| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0569/Э |
| Дугаар | 568 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 568
-
2019 5 27 2019/ШЦТ/568
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Журагат,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Б.Э, өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,
шүүгдэгч Д.Б, өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б, Б.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908015560553 дугаар хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “Мерседес бенз” клубт засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Улаан хуулар овогт Дуламын Б /РД: /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Өргөө 2” кино театрт сантекникч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Тэмээний овогт Батжаргалын Э /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Д.Б, Б.Э нар нь бүлэглэж 2019 оны 3 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг 58 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хонг-Конг” зочид буудлын сауны газрын хувцасны өрөөнөөс иргэн Б.Эрдэнэхүүгийн шүүгээг онгойлгон хувцасны халааснаас 980.000 төгрөгийг хулгайлан авч, 980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Шүүгээнд архи хийсэн байсан бөгөөд байн байн очиж ууж байсан. Тэгээд андуураад онгойлгоод мөнгө авсан. Мөнгийг аваад шүүгээндээ хийчих гээд Эд өгсөн. Үнэхээр харамсаж байна. Уучлалт гуйя” гэв.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Хэдэн төгрөг байсныг мэдэхгүй “цаашаа хийчих” гээд өгөхөөр нь би авсан. Тухайн үед хулгайн мөнгө гэж мэдээгүй. 20.000 төгрөгийн дэвсгэртээр нилээн зузаан мөнгө байсан. Энэ үйлдэлдээ их харамсаж байна. Дахин хэрэг хийхгүй. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908015560553 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Эрдэнэхүүгийн: “2019 оны 3 дугаар сарын 04-ний 17 цагийн орчим цалингаа бэлэн авсан. 1.200.000 төгрөг авсан. Нийт бэлэн 1.345.000 төгрөг байсан. ...Тэр шөнөдөө “Хонг-Конг” сауны газар үйлчлүүлж байгаад 980.000 төгрөг хулгайд алдсан. Би шүүгээг түгжсэн гэж бодож байна. Гэхдээ бас согтолттой байсан болохоор яг сайн хэлж мэдэхгүй байна. Бичлэг үзэж байхад мөнгө авдаг эрэгтэй миний шүүгээг шууд татаад онгойлгосон. Мөнгө аваад нөгөөхдөө дамжуулж байсан. ...Миний мөнгийг дансаар шилжүүлсэн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-16, 49/,
Гэрч Бал.Долгорсүрэнгийн: “2019 оны 3 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хонг-Конг” сауны газар үйлчлүүлж байгаад найз Эрдэнэхүү 980.000 төгрөг хулгайд алдсан. Хяналтын камерийн бичлэг дээр 2 эрэгтэй хүн авч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-20/,
Гэрч Бат.Долгорсүрэнгийн: “2019 оны 3 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Саппорогийн “Хонг-Конг” сауны газар ээлжийн ресепшинээр гарсан. Тэгэхэд 2 эрэгтэй тооцоогоо хийгээгүй орсон. Хувцсаа солиод эргэж ирээд тооцоогоо хийсэн. 05 цагийн орчим бас 2 эрэгтэй орж ирсэн. Тэр 2 эрэгтэй өмнө орж ирсэн 2 эрэгтэйн шүүгээнээс мөнгө аваад явсан байсан. Камерийн бичлэгт мөнгө авч байгаа нь гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-23/,
Шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 05 цагийн үед найз Эы хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудлын ар талд байдаг “Хонг Конг” нэртэй зочид буудлын саунд орсон. 1 цаг гаруй болоод хувцас сольдог өрөөнд архи уусан. ...Тамхи татахаар болоод би шкафнаас тамхиа хайж байгаад миний дээд талын шкафанд хувцсаа хийсэн байсан хохирогчийн шкафны хаалга нь онгорхой байхаар нь уудлаад өмдний халаасанд байсан 10.000, 20000-тын дэвсгэртийн мөнгөнөөс ихэнхийг авчихсан. Э хажууд согтуу байж байсан. Би авсан мөнгөө Эд өгөөд Э шкафандаа хийсэн. Ингээд бид 2 саун руугаа буцаж ороод 30 минут болоод хувцсаа өмсөөд гарахдаа би Эаас хулгайлсан мөнгөө авсан...” гэх мэдүүлэг /хх-54-57/,
Шүүгдэгч Б.Эы яллагдагчаар өгсөн: “...Б шүүгээгээ онгойлгоод ...өмдөө гаргаж ирээд халаасыг ухаад баахан 20000-тын дэвсгэртээр мөнгө гаргаж ирээд надад “цаашаа шүүгээндээ хийчих” гээд нилээн зузаан нугалчихсан 20000-тын дэвсгэртээр мөнгө өгөхөөр нь би мөнгийг аваад өөрийнхөө шүүгээнд хийсэн...” гэх мэдүүлэг /хх-64-68/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “06:58:59 цагаас сауны хувцасны өрөөнд дээгүүрээ нүцгэн 1 эрэгтэй шүүгээ ухаж хувцаснуудын халаас үзэж байгаад мөнгө авч байгаа ичлэг мөн ар талд нь 1 эрэгтэй үонсож байгаа бичлэг хадгалагдан үлдсэн...” гэжээ /хх-4/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30, 31/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-71, 80/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-72, 81/, “Сиз” ХХК-ийн тодорхойлолт /хх-91/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-93/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг уншиж,
эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг үзэж талуудын хүсэлтээр тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Б, Б.Э нар бүлэглэж 2019 оны 3 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг 58 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Хонг-Конг” зочид буудлын сауны газрын хувцасны өрөөнөөс хохирогч Б.Эрдэнэхүүгийн шүүгээг онгойлгон хувцасны халааснаас 980.000 төгрөгийг хулгайлан авч, 980.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Эрдэнэхүүгийн “...“Хонг-Конг” сауны газар үйлчлүүлж байгаад 980.000 төгрөг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх-16, 49/, гэрч Бал.Долгорсүрэнгийн “...Эрдэнэхүү 980.000 төгрөг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч Бат.Долгорсүрэнгийн “...2 эрэгтэй өмнө орж ирсэн 2 эрэгтэйн шүүгээнээс мөнгө аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-23/, шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн “...хохирогчийн шкафны хаалга онгорхой байхаар нь уудлаад өмдний халаасанд байсан 10.000, 20000-тын дэвсгэртийн мөнгөнөөс ихэнхийг авчихсан. ...Би авсан мөнгөө Эд өгөөд Э шкафандаа хийсэн...” гэх мэдүүлэг /хх-54-57/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б, Б.Э нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, CD бичлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б, Б.Э нарын сауны газраас үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Эрдэнэхүүгийн хувцасны шүүгээг онгойлгон хувцасны халааснаас нь 980.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэхүүд 980.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Миний мөнгийг дансаар шилжүүлсэн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-49/-ийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирогчийн буруутай үйлдэл байхгүй. Хувцасны шүүгээ түгжээтэй, түгжээгүй байлаа ч зөвшөөрөлгүйгээр авч болохгүй байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн “Ял шийтгэгдэж байсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эхнэр хүүхдээ харж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг “Шүүгдэгч ам бүл 4, эхнэр, хүүхэдтэй. Гэр бүлээ ганцаараа ажил хийж тэжээдэг. Хохирол төлөгдөөд хор уршиг арилсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Ялтай байдал дууссан байгаа. Тиймээс анх удаа гэж үзнэ. Хохирогч шүүгээгээ цоожлоогүй буруутай. Камерийн бичлэгээс шүүгээг яаж онгойлгосон нь харагдахгүй байгаа. Тиймээс хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хохирогчийн хайхрамжгүй байдлыг ашиглан бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 980.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амалж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Э тус бүрийг тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Түүнчлэн дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан тэдэнд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хэрэг үйлдэгдэх үеийн бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, урьдчилсан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Улаан хуулар овогт Дуламын Б, Тэмээний овогт Батжаргалын Э нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Э тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Д.Б, Б.Э нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Э нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хэрэг үйлдэгдэх үеийн бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б, Б.Э нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, урьдчилан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР