Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 559

 

 

 

 

 

 

-

 

     2019           5           23                                         2019/ШЦТ/559         

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,  

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708003720165 дугаар 2 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт тоотод оршин суух,

урьд Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нэмж нэгтгэгдэн 3 жил 2 сар 22 хоногийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нэмж нэгтгэгдэн 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулиар эдлээгүй үлдсэн 7 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Хайнаг овогт Баясгаагийн М /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.М нь Б.Бямбацогттой бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 303 тоотод оршин суух иргэн Б.Даваадуламын амины орон сууцны бүргэд хаалгыг эвдэн нэвтэрч, 14 инчийн ЛСД зурагт, индүү, өмд, цамц зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгзэр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 352.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 6 дугаар сарын 25-28-ны орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 4 дүгээр гудамжны 94 тоотод оршин суух иргэн Д.Дэлгэрмаагийн амины орон сууцанд нэвтэрч, “Монел” маркийн 32 инчийн зурагт, “Эл Жи Жи-3” маркийн гар утас, өмд, пүүз зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 254.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сард Бямбацогттой нийлээд хэд хоног архи уусан. Тэгээд ярилцаад шөнө гарч хулгай хийсэн. Өөр хэлэх зүйлгүй. Энэ 2 удаагийн үйлдлийг Бямбацогттой хамт хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бага ял оногдуулж өгнө үү. Сая 3 сар хоригдохдоо их зүйлийг ухаарлаа. Гэмшиж байна, дахин хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн  1708003720165 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч Б.М нь Б.Бямбацогттой бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 8 дугаар гудамж, 303 тоотод байрлах иргэн Б.Даваадуламын амины орон сууцны бүргэд хаалгыг эвдэн нэвтэрч, 14 инчийн ЛСД зурагт, индүү, өмд, цамцыг хүч хэрэглэхгүйгзэр, нууцаар, хууль бусаар авч 352.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Даваадуламын: “...2017 оны 7 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд үүдний бүргэд хаалганы доод талын буланг эвдэж онгойлгоод 14 инчийн саарал өнгийн зурагт, цагаан өнгийн индүү, аавын цамц, жинсэн өмд алдагдсан байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-210/,

Гэрч Ч.Даваажамцын: “...Цогоо, хар Мөнхөө хоёр манай гэрт өглөө нь 09 цаг өнгөрч байхад халамцуу ирсэн. ...Мөнхөө гарч яваад эргэж орж ирэхдээ хайрцагтай нимгэн цайвар өнгийн дэлгэцтэй 14 инч байх Самсунг гэсэн бичигтэй зурагт оруулж ирээд “энийг 50.000 төгрөгөөр авчихаач” гэхээр нь “надад ямар ч мөнгө байхгүй байна” гэсэн. Тэгсэн чинь Цогоо “зараад өгчих, манай зурагт байгаа юм” гэхээр нь би авч гараад гудамжаар явж байсан эхнэр, нөхөр хоёрт 35.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-95/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.05.04-ний өдрийн СХЗ-18-231 дүгээр тайланд: “Нийт хохирлын дүн 352.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-250, 2 дугаар хавтас, хх-1/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.08.10-ны өдрийн 4168 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ...“4” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000710013630 дугаараар бүртгэгдсэн Борхүү овогтой Бямбацогтын зүүн гарын алганы дардастай тохирч байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-35-40/,

Шүүгдэгч Б.Мыг яллагдагчаар өгсөн: “...2017 оны 7 дугаар сард наадмын өмнө ...найз Бямбацогтын хамтаар 22 цагийн үед гэр хорооллоор явж байхад дотроо 1 улаан өнгийн тоосгон байшинтай, төмөр хаалгатай модон хашаа байсан. Байшингийн гэрэл унтраалттай байхаар нь хүн байхгүй байна гэж мэдээд ...Бямбацогт бид хоёр бүргэд хаалганы доод талаас нь тэр хашаанд байсан төмөр арматур төмрөөр хөшиж зай гаргаад ороод жижигхэн саарал өнгийн гэж санаж байна ЛСД зурагт 1 ширхэг, цагаан өнгийн индүү авч, Бямбацогт нэг цагаан өнгийн ноосон цамц аваад өмссөн байсан...” гэх мэдүүлэг /хх-108-109/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар зураглал /1 дүгээр хавтас, хх-7-13/, шүүгдэгч Б.Маас хохирлын 200.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-6-7/,

2. Шүүгдэгч Б.М нь Б.Бямбацогттой бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 25-28-ны орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 4 дүгээр гудамж, 94 тоотод байрлах иргэн Д.Дэлгэрмаагийн амины орон сууцанд нэвтэрч, “Монел” маркийн 32 инчийн зурагт, “LG J3” маркийн гар утас, өмд, пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 254.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Д.Дэлгэрмаагийн: “...2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгаас ээж, ах хүүхдүүдийн хамт гэртээ иртэл урд талын өрөөний эд хогшлуудыг онгичсон байхаар нь том өрөө рүү ороод үзтэл зурагт байхгүй байсан. Хойд талын өрөө рүү орж үзэхэд хамаг шүүгээ онгичиж ухсан байдалтай байсан. 32 инчийн ЛСД өнгөт зурагт, өмд, пүүз зэрэг хувцас хунарууд байхгүй байсан. Гомдолтой байна. Хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-138-140/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.02.08-ны өдрийн СХЗ-18-43 дугаар тайланд: “Нийт хохирлын дүн 254.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-146-147/,

Шүүгдэгч Б.Мын: “2017 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрийн хооронд 22 цагийн орчим Бямбацогт бид хоёр ...уулзаад “хоёулаа айл ухъя” гэж ярилцаад хойшоо гэр хороолол руу ороод цэнхэр өнгийн төмөр хаалгатай, банзан хашаатай, хашаандаа цагаан өнгөөр шохойдсон байшин байсан. Уг байшингийн таамбарны цонхны төмөр сараалжин торыг татаж байгаад цонхыг түлхэж онгойлгоход Бямбацогт түрүүлээд байшин руу нэвтэрсэн. Би араас нь орсон. Байшингийн хойд хэсэгт цонхны доор байх хүрэн өнгийн шүүгээн дээр байсан хар өнгийн хавтгай дэлгэцтэй, 32 инчийн зурагт байсныг аваад, мөн газраар байсан улаан өнгийн пүүзийг Бямбацогт аваад, би шар өнгийн кет маягийн пүүзийг авсан. Цүнхэнд байсан эрэгтэй хүний жинсэн өмд, цагаан өнгийн ноосон цамц, эмэгтэй хүний өмд, цамц зэргийг Бямбацогт аваад байшинд орсон цонхоороо хулгайлсан эд зүйлсээ гаргаад Бямбацогт бид хоёр гудмаар уруудаж явж...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-165-168, 2 дугаар хавтас, хх-70-71/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-127-130/, эд мөрийн баримт “32 инчийн зурагт” хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-133-134/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-78, 189/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-205/, прокурорын тогтоол /1 дүгээр хавтас, хх-216, 2 дугаар хавтас, хх-94-95/, хохирлын тооцоо, орлогын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-82/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхэд гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.М нь Б.Бямбацогттой бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 25-28-ны хооронд, 7 дугаар сарын 07-08-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдад нийт 606.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Мын бусадтай бүлэглэн хохирогч Б.Даваадулам, Д.Дэлгэрмаа нарын хүн байнга амьдрах орон сууцны хаалгыг эвдэн, цонхоор нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай 2 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. 

Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Даваадуламд 352.000 төгрөгийн, хохирогч Д.Дэлгэрмаад 254.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Үүнээс шүүгдэгч Б.М нь өөрт оногдох хувь болох Б.Даваадуламд 176.000 төгрөгийг, Д.Дэлгэрмаад 127.000 төгрөгийг төлсөн болох нь эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-134/, банкны кассын орлогын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-82/, мөрдөгчийн “...Даваадуламтай холбогдоход миний бие хохирлын 200.000 төгрөг хүлээн авсан...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-84/ зэргээр тогтоогдох тул шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.М нь 2 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан тул 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргахгүй. Өмнө нь 5 удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан. Хохирлоо төлсөн байгаа. Дахиж хэрэг хийхгүй гэж хэлж байгаа. Шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгч “Гэмшиж байна. Дахиж хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна. Ажил төрөл хийгээд сайхан амьдаръя гэж бодож байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, архи уух зорилгоор давтан үйлдлээр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /2 хохирогчид 606.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр өөрт оногдох хувийг Б.М нөхөн төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд энэ төрлийн гэмт хэрэгт 5 удаа ял шийтгэгдсэн, гэмшиж байна, дахин хэрэг хийхгүй гэх гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/ болон шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Мд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд дурдсан 3 жил 1 сарын хорих ялын хоёрны нэг буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх үндэслэлийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Мын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 хоног, 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2 хоног шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2018.03.27-ны өдрөөс 2018.04.25-ны өдрийг хүртэл 28 хоног, 2019.03.04-ний өдрөөс 2019.05.23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоног, нийт 111 /нэг зуун арван нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж үзэв. /1 дүгээр хавтас, ххх-42, 92-93, 98, 2 дугаар хавтас, хх-50-51, 55-56, 60-61/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөнгөгүй, Б.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хайнаг овогт Баясгаагийн Мыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Мыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Мын урьдчилан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мын эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР