Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 533

 

 

 

 

 

 

-

 

     2019           5           15                                         2019/ШЦТ/533         

-                                         

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908009950451 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Батдоржийн Э /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Э нь 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөр шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын баруун энгэр задгай тоот хашаанаас иргэн Б.Бийн эзэмшлийн, гэрийн тэжээвэр амьтны паспорттай халтар зүсмийн Түвд банхар нохойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Санчиртай холбоо бариагүй очсон. Манай нохойны толгойноос зуураад тавихгүй байсан. Хашааг нь давж ороод нохойг салгаад гарахдаа хаалгаар гарсан. Нохой нь гарч ирээд дагаад байсан, нохойг аваад явсан. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн 1908009950451 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Бийн: “2019 оны 02 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын баруун энгэр задгай тоотод байх “Дэмбээ хайрхан” ХХК-ийн хашаанаас миний эзэмшлийн, албан ёсны гэрийн тэжээвэр амьтны паспорттай, халтар зүсмийн, төвд банхар нохой нэг нохойтой зодолдоод байсан. Нэг залуу орилоод “яв цаашаа яв” гэх зэргээр орилоод байх шиг санагдаж байсан. Сүүлд цагдаа нар цагаан өнгийн “Ист” машиныг зогсоогоод шалгахад араас нь шар сав гарч ирсэн гэж байсан. Тэгэхээр нь би тосны шар саваар зодож байгаад аваад явсан гэж мэдүүлэг өгсөн. Мөн жолоочоос гадна 2 хүн байсан болохоор нь би хамт явсан байх гэж бодсон. Манай нохой хашаандаа сул байсан. Манай хашааны доогуур ямар ч нохой гардаг нүх байхгүй, блокон хашаатай. ...Би нохойгоо авсан. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-7, 33, 34-35, 36/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.02.26-ны өдрийн 100 дугаар тайланд: “Үнэлгээний дүн 400.000 төгрөг” гэжээ /хх-20-22/,

Гэрч С.Санжмятавын: “Би 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ...Тахилтын 1 дүгээр буудлаас ...доош уруудаад зам дагаад явж байсан чинь нэг цагаан өнгийн жижиг тэр зогсоод намайг “хаа хүрэх юм бэ” гэхээр нь би “Авто сургууль орно” гэж хэлээд суугаад явж байсан чинь замд миний сууж байсан машины жолоочийг цагдаа нар зогсоод шалгасан чинь хойд машины багаажнаас нь 1 том хар нохой, жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан хүний доороос нэг цагаан нохой гараад ирсэн. Тэгээд цагдаа нар тэр нохойны эзэн гэх залууг цагдаагийн машинд суулгасан. Би гайхаад машинаас буусан чинь нэг цагдаа нь “чи нааш ир” гээд цагдаагийн машин руу суулгасан. Би цагдаа нарт “ахаа би такси барьж яваа хүн байна” гэж хэлсэн. Цагдаа нар “чи нохой хулгай хийсэн” гэж хэлээд намайг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр авчирч ирээд эрүүлжүүлэх байранд хийсэн. Маргааш нь эрүүгийн мөрдөгч Т.Гантулга гэх хүн нохой хулгай хийсэн гэх хүнээс “энэ хүн чамтай хамт явж нохой хулгай хийсэн үү” гэж асуусан чинь нохой хулгай хийсэн гэх хүн “би энэ хүнийг танихгүй” гэж хэлсэн. Гантулга гэх цагдаа “чи энэ хэрэгт хамаагүй юм байна” гэж хэлээд намайг явуулсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

Гэрч Б.Наранхүүгийн: “...Сэлбэ-115 чиглэлийн авто машин дээр а/а Д.Бямбасүрэнгийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 2019 оны 02 дугаар сарын 18-ны 02 цагийн үед Сэлбэ-110-аас Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Түвд банхар нохой хулгай алдсан гэх дуудлага хүлээж аваад шалгаад дуудлага өгсөн Нямсүрэн гэх хүнтэй утсаар холбогдоход “манай хашаанд байсан нохойг нэг хүн зодож чирээд засмал зам руу аваад явчихлаа” гэхээр нь замаар явж байсан автомашинуудыг шалгахад цагаан өнгийн Ист машины араас Хар халтар өнгийн Түвд банхар нохой, машины урд талаас цагаан өнгийн нэг нохой байхаар нь саатуулан Сэлбэ-110-т хүлээлгэн өгсөн. Нямсүрэн гэх хүнээс “танай хулгайд алдсан нохойн мөн үү” гэж асуухад “манай хашаанаас алдсан хар халтар өнгийн Түвд банхар мөн байна. Тухайн үед машин дотор явсан 2 хүн бие биенээ танихгүй байсан. Санжмятав гэх залуу нь би нохой хулгай хийгээгүй, такси бариад явж байна гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-40/,

Шүүгдэгч Б.Эн яллагдагчаар өгсөн: “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын буруун энгэр задгай тоотод байх зүс таних Санчирын гэрт 2019 оны 02 дугаар сарын 17-ны 10 цагийн үед хашаандаа тэжээдэг цагаан өнгийн охин Пит үүлдрийн нохойгоо аваад такси бариад явсан. Тахилтад очоод Санчирын гэрийг хагаад олохгүй нохойгоо хөтлөөд явж байсан чинь нэг хашаанаас хар өнгийн Түвд банхар гарч ирээд манай нохойтой зодолдсон. Би 20 гаран минут ноцолдоод өөрийн цагаан Пит нохойгоо салгаад аваад явсан. Араас манай нохойтой зодолдсон хар өнгийн Түвд банхар дагаад явахгүй байсан. Замын ойролцоо нэг цагаан өнгийн жижиг Ист машин зогсоогоод суух гэсэн манай нохойг дагаад хажууд ирэхээр нь би таксиний жолооч ахаас гуйж байгаад миний нохойг дагаад байсан хар өнгийн Түвд банхарыг таксины жолооч ахад “миний нохой” гэж хэлээд машины арын багажинд хийсэн. Өөрийнхөө цагаан нохойг урд суудал доор хөлний хажууд аваад суусан...” гэх мэдүүлэг /хх-43-44, 62-63/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-49/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-50/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-52/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-53/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-54/, жолоочийн лавлагаа /хх-55/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн шүүгдэгчийн 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын баруун энгэр задгай тоот хашаанаас хохирогч Б.Бийн төвд банхар нохойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Бийн “...төвд банхар нохойг ...цагаан өнгийн Тоёото Ист маркийн автомашинд хийгээд аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-6-8, 33, 34-35, 36/, гэрч С.Санжмятавын “...цагдаа нар зогсоогоод шалгасан чинь машины багажнаас нь 1 том хар нохой, жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан хүний салтааны доороос нэг цагаан нохой гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-38/, гэрч Б.Наранхүүгийн “...Ист машины араас хар халтар өнгийн Түвд банхар нохой байхаар нь саатуулан...” гэх мэдүүлэг /хх-40/, шүүгдэгч Б.Эн яллагдагчаар өгсөн “...Түвд банхарыг таксины жолооч ахад “миний нохой” гэж хэлээд машины арын багажинд хийсэн...” гэх мэдүүлэг /хх-43-44/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Эн хохирогч Б.Бийн нохойг түүний зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “...би алдагдсан нохойгоо бүрэн бүтэн хүлээгээд авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-7/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бага насны хүүхэдтэй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг нь харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шөнийн цагаар айлын хашаанаас нохой хулгайлсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учирсан, цагдаад баригдаад гэрийн тэжээвэр амьтан болох нохойг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч “...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан тэнсэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв. Хэдийгээр шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч шүүх дээрх байдлаар нотлогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Э урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигин овогт Батдоржийн Эг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Э урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР