| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0541/Э |
| Дугаар | 567 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 567
-
2019 5 27 2019/ШЦТ/567
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Журагат,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа,
шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908007970379 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 1, оршин суух,
урьд Нийслэлийн шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэн 3 жил 1 cap 2 хоногийн хорих ял шийтгүүлж, 1999 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 471 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар 200.00 төгрөг хурааж, 11 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 04хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Даваадуламын Х /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Д.Х нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 88-10а тоотод гэртээ төрсөн ах Д.Хтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “21 цагт гэртээ ороход Х байсан. Хамт архи уугаад хутгалсан байсан. Гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Нэгнийхээ үгийг буруу ойлгоод л ийм юм болсон. Эмчилгээний зардал гараагүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ахтайгаа сайн ярилцаж ойлголцсон” гэв.
Эрүүгийн 1908007970379 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Хын: “Би 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 20 цагийн дүү Хын гэрт очсон. Х 22 цагийн үед гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд миний ууж байсан архийг цуг ууж дуусаад “надад 3.000 төгрөг байна, чамд юм байвал нэмээд нэг шил архи аваад ир” гээд гаргасан. Удалгүй Х нэг танихгүй залуутай 0,5 литрийн хэмжээтэй архи аваад ирсэн. Би “юун хүн дагуулаад ороод ирсэн юм бэ” гээд бид 2 хоорондоо маргалдаад, дүү Х бид 2 барьцалдсан. Тэр үед цуг орж ирсэн залуу нь гараад явчихсан. Х намайг цамцаар боогоод толгойгоор тек мөргүүлээд гэдсэн дээр гараад суучихсан. Тухайн үед миний хоолой боогдоод ухаан алдах гээд байсан. Би зүүн гараараа ширээн дээр байсан мах иддэг бор иштэй хутга авч баруун гартаа шилжүүлээд дүү Хын цээжин тус газар хутгалсан. Тухайн үед би согтуу хоолой боолгоод ухаан санаа орж гараад байсан болохоор хэдэн удаа хутгалснаа санахгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан миний биед учирсан гэмтлийн дүү Х гараараа цохиж, хоолой боож учруулсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-38-39/,
Гэрч Ж.Төгсийн: “2019 оны 02 дугаар сарын 01-ний 02 цагийн үед гэртээ унтаж байтал хажуу айлын Хишигээ хаалга тогшоод “би Хыг алчихлаа” гэж хэлсэн. Манай нөхөр Энхболд нь Хын гэр рүү орсон. Би араас нь ортол манай нөхөр утсаар яриад Х сандал дээр суучихсан цус гараад ойр хавийн эд зүйлс цус болчихсон байсан. Юу болсон талаар асуухад ’’Хишгээ намайг хутгачихлаа, миний төрсөн ах шүү дээ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/,
Гэрч Ш.Даваадуламын: “Би 2019 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө 03 цагийн үед хүү Алтансүх ...залгаад “Х Хыг хутгалчихсан байна, би эмнэлэг рүү Хын хамт явж байна” гэсэн. Манай хоёр хүүхэд хоорондоо таарамж муутай байдаг...” гэх мэдүүлэг /хх-16, 104/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.11-ний өдрийн 2059 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Х-н биед дух, зүүн хацар, хоёр шанаанд цус хуралт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж хүзүү, эрүүнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-22/,
Шүүгдэгч Д.Хын яллагдагчаар өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 01-ний ...20-21 цагийн үед ...гэртээ ирэхэд ах Х гэрт архи ууж байсан. Би тэр архинаас хувааж ууж дуусаад дэлгүүр орж 0,5 литрийн хэмжээтэй архи аваад дэлгүүрт таарсан зүс таних залуугийн хамт гэрт орсон. Бид 3 нийлээд архиа хувааж уусан. Зүс таних залуу 0,5 литрийн хэмжээтэй архи дахиж аваад бид 3 уусан. Би согтоод ах Х ахархаад байхаар нь хоорондоо муудалцсан. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байгаа. ...Гэхдээ ямар ч байсан ахыгаа түрүүлээд зодсон юм байна. Би түрүүлж зодсон учраас намайг хутгалсан юм байна гэж бодсон. Учир нь ахад намайг хутгалах өөр шалтгаан байхгүй. ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-93-95/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, дуудлагын лавлагааны хуудас /хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-12/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/, таслан шийдвэрлэх тогтоолууд болон шийтгэх тогтоолын хуулбар /45-62/ шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-73/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-84/, хохирогчийн “...бид эвлэрсэн...” гэх хүсэлт /хх-86/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн шүүгдэгчийн ажлын газрын тодорхойлолтыг талуудын хүсэлтээр тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Х согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 88 дугаар гудамж, 10а тоот гэртээ төрсөн ах Д.Хыг зодож, биед нь дух, зүүн хацар, хоёр шанаанд цус хуралт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, хүзүү, эрүүнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Хын “...Х намайг цамцаар боогоод толгойгоор тек мөргүүлээд гэдсэн дээр гараад суучихсан. Тухайн үед миний хоолой боогдоод ухаан алдах гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-38-39/, шүүх эмнэлгийн 2059 дүгээр “1. Д.Х-н биед дух, зүүн хацар, хоёр шанаанд цус хуралт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, хүзүү, эрүүнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-22/, шүүгдэгч Д.Хын яллагдагчаар өгсөн “...Х ахархаад байхаар нь хоорондоо муудалцсан. ...Бид 2 барьцалдаад хоорондоо зодолдоод...” гэх мэдүүлэг /хх-93-95/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, дуудлагын лавлагааны хуудас /хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-12/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Хын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ах Д.Хыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Д.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-38-39/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Хд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Нийгмийн даатгал төлдөггүй, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн тул 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж үзсэн...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Торгох ялын доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хохирогчтой эвлэрсэн, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Ажил хийдэг талаар тодорхойлолт ирсэн. 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хохирогчийн “гэрт танихгүй хүн оруулж ирлээ” гэсэн шаардлага тавьсны хариуд шүүгдэгч маргаан үүсгэж, улмаар хохирогчийн эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдсоноос дүгнэхэд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ““хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгч хэн аль нь согтуурсан байсан, шүүгдэгчийн ахынхаа хоолойг боож, зодож хөнгөн гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 1/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /сард 900.000 төгрөгийн цалин авдаг гэх “Дэ Голден Акси” ХХК-ийн тодорхойлолт/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Д.Хыг 2.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Даваадуламын Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 2.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР