| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2024/01847/И |
| Дугаар | 210/МА2024/01988 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2024/01988
2024 11 20 210/МА2024/01988
Б.Ч-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03414 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ч-гийн хариуцагч М ХХК -д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 26,051,949 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсаныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/02177 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхээс гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж, тус банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б-161 дүгээр тушаалаар ахлах хуульчийн албан тушаалд томилсон.
1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан олговрыг байгууллагын зүгээс шийдвэрлээгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргасан боловч хариуцагчийн зүгээс шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэхгүй гэсэн тул уг хорооноос урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох шийдвэр гаргасан.
1.3. Иймд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоогдсон 2023 оны 12 дугаар сарын 15 өдрийг хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 26,051,949 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/02177 дугаартай шийдвэрээр Б.Ч-ийг М ХХК -ийн хуулийн хэлтсийн ахлах хуульч ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 80,068,003 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хариуцагч М ХХК -аас зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2023/01810 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Б.Ч-гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 44,372,093 төгрөг болгосон ба шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
2.2. Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлж тус банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/161 дүгээр тушаалаар Б.Ч-ийг Хуулийн хэлтсийн ахлах хуульчийн ажилд эгүүлэн томилж, олговорт 44,372,093 төгрөгийг олгож, эрүүл мэндийн даатгалын хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн баталгаажуулалтыг хийсэн. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч Б.Ч-гийн дундаж цалин хөлсийг 3,000,000 төгрөгөөр тооцож тогтоосон үйл баримтын талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин маргах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК -аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 21,488,372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,563,577 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ч-гийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч М ХХК -д даалгаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс нэхэмжлэгчийн нэг өдрийн цалингийн хэмжээг тогтоохдоо Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2023/01810 дугаар магадлалаар нэхэмжлэгч Б.Ч-гийн нэг сарын дундаж цалин хөлсийг 3,000,000 төгрөг, ажлын өдрийг 21.5 өдрөөр тооцож нэг өдрийн дундаж цалин хөлсийг 139,534 төгрөгөөр тогтоосныг баримталсан боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хоногийг тооцохдоо долоо хоногийн амралтын өдрүүд болон нийтээр амрах баярын өдрүүдийг оруулж тооцсон нь хуульд нийцээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох хүртэл 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хуанлийн 160 өдөр өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.3-т заасан долоо хоног бүрийн амралт- 45 өдөр, мөн хуулийн 93.1.4-т заасан нийтээр амрах баярын өдөр- 6 өдөр, нийт 51 амралтын өдөр байсан тул энэ хугацааг хасахад нийт ажлын 109 өдөр байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй, алдаатай болсон нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх 5 сар гэдгийг зөв тооцсон боловч, 4 өдөр гэж буруу тооцсон. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 5 сар, 8 хоног байна. Түүнчлэн, цалин олгох суурь хугацаатай холбоотой хариуцагч алдаатай тооцоолол хийсэн. М ХХК өдрөөр биш сараар цалин тооцдог. Ингэснээр тухайн сар хэдэн өдөр, хэдэн амралтын өдөртэй байхаас үл шалтгаалан сарын цалин олгодог. Өөрөөр хэлбэл, 7 хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдрүүд сарын цалинд нөлөө үзүүлдэггүй, тогтоосон хэмжээгээр цалин олгодог. Өдрийн цалингийн хэмжээг тооцох нь тусдаа гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч М ХХК -д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 26,051,949 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/02177 дугаар шийдвэрээр Б.Ч-ийг ажилд эгүүлэн тогтоож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2023/01810 дугаар магадлалаар ажилгүй байсан хугацааны олговрыг 44,372,093 төгрөг болгон өөрчилж шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2023/01396 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, дээрх шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ./хх8-11, 13, 24-26/
Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.
4. Хариуцагч М ХХК нь дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр биелүүлсэн болох нь тус банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б-161 дугаар тушаалаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болно./хх-5/
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Ч нь ажилд эгүүлэн тогтоогдсон 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд томилсон тушаал гарсан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч М ХХК -аас шаардах эрхтэй.
6. Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн магадлалд ажилтны нэг өдрийн дундаж цалин хөлсийг 139,534 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.
7. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо долоо хоног бүрийн амралтын өдрийг оруулан тооцсон тооцоолол нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.
7.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж журамлажээ.
7.2. Нэхэмжлэгч Б.Ч-гийн ажилгүй байсан хугацааг тооцвол 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт ажлын 109 өдөр байна.
7.3. Иймд нэхэмжлэгч Б.Ч-гийн ажилгүй байсан дээрх хугацаагаар тооцоход ажлын 109 өдрийн олговор нийт 15,209,206 төгрөг/139,534 төгрөг х 109 хоног/-ийг хариуцагч М ХХК -аас гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-т олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.
8. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байна.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03414 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 21,488,372 гэснийг 15,209,206 гэж, 4,563,577 гэснийг 10,842,743 гэж,
2 дахь заалтын 265,392 гэснийг 233,996 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЦОГТСАЙХАН