Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 376

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Э.А нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А , Р.Б , Г.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Ё.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт албан тушаалын орон тоо хасагдсаны тэтгэлгийг 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгох шийдвэр гаргаж тэтгэлэг олгохыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Иргэн Э.А , Ё.Э , Р.Б , Г.У , Д.Н нар нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хуулийн хэлтсийн дарга, хуулийн мэргэжилтнээр ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/626, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын алба байгуулагдан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зарим чиг үүргийг Нийслэлийн газрын албанд шилжүүлж, бүтэц орон тоог нь баталсантай холбоотойгоор үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. 

Нийслэлийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр А/626 дугаар захирамжийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтаараа “Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн тэтгэлэг олгож, нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгах”-ыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгаж, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын бүтэц, орон тоог аль алинд нь Хуулийн хэлтэс байхгүй байхаар баталсан байх боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тушаал гаргаж  дээрх албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн юм. 

Үүнээс нэг сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Э.А д 2272077 төгрөг, Е.Э д 1885032 төгрөг, Р.Б од 1529844 төгрөг, Г.У д 1620099 төгрөг, Д.Н т 1529844 төгрөгийг Улаанбатар хотын банкны картын дансанд “тэтгэмж” гэсэн утга зааж шилжүүлсэн бөгөөд шилжүүлсэн мөнгөн дүнг ямар хууль тогтоомжид нийцүүлэн хэрхэн тооцсон нь тодорхойгүй, ямар нэг шийдвэр бидэнд мэдэгдэж, гардуулаагүй. 

Нэр дурдсан иргэд шилжүүлсэн мөнгийг хуульд зааснаар олгох ёстой тэтгэлгийн хэмжээнээс бага хэмжээтэй байна гэж үзэж тэтгэлгийн хэмжээг тогтоосон хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарыг албан ёсоор өгч, тэтгэлэг олгох тухай болон тэтгэлгийн хэмжээг тогтоох талаар холбогдох шийдвэр гарсан бол уг шийдвэрийг гардуулж өгөхийг хүсч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт өргөдөл гаргасан. 

Мөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг нэмэлт өөрчлөлтийг тэтгэлэг олгохдоо үндэслэл болгосон байна” гэсэн хариуг өгсөн боловч тэтгэлэг олгох, тогтоох тухай гарсан ямар нэг шийдвэр гарсан эсэх талаар мэдэгдээгүй, бидэнд гардуулж өгөөгүй юм. Бид өргөдлийн хариу авснаас хойш удаа дараа биеэр уулзан шаардсаны эцэст 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “тэтгэмж олгох тухай” Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг гардан авснаар ийм шийдвэр гарсныг мэдсэн болно. 

Энэ тушаалуудын 1 дүгээрт “... 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг” олгохоор зааж, 3 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн дүнг бидэнд олгосныг дараахь 2 үндэслэлээр хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж гомдол гаргаж байна. Үүнд: 

1. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т төрийн албан хаагч, тэр дундаа төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин, цалин хөлс гэсэн 2 ойлголт байхаар хуульчилсан бөгөөд энэ хуульд “цалин” гэсэн тодорхойлолт, ойлголт дангаараа байхгүй. 

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг” олгохоор заасныг 3 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгож хэрэгжүүлснээрээ хууль зөрсөн байна. 

Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтад “албан тушаалын цалин”, эсвэл “цалин хөлс” гэж тодорхой заагаагүй боловч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, .40.1.3-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж, 42.3-д “Төсвийн байгууллагаас энэ хуулийн 42.1-д заасан нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан нийтлэг журмыг Засгийн газар батална” гэж тус тус заасныг үзвэл орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний улмаас ажлаас халагдсан тохиолдолд олгох тэтгэмжийн хэмжээг тодорхой хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгох үүрэгтэй байна. 

2. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга гомдол гаргагч нарт 6 сарын цалин хөлтсэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох үүрэгтэй боловч 3 сарын албан тушаалын цалингийн хэмжээгээр олгохоор дээрх маргаан бүхий тушаалуудыг гаргаснаараа хууль зөрчсөн. 

Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр А/626 дугаар захирамжаараа “Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн тэтгэлэг олгож, нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгах”-ыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгаж, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өддрийн А/635 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын бүтэц, орон тоог аль алийг нь Хуулийн хэлтэсгүй байхаар баталж, Хуулийн хэлтсийн нэр бүхий албан хаагч нар /гомдол гаргагч нар/-ын орон тоо хасагдсан нь нэгэнт тодорхой болсон байхад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга дээрх шийдвэрүүд гарснаас хойш 2-2.5 сарын дараа 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргагч албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай, 11 дүгээр сарын 11-ний өдөр нэг удаагийн тэтгэмж олгох тухай тушаал гаргаснаараа Хөлөлмөрийнн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчин  Засаг даргын дээрх захирамжуудыг гарах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулийн дагуу 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг авах эрхийг нь зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч нарын тоо 2016 оны 08 дугаар сарын 31-нд хасагдаж, 09 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлгийг 3 сар болгон өөрчилж, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг 10 дугаар сарын 28-нд, тэтгэлэг олгох тухай шийдвэрийг 11 дүгээр сарын 11-нд тус тус гаргасан байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”. Иймд дээд шатны захиргааны байгууллагын хувьд Засаг дарга та Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.1, 98.1.3-д заасны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, нэр бүхий 5 иргэнд өмнө авч байсан 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох тухай шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч Ё.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргаж байгаа иргэн Э.А , Р.Б , Г.У , Ё.Э , Д.А нар нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хуулийн хэлтэст ажиллаж байгаад тухайн байгууллагын орон тоо, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөгдсөн. Бүтэц өөрчлөх тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газар  нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэтгэмж олгох тухай тушаалууд гаргасан. 

Энэ тушаалууд нь хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй тушаалууд гэж үзэж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тэтгэмж олгох тухай Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарт албан тушаалын орон тоо хасагдсаны тэтгэлгийг 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгох шийдвэр гаргаж, тэтгэлэг олгохыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Нэхэмжлэлийн шаардлага нь хоёр хууль зүйн үндэслэлтэй. Нэгдүгээрт 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор заасан. Тодорхой хугацааны цалин гэдэг нь юу вэ. Цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тодорхой хугацаагаар олгох ёстой гэж маргаж байгаа. Үүний үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин, цалин хөлс гэсэн хоёр ойлголт байхаар хуульчилсан. Цалин хөлс гэдэг нь албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлүүд орж байж цалин хөлс болдог. Нийслэлийн өмчийн харилцааны газар нь дээрх маргаан бүхий актуудыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэсэн. Үүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор заасан. Цалин гэдгийг албан тушаалын цалин гэж үзэж албан тушаалын цалинтай тэнцэх тэтгэлэг олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтын цалин гэдэг нь яагаад албан тушаалын цалин биш цалин хөлс байх ёстой вэ гэдгийг дараах байдлаар тайлбарлаж байна. 

Төрийн албаны тухай хуульд албан тушаалын цалин, цалин хөлс гэж 27 дугаар зүйлийн 27.2.4-д заагаагүй боловч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т энэ асуудлыг зохих журмын дагуу зохицуулахаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан 40.1.1 гэдэг заалт нь нэхэмжлэл гаргаж байгаа этгээдүүдийн байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөнөөр ажлаас халагдаж байгаа тохиолдлыг заасан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар энэ заалтыг баримтлах ёстой. Нэгэнт Төрийн албаны тухай хуульд цалин гэдэг ойлголт хуульчилж өгөөгүй. Цалингийн сүлжээ зэрэг хуулийг дагаж гарч байгаа бусад тогтоол, шийдвэрээс үзсэн ч гэсэн албан тушаалын цалин гэсэн ойлголт байгаа. Албан тушаалын цалинтай тэнцэх биш Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ёстой байсан гэж үзэж байгаа. Цалин гэдгийг цалин хөлс гэж ойлгож тэтгэмжээ олгох ёстой. Албан тушаалын цалинтай тэнцэх тэтгэмж олгосноороо хууль зөрчсөн шийдвэр болсон. Хоёрдугаарт 3 сар болон 6 сарын асуудал байгаа. 3 сарын албан тушаалын цалингийн хэмжээгээр тэтгэмж олгохоор хууль зөрчсөн гэж үзэж байгаа. 6 сарын хугацаагаар олгох ёстой. Яагаад гэвэл Нийслэлийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/626 дугаар захирамжаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын чиг үүргээс газрын харилцаатай холбоотой чиг үүргийг тусгаарлаж, Нийслэлийн газрын албанд шилжүүлсэн. Нэхэмжлэл гаргаж байгаа иргэд газрын харилцаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байсан гэж үзэх үндэслэлгүй. 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/635 дугаар захирамж гарсан. А/635 дугаар захирамж нь Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай гэсэн захирамж байгаа бөгөөд энэ захирамжаар Нийслэлийн Засаг дарыгн хэрэгжүүлэгч агентлагуудын бүтэц, орон тоог баталсан. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Нийслэлийн газрын алба гэх хоёр байгууллагад аль алинд нь Хуулийн хэлтэс гэж байхгүйгээр баталсан. 

Нэхэмжлэл гаргаж байгаа иргэд энэ хоёр байгууллагын алинд нь ч хамаарахгүй. 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/626 дугаар захирамжид заасан Газрын албанд шилжих албан тушаалтнуудын орон тоонд ороогүй. 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын бүтэц, орон тоо баталсан захирамж гармагц Хуулийн хэлтэст албан үүрэг гүйцэтгэж байсан нэхэмжлэл гаргаж байгаа этгээдүүд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргатай орж, уулзаж байсан. Ямар асуудлаар уулзсан бэ гэвэл 2016 оны оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/626 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Өмчийн харилцааны газарт зохион байгуулалт болон бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн тэтгэлэг олгож, нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгахыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байдаг. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчиж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр захирамж гарснаас хойш 2 сарын дараа 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргатай ажлаас чөлөөлөгдөж байгаа нь тодорхой болж байгаа тул тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлтийг тавьж орж уулзахад нэгмөсөн шийдвэрлэнэ хүлээж бай гэж хэлж байсан. Нэг мөсөн шийдвэрлэнэ гэдэг нь ямар асуудал байсан бэ гэвэл Нийслэлийн Өмчийн харилцааны газраас газрын харилцааны чиг үүрэг бүхий албан тушаалуудыг Газрын албанд шилжүүлэх асуудлаа Нийслэлийн  шилжүүлэх асуудал яригдаж байсан. Хуулиар бол хоёр байгууллага хамтарч бүтэц, орон тоог шийддэг. Хуулийн хэлтэс байхгүй болсонтой холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа иргэд ямар асуудал тавьсан бэ гэвэл бид шилжиж байгаа албан тушаалтнууд биш байна. Шилжиж байгаа асуудлыг тусад нь шийд, бид нарын асуудлыг шийдвэрлэж өг гэхэд хүлээж бай гэсэн. 

Ингээд байж байх хооронд 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт ороод 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгодог байсан заалтыг өөрчилж, эрх зүйн байдал дордуулж, 3 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор өөрчлөлт оруулсан. Асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ч Нийслэлийн Засаг дарга өөрөө шууд харьяалах агентлагтаа үүрэг даалгавар өгчхөөд байхад түүнийг биелүүлэхгүй байх хугацаанд хуульд өөрчлөлт орж бидний эрхийн байдал дордсон гэж үзэж байна. Эс үйлдэхүй тодорхой хэмжээгээр явагдсан. Нэг байгууллагаас нөгөө байгууллага руу орон тооны хувьд шилжиж байгаа албан тушаалуудтай адилтгаж нэг дор шийдсэнээрээ бидний эрх ашгийг зөрчсөн. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орон тоо хасагдаад, 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох тухай заалтыг 3 сар болгож өөрчлөөд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр албан хаагчдыг чөлөөлөх шийдвэрийг гаргаад, тэтгэлэг олгох тухай шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус гаргасан. Ийм байдлаар эрхийг нь зөрчсөн. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол энэ захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлийг зааж өгсөн. Энэ үндэслэлээр тухайн үед асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэн бол нэхэмжлэл гаргагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байсан гэж үзэж байна. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болон 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд гаргасан эдгээр шийдвэрүүд нь хууль бус юм. Дээрх иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Тийм учраас шүүх Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч гаргагч нэр бүхий таван иргэнд өмнө нь авч байсан 6 сарын цалин хөлсний дундажтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох тухай шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү. 

Хариуцагч байгууллагаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны  өдрийн 8 дугаар тоот тогтоолоор Нийслэлийн Засаг дарга тамгын газар, захирагчийн  ажлын албаны бүтцийг баталж, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн газрын алба, Нийслэлийн  Өмчийн харилцааны газрыг чиг үүргийн хүрээнд тус тусд нь ажиллуулахаар тогтоосон. 

2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/626 тоот захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албанд шилжүүлсэн, мөн уг чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдын орон тоо, цалингийн сан, эзэмшиж байгаа мэдээ баримт, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албанд шилжүүлсэн. 

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/635 тоот захирамжаар дээрхи 2 агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарлалт батлагдсан бөгөөд хуулийн хэлтэс аль ч газарт батлагдаагүй болно. 

Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/626, А/635 дугаар захирамжуудыг үндэслэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/127 тоот тушаалаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын хуулийн хэлтэст ажиллаж байсан Э.А ийг, Б/131 тоот тушаалаар Ё.Э г, Б/132 дугаар тушаалаар Р.Б ыг, Б/134 дүгээр тушаалаар Г.У г, Б/127 дугаар тушаалаар Д.Н ыг тус тусын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Тухайн үед дагаж мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “ ... төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно ...” /энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/...” гэж заасныг үндэслэн нэр бүхий нэхэмжлэгч нарт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаал гаргаж тус бүрд нь 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгосон болно. 

Иймд Төрийн албаны тухай хуулиар тодорхой зохицуулагдсан асуудлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас дур мэдэн өөрчилж, эсхүл нэмэгдүүлж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталж, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газрыг тус, тусад нь ажиллуулахаар тогтоосон. 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/626 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Газрын албанд шилжүүлсэн.

 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/635 дугаар захирамжаар дээрх хоёр агентлагийн бүтэц, орон тооны хязгаарлалтыг батлахад хуулийн хэлтэс аль, аль байгууллагад нь ороогүй. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/635 дугаар захирамжуудыг үндэслэж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тушаалуудаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хуулийн хэлтэст ажиллаж байсан нэхэмжлэгч Э.А , Б.Э , Р.Б , Г.У , Д.Н нар нарыг ажлаас чөлөөлсөн. Тухайн үед дагаж мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нарт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тушаал гарган, тус бүрд нь 3 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэлгийг олгосон. Хуулиар зохицуулсан асуудлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нэмэгдүүлэн шийдвэрлэх үндэслэлгүй байна. 

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө Нийслэлийн Засаг даргын бүтэц, орон тоо баталсан захирамж гарсан. Өмчийн харилцааны газрын дарга санаатайгаар хууль батлагдсанаас хойш тушаалаа гаргасан гэж тайлбарлаж байх шиг байна. Зохион байгуулалтын бүтцийг баталж буй ерөнхий бүдүүвч нь төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж байна, эсхүл ажилд авч байна гэсэн ойлголт биш юм.  Явагдах ёстой процесс явагдаж, энэ нөхцөл байдлыг үүсгэсэн. 

Нэхэмжлэгчийн зүгээс цалин юм уу?, хөлс юм уу? гэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан. Цалин гэдгийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж зааснаар Хөдөлмөрийн тухай хуульд цалин гэдгийг хэрхэн тодорхойлсноор ойлгоно. Хугацааны хувьд хууль 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгоно гэж заасан байна. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжид хэдэн сарын хэдний дотор бүтэц орон тоог батал гэж  хугацааг зааж өгөөгүй. Тэгэхээр санаатайгаар хуульд өөрчлөлт орохыг хүлээсэн асуудал байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Э.А , Ё.Э , Р.Б , Г.У , Д.Н нараас “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ажлаас чөлөөлөгдсний тэтгэмж олгосон Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт албан тушаалын орон тоо хасагдсаны тэтгэлгийг 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгох шийдвэр гаргаж, тэтгэлэг олгохыг даалгуулах нэхэмжлэлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан гаргаж, уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэжээ / хх 23-27/. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтын талаар:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоолоор /хх 43/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталжээ. 

Уг тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/626 дугаар захирамж /хх 36-37/-аар өмнө нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын шинээр байгуулагдсан хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Газрын албанд шилжүүлсэн байна. 

Дээрх Нийслэлийн Засаг даргын захирамжийн 2.2 дахь заалтаар байгууллагын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн тэтгэлэг олгож, тооцоо хийж дуусгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгажээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт /хх 40-41/-аар Нийслэлийн Газрын албыг 178 орон тоотой, Нийслэлийн Өмчийн харилцааны газрыг 65 хүртэл орон тоотой байхаар баталсан. 

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/127, Б/130, Б/131, Б/132, Б/134 тушаалууд /13, 15, 17, 19, 21/-аар   нэхэмжлэгч төрийн захиргааны албан хаагчдыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Маргаан бүхий акт буюу Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын  11-ний өдрийн Б/442, Б/441, Б/440, Б/439, Б/438 дугаар тушаал /хх 14, 16, 18, 20, 22/-аар нэхэмжлэгч Э.А , Ё.Э , Р.Б , Г.У , Д.Н нарт байгууллагын чиг үүрэг, бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажлаас чөлөөлөгдсөн гэж 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна. 

Дээрхээс дүгнэхэд: Байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын ажиллаж байсан хуулийн хэлтсийн орон тоо байхгүй болж тэдний ажиллаж байсан орон тоог  2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгууллагын бүтцээс бүр мөсөн хассан шийдвэрийг Нийслэлийн Засаг даргаас гаргасан, уг шийдвэр гарснаас хойш 1 сар орчмын дараа нэхэмжлэгч нарыг ажлаас нь чөлөөлж, ажлаас чөлөөлснөөс хойш 20 орчим өдрийн дараа тухайн үеийн мөрдөгдөж байсан хуулийг баримтлан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн зэрэг байдал тогтоогдож байна.

Хариуцагч байгууллагаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Э.А д 2,272,077 төгрөг, Р.Б од 1,620,099 төгрөг, Д.Н т 1,620,099 төгрөг, Г.У д 1,620,099 төгрөг, Ё.Э д 1,885,032 төгрөг /хх 52, 93/ картын дансанд нь шилжүүлжээ. 

Хариуцагч 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохдоо нэхэмжлэгч нарын авч байсан үндсэн цалингийн хэмжээгээр тогтоосон, харин тэдний цалин хөлсөд хамаарах нэмэгдлүүдийг оруулан тооцоогүй гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх 78-80/, нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмжийн хуудас /хх 52, 93/, цалингийн тооцоолол /хх 88-92/ зэргийг харьцуулан дүгнэхэд тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч нараас “тэтгэмжийн хэмжээг тогтоосон хууль зүйн үндэслэлийн талаарх тайлбарыг албан ёсоор өгнө үү.” гэсэн агуулга бүхий өргөдөл /хх 12/-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргаж, хариуг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас өгчээ. 

Үүний дараа нэхэмжлэгч нараас шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

Талуудын маргаж буй үйл баримтын талаар:

Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нэхэмжлэгч талын тайлбаруудыг дүгнэхэд: “тэтгэмжийг тооцохдоо үндэслэл болгосон хууль тогтоомж нь тодорхойгүй, маргаан бүхий актыг мэдэгдэж, гардуулаагүй, төрийн захиргааны албан хаагчийн хувьд цалин, цалин хөлс гэсэн ойлголтыг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэрэглэх байтал цалин хөлсөд хамаарах нэмэгдлүүдийг оруулалгүйгээр зөвхөн үндсэн цалинг олгосон, актыг гаргахдаа орон тоо хасагдсан үеийн хуулийн заалтыг баримтлаагүй, орон тоо хасагдсан үеийн хуульд зааснаас бага хэмжээтэй тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч 5 иргэнээс маргаан бүхий актыг илт хууль бус гэж маргажээ.

Харин хариуцагч талын тайлбаруудаас дүгнэхэд: “2 агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарлалт батлагдсны дагуу хуулийн хэлтэс аль ч байгууллагад батлагдаагүй, маргаан бүхий актыг гаргах үед Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрчлөлт орсон байсан, акт гаргах үеийн хуулиар 3 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн, хуулийг дур мэдэн өөрчилж, нэмэгдүүлэх эрх хариуцагч байгуллагад байхгүй, хуульд зөвхөн цалин гэж заасан, Хөдөлмөрийн тухай хуулийг энэ харилцаанд хэрэглэхгүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хуульд нийцсэн гэж маргажээ.

Шийдвэрийн хууль зүйн үндэслэл, түүнийг нотлох баримтаар тогтоогдсон үйл баримттай холбон дүгнэсэн талаар:

Маргаан бүхий захиргааны актуудаар байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч нарт 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн. 

Маргаан бүхий актууд нь ажил олгогч буюу төрийн байгууллагаас төрийн захиргааны албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар гаргасан үйл ажиллагаа буюу шийдвэр байна.

Иймээс хариуцагчаас төрийн захиргааны алба хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн  шийдвэр гаргаж, үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон илүү нарийвчилсан харилцааг зохицуулсан бусад хуульд заасан зарчим, эрх, үүргийг заасан хэм хэмжээг баримтална. 

 Төрийн албаны тухай хуулийн зорилтыг тодорхойлсон 1 дүгээр зүйл, Төрийн албан хаагчийн баталгааг зохицуулсан 27 дугаар зүйл зэргээс үзэхэд төрийн захиргааны /төрийн жинхэнэ/ албан хаагчийн баталгаа, нэмэгдэл баталгаа буюу төрийн захиргааны албан хаагчид төрийн албыг хэрэгжүүлсний төлөө олгогдож байгаа боломж, нөхцөлүүдийг энэ хуулиар нарийвчлан зохицуулсан. Энэ хуулийн заалтаар зохицуулсан төрийн албан хаагчийн баталгаа, нэмэгдэл баталгаа нь төрийн захиргааны албан хаагчид олгогдож байгаа эрх, харин ажил олгогч төрийн байгууллагад энэхүү баталгааг төрийн захиргааны албан хаагчид эдлүүлэх үүрэгтэй бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагаа уг баталгааг хангахад чиглэгдэх нөхцөлийг зохицуулсан гэж үзнэ. 

Өнөөдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:” 27.2.4-т “төрийн байгууллага ... өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “орон тоо хасагдсан” гэдгийг Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д “...“орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино...”, Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “…27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан ...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д зааснаар ойлгоно.” гэж заажээ. 

Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нарын өмнө нь ажиллаж байсан байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тэднээс үл хамаарах шалтгаанаар нэхэмжлэгч нарын ажиллаж байсан хуулийн хэлтсийн орон тоо алга болж тэдний ажиллаж байсан ажлын байр бүр мөсөн байхгүй болсон буюу хасагдсан байна. 

Төрийн албаны тухай хуулийн дээр дурдсан 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдол” нь тухайн захиргааны байгууллагын бүтэц орон тооны асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Нийслэлийн Засаг даргаас  2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  нэхэмжлэгч нарын ажиллаж байсан хуулийн хэлтсийн орон тоог хассан шийдвэр гаргасан өдрөөс эхлэн үүссэн гэж үзэхээр байна.

Иймээс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн буюу тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага ...өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан баталгаагаар нэхэмжлэгч нар нь хангагдах эрхтэй юм. 

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч нарын орон тоо хасагдсан тохиолдлын хугацааг бодит байдлаас өөрөөр тогтоож 3 сарын тэтгэлэг олгох тухай маргаан бүхий акт гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн “27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:” 27.2.4-т “төрийн байгууллага ... өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;” гэж заасан хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэгч нарт Төрийн албаны тухай хуулиар олгогдох байсан баталгааг дордуулсан /багасгасан/ хэлбэрээр эдлүүлэх шийдвэр гаргажээ. 

Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцээгүй байна. 

Түүнчлэн маргаан бүхий актууд нь нэхэмжлэгч нарын орон тоо хасагдсан өдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасантай нийцээгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим, 4.2.6-д заасан төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах төрийн албанд баримтлах зарчмыг зөрчсөн үйлдэл байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагчаас нэхэмжлэгч нарын орон тоо хасагдсан тохиолдлын хугацааг бодит байдлаас өөрөөр тогтоож тэтгэмж олгосон акт гаргасан өдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэгч нарт Төрийн албаны тухай хуулиар олгогдох байсан баталгааг дордуулсан хэлбэрээр эдлүүлэх шийдвэр гаргах үндэслэл байгаагүй учир маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус байдлыг агуулж байна. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-д төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, бусад нэмэгдлээс бүрдэхээр заажээ. 

 

Иймээс маргаан бүхий актуудаар нэхэмжлэгч нарын зөвхөн үндсэн цалинг тооцон тэтгэмж олгосон, тэдний удаан жил, зэрэг дэвийн нэмэгдлүүдийг оруулан тооцоогүй үйлдэл нь дээр дурдсан хуулиудад нийцэхгүй байна. 

Мөн хариуцагч талаас “хуульд зөвхөн цалин гэж заасан, Хөдөлмөрийн тухай хуулийг энэ харилцаанд хэрэглэхгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Дүгнэхэд, нэхэмжлэгчид хуульд заасан агуулгаас багасгаж тэтгэмж олгосон  маргаан бүхий актууд нь илт хууль бус бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан төрийн албан хаагчийн тэтгэмж авах, 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг авах нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий актуудын улмаас зөрчигдсөн гэдэг нь тогтоогдож байна. 

Үүний учир төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч нарын төрийн албан хаагчийн 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тэтгэмж авах эрх, хууль ёсны сонирхлыг шүүхээс сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.4 /2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөгдөж байсан/, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А , Р.Б , Д.Н , Г.У , Ё.Э нараас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт албан тушаалын орон тоо хасагдсаны тэтгэлгийг 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгох шийдвэр гаргаж, тэтгэлэг олгохыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай. 

2.Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/626 дугаар захирамж гарсан өдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу нэхэмжлэгч Э.А , Ё.Э , Р.Б , Г.У , Д.Н нарын ажиллаж байсан орон тоо хасагдсаны 6 сарын цалин хөлс /үндсэн цалин, удаан жилийн, зэрэг дэвийн нэмэгдэл/-тэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгохыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ               А.САРАНГЭРЭЛ