Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/01928

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 25 210/МА2024/01928

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/01612 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* нь өөрийн хүү болох *******ын ******* ХХК-ийн ******* дугаартай дансаар 17,000,000 төгрөг зээлсэн. Тэрээр намайг залилсан тул Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2473 дугаартай тогтоолоор энэхүү зээлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэл нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Мөн намайг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж тогтоолд заасан.

Иймд 17,000,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *******гаас мөнгө зээлж аваагүй. Би н.******* гэх хүнтэй 6 жилийн турш хамт амьдарсан. ******* нь н.*******ын хүргэн хүү. н.******* надад 30,000,000 төгрөг өгөхдөө ...хоёулаа энэ мөнгийг өөрсдийнхөө амьдралдаа зориулна гэж хэлсэн. Жилийн дараа 30,000,000 төгрөгөө буцаагаад авсан. Миний ажил муудаад н.*******т ...надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд ...би охиндоо зээлсэн байгаа. Манай хүргэн гадаадаас сэлбэг оруулж ирж зардаг. Тэгээд удалгүй буцаагаад өгнө гэж хэлдэг байсан.

2.2 Надад 17,000,000 төгрөг орж ирсэн. Би үүнийг миний мөнгө гэж ойлгосон. н.******* ...би танайд олон жил амьдарсан болохоор би чамд мөнгө өгнө гэж хэлдэг байсан. Үндэслэлгүйгээр над руу 17,000,000 төгрөг шилжүүлснээ одоо ...******* гэдэг хүн, миний хүүхдийг залилан орон байрыг нь зарах гэж байна гэж хэлээд яваад байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 17,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 242,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх ... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл,... тайлбараа нотлох баримтаар нотолсонгүй гэсэн дүгнэлтийг өгч байгаа бол нэхэмжлэлийг тухайн үндэслэлээрээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хуультай. Гэтэл шүүх энэхүү дүгнэлтийнхээ эсрэг, зөрчилдсөн хууль зөрчсөн шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* нь өөрийн хүү болох *******ын *******ны ******* дугаар дансаар 17,000,000 төгрөг зээлээч гээд эргүүлж өгөөгүй ба цагдаад гомдол гаргахад, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хянаад, энэхүү зээлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн боловч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24- ний өдрийн 2473 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэж, учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дээрх тогтоолд заасан гэж үндэслэл, тайлбараа хийж мэтгэлцэж оролцсон. Гэтэл анхан шатны шүүх харин дүгнэлт өгөхдөө Зохигч талуудын хооронд дээр дурдсан мөнгийг шилжүүлэх. хүлээн авах талаар тодорхой үүрэг хүлээсэн хэлцэл хийгдсэн зүйлгүй. Зохигч талууд хэн аль нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл. нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй татгалзал, тайлбараа нотлох баримтаар нотлоогүй тул ******* нь *******гийн 17.000.000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна гэсэн нэхэмжлэлийн үндэслэлд байхгүй бөгөөд талуудын мэтгэлцээгүй үндэслэлээр дүгнэлт өгсөн нь хууль зөрчсөн.

4.2 Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй, алдаатай дүгнэлтийг хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт өгсөн байна. Нэхэмжлэгч өөрөө Зээлсэн, буцаагаад өгнө гэж авсан гэж нэхэмжлэлээ гаргаж, улмаар энэхүү үндэслэлээс шууд урган гарсан зээлийн гэрээний үүрэг шаардаж тайлбарлаж байхад шүүх өөрийн дураар буюу үзэмжээр гэрээний үүрэгт хамаарахгүй гэх алдаатай дүгнэлтийг хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн анхан шатны шүүх нь ...хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан буюу залилан мэхэлсэн гэм буруутай, улмаар гэм хор учруулснаас үүссэн үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй ... гэх дүгнэлтийг хийсэн ба энэ дүгнэлт нь хэрэгт авагдсан баримттай шууд зөрчилдсөн байна. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Хэрэв гэм хороор нэхэмжлэх бол шүүгч дангаараа тус хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд шүүгч хууль зөрчсөн нөхцөлд хүрэх юм.

4.3 Анхан шатны шүүх нь ... Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2473 дугаар тогтоолоос үзэхэд, нэхэмжлэгч ******* нь *******т 17,000,000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн асуудлаар хуулийн байгууллагад хандаж, уг мөнгөө буцаан шаардах хүсэл эрмэлзэлтэй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэх логикийн маш том алдаатай дүгнэлтийг өгсөн нь үндэслэлгүй болсон байна. Учир нь нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч 2020 оныг өнгөртөл буюу 5 жил гаран хугацаанд яагаад нэг ч удаа уг мөнгийг шаардаагүй вэ гэдэгт бодитой дүгнэлт өгөх ёстой байсан. Шүүх энэ талын үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.

Гэрч *******, нар нь *******тэй хамтран амьдарч байсан н.******* гэх хүнийг мэднэ, 17,000,000 төгрөг өгснийг сүүлд нь *******ээс сонссон хэмээн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн. Шүүх нь гэрчийн мэдүүлгийг зөв үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах болсон бас нэгэн шалтгаан болсон. Тиймээс нэхэмжлэгч нь бодит байдал дээр мөнгийг огт шаардахгүй, шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй 5 жил гаран хугацаа өнгөрсөн.

4.4 Анхан шатны шүүх хэрэгт тодорхойлогдоогүй үйл баримтыг өөрийн санаачилгаараа тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн эсрэг бөгөөд хэрэгт тодорхойлогдоогүй үйл баримтыг төсөөлж, хуулийг буруу тайлбарлаж үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Маргаан бүхий тохиолдолд талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан ямар нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тодорхойлогдоогүй байхад хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 2015 онд 17,000,000 төгрөгийг ******* нь хариуцагчид өгсөн болох нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор тогтоогдсон. Шүүх хуралдаанд хариуцагч тухайн мөнгийг хүүхдийнхээ дансаар хүлээж авсан талаар тайлбарласан. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хариу тайлбар болон татгалзалтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

5.2 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудыг тайлбарыг үндэслэж Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 17,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гаргуулна гэж тайлбарласан. Тэрээр шаардах эрхийн үндэслэлээ зээлийн гэрээний үндсэн төлбөр гэж тодорхойлж, шүүх хуралдааны явцад хохирол гэж тодруулсан байна.

2.2 Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...*******гаас мөнгө зээлж аваагүй. н.******* нь ...би танайд олон жил амьдарсан болохоор би чамд мөнгө өгнө гэж хэлдэг байсан тул миний мөнгө гэж ойлгосон гэж тайлбар гарган маргажээ.

3. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* ХК дахь орлогын мэдүүлгээр ******* нь *******ад 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх 9/

3.1 Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2473 дугаар тогтоолоор ******* нь *******гаас 17,000,000 төгрөгийг зээлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжтэй байна. Гэвч ******* нь *******ийн хүү болох *******ын *******ны ******* дугаарын данс руу 17,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх 7-8/

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гаас хариуцагч *******т мөнгөн хөрөнгө шилжүүлэх үндэслэл байгаагүй гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлохдоо алдаатай тодорхойлсныг шүүх залруулсан нь буруу биш.

5. Түүнчлэн, хариуцагч 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүйд тооцно.

6. Хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхэд үндэслэлээ нотлох баримтын дагуу гаргаж өгөх зохих хугацаа шаардлагатай байгаа гэх тайлбар гаргасан байна. /хх 37/

6.1 Шүүх хуралдааны явцад хариуцагч тал бичгээр гаргасан дээр дурдсан тайлбарыг өргөжүүлэн тайлбарласан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай буюу тайлбарыг хугацаандаа гаргаж өгөх боломжгүй байсан гэх байдлаа тодруулаагүй байгаа тохиолдолд шүүх хүлээн авах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа өмнө нь гаргаж өгөх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаагүй байна.

7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгийг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс 17,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

7.1 Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрийн эрх хэмжээний хүрээнд тодруулж шийдвэрлэснийг буруутгахгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар 10 жил байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаарх гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/01612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН