын нийт 1000 гаруй айл өрхөд хүргэсэн. Эдгээр ажлыг 2017 оноос 2020 оны 03 сар хүртэл гүйцэтгэсэн. 2020 оны 03 сараас надад түрээсийн ажлыг давхар хийлгэдэг болсон. Шүүхийн журмаар шийдвэрлэх ёстой, түрээсийн төлбөрөө төлөөгүй айлуудад 1 сарын хугацаатай мэдэгдэл өгч, 3 хоногийн дотор зөрчилтэй айлыг орон сууцнаас гаргах, байрыг хүлээн авах, өр төлбөр барагдуулах зэрэг ажлыг өнөөдрийг хүртэл хийж байна. Түрээсийн гэрээгээ зөрчсөн 110 гаруй иргэдийг орон сууцнаас чөлөөлөн гаргаж, ******* ТӨХХК-д хүлээлгэн өгсөн. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ******* 2 хорооллын баригдаж дуусаагүй 410 авто зогсоол, В1, В2 давхар ашиглалтад орсон автозогсоолоор баригдаж байгаа барилгын харуул хамгаалалтын ажлыг 2023 оны 12 сар хүртэл гүйцэтгэсэн.

1.2 Миний гүйцэтгэсэн ажил үүрэг нь 2017 оноос хойш үргэлжилсэн буюу байнгын, давтагдсан ажил үүргийг гүйцэтгэж байгаа учраас хөдөлмөрийн харилцаа үүссэн. Ажил олгогч хөлсөөр ажиллах гэрээ байгуулах эрхтэй боловч тухайн ажлын онцлог нь байнгын ажлын байр гэж үзнэ. ******* ТӨХХК-ийн 2024 оны Хөдөлмөрийн дотоод журамд ажилтан хөнгөлөлт, тэтгэвэр, тэтгэмж, дэмжлэгт холбогдуулан санал хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, ээлжийн амралтын хуваарийг 5.3-д зааснаар гүйцэтгэх захирлын тушаалаар батална, 6.1.5-д байгууллага нь ажилтанд цалин хөлснөөс гадна сар бүр хоол, унааны хөнгөлөлт олгоно гэх зохицуулалтууд байна. 2021 оны Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан нь хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах бусад гэрээгээр ажил гүйцэтгэж буй хүмүүст энэ журам нэгэн адил хамаарна гэснээс үзэхэд ээлжийн амралт олгох нь гэрээт ажилтны хувьд үндсэн ажилтантай адил эрхтэй гэдгийг нотолно. Энэ журмын 4.2-т цалин хөлс тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагад нь цалин хөлсийг тогтооно гэж заасан.

Гэтэл ажил үүргээс нь илүү давсан үүргийг гүйцэтгүүлж байгаа нь хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэх боломжгүй. Энэ журмын 5.1.4, 6.3.2-д ээлжийн амралт эдлэх зохих журмын дагуу олгох, ажилтан жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх талаар тодорхой заасан. Журмын 7.1.5-д байгууллага ажилтанд хөдөлмөрийн хөлснөөс гадна сар тутам хоол унааны нэмэгдлийг хамтын гэрээнд заасны дагуу олгоно, 7.2.2-т олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтанд урамшуулал олгоно, 9.5-д байгууллага нь ажилтны хөдөлмөрийн хөлснөөс гадна сар тутам хоол унааны нэмэгдлийг хамтын гэрээнд заасны дагуу олгоно гэж заасан. Олон жил байнгын ажлын байранд ажилласан байхад ажилласан жилийн нэмэгдэл олгогдоогүй, урамшуулал байдаггүй. Хөлсөөр ажиллах гэрээнүүдэд зааснаар гэрээт ажилтнуудад 2016 оноос хоол, унааны зардал өгч байсан атлаа нэхэмжлэгчид л олгоогүй.

1.3 Нэхэмжлэгчийн ******* ТӨХХК-д оруулсан орлогыг дансны хуулгаас харахад түрээсийн мэргэжилтний үүргийг бүрэн гүйцэтгэсэн байна. Түрээсийн мэргэжилтний ажлыг бичиг хүргэх гэдгээр хязгаарлаж гэрээнд дурдчихаад албан бичигтээ түрээсийн орлого оруулах гэж тодорхой тусгаагүй мөртлөө одоо энэ бол үндсэн ажил гэж үзэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

1.4 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.4 дэх хэсэгт заасныг зөрчиж миний эрхийг зөрчиж байх тул хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, 2020 оны 03 сараас 2024 оны 03 сар хүртэл түрээсийн мэргэжилтний ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 40 хувиар тооцон 25,688,000 төгрөг, 2021 оны 06 сараас өнөөдрийг хүртэл харуул хамгаалалтын ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 40 хувиар тооцон 21,600,000 төгрөг гаргуулах, мөн 2017 оны 11 сараас 2021.04.31-ний өдрийг хүртэлх хоол, унааны зардалд 14,040,000 төгрөг, 2017 оны 11 сараас 2024 оныг хүртэл ээлжийн амралт биеэр эдлээгүй тул ээлжийн амралтын нөхөн олговорт 3 788 324 төгрөг, нийт 65,116,324 төгрөгийг ******* ТӨХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сараас эхлээд хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилласан бөгөөд уг гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс ******* 1 хорооллын авто зогсоол зарагдаж дуусах хүртэл хугацаагаар байгуулсан. Үүнээс хойш жил бүр Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулж, уг гэрээг сунгаж байсан. Гэрээнүүдээс үзвэл, ажиллагч чөлөөтэй ажиллах сонирхолтой, ажиллуулагч нь өөрийн үндсэн ажлын байрны орон тоонд байхгүй, ажлын байранд заавал биечлэн гүйцэтгэх шаардлагагүй, ажил үүргүүдийг ажиллагчаар гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Үндсэн ажилтанд тавигдах шаардлага шиг өдөрт 8 цаг ажиллах ёстой эсвэл Хөдөлмөрийн дотоод журам болон бусад баримт бичигт заасны дагуу хариуцлага хүлээх заалтгүй юм. Нэхэмжлэгчид цагийн бүртгэлийг хийдэггүй, байнгын ажлын байранд ажиллахыг шаардлагагүй учраас сарын эцэст ажлын тайланг хүлээн авснаар ажлын гүйцэтгэл хангагдсан гэж үзэж хөлсийг нь олгосоор ирсэн. Иймд талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй учир ээлжийн амралтын олговор олгох, ажил үүрэг хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл хөлс төлөх хууль зүйн үндэслэлгүй.

2.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ээлжийн амралтын зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хамааралтай хууль зүйн ойлголт бөгөөд хөлсөөр ажиллах гэрээнд хамааралгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ээлжийн амралт эсвэл түүнтэй адилтгах амралт олгох, олговор олгох талаар тусгаагүй. Иймд ээлжийн амралтын олговор олгох нэхэмжлэл үндэслэлгүй.

2.3 Мөн ажиллагчид хоол, унааны нэмэлт зардал нэхэмжилсэн боловч үүнийг хөдөлмөрийн дотод журам, хамтын гэрээнд зааснаар зөвхөн үндсэн ажилчдад олгодог. Үүнийг гэрээгээр харилцан тохиролцоогүй. Мөн харуул хамгаалалтын үйлчилгээ нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулиар зохицуулагдаж, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэх учиртай. Хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцох ажил үүргийн хүрээнд харуул хамгаалалтад ерөнхий хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажилласан.

2.4 Хэрэгт авагдсан 2020 оны түрээсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод 4 зорилтын хүрээнд 13 төрлийн, 2022 оны ажлын байрны тодорхойлолтод 12 зорилтын хүрээнд 13 төрлийн, 2024 оны ажлын байрны тодорхойлолтод 5 зорилтын хүрээнд 22 төрлийн ажил үүрэг гүйцэтгэхийг заасан. Түрээсийн мэргэжилтэн нь айл өрхөд албан бичиг хүргэх, төлбөр барагдуулсан, айл чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч уг үүрэг нь түрээсийн мэргэжилтний хэрэгжүүлэх 22 үүргийн нэг төрлийн ажиллагаа юм. Үүнийг гүйцэтгэснээр түрээсийн мэргэжилтний бүх үүргийг гүйцэтгүүлсэн гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч ******* ТӨХХК-иас 5,260,890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, түүний нэхэмжлэлээс хариуцагчид холбогдох 2017 оны 11 дүгээр сараас хойш хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан болохыг тогтоолгож хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, 2020 оны 03 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн мэргэжилтний ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 25,688,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сараас одоог хүртэл харуул, хамгаалалтын ажлыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 21,600,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сараас 2024 оныг хүртэл хугацаанд олгогдох ээлжийн амралтын цалинд 3,788,324 төгрөг, 2017 оны 11 дүгээр сараас 2020.01.01-нийг хүртэл хугацааны хоол, унааны зардалд 8,799,110 төгрөг, нийт 59,855,434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д заасны баримтлан нэхэмжлэгч *******ийн шүүгчийн 2024.03.19-ний өдрийн 5049 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч байгууллагаас 99,124 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулиар зохицуулагдах бөгөөд гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх журам зэргээр Хөдөлмөрийн гэрээтэй адил боловч үргэлжлэх хугацаа, ажил үүрэг гүйцэтгэх байдал зэргээрээ ялгаатай. Тиймээс *******ийн ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд тухайн ажил үүрэг нь үргэлжилсэн болон давтагдсан шинжийг агуулсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа байтал хариуцагч байгууллага ажилтантай Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулсныг шүүхээс зөвтгөсөн үндэслэлгүй.

Хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээний хувьд ажиллагч нь гэрээнд заасан ажлыг өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэдгээрээ ялгаатай ба ажил олгогчийн захирах, захирагдах зарчмын дагуу ажилтантай хөлсөөр ажиллах гэрээг тулган байгуулсан нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй.

4.2 Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны хууль/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 23 дугаар зүйлийн 23.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээ бус хөдөлмөрийн гэрээ байгуулахаар байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчлэн найруулсан/ 50 дугаар зүйлийн 50.2, 50.4 дэх хэсэгт зааснаар ажилтан *******ийн ажил, үүрэг нь байнгын давтамжтай гүйцэтгэх ажлын байр атал хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь *******ийн ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсний цалин хөлс болон ээлжийн амралт авах болон ээлжийн амралтын цалин, олговор авах болон унаа, хоолны зардлаар хохирсон.

4.3 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь түрээсийн мэргэжилтний болон харуул хамгаалалтын ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн болох нь ******* миний ажлын тайлан болон хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс хангалттай нотлогдож байхад шүүхээс хэрэгсэхгүй болгож байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч гэрээт ажилтнуудад ээлжийн амралт эдлүүлж байсан талаар, мөн гэрч шүүх хуралдаанд гэрээт ажилтнуудын ээлжийн амралт олгож байсан талаар мэдүүлсэн байхад шүүх анхаарч үзээгүй.

4.4 Түүнчлэн, 2017 оноос эхлэн гэрээт ажилтанд хоол унааны зардал өгч байсан гэдгийг гэрч шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн байдаг бөгөөд мөн гэрээт ажилтан н.Нарангэрэлтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ-г нотлох баримтаар хэрэгт өгсөөр байхад шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч авч үзэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь нэг талыг баримталсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан энэхүү гэрээнээс 2017 оноос эхлэн унаа, хоолны зардал өгч байсан болох нь нотлогдож байхад эдгээр онуудын унаа, хоолны зардлыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хөлсөөр ажиллах гэрээ гэдэг нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2 дахь хэсэгт бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заасан байдаг. Тэгэхээр тухайн ажлын байранд яагаад ажлын байрны тодорхойлолтын дагуу байнгын ажлын байрт тооцоогүй вэ гэхээр тухайн хорооллын автозогсоол, орон сууц зэрэг нь борлогдоод дууссан тохиолдолд ажил үүрэг дуусах тул тухайн ажлыг байнгын ажил үүрэг гэж үзэхгүй бөгөөд тухайн хөрөнгүүд нь хэдий хугацаанд борлогдож дуусахыг тогтоох боломжгүй, зах зээлийн шугамаар хэдий хугацааны дараа борлогдох эсэхийг мэдэхгүй учир энэ байгууллагыг төлөөлж тухайн газарт хүн байх ёстой гэх агуулгаар талууд хоорондоо хөлсөө тохирч сайн дурын үндсэн дээр хугацаатай гэрээг байгуулсан.

5.2 Хоол унааны мөнгөний тухайд өдрийн 8 цаг оффист ажилладаг ажилчдад хоол унааны мөнгө өгөхөөр дотооддоо зохицуулж явдаг байсан. Түүнчлэн орон нутагт хөлсөөр ажиллах гэрээний 8 ажилчид байдаг бөгөөд тэдгээр нь хоол унааны мөнгө авдаггүй, ихэвчлэн өөрсдөө түрээсийн сууцанд амьдарч, байгууллагыг төлөөлж ажилладаг тул зөвхөн нэхэмжлэгчид хоол унааны мөнгө өгөх үндэслэлгүй. Харуул хамгаалалтын ажлын тухайд санхүүжилт зогссон дутуу баригдсан барилга байгаа бөгөөд түүний суурийн давхарт өвөл хүмүүс автомашинаа оруулж тавьдаг, зун нь хүүхдүүд орж аюулгүй байдал алдагдах магадлалтай байдаг.

5.3 Манай байгууллагын хувьд хөлсөөр ажиллах ажилтнаас гадна үндсэн ажилчдын цалингийн асуудал хүндрэлтэй, байнгын алдагдалтай ажиллаж байгаа. Өмнө нь яагаад харуул хамгаалалтын ажлыг өндөр үнээр хийлгэж байсан атлаа нэхэмжлэгчид бага цалин хөлс өгч байгаа талаар гэвэл Аудит буюу дээд шатны байгууллагын хяналтаар энэ асуудалд хуулийн дагуу мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар харуул хамгаалалтын ажлыг хийлгэ гэх шаардлага тавигдсан учир зайлшгүй хийгдсэн ажил болохоос ******* нь их хэмжээний мөнгө гаргаж 3 ээлжийн харуул хамгаалалтын ажлыг хийлгэе гэх санал гаргаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨХХК-д холбогдуулан 2017 оны 11 дүгээр сараас хойш хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан болохыг тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, 2020 оны 03 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн мэргэжилтний ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 25,688,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сараас одоог хүртэл харуул, хамгаалалтын ажлыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 21,600,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хоол, унааны олговорт 14,040,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сараас 2024 оныг хүртэл хугацаанд олгогдох ээлжийн амралтын цалин олговорт 3,788,324 төгрөг, нийт 65,116,324 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ТӨХХК нь *******тэй 2017, 2020, 2021, 2022, 2023, 2024 онуудад Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь ажиллуулагчаас тодорхойлсон /хавсралт №1 заасан/ ажил, үүргийг ажиллагч мэргэжил, ур чадварын өндөр түвшинд, тогтоосон цаг хугацаанд биечлэн хийж гүйцэтгэх, ажиллуулагч нь гэрээгээр тохиролцсон хөлсийг тогтоосон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна. Гэрээг талууд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаатай, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар тус тус байгуулсан байна. /1хх 8-14, 69-71, 95-98, 2хх159-167/

3.1 Гэрээний хавсралт №1-т нэхэмжлэгч ******* нь ******* 1 хорооллын A B C D блокын 457 автозогсоолын 8 харуул болон 1 үйлчлэгчийн ажилд хяналт тавих шаардлага тавьж зөрчлийг арилгуулан ажиллах, харуул болон үйлчлэгчийн ажлын цагийг өглөө болгоны 09:00 цагт хүлээлцүүлэх, харуул болон үйлчлэгчийн ажлын цагийн тайланг сар болгоны 24-ний өдрийн дотор гаргаж өгөх, A B C D блокын 457 автозогсоолын зарагдсан болон зарагдаагүй зогсоолд гэрчилгээ гаргуулан хяналт тавьж ажиллах, A B C D блокын худалдан авсан иргэдээс санал гомдол хүлээн авч тухай бүр асуудлыг шийдвэрлэж ажиллах, иргэдийн захиалга өгөх хүсэлтийг хүлээн авах, зарыг түгээх, мэдээлэх, Даваа-Баасан гаригийн өглөө 06 цагт, шөнийн 1 цагт эргүүл хийж зөвшөөрөлгүй болон зөрчил гаргасан харуулд хяналт тавьж арга хэмжээ авч зөрчлийг арилгуулах, автозогсоолын төлбөр болон ашиглалтын зардал төлөөгүй иргэдийг төлбөрөө төлүүлэх шаардлага хүргүүлэх, ******* 2 хорооллын авто зогсоолын хүрээнд борлогдоогүй үлдсэн автозогсоолд хяналт тавьж ажиллах, оршин суугчдад борлогдоогүй автозогсоолын мэдээлэл өгөх, сурталчилах, орон сууц захиалан авсан иргэдтэй холбоотой албан тоотыг нэг бүрчлэн иргэн болгонд хүлээлгэн өгөх, иргэдийн өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэх, иргэдийн захиалга өгөх хүсэлтийг хүлээн авах, Даваа-Баасан гаригийн өглөө 06 цагт, шөнийн 1 цагт эргүүл хийж зөвшөөрөлгүй болон зөрчил гаргасан харуулд хяналт тавьж арга хэмжээ авч зөрчлийг арилгуулах, автозогсоолын төлбөр болон ашиглалтын зардал төлөөгүй иргэдийг төлбөрөө төлүүлэх шаардлага хүргүүлэх, хариуцсан ажлын чиглэлээр холбогдох байгууллагаас ирүүлсэн удирдамж, баталсан хуваарийн дагуу хийж буй хяналт, шалгалтад шаардлагатай баримт материалыг заасан хугацаанд түргэн шуурхай гаргаж өгөх, хийсэн ажлын талаарх тайланг 7 хоног бүр гаргаж өгөхөөр заасан байна. Хариуцагч ******* ТӨХХК нь гэрээгээр тохиролцсон хөлс төлөх үүргийг хүлээсэн байна.

3.2 Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээний ялгаатай байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

4. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж байгуулсан байх тул гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сараас хойш хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан болохыг тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

5. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээтэй холбоотой 2020 оны 03 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн мэргэжилтний ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 25,688,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сараас одоог хүртэл харуул, хамгаалалтын ажлыг хавсран гүйцэтгэсэн цалин хөлс 21,600,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сараас 2024 оныг хүртэл хугацаанд олгогдох ээлжийн амралтын цалин олговорт 3,788,324 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5.1 Түүнчлэн, хөлсөөр ажиллах гэрээний хавсралт 1-т ******* нь автозогсоолын 8 харуул болон 1 үйлчлэгчийн ажилд хяналт тавих шаардлага тавьж зөрчлийг арилгуулан ажиллах, харуул болон үйлчлэгчийн ажлын цагийг өглөө болгоны 09:00 цагт хүлээлцүүлэх, харуул болон үйлчлэгчийн ажлын цагийн тайланг сар болгоны 24-ний дотор гаргаж өгөх, автозогсоолын ашиглалт, харуул хамгаалалтын асуудлыг хариуцан ажиллах зэрэг үүргийг хүлээсэн байх тул нэхэмжлэгчийг түрээсийн мэргэжилтний болон харуул хамгаалалтын ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

6. ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/11 дугаар тушаалаар гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/08 дугаар тушаалын дагуу тус компанийн ******* 1 хорооллын авто зогсоол хариуцсан гэрээт ажилтан *******д хоолны зардлыг 1 өдөрт 15,000 төгрөг, унааны зардлыг 1 өдөрт 10,000 төгрөгөөр тооцон олгохоор заажээ. /2хх168/

7. Анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл хугацааны ажлын 355 хоногт дээрх зардлыг өдөрт 15,000 төгрөгөөр тооцон 5,325,000 төгрөгөөс 2020 оны 05 дугаар сард олгогдсон 64,102 төгрөгийг хасч 5,260,890 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Хариуцагч үүнд гомдол гаргаагүй.

7.1 Нэхэмжлэгч нь 2017, 2018, 2019 оны хоол, унааны зардлыг тооцон олгож байсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

8. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хоол болон унааны зардалд 5,260,890 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй талаар зөв дүгнэсэн боловч зохих зүйл, заалтыг баримтлаагүй нь учир дутагдалтай болсныг дурдав. Энэ нь шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/03323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

М.БАЯСГАЛАН