| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2024/01732/И |
| Дугаар | 210/МА2024/01956 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01956
2024 11 04 210/МА2024/01956
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/04437 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/XT2023/00097 дугаар тогтоолоор ******* ХХК-аас 1,546,750,758 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 01/23251073 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хавсралтад дурдсан 8 ширхэг техникийг битүүмжилснийг бидэнд мэдэгдсэн.
1.2 Дээрх хөрөнгүүдээс *******, *******, *******, ******* дугаартай тээврийн хэрэгсэл болон машин механизмуудад хариуцагч байгууллага 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/4 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор үнэлгээ хийлгэхэд нийт 47,000,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Энэ үнэлгээг зах зээлийн өнөөгийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь хэсэгт нийцээгүй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 00097 дугаар тогтоолоор ******* ХХК-аас 1,546,750,758 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 23251073 дугаар тогтоолоор эхлүүлэн явуулсан. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй *******, , , , , *******, *******, улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/23251073 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/23251073 дугаартай тогтоолоор хураасан.
2.2 Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч үнийн санал өгөх боломжгүй гэсэн. Төлбөр авагч ******* ХХК шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/4 дугаартай Шинжээч томилох тогтоол-оор шинжээч дээрх 8 тээврийн хэрэгслүүдээс 2 толгой, 2 чиргүүл болон нийт 4 тээврийн хэрэгслийг үнийг 47,000,000 төгрөгөөр үнэлсэн. Бусад тээврийн хэрэгсэл байхгүй байсан гэдэг үндэслэлээр үнэлээ хийгээгүй.
2.3 Үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 4-171/5074, 4-171/5073 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн. Иймд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* нь Шинжээч томилох тухай тогтоолыг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн, шинжээчийн дүгнэлтийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээлцсэн байна. Ингэхдээ 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ ба тайланг огноолсон байна. Гэтэл шинжээч нь шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн бөгөөд үүндээ мэдээллийг үнэн зөв гаргасан шинжээч Д.Энхтайван гэж гарын үсгээ зурсан.
Шинжээч томилсон үнэлгээчний хийсэн үнэлгээний явц нь хууль зөрчсөн хууль бус дүгнэлт болж, хариуцагчийн эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлэхэд нөлөөлсөн байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.4, 10.8 дахь хэсэгт заасан хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн байна. Эрх бүхий этгээд нь шинжээч томилохоос өмнөх шатанд хийвэл зохих ажиллагааг явуулалгүй, шууд шинжээч томилсон, шинжээч нь үнэлгээ хийж дүгнэлт гаргасныхаа дараа эрх үүрэгтэй, танилцаж, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг тодруулах баримтыг үйлдэж байгаа нь хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллага атлаа дээрх ажиллагааг хууль зөрчиж хэлбэр төдий явуулдаг буруу жишиг тогтсон болохыг харуулж байна.
4.2 Шүүх дээрх маргаан бүхий хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь нэхэмжлэлийн шаардлага маргааны агуулгатай нийцэхгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дуудлага худалдаа явуулах үеийн процесс эхлээгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан шинжээч ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан-г хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/00097 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00514 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч ******* ХХК-аас 1,538,898,317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 307,780,191 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. /хх 43-56/
4.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 23251073 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 57/, ******* ХХК-ийн өмчлөлийн, , 77-20АЧ,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгсэл машин механизмуудыг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/23251073 дугаар тогтоолоор битүүмжилж /хх58-60/, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/23251073 дугаар тогтоолуудаар хураан авсан, талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй. /хх 61-63/
4.2 Төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч үнэлгээ өгөх боломжгүй гэсэн, төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/4 дугаар тогтоолоор дээрх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр ХХК-ийн үнэлгээчин г томилсон. /1хх 67/
5. Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчид 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгсөн талаарх акт, мөн өдөр шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, мөн өдөр шинжээчид эрх үүрэг тайлбарласан талаарх баримт хэргийн 69-71 дүгээр талд тус тус авагдсан байна.
5.1 Шинжээч нь үнэлгээний талаарх дүгнэлтээ 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан /хх 75-94/ байх бөгөөд хэргийн 72 дугаар талд авагдсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримтаар шинжээч нь үнэлгээний тайланг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн байна.
5.2 Түүнчлэн, шинжээч нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ ...захирамж авахдаа эрх, үүрэгтэйгээ танилцсан. Тайлангаа өгөхдөө бусад мэдээллүүдээ өгсөн гэжээ.
6. Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна гэж, 10.3 дахь хэсэгт Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заасан.
6.1 Дээрх баримтуудаас үзвэл хариуцагч байгууллага нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дахь хэсгийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, шинжээч нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дүгнэлтийг гаргасан байхад шийдвэр гүйцэтгэгч шинжээчид 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хууль танилцуулж, хуулийн хариуцлагыг тайлбарлан өгсөн, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан нь дээрх хуульд нийцэхгүй. Учир нь, хариуцагч нь хуульд заасан дээрх үйл ажиллагааг хийсний дараа шинжээч дүгнэлт гаргах учиртай бөгөөд уг үйл ажиллагааг хожим нөхөн гүйцэтгэснийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй. Иймд шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх дээрх алдаанд дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт ,,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгсэл машин механизмуудыг үнэлсэн ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан-г хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/04437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн өмчлөлийн ,,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгсэл, машин механизмуудыг 47,000,000 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан-г хүчингүй болгосугай. гэж,
2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН