Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

 

-

 

     2019           5           20                                         2019/ШЦТ/542         

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С, өмгөөлөгч М.Хувцагаан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

шүүгдэгч Ч.Өэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Ч.Өийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803009340025 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Хатгин овогт Чинбатын Өэ /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Ч.Өэ нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг, Одонтын 9 дүгээр гудамжны 1 тоот хашааны баруун талын замд Тоёота Приус маркийн  УНМ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Сансрайг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Өэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 05-нд нүүрс авахаар явсан. Нүүрсээ аваад явж байсан. Хажуугаар өнгөрсөн машины ар талаас хохирогч их хурдтай гарч ирсэн. Тэгээд мөргүүлсэн. Би 20-30 км/цаг хурдтай явсан. Мөргөөд зогсоох арга хэмжээ авсан. Миний буруутай үйл ажиллагаанаас болж осол гарсан. 2.960.000 төгрөг даатгалаас төлөгдсөн. Би өөрөө 2.940.050 төгрөг төлсөн. Гэм буруу дээр маргахгүй. Эмнэлэгт байхад нь би өөрөө 1 очсон. Би харамсаж байгаа, уучлалт гуйж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө хүн ярьж хэлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 23 хоног, Мөнгөн гүүрт 7 хоног хэвтээд ухаангүй гарсан. 199 хоног ухаангүй байна. Би эмнэлэг дээр очоод ахыгаа таниагүй. Мухар гараар нь ахыгаа танисан. Жолоочтой уулзаж “чи чадах зүйлээ хийгээрэй” гэж хэлсэн. Одоо ах маань эгчийгээ “ээж” гэж дууддаг. Жолооч залуу 165 хоног бидэнтэй уулзаагүй. Баримтгүй зардал их байгаа. Сэлэнгэ эгчээс минь өөр хүн ахыг харж, асарч чадахгүй байгаа. Хорих ял битгий өгөөч гэж бодож байна. Цаашид гарах бүх зардлыг нэхэмжилнэ” гэв.

 

Эрүүгийн 1803009340025 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сгийн: “2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 49 минутын орчим миний утсанд манай байгууллагын гүйцэтгэх захирал Цэрэнгээс “Сансрай ах гэрийнхээ гадаа машины осолд орсон байна, түргэнээр ГССҮТ-д хүргэгдэж байна, машиных нь цонх хагарсан байсан” гэсэн мессеж ирүүлсэн. Тэгээд л анх мэдсэн. 21 цаг өнгөрч байхад ГССҮТ дээр очиход хүлээн авах дээр байсан. Би осолд орсон ахыгаа хараад таниагүй. Харин урьд өмнө нь үйлдвэрийн осолд ороод баруун гараа бугуй хэсгээр нь тайруулсан байснаар нь таньсан. Намайг очиход ухаангүй, орчиндоо ямар ч харьцаагүй байсан. Энэ ослоос болж ах Сансрай нь ГССҮТ-д тархины гэмтэл оноштой 22 хоног, Мөнгөн гүүр эмнэлэгт 7 хоног хэвтээд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналтанд гэртээ гарсан. Одоогоор биеийн байдал нь их хүнд, хүний ярьж хэлж байгааг ойлгохгүй, өөрийн гэсэн саруул ухаан байхгүй, зөвхөн рефлексээрээ амьдарч байгаа болохоор мэдүүлэг өгөх боломж байхгүй, ослоос өмнөх зүйлээ болон өөрийнхөө нэрийг ч санахгүй байгаа. ...Гомдолтой байна. Энэ ослоос болж ахыг 3 хүн нийлж асарч байгаа. Тэр хүмүүсийн төлбөрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

Гэрч З.Анхбаярын: “2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19 цаг өнгөрч байхад манай ажлын Энхбаатар залгаад “танай ах Сансрай гэрийнхээ ойролцоо машинд мөргүүлсэн юм шиг байна, миний утас руу Сансрай ахын утсаар мөргөсөн жолооч нь ярьлаа, өөрийнхөө утсыг өглөө” гэж хэлсэн. Жолоочийн утас руу ярьтал “манай гудамны үзүүрт осол болсон” гэж хэлсэн. Тэгээд би 3-4 орчим минутын дотор ослын газарт очиход ах Сансрайг түргэн аваад явсан. Мөргөсөн машин нь замын 1 дүгээр эгнээнд ертөнцийн зүгээр урдаас хойш харсан байдалтай, урд шил нь хагарсан, цагдаа нар ирсэн байсан. Мөргөсөн жолооч нь гээд нэг өндөр залуу зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-38, 39/,

Гэрч Ц.Сэлэнгийн: “...Дүү Ц.Сансрай нь зaм тээврийн осолд орж толгойдоо маш хүнд гэмтэл авсан. Осолд орсон өдрөөс хойш би дүүгээ байнга сахиж өдий хүрлээ. Миний дүү одоо өөрийн ухамсарт ухаангүй, хүн танихгүй, өөрийн үйлдлээ хянаж чадахгүй байгаа. Эхний 10 хоног би дүү Анхбаярын хамт сахисан. Түүнээс хойш би байнга сахиж байна. Дүүгээ осолд орсноос хойш огт ажил хийхгүй өдий хүрч байна. Энэ мөнгийг дүү С надад өгч байгаа болохоор буруутай жолоочоос Ц.С нэхэмжилнэ. Хоол ундыг нь халбагадаж өгч байгаа 2-3 настай хүүхдээс доор байдалтай байна. Ямар сайндаа намайг танихгүй ээж л гэж дууддаг. Одоогоор зөвхөн миний үгэнд л орж байгаа, бусад хүний үгэнд орохгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-45/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.11.16-ны өдрийн 13618 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.Сансрайн биед баруун зулай, чамархай, дух ясны хугарал, баруун лямбда заадлын хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархи доргилт, баруун умдаг ясны дээд, доод салаа, баруун суудал ясны доод салаа, ууц яс, сүүж ясны хугарал /мальгены хугарал/, зүүн шаант ясны хугарал, дух, баруун зулай, чамархайн хуйх, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-55-56/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.02.11-ний өдрийн 304 дүгээр дүгнэлтэд: “1.Ц.Сансрай нь тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. 2.Ц.Сансрайн дээрх эмгэг нь 2018.11.05-ны өдрийн зам тээврийн осолд орсны улмаас үүссэн байх боломжтой байна. Ц.Сансрай нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. 3. Ц.Сансрайн дээрх эмгэг осол гэмтлийн улмаас үүссэн байх боломжтой байна. 4. Ц.Сансрайн дээрх эмгэг нь олдмол гэмтлийн улмаас үүсэх боломжтой эмгэг бөгөөд цаашид бүрэн төгс эмчлэгдэх эсэх нь эмчилгээ дэглэмээс хамаарна. 5. Ц.Сансрай нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. 6.Ц.Сансрай нь хэрэг хариуцах чадваргүй байна” гэжээ /хх-181-185/,

Техникийн шинжээчийн 2018.12.25-ны өдрийн 886 дугаар дүгнэлтэд: “1. 5255 УНМ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Ч.Өэ нь МУ-н ЗХД-н 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Ц.Сансрай нь МУ-н ЗХД-н 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. 5255 УНМ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Ч.Өэ нь МУ-н ЗХД-н 12.2-т заасныг зөрчсөн. Явган зорчигч МУ-н ЗХД-н 5.6 дахь заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. 4.Автомашины тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй байна” гэжээ /хх-58/,

Шинжээч Н.Шинэбаатарын: “Хэргийн газрын үзлэг, схем зураг, фото зураг, Сонгинохайрхан техникийн хяналтын төвийн үзлэгийн шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн жолооч Ч.Өэ нь МУЗХ-ийн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна гэж үзэж уг дүрмийн заалтыг тавьсан. Тухайн осол болсон цаг хугацаа нь харанхуй, жолооч тээврийн хэрэгслээ жолоодож явахад явган зорчигч зам хөндлөн гарч байгааг хараад тэр хүнийг мөргөхгүй байх хэмжээний хурдтай зорчиж байх ёстой гэдгийг үндэслэн уг дүрмийн заалтыг тавьсан...” гэх мэдүүлэг /хх-196-197/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2018.11.25-ны өдрийн 072800 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1.  УНМ улсын дугаартай Тоёота маркийн Приус-20 автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж стандартын шаардлага хангахгүй байна. 2. Уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын оврын гэрэл асахгүй, урд салхины шил зүүн тал нь гаднаас дотогшоо цөмөрч хагарсан, урд копудны зүүн тал хэсэг хонхойж, бага зэрэг цоорсон, иж бүрдэл байхгүй, зогсоолын тоормос баруун гар тал нь зогсоогүй гэх эвдрэл, гэмтэлтэй байна. 3. ...Урд салхины шил зүүн тал нь гаднаас дотогшоо цөмөрч хагарсан, урд копудны зүүн тал хэсэг хонхойж, бага зэрэг цоорсон эвдрэл нь ослын үед үүссэн гэмтэл болно. 4. Тээврийн хэрэгслийн ослоос өмнө үүссэн зүүн гар талын оврын гэрэл асахгүй, зогсоолын тоормос баруун гар тал нь зогсоогүй гэх эвдрэл, гэмтэл нь осолд нөлөөлөхгүй болно. 5. Уг тээврийн хэрэгслийн тоормос ...стандартын шаардлага хангаж байна. 6. ...Тоормос гишгэх үед тоормосны мөр замын нөхцөл байдлаас шалтгаалж зам дээр мөр үүсэж болно” гэжээ /хх-62-65/,

Шинжээч Б.Зулын: “Баруун гар талын гэрэл хол дээрээ 9300 люке байгаа нь бага зэрэг зөрүү үүнийг нүдээр хараад мэдэх боломжгүй. Зөвхөн зориулалтын багажаар үзэж байж мэдэх боломжтой. Энэ зөрүү нь осолд хэрхэн нөлөөлсөнг тогтоох боломжгүй. Харин ойрын гэрлийн стандарт гэж байхгүй. Зөвхөн холын тусгалаар стандартыг хэмждэг. Лампны ашиглалтын хугацаа гэрлийн арын цайр муудах, гадна шил нарны тусгалаас болж шарлах зэргээс болж тусгал муудаж болно” гэх мэдүүлэг /хх-186/,

Шүүгдэгч Ч.Өийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 05-ны 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 9 дүгээр гудамжны баруун талын замд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй өөрийн эзэмшлийн 5255 УНМ улсын дугаартай Т.Приус маркийн автомашинтай замын 1 дүгээр эгнээгээр 20-30 орчим км/цаг-ийн хурдтай явж байтал урдаас жижиг машин зөрсөн. Тэр машины араар баруунаас зүүн чиглэлтэй зам хөндлөн гэнэт хүн гүйгээд гараад ирсэн. Би тэр хүнийг хараад л шууд тоормос гишгээд амжаагүй очоод машиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд зогссон. Машинаас буугаад иртэл мөргүүлсэн хүн машины зүүн гар талын урд хаалганы харалдаа газарт ертөнцийн зүгээр толгой нь баруун хойш харсан байрлалтай дээш хараад хэвтэж байсан. Би өөрийнхөө утсаар эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-114-115/,

зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-10, 176-179/, “Суварга буян” ХХК-ийн тодорхойлолт, захирлын тушаал /хх-28-29, 136/, шинжээчийн 11827 дугаар дүгнэлт /хх-50/, хохирлын баримтууд /хх-117-134, 138-142, 171-174, 206-210/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-146/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-150/, дуудлагын лавлагааны хуудас /хх-159/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-204/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн асран халамжлах тухай гэрээ, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, нөхөн төлбөр олгох тухай даатгалын баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Жолооч, явган зорчигч нар харилцан үүргээ биелүүлэх ёстой. Хэн аль нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байгаа нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Явган зорчигч 3,9 метр зам туулсан байгаа учир эсрэг эгнээнд машин байгаагүй гэж үзэж байна. Хохиролд 5.900.000 төгрөг төлөгдсөн. Хор уршиг ноцтой байгаа. Үлдэх 5.528.550 төгрөгийг гаргуулах саналтай. Асаргаа, сувилгааны зардал гарчихсан зардал, гэрээ байгуулж тохиролцсон байгаа тул нэхэмжлэлийг гаргуулах саналтай байна” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Хохирогчийн биед учирсан гэмтэл маш хүнд бөгөөд гэмтлийн шинжээс машин их хурдтай явсан гэж ойлгогдоно. Хохирогч ухамсарт ухаангүй, хүний асрамжинд байгаа. Шүүгдэгчээс 5.536.541 төгрөгийг гаргуулж өгнө үү. Асрах гэрээний дагуу нэхэж байгаа. Цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд зааж өгнө үү” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Шударга байхыг хүсэж байна. Утсаар ярьсан боловч залгаагүй гэж худлаа хэлж байна. Ахын бие сайжирна гэж итгэж байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Нотлох баримтын нотлогдсон хэмжээнд хохирлыг тогтоох ёстой. Хохирлын баримтын хувьд гаргах, гаргахгүй зардлыг тооцох ёстой. Нэхэмжилсэн болгоныг гаргах ёсгүй. Хохирогчийнд очих гэсэн боловч татгалзаад байна гэж шүүгдэгч хэлж байсан. Гол буруу нь шүүгдэгчийн буруу. Гэм хорын хохирлыг татгалзах зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Өэ нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 9 дүгээр гудамж, 1 тоотын баруун талын авто замд “Тоёота Приус” маркийн  УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Сансрайг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сгийн “...Цэрэнгээс “Сансрай ах гэрийнхээ гадаа машины осолд орсон байна, ...машиных нь цонх хагарсан байсан” гэсэн мессеж ирүүлсэн. ...Намайг очиход ах ухаангүй, орчиндоо ямар ч харьцаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-16-17/, гэрч З.Анхбаярын “...Энхбаатар ...залгаад “танай ах Сансрай гэрийнхээ ойролцоо машинд мөргүүлсэн юм шиг байна, миний утас руу Сансрай ахын утсаар тэр мөргөсөн жолооч нь ярьлаа...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-38, 39/, гэрч Ц.Сэлэнгийн “...Дүү Ц.Сансрай нь зaм тээврийн осолд орж толгойдоо маш хүнд гэмтэл авсан. ...Миний дүү өөрийн ухамсарт ухаангүй, хүн танихгүй, өөрийн үйлдлээ хянаж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-45/, шүүх эмнэлгийн 13618 дугаар “1. Ц.Сансрайн биед баруун зулай, чамархай, дух ясны хугарал, баруун лямбда заадлын хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, духний дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархи доргилт, баруун умдаг ясны дээд, доод салаа, баруун суудал ясны доод салаа, ууц яс, сүүж ясны хугарал /мальгены хугарал/, зүүн шаант ясны хугарал, дух, баруун зулай, чамархайн хуйх, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-55-56/, шинжээчийн 886 дугаар “1.5255 УНМ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Ч.Өэ нь МУ-н ЗХД-н 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Явган зорчигч Ц.Сансрай нь МУ-н ЗХД-н 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. 5255 УНМ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Ч.Өэ нь МУ-н ЗХД-н 12.2-т заасныг зөрчсөн. Явган зорчигч МУ-н ЗХД-н 5, 6 дахь заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна...” гэх дүгнэлт /хх-58/, шүүгдэгч Ч.Өийн яллагдагчаар өгсөн “...машины араар баруунаас зүүн чиглэлтэй зам хөндлөн гэнэт хүн гүйгээд гараад ирсэн. Би тэр хүнийг хараад л шууд тоормос гишгээд амжаагүй очоод машиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх-114-115/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-10, 176-179/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Өийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Сансрайг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Сансрайн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Эмчилгээ, сувилгааны зардалд 11.428.541 төгрөг нэхэмжилнэ” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.900.059 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, даатгалаас мөнгө шилжүүлсэн баримт/, “...хохирогчийн эмчилгээний зардалд 2.000.000 хүлээлгэн өгсөн...” гэх гар бичвэр зэргээр тогтоогдлоо.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн баримт /хх-117-134, 138-142, 206-210/-аар 8.756.484 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн төлсөн төлбөрийг хасаж, үлдэх 2.856.425 төгрөгийг шүүгдэгч Ч.Өээс 1 нэг сарын хугацаанд гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С /Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13-74 тоот, РД-ЧМ77032663/-д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас “З.Анхбаярын ажилгүй байсан хугацааны буюу 10 хоногийн цалин 500.000 төгрөгтэй холбоотой нотлох баримт нь хуулийн шаардлага хангахгүй /бүрэн бус, ажлын тодорхойлолтоос өөр баримт байхгүй/ тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзсэн болно. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С болон иргэн Ц.Сэлэнгэ нарын хооронд 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Асран халамжлах тухай гэрээ” байгуулагдсан хэдий боловч 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хохирогч Ц.Сансрайг асарсны төлбөрийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсаныг үндэслэн асаргаа сувилгааны зардлыг дээрх тогтоогдсон хохиролд оруулан тооцсон болохыг тэмдэглэж байна.

Хохирогч Ц.Сансрайн эрүүл мэндийн байдал бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ, сувилгаа хийлгэх шаардлагатай гэснийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдах нь зүйтэй.        

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Ч.Өийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн тул 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан үүрэг хүлээлгэж өгнө үү” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хохирогч эрүүл саруул болоогүй, хөнгөн гэмт хэрэг, болгоомжгүй үйлдсэн нь тогтоогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хорих ял оногдуулаад явуулахыг хүсээгүй” гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Өмгөөлөгчийн хүсэлтийг дэмжиж байна. Цаашид анхаарах ёстой” гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгч Ч.Өэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /болгоомжгүй үйлдэгдсэн, шүүгдэгч нь үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хохирогч гарц буюу гармаар зам хөндлөн гараагүй, мөн ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлээгүй нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй болсон, хэрэг хариуцах чадваргүй болсон, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, ам бүлийн байдал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “шүүгдэгчид хорих ял битгий оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Өэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршгийг арилгах талаар илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Өийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ч.Өэд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч Ч.Өийн жолоочийн В ангиллын 907390 дүгээр үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Өэ урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хатгин овогт Чинбатын Өийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Өийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.Өэд тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Өэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Өэ урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Ч.Өийн жолоочийн В ангиллын 907390 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өээс 2.856.425 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С / /-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С нь хохирогч Ц.Сансрайд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Өэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР