| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 2208000000411 |
| Дугаар | 154 |
| Огноо | 2022-10-19 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 154
Д.Х-, Д.Д- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, шүүгдэгч Д.Х-ы өмгөөлөгч Ч.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 480 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 678 дугаар магадлалтай, Д.Х-, Д.Д- нарт холбогдох 2208000000411 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 09 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, *** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Д-н Х- /РД:**/,
2. Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Цэ энд Цэ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, *** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, С овогт Д-йн Д- /РД:***/.
Д.Х- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Өнөр дэнжийн эцэс дээр “бусад руу ална гээд гартаа отвёртка барьчихсан дайраад” гэх үйлдлийг нь болиулахаар шаардлага тавьсан Д.Д-тай маргалдан улмаар өөрийн биед байсан отвёрткыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, түүний цээжний зүүн хөндий хэсэг рүү хатгасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Д.Д- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Өнөр дэнжийн эцэс дээр Д.Х-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Д.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
шүүгдэгч Д.Х-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 4 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хохирогч Д.Д- нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлсөө холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Х-, Д.Д- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн бичсэн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Д.Д- нь шүүгдэгч Д.Х-ы амь биед аюултай, илт хууль бус гэнэтийн довтолгоог зогсоох зорилгоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд шүүгдэгч Д.Х-ы нүүр рүү гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл дараах нотлох баримтыг үндэслэн тогтоогдож байгаа болно.
Үүнд, шүүгдэгч Д.Д-гийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 195-196 дахь тал/, 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн дагуу манай үйлчлүүлэгч Д.Д-гийн “үл таних хүнд зодуулж бэртсэн” гэх тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эд мөрийн баримтаар отвёрткыг тооцох тухай тэмдэглэл, гэрэл зурган үзүүлэлтүүд /хх-ийн 10 дугаар хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, гэрч Н.Б-ын мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 43-44 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 2357 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 194 дугаартай “хохирогч Д.Д-гийн тээврийн хэрэгслийн арын салхины шилний үнэ 180.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 76-77 дугаар хуудас/,
Д.Д-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 болон 2-т заасан аргагүй хамгаалалтын шинжийг агуулж байна.
Хавтаст хэрэгт авагдсан буюу энэхүү гомдолд дурдагдсан нотлох баримтууд болох хохирогч, шүүгдэгч, гэрч нар /Б.Б-, Н.Б-, Б.Б-/-ын мэдүүлгүүд болон шүүхийн шинжээч эмчийн дүгнэлт /2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2357 дугаар/, хэрэгт авагдсан хураагдсан эд мөрийн баримтууд /хх-ийн 13-14 дэх талд авагдсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд тэмдэглэл үйлдэж хавтаст хэрэгт авагдсан отвёртка/ болон шүүхийн хэлэлцүүлгээр Д.Д- нь бусдын /шүүгдэгч Д.Х-ы/ илт хууль бус амь насанд шууд заналхийлсэн, хууль бус үйлдлийн улмаас аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийж өөрийн болон ойр дотны хүн болох хүү Б.Б-нарын амь насанд аюултай үйлдлийг таслан зогсоох үүднээс тухайн гэмтлийг шүүгдэгчид учруулсан болох нь хөдөлбөргүйгээр тогтоогдож байна.
Мөн анхан шатны шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг бүрэн гүйцэд байдлаар шинжлэн судалж, шүүх хурлаар мэтгэлцүүлэх замаар, өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэсэн, хуульд хэрэглээний хувьд хэргийн бодит байдалтай бүрэн нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болсон.
Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй, орхигдуулсан бол” гэсэн зүйлийг баримталж буцаасантай бидний зүгээс санал нийлэх боломжгүй байна.
Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Х-ы өмгөөлөгч Ч.Даваасүрэн хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвшөөрч байгаа. Уг хэрэг нь бүлэг гэмт хэрэг буюу Д.Д- нар нь миний үйлчлүүлэгчийг бүлэглэж зодсон. Хамар руу нь цохиод цус нь гоожоод сууж байхад нь араас нь нэг хүн өшиглөөд цохидог. Харин хэн цохисон гэдгийг шалгаагүй. Д.Х- аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байгаа. Д.Х-ы машиныг зогсоож, чи явахгүй шүү гэж дарамтлаад, түлхүүрийг нь авсан байдаг. Түүний дараа Д.Д-д цохиулаад ухаан нь балартаад, цустайгаа холилдоод байж байтал машины хаалганд отвёртка харагдсан, түүнийг аваад хатгасан. Иймд Д.Х-ыг цагаатгуулах саналыг гаргаж байна” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зөв тогтоож, шүүгдэгч Д.Д-д холбогдох гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон буюу аргагүй хамгаалалт хийсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Д-г цагаатгасан нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч Н.Б-, Б.Б-, насанд хүрээгүй хохирогч Б.Б-нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Х-ы хууль бус халдлага дуусаагүй үед хохирогч Д.Д- очиж муудалцсан, Д.Х-ы үйлдлийн улмаас хохирогч Д.Д-д цээжний хөндийд нэвтэрсэн шарх, хий хуралдалт, хавирганы хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Цагаатгагдсан этгээд Д.Д-гийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Х-, Д.Д- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Д.Д-г 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Өнөр дэнжийн эцэс дээр Д.Х-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж дүгнэлээ.
Тодруулбал, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг судлахад Д.Х- нь таксины үйлчилгээ эрхлэгч хүмүүстэй маргалдан, машинаасаа отвёртка гарган ирж “бүгдийг нь ална” гэж дайрч буй үйлдэл, мөн тухайн замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байдал бий болгосон зэргээс үүдэн Д.Д- шаардлага тавихад түүн рүү довтолсноор тэрээр өөрийгөө хамгаалах үйлдэл хийж нүүрэнд цохисноор Д.Х-ы биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.
Хэдийгээр шүүгдэгч Д.Х- нь Д.Д-г маргалдах шалтгаан нөхцөлийг эхлүүлсэн буюу түүний хүү Б-машинаасаа бууж ирээд “намайг өшиглөсөн, араас нь Д- ирээд хамар хугалсан” гэж мэдүүлдэг боловч түүний энэ мэдүүлгийг давхар нотлох эх сурвалж байхгүй, харин хэргийн үйл баримт, болсон явдлыг шууд гэрчлэх Н.Б-, Б.Б- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэхэд Д.Х-ы довтолгооноос өөрийгөө хамгаалж түүнийг цохисон гэсэн О.Д-гийн мэдүүлэг үнэн бодитой гэж дүгнэх үндэслэлийг бүрдүүлж байна.
Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс Д.Д-г цагаатгасан шийдвэр нь хууль ёсны шаардлага хангаагүй гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь Д.Д-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив шинж болох үр дагавар, хор уршгийг агуулсан байх боловч түүний үйлдэлд гэм буруугийн субъектив шинж үгүйсгэгдэж байгаа, тэрээр хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл хийж, өөрийн амь нас, эрүүл мэнд аюулд тулгарсан довтолгоог эсэргүүцэх үедээ уг хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.
Өөрөөр хэлбэл, Д.Х-ы зүгээс эхлүүлсэн хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс хариу үйлдэл хийсэн Д.Д-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд Д.Д-гийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан “...магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 678 дугаар магадлалыг хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд Д.Д-гийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН