| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0124/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/121 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Э.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Э-ын А холбогдох 19.000520135 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Я овогт Э-ын А /РД......../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.А нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг Цагаан нуур гэх газар иргэн С.Ч хамар тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 19.000520135 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Ч мэдүүлсэн: 2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой би Цац багийн Хужирт гэх газар гэртээ байж байхад намайг А утсаар дуудсан. Яах гэж байгааг нь би мэдээгүй. Тэгээд би ах Ч сумын төвд хүргүулж ирээд Н ахын дэлгүүрийн хажууд буухад А, Б, М нар байсан. Намайг ирэхэд А, Б нар пиво ууж байсан. А, Б нартай уулзаж ярилцахад М чи манай адууг авсан талаар ярь гэхээр нь би М ах танай адууг аваагүй шүү дээ гэтэл А миний хамар руу, толгой руу цохиж, намайг зодсон. Мөн Б намайг зодсон. А намайг чи миний мотоциклиор явж Бг авч ир гэхээр нь би Б гэрт нь очиж авчирсан. Дараа нь З ах гэр рүүгээ явсан. З ахыг явсаны дараа А, Б, Б нар пиво ууцгаасан. Пиво уусны дараа нэг айлд очсон, би тэр айлыг сайн мэдэхгүй. Би тэр айлаас явах гэтэл Б, А нар намайг явуулахгүй байсан. Тэгээд тэр шөнө би А, Б нартай танихгүй айлд хоносон. Маргааш өглөө нь бид нар А-ын дүү гэх айлд очсон. Тэгээд тэд нар надаар хулгай хийсэн гэж хүчээр хэлүүлж байгаад бичлэг хийсэн. Ийм учир би цагдаагийн байгууллагад хандсан. Миний толгой их доргиж, бөөр их өвдөж, хацар халцарсан байна. Толгой их зовиуртай байгаа. М ахыг адуу хулгайлсан гэж хэлээд гүтгэж байгаад зодсон. А, Б нар намайг зодсон. Би гомдолтой байна. Миний бие тааруу байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 10-. хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Ч-ын дахин мэдүүлсэн: ...Манай ах М--ийг адуу хулгайлсан гэж хэл гээд шахаж зодсон. Н ахын дэлгүүрийн ард А нүүр, толгой хамар руу гараараа 2-3 удаа цохисон. Манай ах М, А, Б нар байсан. Тэнд өөр хүн байгаагүй. Ч ах намайг Н ахын дэлгүүрийн ард А, Б, М нар дээр хүргэж өгсөн. Ч ах намайг зодуулсан талаар мэдэхгүй. Намайг буулгаж өгөөд шууд явсан. Намайг зодсон талаар А, Б, М нар мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Ч-ын дахин мэдүүлсэн: 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр А намайг утсаар дуудсан. Намайг хүргэн ах М-той нийлж хулгай хийсэн, нүүрэлдүүлнэ гэж дуудсан. Би сумын төв ороод А, О, Э, М нартай сумын төвд уулзсан. Тэгээд би тэнд байсан хүмүүстэй уулзтал А намайг чи М-той нийлж хулгай хийсэн гэдгээ одоо хэл гэхээр нь М ах бид хоёр нийлж хулгай хийгээгүй гэхэд А уурлаад миний нүүрэн хэсэгт цохисон. Тэгээд миний хамраас цус их гарч, би өөрийн өмсөж явсан бээлийгээрээ арчиж тогтоосон. Мөн намайг хэл амаар доромжилж байсан, бид нар тэнд удаан байсан. А, О нар М ах, бид хоёрыг явуулахгүй байсан. Намайг А болон О нар зодсон. А миний хамар руу цохиж, цус гаргасан. А, О нар нь намайг Мтой нийлж адуу хулгайлсан гэж гүтгээд зодсон. Тухайн үед А, М, О, Э нар байсан. Миний хамарт гэмтэл учруулах үед Н ахын дэлгүүрийн гудамжинд гадаа байсан. Миний хамар руу А нэг удаа цохисон. Өөр хүн хамар руу цохиогүй. А өөрийн алдсан адууг хулгай хийсэн гэж хэл гээд байсан. Тухайн бичлэгийг А өөрийн утсан дээр өөрөө хийсэн. Би архи согтууруулах ундааны зүйл уугаагүй байсан. Уг бичлэгийг намайг зодсоны дараа хийсэн. Бичлэг хийсний дараа А миний хамар руу нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.М-ийн мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед гэртээ байж байхад А ирж голын хойно айлд хамт очоод ирье гээд намайг аваад явсан. Манайхаас гараад явж байгаад хээр зогсож чи манай 4 тооны адууг хулгайлсан гэж Ч надад хэлсэн. Тэр одоо төвд манайд байгаа гэж хэлэхээр нь би тийм юм бол очоод уулзъя гэж хэлтэл А та хоёрыг нүүрэлдүүлье гэсэн. Тэгээд бид хоёр сумын төв рүү явсан. Сумын төвд ирээд А дүү С-ын гэрт очсон. Ч-тай уулзах гэтэл тэр хөдөөнөөс ирээгүй байсан. Бид нар Ч-ыг хүлээж байгаад пиво хувааж уусан. Удалгүй Ч ирж бид нар С ахын хашааны гадаа уулзацгаасан. Чыг манай хадам ах Ч мотоцикльтой хашааны гадаа буулгаад явсан. Ч-ыг ирэхээр нь би түүнээс чи яагаад намайг адуу хулгайлсан гэж ярьсан юм бэ гэтэл би таныг адуу авсан гэж хэлээгүй гэсэн. Тэгтэл А чи тэгж хэлсэн биз дээ гээд Ч-ын нүүр рүү гараараа цохисон. Ч-ын хамраас их цус гараад тогтохгүй байхаар нь би бээлийгээрээ дарж тогтоосон. Бид нар тэнд нилээн удаан маргалдсан. Дараа нь Ч-ыг Б гэх хүнийг авчир гээд явуулсан. Б гэх хүн нь уг цуу яриаг тараасан гэж би сонссон. Удалгүй Б ирж бид нар маргалдсан. Тухайн үед А, Б нар Ч-ыг ээлжлэн зодож, элгэдэж байсан. Яг миний нүдэн дээр А гараараа Ч-ын нүүр рүү цохисон. Хөдөө гэрт эхнэр, хүүхэд хоёр байсан болохоор би уурлаад А-ын мотоцикльтой хөдөө явсан. Үүнээс хойш юу болсон талаар би мэдээгүй. Намайг харж байхад А гараараа Ч-ын нүүр хэсэг рүү цохисон. Бусад үед нь нэг, нэгээрээ Ч-ыг авч яваад зодож байсан. А нь Ч-ыг адуу авсан гэдгийг нь хэл гээд зодож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.О-ын мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр уулзсан. Тухайн үед бид нар С ахын хашааны гадаа уулзацгаасан. Тэр үед А өөрийн алдсан 4 тооны адууг М авсан гэж сонссон тул М-той уулзаж байсан. М--той уулзаад Ч гэх дүүг нь дуудаж ирүүлсэн. Бид нар Ч-ыг зодож, цохисон зүйл байхгүй. С ахын хашааны гадаа уулзахад А Ч-ыг нэг удаа алгадсан. Өөр зодсон, цохисон зүйл байхгүй. А Ч-ыг нүүр рүү нь нэг л удаа алгадсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Ч Зоригоо ах бид хоёр хулгай хийсэн гэж өмнө нь хүнд хэлсэн гэсэн. Тэгээд тэр талаар асуухад худал яриад байсан болохоор А нэг удаа алгадсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.А-ын мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой танилцсан. Надад прокурорын тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Архангай аймгийн Батцэнгэл суманд мал маллаж амьдардаг. Би 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө өөрийн 4 тооны адууг хулгайд алдсан юм. Түүнээс хойш би адуугаа хайгаад олоогүй. Э над руу ярихдаа танайх 4 тооны адуу алдсан юм уу, би сургийг нь гаргачихлаа, би баттай сайн мэдээд утсаар ярина гэсэн. Түүний дараа би Мийн гэрт очиж түүнийг аваад Батцэнгэл сумын төв Дайр бор багт ирсэн. Дараа нь С.Ч-ыг Моор дуудуулсан. Тэгээд бид нар С ахын гэрийн гадаа уулзацгаасан. Тухайн үед тэнд би, С, М, Ч, О, Ч, Э нар байсан. Би миний адууг та хоёр авсан гэтэл М уурлаж байсан. Өмнө нь Ч согтуу байх үедээ Эт адуу хулгайлсан талаараа ярьсан гэж Э надад хэлсэн. Тийм учир би Ч-аас чи Э-т адуу хулгайлсан талаараа хэлсэн байж надад худлаа яриад байгаа юм уу гээд Ч-ын нүүрэн хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл С.Ч-ын уруул хэсгээс цус гараад байсан. Тэгээд бид нар бүгд С ахын гэрт хоносон. Маргааш өглөө нь С-ын гэрт очиж Ч-ын адуу хулгайлсан талаар бичлэг хийж авсан. Дараа нь тэнд байсан хүмүүс бүгд гэр гэр рүүгээ явсан. Би Ч-ын нүүр хэсэгт нэг удаа л гар хүрсэн. Надад өөр цохисон, зодсон зүйл байхгүй. Надаас өөр зодсон хүн байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Одоо Ч бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй. Миний асуудлыг хялбаршуулж шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 57-60 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 40 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. С.Ч-ын биед хамрын таславчийн муруйлт, хамар, хоёр хацар, хэвлийн урд хана, баруун бугалганы гадна доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар хамрын таславчийн муруйлт гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад зулгаралт гэмтэл тус бүр биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 43 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63-64 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 76 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2019 он 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг Цагаан нуур гэх газар иргэн С.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.А нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг Цагаан нуур гэх газар иргэн С.Ч-ын хамарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Чын мэдүүлсэн “А, Б нартай уулзаж ярилцахад М чи манай адууг авсан талаар ярь гэхээр нь би М ах танай адууг аваагүй шүү дээ гэтэл А миний хамар руу, толгой руу цохиж, намайг зодсон. Миний толгой их доргиж, бөөр их өвдөж, хацар халцарсан. М ахыг адуу хулгайлсан гэж хэлээд гүтгэж байгаад зодсон”, “Н ахын дэлгүүрийн ард А нүүр, толгой хамар руу гараараа 2-3 удаа цохисон”, “би тэнд байсан хүмүүстэй уулзтал А намайг чи М-той нийлж хулгай хийсэн гэдгээ одоо хэл гэхээр нь М ах бид хоёр нийлж хулгай хийгээгүй гэхэд А уурлаад миний нүүрэн хэсэгт цохисон. Тэгээд миний хамраас цус их гарч, би өөрийн өмсөж явсан бээлийгээрээ арчиж тогтоосон. А миний хамар руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 10-., 13-15, 16-18/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Мийн мэдүүлсэн “А чи тэгж хэлсэн биз дээ гээд Чын нүүр рүү гараараа цохисон. Ч-ын хамраас их цус гараад тогтохгүй байхаар нь би бээлийгээрээ дарж тогтоосон. Тухайн үед А, Б нар Ч-ыг ээлжлэн зодож, элгэдэж байсан. Яг миний нүдэн дээр А гараараа Ч-ын нүүр рүү цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.О-ын мэдүүлсэн “С ахын хашааны гадаа уулзахад А Ч-ыг нэг удаа алгадсан. А Ч-ыг нүүр рүү нь нэг л удаа алгадсан” мэдүүлэг /хх-ийн 31-33/, мөрдөн байцаалтын шатанд Э.А-ын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би Ч-аас чи Э-т адуу хулгайлсан талаараа хэлсэн байж надад худлаа яриад байгаа юм уу гээд Чын нүүрэн хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл С.Чын уруул хэсгээс цус гараад байсан. Би Чын нүүр хэсэгт нэг удаа л гар хүрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 57-60/, хохирогч С.Ч-ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 40 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Я овогт Э-ын А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Э-тын А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.А-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ