Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2019/0236/З |
Дугаар | 221/МА2019/0546 |
Огноо | 2019-10-23 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2019/0546
Д.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0415 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Д-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0415 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын нэхэмжлэгч Д.Дийг Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /шинэ нэрээр/-ын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/163 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилж, ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг хөлстэй тэнцэх нөхөн олговрыг түүний өмнө нь авч байсан ТЗ-12 зэрэглэлийн 3 дугаар шатлалын 921.067 төгрөгөөр тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Засгийн газрын “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай” 2018 оны 370 дугаар тогтоолыг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/144, “Ажил, албан тушаалд томилох тухай” Б/145 дугаар тушаал тус тус батлагдаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д заасны дагуу нийт албан хаагчдад сонсгох ажиллагааг зохион байгуулсан.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэсэн зохицуулалттай юм.
Ийнхүү Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Дийг ажлаас чөлөөлсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2016/1071, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0255 дугаар магадлалаар Б.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн талаар хэлэлцсэн. Уг магадлалаар Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 03 дугаар тушаалаар Д.Дийг томилсон нь хууль бус болохыг тогтоож, Б.Б-ийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон байна. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтыг шинжлэн судлаагүй байна.
Мөн захиргааны хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 7 дугаар зүйлийн 7.5-д эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарахаар заасан. Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 18 дугаар зүйлийн 18.3-д эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарахаар заасан. Харин Төрийн албаны зөвлөлийн 01 дүгээр сарын 11-ний 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтад Төрийн захиргааны албан тушаалын эрхэлсэн түшмэл, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагад тухайн албан тушаалтан нь Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байхаар зохицуулсан байна. Гэвч төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзлыг нэхэмжлэгч Д.Д нь хангаж буй эсэхэд шүүхэд удаа дараа хандаж, нотлох баримтыг үнэлэхдээ анхаарах шаардлагатайг хүссэн боловч тухайн үйл баримтыг бүрэн судалж үзээгүй, үнэлээгүй юм. Учир нь нэхэмжлэгч Д.Д нь төрийн албанд анх 2016 оны 08 дугаар сард Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч, даргаар томилогдсоноос өмнө огт төрийн албанд ажиллаж байгаагүй, удирдах ажилтны шаардлагад туршлагын хувьд шаардлага хангахааргүй байсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс Засгийн газрын “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийг батлах тухай” 2018 оны 370 дугаар тогтоолыг үндэслэн мөн анхнаасаа хууль зөрчиж томилогдсон Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Дийг ажлаас чөлөөлснийг шүүхээс буцаан томилохоор даалгасан нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй болон үйлчилж байсан холбогдох хуулийг зөрчиж, төрийн албан хаагчийн тусгай болзол шаардлага хангаагүй хүнийг томилж шийдвэрлэсэн шийдвэр нь илт хууль зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
Д.Д-ийн нэхэмжлэлтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарын бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт тус яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.А-ыг түр томилсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасныг ноцтой зөрчиж гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулалгүй мөн хэргийн материалтай танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.
Нэхэмжлэлийн шаардлагад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/163 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан бөгөөд уг тушаал нь Авлигатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05/11233 дугаар албан бичгийг үндэслэсэн бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасан. Гэтэл уг газраас ирүүлсэн албан бичигт “...Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад нэр дэвшсэн Б А нартай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасныг тус тус үндэслэн холбогдох хяналт шалгалтын ажлыг явуулж байна” гэж дурдсан нь уг этгээдийг албан тушаалд томилохгүй байх үндэслэл болохгүй юм. Учир нь тус хуулийн 23 дугаар зүйлийн тайлбарт “23.9.Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ” гэж заасантай зөрчилдөж байгаа бөгөөд уг албан бичгийг үндэслэн шүүх шийдвэр гаргасан нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д заасны дагуу гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг хариуцагчаас гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0415 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Б.А давж заалдах гомдолдоо: “Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолыг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/144, Б/145 дугаар тушаал тус тус батлагдаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д заасны дагуу нийт албан хаагчдад сонсгох ажиллагааг зохион байгуулсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д гэсэн зохицуулалттай юм. Ийнхүү Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Дийг ажлаас чөлөөлсөн болно.
Мөн тогтоолын 4 дүгээр заалтад “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “к” заалт, “Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсон нь нэхэмжлэгч Д.Д-ийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргын албан тушаалын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, тус газар нь Хүнд үйлдвэр, газрын тосны газрын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болсон.
Гэвч анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0415 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч Д.Д-ийн ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлд бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдах нөхцөл байдал үүсээгүй байх тул дээрх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй” гэснийг хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь одоо миний эрхэлж байгаа албан тушаал нь “хүнд үйлдвэр”, “газрын тос” гэсэн хоёр салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэгтэй билээ. Нэхэмжлэгч Д.Д-ийн өмнө хашиж байсан ажлын чиг үүрэгт зөвхөн Хүнд үйлдвэрийн бодлогын асуудал л хамаардаг байсан боловч анхан шатны шүүхээс бүтэц орон тоо, чиг үүрэг өөрчлөгдөөгүй гэсэн шийдвэрийг гаргасан нь нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, асуудлыг бүх талаас нь хараагүй хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч Д.Д-ийн шаардлагад надад холбогдох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/163 дугаар тушаал нь Авлигатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05/11233 дугаар албан бичгийг үндэслэсэн бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасан. Гэтэл уг газраас ирүүлсэн албан бичигт “...Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад нэр дэвшсэн Б А нартай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасныг тус тус үндэслэн холбогдох хяналт шалгалтын ажлыг явуулж байна” гэж дурдсан нь намайг албан тушаалд томилохгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Учир нь тус хуулийн 23 дугаар зүйлийн тайлбарт “23.9 Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ” гэж заасантай зөрчилдөж байгаа бөгөөд уг албан бичгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Б.А холбогдох Б/163 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д, 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу Б.Б-ийн нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2016/1071 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0255 дугаар магадлалыг татан авч хэрэгт хавсаргаагүй, тус шийдвэр магадлалд нэхэмжлэгч Д.Д нь хуучин эрхэлж байсан Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргын албан тушаалд тэнцэхгүй, эрхэлж болохгүй, хүчин төгөлдөр шийдвэрийг хэлэлцээгүй зэрэг үндэслэл байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0415 дугаар шийдвэрийг буцаах хүсэлтэй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Доос Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарын бичгийн даргад холбогдуулан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Д.Дийг “Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/163 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Анх нэхэмжлэгч Д.Д нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/70 дугаар тушаалаар Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргын албан тушаалд томилогдсон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 370 дугаар тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/144 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг тус яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.
Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалт батлах тухай” Б/145 дугаар тушаалаар “Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга”-ын орон тоог хариуцагч баталсан боловч нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд томилоогүй нь хууль бус байна.
Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/13 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ажлын байрны тодорхойлолт”, шинээр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар батлагдсан “Ажлын байрны тодорхойлолт”-оор нэхэмжлэгчийн маргаж буй Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын орон тоо, зэрэглэл өөрчлөгдөөгүй, ажлын байрны чиг үүрэг хасагдаагүй болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод хэвээр хадгалагдсан байхад түүнийг ажлаас чөлөөлж, албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй нь төрийн албан хаагчид хуулиар олгогдсон баталгааг зөрчсөн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Иймд нэхэмжлэгчийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон тул тус яамны бүтэц зохион байгуулалтын нэгж өөрчлөгдөхөд хуучнаар Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Дийг албан тушаалд томилоогүй атлаа Хүнд үйлдвэрийн бодлогын газрын Металл бус шатах ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.А-ыг томилсон хариуцагчийн Б/163 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар давж заалдах гомдолдоо “...Төрийн нарийн бичгийн дарга нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/144, Б/145 дугаар тушаалуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д заасны дагуу нийт албан хаагчдад сонсгох ажиллагааг зохион байгуулсан” гэжээ.
Гэвч нэхэмжлэгч уг сонсох ажиллагаанд оролцож, тайлбар, санал гаргасан эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Тиймээс хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг журмыг биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2016/1071, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА20170255 дугаар магадлалаар Б.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн талаар хэлэлцсэн. Уг магадлалаар Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 03 дугаар тушаалаар Д.Дийг томилсон нь хууль бус болохыг тогтоож, Б.Б-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон байна. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтыг шинжлэн судлаагүй” гэх давж заалдах гомдлын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо Б.Батхүүгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хавсаргасан ч тус баримтуудыг давж заалдах шатны шүүх үнэлэх хууль зүйн үндэслэлгүй. Харин хариуцагчаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4-д заасан үүргээ хэрэгжүүлж анхан шатны шүүхэд өөрөө гаргаж өгөх бүрэн боломжтой байжээ.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт бичвэрийн алдаа байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0415 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...үргэлжлүүлэн ажиллуулахаар томилж...” гэснийг “үргэлжлүүлэн ажиллуулахаар томилохыг даалгаж” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН