Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01955

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 04 210/МА2024/01955

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03109 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 54,446,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь миний найз *******гийн хамт манайд ирж, миний экскаваторыг түрээслэх санал гаргаж танилцсан. ******* нь түүний үйл ажиллагаанд хөрөнгө оруулбал алтны уурхайгаас олох ашгаас миний экскаваторыг худалдаж авах санал гаргаж байсан. *******гийн хүсэлтээр өөрийн экскаваторыг түүний эзэмшлийн Тоёота Хариэр маркийн автомашины хамт барьцаалан, хамтран зээл авах, тухайн зээлийг *******гийн алтны уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хэлбэрээр 1 сарын хугацаатай байршуулж, тухайн хугацааны дотор алтны уурхайн үйл ажиллагааны ашгаас зээлийг төлж барагдуулах, эргүүлээд миний экскаваторыг *******, *******гийн хамтаар 100,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож зээл хөөцөлдсөн.

1.2 *******д зээл гарахгүй байсан тул тэрээр миний нэр дээр өөрийн Тоёота Хариэр маркийн автомашинаа шилжүүлж, миний эзэмшлийн экскаваторын хамт барьцаалан 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-аас зээл авч, нийт 3 удаагийн гүйлгээгээр 43,770,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөнгө шилжүүлж авснаас хойш анх хоорондоо тохиролцсон зориулалтын дагуу буюу алтны уурхайд хөрөнгө мөнгөө оруулсан эсэхээ ч тайлагнаж хэлэхгүй, алга болсон. Үүнээс хойш миний бие эхнэрийн хамт зээлийн төлөлтийг төлж, хүүг ******* ХХК-д төлж хохирсон.

1.3 Иймд *******гээс хөрөнгө оруулалтын зориулалтаар шилжүүлсэн 43,770,000 төгрөг, ******* ХХК-д зээлийн хүүд төлсөн 10,676,050 төгрөг, нийт 54,446,050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний танил ******* миний найз *******ад ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй уул уурхайн компани байгаа, түүнд мөнгө байхгүй хоёулаа 50/50 хувиар хөрөнгө босгож 80-100 сая төгрөг олоод *******тай хамтран ажиллая гэх саналыг гаргасан. Улмаар ******* нь өөрийн гаргах 50 хувийн мөнгөө тухайн үед өөрийн найзынхаа экскаваторыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавиулаад зээл аваад өгнө гэж ярьсан. Миний бие зээл авахаас хэд хоногийн өмнө 45,000,000 орчим төгрөгийн хөрөнгийг *******ад өгчихсөн байсан.

2.2 ******* нь өөрийнхөө ******* экскаваторыг, миний эзэмшлийн ******* УБВ улсын дугаартай, сувдан цагаан өнгийн Тоёота Хариэр маркийн автомашины хамт ******* ХХК-д барьцаанд тавьж, 43,770,000 төгрөгийг өөрөө зээлсэн. ******* нь миний нэр дээрх данс шүүхийн шийдвэрт барилт хийгдсэн учраас *******гаас орж ирэх мөнгийг чиний дансаар авъя гэсэн. Миний бие зөвшөөрсний дагуу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний эзэмшдэг Хаан банк дахь дугаартай дансаар гурван удаагийн гүйлгээгээр нийт 43,770,000 төгрөг ******* зээл гэх гүйлгээний утгаар шилжиж орж ирсэн.

2.3 Тухайн мөнгө миний данс руу орж ирсэн өдрийн үдээс хойш ******* миний танил н. надад таньдаг банк бусаас зээл авч өгч байгаа юм түүнд урамшуулал хэдэн төгрөг өгье гэж хэлээд 500,000 төгрөгийг тоот данс руу гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. ******* 7,000,000 төгрөгийг өөрийн найз *******ад өгчих гэсний дагуу тоот данс руу хийлгэсэн. Энэ нь *******ын өөрийн данс биш ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дансаа битүүмжлүүлсэн гээд дээрх дансаар мөнгө авч байсан. Мөн би өөрөө хүнд 250,000 төгрөгийн өртэй байсныгаа *******гийн зөвшөөрснөөр тоот данс руу шилжүүлсэн. Тухайн өдөр Ш.Баасансүрэн банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагч зээлийг гаргахад тусалсан түүнд зээл бүтээж өгсөн шагнал өгнө гээд 6,000,000 төгрөгийг тоот дансанд eonsoo гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн.

2.4 ******* нь миний дансанд байсан мөнгөө уурхайд хэрэглэх экскаваторын түрээс сэлбэг хэрэгсэл, түлш, тос тосолгооны материал авах, операторчин хөлслөх, өөрсдийн ахуйн хэрэглээ хоол унд гэх мэт зүйлд увуулж цувуулж зарцуулсаар дуусгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс 54,446,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430,180 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 430,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч нь нэхэмжлэгчээс 45,000,000 төгрөгийг зээлж аваагүй. Харин *******гийн дансаар дамжуулж ******* нь 43,770,000 төгрөгийг шилжүүлж авсан болох нь гэрч *******, ******* нарын мэдүүлэг болон *******гийн Хаан банк ХК дахь түүний дансны хуулгаар нотлогддог. *******гийн Хаан банк ХК дахь дугаарын дансаар тоот данс руу Еоnsоо (ёндоо) гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байдаг.

4.2 Гэтэл анхан шатны шүүх *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн байгуулагдсан гэж буруу дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Зохигчийн хооронд гарсан гол маргаан, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын гол үндэслэлийг үзвэл нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх маргаан байна. Анхан шатны шүүхээс үндэслэл болгосон баримтаас үзвэл ******* нь зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн нэрээр Транс капитал ББСБ ХХК-аас зээлийн гэрээ байгуулж авсан байх бөгөөд улмаар хариуцагч *******гийн ХААН банкны дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байна. Энэ үйл баримтыг хариуцагч *******гийн зүгээс би нэхэмжлэгч *******гаас мөнгөн хөрөнгө зээлээгүй, харин найз *******дээ зээл авч өгсөн гэж маргаж байх бөгөөд давж заалдах гомдлыг мөн утгаар гаргажээ.

Гэвч хэргийн материалаас харахад гэрч ******* нь миний зүгээс тус мөнгийг зарцуулсан зүйл байхгүй, зөвхөн 800,000 төгрөгийг 1 удаад авсан, би наад ажилд чинь хамтран оролцохгүй гарлаа гэдгээ хэлсэн боловч гуйгаад байсан гэх мэдүүлэг болон Хаан банкны харилцах дансны зардлын гүйлгээний зарцуулалтаас үзвэл хариуцагч ******* нь зээлдэгч болох нь тодорхой байна. Хаан банкны дансны хуулга баримтаас үзвэл ******* нь Хаан банкны тоот дансанд " гэсэн гүйлгээний утгаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 800,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа нь илэрхий байх бөгөөд бусдаар ******* *******гаас авсан мөнгөн хөрөнгийг бие даасан зарцуулсан нь илэрхий, алтны төсөлд зарцуулсан нь тодорхойгүй байна. Иймээс *******д зээл авч өгсөн гэж үзэх боломжгүй. Энэ нөхцөлд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг зөв хэрэглэж дансны хуулгыг үндэслэн М.Базарсүрэнгийн хүсэл зоригийг тайлбарлаж хариуцагчийг оновчтой тогтоожээ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн зүгээс өгсөн дүгнэлтийг зөв гэж дэмжиж байна.

5.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Б.Баасанбатын гэрчийн мэдүүлгийг эш татсан байна. Гэвч Б.Баасанбат нь *******, ******* нартай харилцан ажиллахаар тохиролцсоноо дурдсан байх агаад *******г танихгүй гэдгээ гэрчийн мэдүүлэгтэй дурдсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч мөн энэ талаар гомдолдоо дурджээ. Хэрэг маргааны гол агуулга нь *******, ******* нарын хооронд үүссэн хэлцэл, тохиролцоог тодруулах байтал *******г танихгүй Б.Баасанбат гэж этгээдийн мэдүүлэг шууд эх сурвалж, нотолгоогүй хэрэгсэл болж чадахгүйн зэрэгцээ хамгийн гол нь хэрэгт шууд хамааралтай үйл баримтыг нотолж чадахгүй байгааг анхаарах нь зүйтэй юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 54,446,050 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ....*******д зээл гарахгүй байсан тул түүний өмнөөс ******* ХХК-аас 43,770,000 төгрөгийг зээлж түүнд шилжүүлсэн. Зээлийг төлөхгүй байсан тул миний бие түүний өмнөөс хүүгийн төлбөрт 10,676,050 төгрөг төлж хохирсон гэж тайлбарласан.

2.2 Хариуцагч ...Зээлийн гэрээ байгуулагдаагүй. ******* нь *******ад ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй уул уурхайн компани байгаа, түүнд мөнгө байхгүй хоёулаа 50/50 хувиар хөрөнгө босгож 80-100 сая төгрөг олоод *******тай хамтран ажиллая гэсний дагуу би 45,000,000 орчим төгрөгийн хөрөнгийг *******ад өгсөн. Харин ******* өөрийн гаргах 50 хувийн мөнгөө найзынхаа экскаваторыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавиулаад зээл авч өгнө гэж ярьсан. ******* нь ******* ХХК-аас 43,770,000 төгрөгийн зээл авч, *******гийн данс барилттай байсан тул миний данс руу шилжүүлсэн. ******* нь миний дансанд байсан мөнгөө уурхайд зарцуулсаар дуусгасан гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.

3. ******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 43,770,000 төгрөгийг *******д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

3.1 Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь, талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан байх ёстой.

3.2 Гэрч *******гийн ...******* *******гаар авахуулсан зээлээ өөрөө төлөх ёстой гэх мэдүүлгийг, гэрч *******ын ...******* ******* гэх найзаасаа мөнгө зээлээд би мөнгө гаргалаа гэж хэлээд мөнгө гаргасан. ******* болохоор Ховогоо зараад, дахиад Бенз гэх машинаа хүнд зараад надаас 40 сая гарлаа шүү гэж ярьж байсан. *******, ******* найзынхаа экскаваторыг тавиулаад, бас нэг машин тавиад 40 орчим сая төгрөг гаргалаа. Ингээд нийлээд хамтраад үйл ажиллагаагаа явуулъя гэж ярилцсан гэх мэдүүлэгтэй харьцуулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. Учир нь, гэрч *******гийн мэдүүлэгт буй мэдээлэл бусад нотолгооны хэрэгслээр тогтоогдоогүй байна.

4. *******гаас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нийт 43,770,000 төгрөгийг *******д шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх банкны дансны хуулгыг үндэслэн зөв тогтоосон. Нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан шаардсан. Энэ тохиолдолд хариуцагч нь тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх учиргүй гэх татгалзал болон үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй болно. Гэтэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу уг татгалзал болон үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

4.1 Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байгаа үндэслэл нь хуулийн дагуу үүсээгүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг дээрх хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж давж заалдах шатны шүүх үзэв. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 43,770,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Нэхэмжлэлийн шаардлагаас ******* нь ******* ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 112100430012 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлсэн 45,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрт төлсөн гэх 10,676,050 төгрөгийг хангах үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгчид хүүгийн төлбөрт төлсөн 10,676,050 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо баримтаар тогтоогдоогүй байхаас гадна уг шаардлага нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлагад хамаарахгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 10,676,050 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

6. Дээрх үндэслэлээр хууль хэрэглээний болон хариуцагчаас 43,770,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,676,050 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03109 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 43,770,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,676,050 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 430,180 /дөрвөн зуун гучин мянга нэг зуун ная/ гэснийг 376,800 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН