| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2023/03197/И |
| Дугаар | 210/МА2024/01927 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/01927
2024 10 25 210/МА2024/01927
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02977 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: ******* ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 193,341,351 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хан-уул дүүргийн 4 дүгээр хороонд хэрэгжиж буй ******* төслийн 2 блок орон сууцны барилгад цахилгаан шат (лифт) нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх DEL22/513-08 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээгээр тус компанийн ******* төслийн 106, 108-р барилгуудад LINE 1000 маркийн 1600 кг, бЗОкг даац, 1.75м/сек хурд, 15/15 (В1,1,4-16) зогсолттой ачаа болон хүн тээврийн 4 иж бүрдэл цахилгаан шат /лифт/-ний угсралт, туршилт, тохируулгын ажлыг чанар, стандартын дагуу гэрээ байгуулснаас хойш 198 хоногт хийж гүйцэтгэхээр тохиролцсон.
1.2 Хариуцагч нь нийт 4 ширхэг цахилгаан шатыг 193,696 ам.долларт бэлтгэн нийлүүлж хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь гэрээ баталгаажихад 20 хувь буюу 38,739 ам.долларын урьдчилгаа төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн дансанд урьдчилгаа төлбөрийг тухайн өдрийн ханшаар шилжүүлсэн. ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр 198 дахь хоногт буюу 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэхэд гэрээний зүйл 4 ширхэг цахилгаан шат (лифт) угсраад хүлээлгэн өгөх ёстой үүрэгтэй байсан. Гэтэл ******* ХХК нь манай захиалсан 4 ширхэг лифтний ачилт нь ч огт хийгдээгүй, бидэнд худал мэдээлэл өгч аргацааж хуурсаар гэрээний үүргээ 150 хоногоор хэтрүүлсэн. Цаашид гэрээ хэрэгжих ямар ч боломжгүй болсон тул энэ оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцлахаа мэдэгдсэн.
1.3 ******* ХХК-иас шалтгаалж ******* төслийн 106, 108-р барилгуудыг хугацаанд нь ашиглалтад оруулах боломжгүй болж улмаар ба орон сууц захиалагч, харилцагч нарын өмнө анзын төлбөр төлөх үр дагавар бий болсон.
1.4 Иргэний хуулийн 232 дугаар зүйл болон гэрээний 6.2-д гүйцэтгэгч гэрээнд заагдсан хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгэж чадаагүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлнө. Алданги нь гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх гэж заасны дагуу гэрээний үүргээ гүйцэтгэж, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс гэрээ цуцалсан 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хэтрүүлсэн 150 хоногийн хугацаанд хоног тутамд 0,3 хувийн алдангийг шаардах үндэслэлтэй.
Иймд гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 38,739 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны зарласан валютын ханшаар 3441,98 төгрөгөөр тооцож 133,338,863 төгрөг, алданги 60,002,488 төгрөг, нийт 193,341,351 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК нь ******* ХХК-тай Цахилгаан шат /лифт/ нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаас хойш ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлэгдвэл зохих орон сууц болон дулаан зогсоолын захиалгын гэрээг байгуулах талаар манай компаниас удаа дараа мэдэгдэж байсан боловч ******* ХХК нь захиалгын гэрээг хийгээгүй.
2.2 Манай компанийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлыг явуулахын тулд захиалгын гэрээ хийгдээгүй байсан ч ******* группын БНХАУ дахь үйлдвэр лүү цахилгаан шатны захиалгыг хийсэн. ******* ХХК-ийн зүгээс гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэхийн тулд өөрсдөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан. Гэтэл ******* ХХК-аас захиалгын гэрээ хийхгүй байгаа нөхцөлд манай компаниас их хэмжээний мөнгөн хөрөнгийг гаргаж уг ажлыг дуусгах шаардлагатай болсон. Анхны тохиролцоо ийм байгаагүй тул манай компани өөрсдөөсөө хөрөнгө гаргаж хийх боломжгүй. ******* ХХК захиалгын гэрээ хийх эсвэл мөнгөн хөрөнгө гаргаж ажлыг дуусгах саналыг гаргасан боловч үр дүнд хүрээгүй.
2.3 ******* ХХК нь ******* ХХК-ийн БНХАУ дахь үйлдвэр нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу захиалсан цахилгаан шат /лифт/-ийг авах үүрэгтэй ба энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд цахилгаан шатыг 6 сарын хугацаатайгаар хадгалж дараагаар нь устгалд оруулж урьдчилгаа төлбөрийг буцаан олгодоггүй. ******* ХХК-ийн гэрээний үүрэгтээ хариуцлагагүй ханддагаас шалтгаалан үйлдвэрлэгч компанийн хадгалалтын болон цахилгаан шатны төлбөрийн өрөнд орж хохирсон.
Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 120,943,158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, үлдсэн 72,398,193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,124,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 762,665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2, 6.2, 3.2-т зааснаар урьдчилгаа төлбөр, алданги, хугацааг тогтоож, ...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги төлөх заалттай нийцэж байх боловч алданги нь 50 хувиас хэтрэхгүй байх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцэхгүй байна гэж хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Харин анхан шатны шүүх зохигчдын байгуулсан гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан гэж дүгнэж, улмаар түүний үр дагаврыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ энэ талаар баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулах боломжтой.
4.2 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаар талууд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэг хүлээх ба энэ талаар мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт тодорхой зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөр 120,943,158 төгрөгийг гаргуулж, алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэнгүй.
4.3 Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ******* ХХК нь иж бүрэн 4 ширхэг цахилгаан шатыг 2022 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн дотор барьж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйгээс хариуцлага хүлээх үндэслэлтэй. Захиалагч ******* ХХК нь дараагийн төлбөр 8.019 ам.долларыг төлөөгүй нь түүний буруу биш юм. Энэ талаар анхан шатны шүүх ...үйлдвэрлэгч БНХАУ-ын ё компани цахилгаан шатны төлбөрийг хүлээн аваагүй байсан байх тул Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 8.019 ам.долларыг төлөх үүрэггүй байсан байна гэж зөв дүгнэлт хийсэн. Энэ нь дээрх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Хэдийгээр талуудын байгуулсан гэрээ цуцлагдсан боловч тийнхүү цуцлагдах хүртэлх хугацаанд алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алданги 60,002,488 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч компанийг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Цахилгаан шат явах замын хэмжээнд тохируулан цахилгаан шатыг хийдэг. Гэтэл талуудын хооронд гэрээ байгуулагдах үед зам нь бүрэнд хийгдээгүй байсан учир гэрээний хугацааг хэзээнээс хэзээ хүртэл тоолох, хэзээ цахилгаан шатыг үйлдвэрлээд авчрах талаар тохиролцоогүй.
5.2 123,000 ам.долларын үнэтэй цахилгаан шатыг авахдаа 454,000,000 төгрөгт ногдох хэсэгт бартер өгөөд манайх орон сууц, авто зогсоолыг гуравдагч этгээдэд борлуулах байдлаар төслийг санхүүжүүлэх байсан. Гэтэл бартерын орон сууцны захиалгын гэрээг хийе, өөр хүнд заръя гэхээр нэхэмжлэгч мөнгийг өгдөггүй. Нэхэмжлэгчээс төсөлд зарцуулах ёстой цахилгаан шатыг авах мөнгийг өгөөгүй байхад бид цаашаа захиалах боломжгүй. Нэхэмжлэгч талаас шалтгаалж төсөл зогссон учир хугацаа хэтэрсэн гэх нөхцөл байдал бодит байдал дээр хэрэгжээгүй.
5.3 Цахилгаан шат бэлэн болсны дараа ачилтын 8,000 ам.долларын төлбөрийг ч төлөөгүй. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах нь эрх зүйн хувьд 2 өөр ойлголт болохыг Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр тайлбарласан бөгөөд гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээгээр өгч, авсан зүйлсээ харилцан буцааж өгөх, гэрээ цуцалж байгаа тохиолдолд гэрээ цуцлах хүртэлх хугацааны эрх зүйн үр дагаврыг үлдээгээд, цуцалснаас хойш үр дагаврыг зогсоох өөр өөр үр дагавартай. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2023 оны 05 дугаар сарын 04-ний албан тоот нь цахилгаан шат нийлүүлэх гэрээнээс захиалагч тал татгалзсан агуулгатай байдаг ба алданги тооцох боломжгүй.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино уу гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 Талууд гэрээг байгуулах үед ******* ХХК нь орон сууц захиалгын гэрээ болон автозогсоолын захиалгын гэрээний дагуу энэхүү эд хөрөнгийг захиран зарцуулж, уг гэрээ хэрэгжиж, цахилгаан шатны захиалгын төлбөр болон холбогдох зардлуудаас төлөгдөж, ******* ХХК нь ашигтай, ******* ХХК нь цахилгаан шаттай болох учиртай байсан. Гэтэл гэрээ байгуулагдсанаас хойш ******* ХХК нь орон сууц захиалгын гэрээ, автозогсоолын гэрээний дагуу орон сууц болон автозогсоолыг огт шилжүүлээгүй. Ийнхүү талуудын хооронд анхны үл ойлголцол бий болж, гэрээ хэрэгжих нөхцөл хязгаарлагдаж эхэлсэн. Уг гэрээний дагуу хэрэгжих цахилгаан шатны төслийг хэрэгжүүлэх, санхүүгийн эх үүсвэргүй болж, зогсонги байдалд орох байсан боловч ******* ХХК-ийн зүгээс өөрсдөө бусад санхүүгийн эс үүсвэрээс мөнгөн хөрөнгийг бий болгож төслийг үргэлжлүүлсэн.
6.2 Цахилгаан шат (лифт) Бүгд найрамдах Хятад ард улсын үйлдвэрт үйлдвэрлэгдэж, Монгол Улс руу тээвэрлэгдэх гэж байхад ч ******* ХХК, Бүгд найрамдах Хятад ард Улсын ******* ХХК-аас ч ******* ХХК-д мэдэгдэж байсан боловч цахилгааны шат ачилт хийгдэхээс өмнөх 8,109.36 ам.долларыг шилжүүлээгүй.
6.3 Шүүх хуралдаан болохоос өмнө ******* ХХК нь гэрээний дагуу нийлүүлэгдвэл зохих 2 ширхэг цахилгаан шат нь Монгол Улсад ирсэн, уг цахилгаан шатанд үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Бодит нөхцөл байдлын хувьд барилгад цахилгаан шатны зам хийгдэж, уг замд зориулагдсан хэмжээ, хэлбэр, хийц бүхий цахилгаан шатыг үйлдвэрлэдэг. Тодруулбал, уг цахилгаан шат нь тухайн төсөлд л хэрэглэгдэх боломжтой. ******* ХХК-ийн төсөлд зориулагдсан гэх 4 цахилгаан шат үйлдвэрлэгдэж дуусаж, 2 ширхгийг ******* ХХК нь Бүгд найрамдах Хятад ард Улсаас тээвэрлэж, Монгол Улсад авчирсан үйл баримтуудад шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.
6.4 Талууд гэрээг байгуулах үед барилгыг ашиглалтад оруулах хугацаа тодорхойгүй байсан тул хугацааг тоолж эхлэх хожим нь тодорхойлохоор тохиролцсон. Нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээс хойш 198 хоногийн дотор үүргийг гүйцэтгэх ёстой мэтээр тайлбарлаж, шүүх уг нотлогдоогүй тайлбарын дагуу шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал огт нотлогдоогүй тайлбарыг үндэслэж, ******* ХХК-ийг гэрээний үүргийг гүйцэтгэхдээ хугацаа хэтрүүлсэн, гэрээнээс ******* ХХК нь татгалзсан мэтээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ******* ХХК нь орон сууц болон авто зогсоол захиалгын гэрээний дагуу орон сууц, автозогсоол шилжүүлэх, ачилтын төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд ******* ХХК-ийг үүргээ гүйцэтгэх хүртэл хугацаагаар Иргэний хуульд зааснаар ******* ХХК нь үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Тиймээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн гэрээнээс татгалзсан гэх татгалзал нь үндэслэлгүй. Түүнчлэн үндсэн үүргийн зөрчил байхгүй бол алданги шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.
6.5 Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 3 тоот зөвлөмжид ...Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ... гэж заасан. Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шиг ...нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан... гэж үзэж байгаа бол гэрээнээс татгалзсан тул татгалзсан гэрээний дагуу шаардах эрхгүй гэх үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгох учиртай байхад алдангийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Түүнчлэн нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шиг үзсэн ч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар ...талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь... буцааж өгөх үүрэгтэй... гэж заасан. Иймээс хоёр ширхэг цахилгаан шатыг нэхэмжлэгч авч, зөрүү төлбөрийг төлөх, манай компанид учруулсан хохирлыг төлөх үүрэгтэй.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээгээр хариуцагч ******* ХХК нь 4 ширхэг цахилгаан шатыг 198 хоног буюу 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр угсралт, туршилт, тохируулгын ажлыг чанар, стандартын дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл энэ өдөр лифт орж ирээгүй, үйлдвэрлэгдээгүй байсан. Лифтээ авах талаар удаа дараа албан бичгүүд хүргүүлсэн ч гэрээний үүргээ биелүүлээгүй учир 1 жилийн дараа гэрээг цуцалсан.
7.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаагүй атлаа шаардлага гаргасан мэтээр давж заалдах журмаар гомдолд гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 38,739 ам.доллар буюу 133,338,863 төгрөг, алданги 60,002,488 төгрөг, нийт 193,341,351 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үгүйсгэн маргасан.
3. Талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр DEL22/518-08 дугаартай Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд хэрэгжиж буй төслийн 2 блок орон сууцны барилгад цахилгаан шат /лифт/ нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ******* ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй төслийн 106, 108-р барилгуудад LINE 1000 маркийн 1600 кг, 630 кг, даац, 1.75 м/сек хурд, 15/15 (В1,1,4-16) зогсолттой ачаа болон хүн тээврийн 4 иж бүрдэл цахилгаан шат /лифт/-ыг захиалгын дагуу угсралт, туршилт, тохируулгын ажлыг чанар, стандартын шаардлага хангаж хийж гүйцэтгэх, ******* ХХК нь гэрээний төлбөрт нийт 193,696 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон байхаас гадна зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /1хх 13-16/
3.1 Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэрээний зүйлийг угсрах, суурилуулах хариуцагчийн үүргийг харгалзан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан үндэслэлээр талуудын хооронд мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь, гэрээний зүйлийг угсрах, суурилуулах нь худалдах-худалдан авах гэрээний нэмэлт үүрэгт хамаарч байхаас гадна энэ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг бүрэн агуулаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд холимог гэрээ бус, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.
3.2 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
4. Гэрээний 3.4-т бэлэн төлбөр 24,1% буюу 46,758 ам.доллароос төлбөрийг гэрээний үнийн бэлнээр төлөх дүнгийн 20% буюу 38,739 ам.долларыг гэрээ баталгаажуулахад, 4,1% буюу 8,019.36 ам.долларыг ачилт хийхээс хуанлийн 21 хоногийн өмнө төлөхөөр, бартер 80% буюу 154,957 ам.долларт орон сууц, автомашины зогсоолыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй төслийн эхний ээлжийн 2023 оны 12-р сард ашиглалтад орох 108-р байраас авахаар заажээ.
4.1 Гэрээний 2.2-т ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа: 198 хоног /3.2-д зааснаар төлбөр төлөгдөж эхэлсэн өдрөөс тооцогдоно. Монгол Улс болон үйлдвэрлэгч Улсын бүх нийтийн амралтын өдөр хөл хорио тогтоосон хугацаа хамаарахгүй./ гэж заасан байна.
4.2 Нэхэмжлэгч ******* ХХК гэрээний урьдчилгаа төлбөр 20% болох 38,739 ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцож 120,943,158 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон. /1хх 25-26/ Нэхэмжлэгч нь төлбөрийг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн гэж тодорхойлсон байх тул уг хугацаанаас гэрээний 2.2-т зааснаар хуанлийн 198 хоногийг тооцоход хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цахилгаан шатыг нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тогтоож, тохиролцсон байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.
5.1 Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд цахилгаан шатыг нэхэмжлэгчид нийлүүлээгүйгээс нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 37/22 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 50/22 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 64/22 дугаар Гэрээт ажлын тухай мэдэгдлүүдээр ажлыг хийж /гэрээний үүргээ/ гүйцэтгэх талаар мэдэгдэж байсан. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23/23 дугаар Шаардлага, хариу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан Цахилгаан шат /лифт/ нийлүүлэх, суурилуулалтын ажил гүйцэтгэх DEL22/518-08 дугаартай үндсэн гэрээнээс захиалагч татгалзаж дагалдан байгуулагдсан орон сууцны бартерын гэрээг цуцалж байгааг мэдэгджээ. /1хх 27-28, 30, 38/
5.2 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид цахилгаан шат нийлүүлэхтэй холбоотой гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 120,943,158 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Түүнчлэн, гэрээний 3.3, 3.4.4-т гэрээний үнээс нийт 454,772,000 төгрөгт ногдох хэсгийг 2 ширхэг орон сууц болон авто зогсоолоор тооцон нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр төлбөр төлөгдөж эхэлсэнд тооцоохоор заажээ.
6.1 Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 120,943,158 төгрөгийг хариуцагчид төлсөн. Харин дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлээгүй нь хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгч гэрээнээс татгалзах буюу цуцлах эрхийг хязгаарлахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагч нь дээрх үндэслэлээр гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх гэрээний 6.2-т заасан заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцэхгүй гэж дүгнэн, алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
7.1 Талууд гэрээний 6.2-т гүйцэтгэгч гэрээнд заагдсан хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгэж чадаагүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө. Алданги нь гэрээний нийт үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байхаар тохиролцсон байна. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн хугацаа буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс гэрээ дуусгавар болсон 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 143 хоногоор тооцож 51,884,547 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Монгол Улсад ирсэн хоёр ширхэг цахилгаан шатанд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2024/15043 дугаар захирамжаар ...хариуцагч нь 2 ширхэг цахилгаан шат 2024 онд ирсэн гэх тайлбар гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар үзлэг хийх шаардлагагүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас алданги 51,884,547 төгрөг нэмж гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02977 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 172,827,705 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,513,646 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 762,665 гэснийг 1,022,088 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1,124,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 457,962 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
М.БАЯСГАЛАН