| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00024/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч А.Тунгалагтуяа
Хохирогч Л.Ш
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б холбогдох 1840001010065 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, О.Б .
Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Б нь Улаанбаатар хотын харьяат Л.Ш эзэмшлийн ХЭА улсын дугаартай автомашиныг 2018 оны 07 сараас 2018 оны 09 сарын хооронд жолоодож тээвэрт явж байхдаа дугуй 12 ширхэг, обуд 6 ширхэг, хропны диск, түлш нийт 8346000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Л.Ш 2018 оны 11-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Би хувьдаа чиргүүлтэй хүнд даацын Санши маркийн автамашинтай. Би энэ машиныг өөрийн найз болох Г компани болох “А ” ХХК-ний нэр дээр холын ачаа тээвэрт жолооч цалинжуулан ажиллуулан явуулдаг юм. Энэ автомашиныг маань унаж тээвэрт явдаг байсан жолооч Б гэх залуу 2018 оны 07 сарын 25-ны өдөр гадаад улс руу явах ажилтай болсон гээд ажлаа буюу миний ХЭА улсын дугаартай шар өнгийн Санши маркийн автомашиныг хүлээлгэж өгсөн. Ингээд би уг автомашиныг жолоодож тээвэрт явах жолоочгүй болсон тул 2018 оны 07 сарын 27-ны өдөр “Fасebоок” цахим сүлжээгээр “Хүнд даацын автомашины жолооч ажилд авна” гэсэн зарыг өөрийн гар утасны дугаартай тавьсан юм. Тэгсэн 2018 оны 07 сарын 28-ны өдөр миний утас руу гэсэн дугаараас залгаж “Ажилд хүн авна гэсэн байна, ажилд оръё” гэхээр нь би утасны эзэн болох Б гэдэг залуутай уулзалдахаар болж Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 7 буудал гэх нэршилтэй автобусны буудал дээр уулзсан. Тэгээд Б тэй уулзаж ярилцаад тээвэрт яваад ачиж ирсэн ачааны нийт үнийн дүнгээс түлшний мөнгөө хасаад үлдсэн мөнгөний 20 хувийг өгөхөөр, 1 удаагийн тээвэрлэлтэнд хоолны зардал мөнгө гэж 50.000 төгрөгөөр тохирч, жолоочийн буруутай үйлдлээс гарсан хохирол зардал мөнгө, сэлбэгийг жолооч хариуцахаар тохиролцоход Б үүнийг зөвшөөрч миний ХЭА улсын дугаартай шар өнгийн Санши маркийн автомашиныг жолоодож Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Дундговийн Өлзийт сум, Хэнтий аймгийн Бэрх тосгон, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдаас тээвэрлэлт хийхээр болсон. Ингээд би Б т итгэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу хүргэж өгөхөөр болоход Б “Би хамаатаныхаа дүүг хамт аваад явна, цалин мөнгийг нь би өөрөө хариуцна” гэхээр нь Б ийг өөрөө цалин мөнгийг нь хариуцна гэсэн болохоор хамаатаныхаа дүүг авч явахыг зөвшөөрсөн. Ингээд би Б ийг хамаатаны дүү нь болох Э 2-ыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу 2018 оны 07 сарын 29-ний өдөр өөрийн автомашинаараа хүргэж өгсөн. Ингээд Бор-Өндөр суманд ирж өөрийнхөө ХЭА улсын дугаартай шар өнгийн “Санши” маркийн автомашиныг түлхүүр багаж болон сэлбэг хэрэгслийг бүрэн бүтэн байдалтай нь хүлээлгэж өгсөн. Ингээд би Улаанбаатар хот руу машин хүлээлгэж өгдөг оройдоо Улаанбаатар хот явсан. Ингээд Б нь хамгийн анхныхаа тээвэрлэлтийг 2018 оны 08 сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгоны жоншны уурхайгаас Бор-Өндөр сум руу 52 тонн жонш тээвэрлэж авчирсан. Энэ тээвэрлэлтэнд явахад нь би Б ийн дүүгийн данс буюу Э ийн данс руу 345 литр түлшний мөнгө болох 750.000 төгрөг, замд саатаж болзошгүй байж магадгүй гэж 250.000 төгрөг илүү явуулсан. Тэгсэн Б нь машиндаа 750.000 төгрөгөөр түлш хийгээд үлдсэн 250.000 төгрөгийг хувьдаа хэрэглэж ээж рүүгээ шилжүүлчихсэн гэж байсан. Мөн Б нь замдаа “Хэнтий аймгийн Дархан сумын талын ус гэх газар түлш дуусаад зогсчихлоо, би Дархан сумын төв рүү түлшинд явж байна” гэхээр нь би Дархан сумын шатахуун түгээх станцын түгээгчийн данс руу түлшний мөнгө болох 128.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд дараагийн тээвэрлэлтийг 2018 оны 08 сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын жоншны уурхайгаас Бор-Өндөр сум руу 53 тонн жонш ачиж ирсэн. Ингэж явахдаа Б нь Бор-Өндөр сумаас 650 литр түлш буюу 1.423.500 төгрөгний түлшийг шатахуун түгээх станцаас авсан. Тэгэхдээ манай найзын “А ” ХХК-ний нэр дээр зээлээр аваад явсан. Ингээд Б нь над руу Дундговь аймгийн Баянжаргалан сум өнгөрч явж байх үедээ залгаж “Чиргүүлийн гарны гогцоо тасарч, чиргүүлээ ачсан жонштой нь үлдээж эвдэрсэн чиргүүлийн гарыг машин дээрээ ачаад Бор-Өндөр сум руу явж байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би “Чиргүүлээ хээр эзэнгүй орхиж хамаагүй дур мэдэж явж болж байгаа юм уу? Ямар нэгэн эрсдэл гарч чиргүүлийн эд анги алдагдвал хэн хариуцах юм” гэхэд Б нь “Чиргүүлтэй ойрхон айл байгаа, би чиргүүлийн гараа гагнуулаад оройдоо юм уу, маргааш өглөө эртхэн буцаж чиргүүлээ авчирна” гэхээр нь би тайвширсан. Ингээд Б нь Бор-Өндөр суманд ирсэн үедээ над руу дахин залгаж “Чиргүүлийн гарыг гагнах ямар ч боломжгүй гэнэ” гэхээр нь би Улаанбаатар хотоос чиргүүлийн гарыг хайсан боловч олдохгүй болохоор нь Хятад улс руу захиж 2018 оны 08 сарын 28-ны өдөр авчруулсан. Ингээд би уг гарыг Дорноговь аймгийн Замын үүд сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу замын унаанд дайж явуулсан. Үүнийг Б нь тосож аваад чиргүүлийн гарыг янзлаад хээр үлдээсэн чиргүүлээ авчирахаар 2018 оны 08 сарын 31-ний өдөр явсан юм. Ингэж явахад нь би өмнө тээвэрт явж үлдсэн 150 литр түлш нь дээр 500 литрийг нэмж хийгээд цааш Өлзийтийн уурхай руу очиж толгой дээрээ жонш ачаад буцахдаа чиргүүлээ аваад ирээрэй гэж хэлэхэд Б нь Бор-Өндөр сумын Ник-Питровис шатахуун түгээх станцаас 500 литр түлшийг мөн л “А ” ХХК-ний нэр дээр зээлээр авч явсан. Ингээд маргааш нь над руу залгаж “Хөдөө хээр үлдээсэн байсан чиргүүлийн гадна талын 6 ширхэг дугуй обуттайгаа хулгайд алдагдсан байна” гэсэн. Тэгэхээр нь би “Одоо тэгээд яах вэ, би дахин 6 ширхэг дугуй авахад хүндрэлтэй байна” гэхэд Б надад “Миний буруутай үйлдлээс алдагдсан болохоор би өөрөө төлнөө, харин та ямар ч байсан 6 ширхэг дугуй авч явуулчих” гэхээр нь би “Чиргүүл дээрх ачаагаа толгой руугаа шилжүүлж ачаад чиргүүлээ хоосон чирээд Бор-Өндөр сумруу орж бай, мөн чиргүүлийнхээ байгаа байдал буюу 6 ширхэг дугуйг алдагдсан талаар харуулах зургийг дараад, Дундговь аймгийн Баянжаргал сумын цагдаад энэ талаар мэдэгдээрэй, би эндээс 6 ширхэг дугуй авч явуулъя гэж” хэлээд Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүрэгт байх "ЖИ ДИ ЭЙ" ХХК компаний дугуй борлуулах цэгээс Р12-20 маркийн 6 ширхэг дугуйг нэг бүрийг нь 650.000 төгрөгөөр буюу нийт 3.900.000 төгрөгөөр худалдаж аваад мөн Fасеbоок цахим сүлжээнд “6 ширхэг дугуйны обуд авна” гэсэн зар тавьж нэг обудыг 50.000 төгрөгөөр үнэлж 6 ширхэгийг нийт 300.000 төгрөгөөр аваад мөн л Fасеbоок цахим сүлжээнд “Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу том тэрэгний дугуй ачуулна” гэсэн зар тавихад гэсэн дугаараас Бор-Өндөр сум руу ачих ачаа ачуулна гэхээр нь уг машин дээр ачиж Бор-Өндөр сум руу өгч явуулсан. Үүнийг Б нь тосож авсан талаараа надад ярьсан. Ингээд дугуй тосож авснаас хойш 3 хоног ямар нэгэн хэл чимээгүй, утсаа унтраагаад алга болсон. Тэгэхээр нь би Бор-Өндөр суманд ажиллаж мөн тээвэрт явдаг жолооч нараас асуухад “Танай машин байна, туслах жолоочоор ажиллаж байсан залуу нь машиндаа байна” гэдэг байсан. Тэгэхээр нь би туслахаар хамт явсан Э тэй утсаар ярих гэсэн боловч утсаа авахгүй “Ах сумын төв рүү явсан байна, ирэхээр нь хэлье” гэсэн мэссэж ирдэг байсан. Тэгсэн удалгүй Б нь утсаар холбогдож “Утсаа усанд унагаагаад ярьж болохгүй байна, шинэ дугуйнуудаа тавьсан, тээвэрт явахад бэлэн” гэхээр нь түлшээ аваад гар гээд Бор-Өндөр суман дахь Ник-Питровис шатахуун түгээх станцийн түгээгч М данс руу 821.363 төгрөгийг шилжүүлж 365 литр түлш хийж өгсөн. Ингээд Б нь 2018 оны 09 сарын 10-ны өдөр Бор-Өндөр сумаас Дундговь аймгийн Өлзийт сум руу чиргүүлээ чирээд тээвэрт явсан. Ингээд Өлзийтийн уурхай дээр очиж 2 хоноод ачаагаа ачаад эргээд Бор-Өндөр сум руу явж байхдаа Өлзийтийн уурхайгаас 20 км-ийн зайнд өөрийн буруутай үйлдлээс машины хропны дискийг хий эргүүлээд зогссон байсан. Энэ талаараа надад Б нь хэлсэн. Тэгэхээр нь би машины кабинд илүү байгаа хропны дискээ тавиад яв гэж хэлсэн. Тэгсэн 2 хоногийн дараа Б нь над руу залгаж “дахиад хропны диск хий эргэчихлээ” гэхээр нь би “Чи Дундговь аймаг руу машин олоод оч, би эндээс хропны диск явуулъя” гэж хэлээд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Амгалангийн авто сэлбэгийн дэлгүүрээс 180.000 төгрөгөөр 1 ширхэг хропны диск аваад замын унаанд өгч Дундговь аймаг руу явуулахад Б над руу “Тосож авлаа” гэж хэлсэн. Үүнээс хойш Б нь ор сураггүй алга болж утсаа унтрааж, Facebook-ийн мессэнжэрээ блоколсон байсан. Тэгсэн хропын диск явуулсанаас 2 хоногийн дараа замын жолооч Б гэгч нь дугаарын утсаар залгаж "Чиний машин дискгүй, жолоочгүй, зөвхөн туслах жолоочтойгоо Дундговь аймгийн Өлзийтийн уурхайгаас 50 орчим км-ийн зайнд зогсож байна" гэж хэлэхээр нь би Улаанбаатар хотоос дахин 180.000 төгрөгөөр хропны диск авч машин руугаа явсан. Ингээд намайг машин дээр ирэхэд Б ийн туслах Э нь ганцаар байж байсан. Тэгэхээр нь би Э ээс Б ийг асуухад “Дискэнд яваад ирээгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би машинаа тойрч харахад миний сүүлд явуулсан 6 ширхэг шинэ дугуй байхгүй, оронд нь хуучин 4 ширхэг дугуй тавьчихсан, запас дугуйгүй, чиргүүлийн хамгийн арын тэнхлэгний 1 дугуй байхгүй байсан. Тэгэхээр нь энэ талаар Э ээс асуухад “Би мэдэхгүй, Б ах надад хэлэхдээ захирал мөнгөгүй байна гээд хуучин 4 ширхэг дугуй явуулсан байна гэж хэлсэн” гэж хариулж байсан. Тэгэхээр нь би Э ид хоол хүнсний зүйл авч үлдээгээд Улаанбаатар хот руу жолооч олохоор явсан. Ингээд маргааш нь буюу 2018 оны 09 сарын 23-ны жолооч олоод эргэж машин дээрээ очиж хропны дискийг солиод Дундговь аймгийн Гурвансайхан сумын шатахуун түгээх станцаас 903.500 төгрөгний буюу 410 литр түлш хийгээд Бор-Өндөр сум руу машинаа шинэ жолоочтойгоо явуулсан. Ингээд намайг Улаанбаатар очсон үед Б нь надаас уучлалт гуйж гэм буруугаа ойлгосон утгатай мессэжийг удаа дараа явуулсан. Энэ мессэж харилцааг би утас нь дээрээ хуулбарлаж авсан байгаа тул хэргийн материалд хавсаргахаар угаалгасан байгаа. Би Б ийг миний итгэлийг эвдэж эд зүйлийг ашигласан болохоор цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан байгаа. Би Б ээс анх машинд байсан буюу хулгайд алдсан гэх 6 дугуйны мөнгө болох 3.900.000 төгрөг, 6 ширхэг обудны мөнгө болох 300.000 төгрөг, сүүлд шинээр авч явуулсан 6 ширхэг шинэ дугуйны мөнгө болох 3.900.000 төгрөг, мөн тээврийн зардал болох 150.000 төгрөг, 1 ширхэг хропны дискний мөнгө болох 180.000 төгрөг, мөн ээж рүүгээ шилжүүлсэн гэх 250.000 төгрөг, сүүлд хөдөө хээрээс машинаа олж авч Бор-Өндөр сум руу ирэхэд хийсэн түлшний мөнгө болох 903.000 төгрөг, мөн Улаанбаатар хотоос анх гарахдаа худалдаж авч байсан чиргүүл залгах зориулалтай борхов үнэ болох 450.000 төгрөг, 18 кг товудны үнэ болох 90.000 төгрөг, машины түлхүүр багаж буюу 2018 оны 06 сард Хятад улсын Эрээн хотоос авч байсан ком түлхүүрний үнэ болох 110.000 төгрөг, мөн жолооны үнэмлэх дээр ангилал ахиулахаар авсан 230.000 төгрөг, мөн машины астачирын үнэ болох 350.000 төгрөг, энэ астарчин нь Б нь хотоос анх ирэхдээ шинээр нь угсарч хүлээж авсан, тэгтэл машиныг маань хээр хаяж явах үөд нь үзэхэд хуучин астачир тавьсан тэр нь шатсан байсан. Тэгэхээр нь шинээр авч тавьсан. Ингээд би нийт Б ээс нийт 10.813.000 төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр хөдөө хаяж явсан машины засварын хөлс 400.000 төгрөг, жолооч хөлссөн 200.000 төгрөг болон энэ үйлдлийн улмаас гарсан буюу Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Өлзийт сумын хооронд 2 удаа явсан зардал мөнгө болох 500.000 төгрөг, мөн өөрийн буруутай үйлдлээс болж гээгдүүлсэн 1 ширхэг обудтай дугуй буюу 700.000 төгрөг буюу нийт 12.613.000 төгрөг нэхэмжлэхээс Б ийн ээж нь 2018 оны 09 сарын 25-ны өдөр 4.500.000 төгрөг, 2018 оны 10 сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөг буюу нийт 6.000.000 төгрөгийг миний дансанд хийсэн байгаа. Тэгэхээр би үлдсэн 6.613.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/
-Гэрч М.Э ийн 2018 оны 10-р сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Би Баянхонгор аймгийн Өлзийт суманд хөдөө мал дээр байдаг байсан юм. Тэгтэл манай хамаатаны ах Б Улсын баяр наадмын дараа намайг Улаанбаатар хот руу хүрээд ир гээд дуудсан. Яг хэдний өдөр дуудсаныг нь санахгүй байна. Улаанбаатар хотод ирээд Б ахтай уулзаад бид 2 хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 7 буудлын автобусны буудал дээр Ш гэдэг хүнтэй очиж уулзсан. Ш гэдэг хүнтэй уулзахад Ш ах том тэрэг бариулна, нэг удаагийн тээвэрлэлт хийгээд 350.000 төгрөгөөр цалинжуулна гэхэд Б ах ажилд оръё гэсэн. Мөн намайг туслахаар ажилд аваад өөрийнхөө авч байгаа 350.000 төгрөгнөөс цалинжуулна гэж ярьж тохирсон. Ш ахтай уулзсанаас хойш 2 хоногийн дараа Б ах бид 2 Ш ахтай хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирсэн. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирээд Ш ах Б ахад өөрийнхөө 91-82 ХЭА улсын дугаартай Санши гэх маркийн машиныг чиргүүлний хамт хүлээлгэж өгсөн. Тэгээд тэр өдөртөө Ш ах Улаанбаатар хот руу буцаад явсан. Б ах бид 2 машинаа хүлээж авсанаас 14 хоног тээвэрт яваагүй, машиндаа засвар үйлчилгээ хийгээд Бор-Өндөр суманд байсан. Энэ үедээ Б ах бид 2 машиндаа хоноглож байсан. Тэгээд 14 хоногийн дараагаас Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологи хороололд айлын хажуу өрөөг сарын 120.000 төгрөгөөр түрээслэж суусан. Тэгээд Б ах бид 2 эхлээд Хэнтий аймгийн Бэрх тосгонд очиж жонш ачаад Бор-Өндөр сум руу тээвэрлэж авчирч гаалийн талбайд буулгасан. Дараа нь Дундговь аймгийн Өлзийт сум руу явж жонш ачаад Бор-Өндөр суманд ирсэн. Дараа нь 2018 оны 08 сарын 18-19-ний үед Бор-Өндөр сумаас Дундговь аймгийн Өлзийт сум руу очиж жонш ачаад буцаад Бор-Өндөр сум руу явсан. Дундговь аймгийн Өлзийт сумаас буцаад Бор-Өндөр сум явж очих замд Дорноговь аймгийн Баянжаргалан сумын нутагт явж байхад машины чиргүүлний гар хугарсан. Тэгээд чиргүүл эвдэрсэн намайг үлдээх гэсэн боловч тухайн газар бороо орсон, байх газар байхгүй, хоол хунс байхгүй байсан учир хамт явж чиргүүлийн гарыг гагнуулахаар болсон. Машины чиргүүлний гар эвдэрсэн газар чиргүүлээ үлдээгээд хугарсан гараа машины тэвшин дээр ачаад Дорноговь аймгийн Баянжаргалан суманд очиход гагнуурчин олдохгүй байсан, Ш ах руу залгаж хэлэх гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь шууд Бор-Өндөр суманд ирээд машины толгойн тэвшинд ачсан жоншоо буулгаад чиргүүлний гараа янзлах гэхэд янзалж гагнаж болохгүй байсан. Тэгэхээр нь Ш ахад хэлээд 4-5 хоногийн дараа шинэ гогцоо авчруулж гарандаа залгасан. Тэгээд Б ах бид 2 Дорноговь аймгийн Баянжаргалан сум руу явж чиргүүл үлдээсэн газраа очиход чиргүүлийн 6 ширхэг дугуй байхгүй. хулгайд алдагдсан байсан. Чиргүүлэнд нийт 12 дугуй орохоос 6 ширхэг дугуй нь алдагдсан байсан. Бүх дугуйнууд дан болчихсон байсан. Тухайн үед бид 2-ыг машинаа янзлаад байж байхад нэг малчин ах мотоцикльтой ирсэн. Тэр хүнтэй хамт Б ах яваад Баянжаргалан сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдчихлээ гээд эргээд ирсэн. Тэгээд Б ах бид 2 чиргүүл дээр байсан жоншоо машины толгойн тэвшин дээр шилжүүлж ачсан. Тухайн үед зэрэгцэж зогсож байгаад гараараа зөөвөрлөж ачсан. Ингээд чиргүүлдээ гараа угсраад Бор-Өндөр сум руу хөдөлсөн. Тухайн үедээ чиргүүлний 6 ширхэг дугуй алга болсон талаар Ш ахад хэлсэн. Тэгээд Бор-Өндөр суманд ирээд жоншоо буулгаад дугуй явуулахыг нь хүлээсэн. Тэгтэл 2-3 хоногийн дараа Ш ах Улаанбаатар хотоос цоо шинэ 6 ширхэг обудтай дугуй явуулсаныг Б ах бид 2 тосож авсан. Бид 2 хамт 6 ширхэг обудтай дугуй хүлээж аваад маргааш нь солих гэтэл Б ах байхгүй байсан, хаашаа явсныг нь мэдээгүй. Намайг унтаж байхад гараад явсан байсан. Тэгээд дугуйгаа сольж чадаагүй, маргааш нь намайг унтаж байхад Б ах Санота маркийн машинтай ирж байсан, тухайн үед санаанд оролгүй эргээд унтсан. Тэгээд унтаж байхад сэрээд гарахад 3 ширхэг хуучин дугуй байсан. Өөрийнхөө утсыг хартал Б ахаас “ах нь дэлгүүр яваад ирье” гэсэн мессэж ирсэн байсан. Б ахыг байхгүй байх хооронд Ш ах нилээн хэдэн удаа залгахаар нь би Б ах дэлгүүр явсан байна, ирэхээр нь яриулъя гэж хэлсэн. Тэгээд тэр шөнө Б ах гаднаас орж ирсэн. Тэгээд маргааш нь 2-лаа машины дугуйгаа сольсон. Тэгэхэд шинээр ирсэн 6 ширхэг дугуйны 5 нь байхгүй байсан. Оронд нь 3 ширхэг хуучин дугуй байсан. Тэгээд 3 ширхэг хуучин дугуйгаа тавиад Дундговь аймгийн Өлзийт сум руу тээвэрт явсан. Тэнд очоод жонш ачаад Бор-Өндөр сум руу явж байтал Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт явж байтал машины диск эргээд явахаа больсон. Тэгэхээр нь машинд байсан сэлбэгийг нь авч тавиад явж байтал дахиад диск нь эргээд явахаа больсон. Тэгээд Б ах Ш ахтай холбоо барина, сэлбэг аваад ирье гээд намайг машинд үлдээгээд явсан. Тэгж явснаасаа хойш Б ах эргэж ирээгүй, надтай огт холбоо бариагүй. Би машиндаа ганцаараа нийт 9 хоносон. Би замын машинд Ш ахтай холбоо бариад дуудаад өгөөч гэж хэл хүргүүлж байж машин эвдэрсэнээс хойш 9 хоногийн дараа Ш ах ирж намайг авсан. Ш ах ирээд машинаа янзлаад Бор-Өндөр суманд ирсэн. Тухайн үед Ш ах шинэ жолоочтой болсон байсан. Ш ах шинэ жолоочтой болоод Бор-Өндөр сум руу явахдаа Гурвансайхан сумын колонкоос 851.000 төгрөгөнд 370 литр түлш хийсэн. Б ах бид 2-т түлшний мөнгө бэлнээр өгдөггүй байсан. Тухай бүрдээ колонк дээр очиж хийлгээд мөнгийг нь Ш ах шилжүүлдэг байсан юм. Б ах бид 2 угаасаа Гурвансайхан сумаас түлш хийх гэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
- Гэрч О.Б ийн 2018 оны 10-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Би Улаанбаатар хотод Ар суврага ХХК-ний зам ангид том тэрэгний жолоочоор ажилладаг байсан юм. Ингээд ажлаасаа цалин мөнгө бага болохоор 7 сард өөрийн хүсэлтээр гараад өөр ажил олохоор Facebook цахим сүлжээгээр зар хараад сууж байтал “Том тэрэгний жолооч ажилд авна” гэсэн зар байхаар нь залгатал Ш гэдэг хүн утсаа авахаар нь би “хаана ямар ажил байгаа талаар асуухад” Л.Ш нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд чиргүүлтэй том машин барина” гэхээр нь цалин мөнгийг асуухад рейсээр буюу нэг тээвэрлэлт нь 350.000 төгрөгөөр үнэлж, мөн хоолны мөнгө гэж 50.000 төгрөг гэхээр нь гайгүй цалинтай юм байна гээд ажилд орохоор Ш тэй тохиролцсон. Ингээд би Л.Ш гэдэг хүнтэй Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн 7 буудал гэх нэртэй автобусны буудал дээр уулзаад ажилд орохоор болсон. Ингээд би өөрийн үеэл дүү М.Э тэй Л.Ш ийг дагаж Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллахаар 2018 оны 07 сарын сүүлээр ирэхэд Л.Ш эзэмшил гэх 91-82 ХЭА улсын дугаартай шар өнгийн том ачааны чиргүүлтэй автомашин байсан. Ингээд Л.Ш тэй би хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилд орж уг том автомашиныг хүлээн авсан. Би М.Э ийг хол замд тээвэрлэлт хийх учир хань болгож дагуулж ирсэн юм. Цалин мөнгийг нь өөрийн тээвэрлэлт хийсэн мөнгөнөөсөө өгнө гэж тохирч ирсэн. Ингээд Л.Ш ээс би машиныг хүлээж авсанаас хойш 14 хоног машиндаа амьдарсан. Дараа нь надад Бор-Өндөр сумын Геологи хороололд айлын хажуу өрөөг сарын 120.000 төгрөгөөр түрээсэлж өгсөн юм. Ингээд би Л.Ш ээс машин хүлээж авсанаас хойш нийт 4 удаа л тээвэрлэлт хийсэн. Учир нь тухайн 7, 8 дугаар сард бороо ус ихтэй байсан учир тээвэрлэлт хийгээгүй. Анхны тээвэрлэлтийг Хэнтий аймгийн Бэрх тосгоноос Бор-Өндөр сум руу жонш тээвэрлэж авчирсан, 2 дахь тээвэрлэлт нь Дундговь аймгийн Өлзийт сумаас Бор-Өндөр сум руу мөн жонш тээвэрлэж авчирсан. 3 дахь тээвэрлэлт нь мөн Дундговь аймгийн Өлзийт сумаас жонш, 4 дэх тээвэрлэлт нь мөн Дундговь аймгийн Өлзийт сумаас жонш тээвэрлэсэн юм. Би яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, ямар ч байсан 2 дахь тээвэрлэлт буюу Дундговь аймгийн Өлзийт сумаас жонш тээвэрлэж ирж явах үед Дундговь аймаг Баянжаргалан сум баруун урагш 20-оод км-ийн орчимд байх “Мак” гэх нэртэй нүүрсний уурхайн хойд талд 200 метрийн зайтай явж байтал чиргүүлийн гар нь салж эдвэрчихсэн юм. Би энэ талаар машины эзэн Л.Ш т хэлэх гэсэн боловч тухайн газар нь сүлжээ байхгүй тул, би жонштой чиргүүлээ үлдээгээд чиргүүлийн гараа ачаад Баянжаргалан сум руу ирж Л.Ш тэй 99790219 дугаарын утас руу нь залгаж холбоо тогтоох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Ингээд Баянжаргалан суманд чиргүүлийн гарыг гагнуулах гэсэн боловч гагнуурчин байхгүй байсан тул Бор-Өндөр суманд ирж гагнуулахаар шийдвэр гаргаж туслахаар авч явж байсан М.Э ийг аваад явсан. Яагаад гэвэл Дундговь аймгийн Өлзийт сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу жонш тээвэрлэх хугацаанд бороо ус ихтэй байсан учир багцаагаар 7 хоног замд явсан учир тээвэрлэлтэнд өгдөг хоолны мөнгө буюу 50.000 төгрөг нь хоол авч хүрээгүй, 2 дугаарт тухайн чиргүүл үлдээсэн газарт хонох боломжгүй байсан учир би Э ийг аваад явсан. Ингээд Бор-Өндөр суманд ирж энэ талаар Л.Ш т хэлэхэд “Чиргүүлдээ Э ийг үлдээчихгүй яасан юм” гэхээр нь би дээрх шалтгаанаа хэлсэн. Ингээд Л.Ш т чиргүүлийн эвдэрсэн хэсгийн зургийг явуулж гагнахад боломжгүй байгаагаа хэлэхэд урагшаа Хятад улс руу чиргүүлийн гар захихаар болсон. Ингээд чиргүүлийн гар иртэл хүлээсэн. Чиргүүл гар нь 5 хоноод ирсэн. Тэгэхээр нь нөгөө үлдээсэн чиргүүлээ чирч авчрахаар үлдээсэн газраа очиход чиргүүлийн гадна талд тавьсан байсан 6 ширхэг хуучин явж байсан дугуйг нь тайлаад аваад явчихсан байсан. Тэгэхээр нь би тухайн газар мал маллаж байсан малчингаас нэрийг нь санахгүй, мэдэхгүй гэх/ газар нутгийн харъяалалыг асуухад Баянжаргалан сумын харъяа гэсэн болохоор нь уг хүнээс хэсгийн төлөөлөгчийнх дугаарыг нь авч /одоо дугаарыг нь мэдэхгүй гэх/ хулгайд дугуйгаа алдсан талаар мэдэгдэхээр малчин ахтай уулын орой руу мотоциклиор нь гарч утсаар хэсгийн төлөөлөгчтэй нь холбогдоход “Би 2-3 хоногийн өмнө наагуур чинь явахад байсан, би одоо ажилтай байна” гээд утсаа тасалчихсан. Мөн Л.Ш т энэ талаар утсаар ярьж хэлэхэд “Хэсгийн төлөөлөгчид нь мэдэгдээрэй, би эндээс дугуй явуулъя” гэж хэлсэн. Ингээд би Баянжаргалан сумын хэсгийн төлөөлөгчийг ярих байх гэж бодоод чиргүүлийнхээ жоншийг толгой руугаа шилжүүлж ачаад захиж авчирсан шинэ чиргүүлийн гараа угсарчихаад Бор-Өндөр сум руу ирсэн. Ингээд би Л.Ш ийг дугуй явуулахыг хүлээсэн. Тэгсэн 2-3 хоногийн дараа Улаанбаатар хотоос Л.Ш цоо шинэ обудтай 6 ширхэг дугуй явуулсан байсан. Ингээд тэр дугуйг нь хүлээж авсаныхаа дараа би нөгөө дугуйг нь мөнгөний хэрэгцээ гарсан тул Улаанбаатар хот руу Л.Ш т мэдэгдэхгүйгээр буцааж явуулаад зарж борлуулаад оронд нь хуучин дугуй авч тавьсан. Ингээд би дараагийн тээвэрлэлт буюу 4 дэх тээвэрлэлтэндээ явсан. Тэгээд ачилтаа хийлгээд Бор-Өндөр сум руу гарах үед Дундговь аймгийн Өлзийтээс 70-аад км-ийн зайнд машины диск хий эргээд зогчихсон. Тэгэхээр нь кабинд байсан хуучин дискийг сольчихоод цааш явахад 10-аад км газар яваад дахин хий эргээд зогсчихсон. Тэгэхээр нь би Гурвансайхан сумтай ойрхон явж байсан болохоор Э ийг машиндаа орхиод Гурвансайхан сум руу хүний унаатай орж ирээд мөн л Ш тэй холбогдож машин эвдрээд зогссон талаараа мэдэгдсэн. Тэгэхэд Л.Ш диск авч явуулъя гэж байсан юм. Ингээд маргааш нь Л.Ш Дундговь аймаг руу дискээ өгөөд явуулсан байсан. Мөн Л.Ш нь өөрөө Дундговь аймгийн Улд сум руу явна гэж ярьж байсан. Ингээд би Л.Ш явуулсан дугуйны дискийг авахаар Дундговь аймгийн төв рүү явсан. Би явахдаа машин дээрээ дүү Э ийг орхиод явсан. Ингээд Дундговь аймгаас дискээ авчихаад ирсэн унаандаа тавиад машин руугаа явуулсан. Яагаад өөрөө яваагүй гэхээр Улаанбаатар хотод ойртсоных гээд би найзтайгаа уулзахаар Улаанбаатар хот руу явчихсан юм. Ингээд Улаанбаатар хотод ирчихээд дахин машин руугаа очоогүй юм. Үүнээс хойш би Л.Ш ийг утсаар залгахар нь аваагүй. Тэгсэн миний талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/
- Яллагдагч О.Б ийн 2018 оны 11 сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХK-иас гаргасан үнэлгээ /хх-ийн 137-р хуудас/
-Шүүгдэгч О.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “О.Б миний бие хохирогч Л.Ш эзэмшлийн 91-82 ХЭА улсын дугаартай автомашиныг 2018 оны 07 сараас 2018 оны 09 сарын хооронд жолоодож тээвэрт явж байхдаа 6 ширхэг хуучин дугуй 2 400 000 төгрөг, 6 ширхэг шинэ дугуй 3 600 000 төгрөг, 6 ширхэг обуд 300 000 төгрөг, хропны дискний 180 000 төгрөг борхов 450 000 төгрөг, товуд 90 000 төгрөг, багаж 110 000 төгрөг, астачер 350 000 төгрөг, маквик шаариг 15000 төгрөг, дизель түлшний 851000 төгрөг, нийт 8346000 төгрөгний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшиж, 8346000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Хохирогч Л.Ш , гэрч М.Э , гэрч О.Б , шүүгдэгч О.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч О.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХK-иас гаргасан үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч О.Б нь хохирогч Л.Ш эзэмшлийн 91-82 ХЭА улсын дугаартай автомашиныг 2018 оны 07 сараас 2018 оны 09 сарын хооронд жолоодож тээвэрт явж байхдаа 6 ширхэг хуучин дугуй 2 400 000 төгрөг, 6 ширхэг шинэ дугуй 3 600 000 төгрөг, 6 ширхэг обуд 300 000 төгрөг, хропны дискний 180 000 төгрөг борхов 450 000 төгрөг, товуд 90 000 төгрөг, багаж 110 000 төгрөг, астачер 350 000 төгрөг, маквик шаариг 15000 төгрөг, дизель түлшний 851000 төгрөг, нийт 8346000 төгрөгний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшиж, 8346000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Б т холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч О.Б ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч Л.Ш нь 8346000 төгрөгний хохирлоос 6000000 төгрөгийг шүүгдэгч О.Б ээс авсан гэдэг нь тогтоогдож байгаа тул үлдэх 2346000 төгрөгийг шүүгдэгч О.Б ээс гаргуулж, хохирогч Л.Ш т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч О.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Б т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хорих ялыг шүүгдэгчид оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,
36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1,
38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Манхилаг овогт О.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Манхилаг овогт О.Б ийг 3500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б т оногдуулсан торгох ялыг 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.Б ээс 2346000 /хоёр сая гурван зуун дөчин зургаан мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ш т олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ