Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1558

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Эрдэнийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04915 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Номин-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжпийн төвийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа Баянзүрх дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ хангалттай биелүүлж, идэвхи санаачлагатай ажиллаж ирсэн. Би жирэмсний хүндэрлийн улмаас 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 17-ныг хүртэл өвчтэй чөлөөтэй байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот захирамж гарч миний албан тушаалыг бууруулан, тус төвийн ахлах мэргэжилтэн болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т ...эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгална гэж заасан байхад энэ заалтыг зөрчиж, намайг өвчтэй чөлөөтэй байх үеэр миний албан тушаалыг бууруулсан. Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот захирамжтай танилцахад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Үр дүнгийн гэрээний 5.2, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн дүрмийн 5.3 дахь заалтад үндэслэн гаргасан байсан. Төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас бууруулах, төрийн албанаас чөлөөлөх тохиолдолд Төрийн албан тухай хуулийг баримтлах ёстой. Гэтэл Төрийн албаны хуульд заагаагүй үндэслэлээр албан тушаал буруулсан байна. Жирэмсний амралтаа авсан байсан хүмүүс миний эсрэг өргөдөл гомдол гаргаж, төвийг үйл ажиллагааг шалгуулсан. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас манай төвд урьдчилан мэдэгдэлгүй, хариуцсан ажилтан байхгүй байхад гэнэт шалгалт явуулж, янз бүрийн зөрчил дутагдал зохиомлоор үүсгэж гаргасан. Энэ баримтандаа үндэслэн Нийслэлийн гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа нь надад арга хэмжээ авахуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясахад албан тоот хүргүүлсэн байдаг. Я.Байгалмаад надад арга хэмжээ авахуулах санал явуулах эрх хэмжээ байхгүй. Энэ байдлаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, түүний орлогч Т.Баясах, Нийслэлийн газрын дарга Я.Байгалмаа нар нь үгсэн хуйвалдаж миний эсрэг ажилтан албан хаагч нарыг турхирч энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын 2015 оны 11 сарын 26-ны өдөр гаргасан Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах удирдамжинд Монгол улсын Засгийн газрын 2013 ны 322 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1146 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журмын хүрээнд зохион байгуулна гэж заасан байх боловч журамд заагаагүй арга хэмжээг авч Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжпийн төвийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэ намайг албан тушаал буруулсан. Өөрөөр хэлбэл албан тушаал бууруулах үндэслэл болгосон шалгалт нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй байна. Ийнхүү Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/20 тоот захирамж нь Төрийн албаны хууль зөрчсөн бөгөөд мөн албан тушаал бууруулах үндэслэл нь тогтоогдохгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн даргын албан тушаал эргүүлэн томилж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н.Эрдэнийг албан тушаал бууруулсан захирамж үндэслэлтэй нь дараах үндэслэлээр нотлогдоно. Тус төвөөр үйлчлүүлсэн иргэд болон төвийн мэргэжилтнүүдээс удаа дараа Н.Эрдэнийн талаар гомдол ирүүлсэн байна. Тухайлбал, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А150901021 дугаартай гомдолд тодорхойлолт авах гээд очиход бүдүүлэг ёс зүйгүй харьцсан, тус төвийн 9 мэргэжилтэнг төлөөлж П.Амараас Н.Эрдэнийн харилцааны доголдол, удирдах ажилтны ёс зүйгүй байдлын улмаас хамтран ажиллах боломжгүй тул зохих арга хэмжээг авч өгөхийг хүссэн байдаг.

2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус төвийн албан хаагчдаас ирүүлсэн өргөдөлд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан уулзалтаас хойш төвийн дарга Н.Эрдэнийн зүгээс эвлэрэн ажиллах эерэг алхам хийгээгүй, мэргэжилтнүүдийг нэг нэгээр нь болон бөөнд нь өрөөндөө дуудаж загнах, хууль хяналтын байгууллагаар шалгуулна хэмээн заналхийлэх, дүүргийн удирдах ажилтнуудтай уулзлаа гэж цалин хасах, дарамтлах болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.2 дахь заалт, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нийт мэргэжилтнүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар тус төвийн нэр бүхий 7 мэргэжилтнүүдээс ажил хаялт хийх болсныг зарласан.

Засаг даргын орлогч Т.Баясах 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1 а/1259 тоот албан бичгээр ажил хаялтаа зогсоож, үндсэн ажлаа үргэлжлүүлэн хийх тухай албан тоот хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу шалгахад шалгалтын дүнгээр тус төвийн үндсэн үйл ажиллагаа хангалтгүй гэж үнэлэгдсэн байдаг.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Баясахад хандан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/185 дугаар албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт төвийн дарга Н.Эрдэнийг Удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, түүнтэй цаашид хамтран ажиллах боломжгүй тул зохих арга хэмжээг авч өгөхийг хүссэн агуулга бүхий гомдол ирүүлснийг хүлээн авч, гомдлын мөрөөр тодорхой ажлуудыг хуулийн дагуу зохион байгуулж, холбогдох баримт бичгийг санал дүгнэлтийн хамт ирүүлсэн тухай заасан.

Дүгнэлтээр тус төвд төрийн албаны үндсэн зарчим болох удирдлагын манлайлал, төрийн албан хаагчийн ёс зүй, захирах, захирагдах, удирдах, удирдуулах ёсны зарчим алдагдсан байна. Төвийн дарга нэгдсэн удирдлагаар ажилтнуудыг хангах, төвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, чиглүүлэх чиг үүрэг хангалтгүй. Албан хаагчдын ёс зүй, ажлын ур чадвар, баримт бичиг боловсруулалт, төлөвлөлт, тайлагналт, ажпын хариуцлага хангалтгүй, байгууллагын дотоод ажил, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа хангалтгүй, бодлогын зорилт болон дүрмээр хүлээсэн үүргийн төлөвлөлт, тайлагналт, хяналт үнэлгээ хийх ажил хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн.

...Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд 9 дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүдийг хяналт, мэргэжил, арга зүй, удирдлагаар хангаж ажилладаг байгууллага байхад нэхэмжлэгч маргаж буй нь ойлгомжгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/171 дүгээр захирамжаар батлагдсан Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар төвийн даргыг дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлдөг тул дүүргийн Засаг даргад арга хэмжээ авах үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн зүгээс өвчтэй чөлөөтэй байгаа тухайгаа албан ёсоор байгууллагад мэдэгдээгүй тул томилсон албан тушаалтан мэдэх боломжгүй болно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийг баримтлан албан тушаал бууруулах ёстой байсан гэж маргасан. Иргэн Н.Эрдэнийн хувьд Төрийн үйлчилгээний албан хаагч тул төрийн жинхэнэ албан хаагч гэсэн ангилалд хамаарагдахгүй, түүнийг албан тушаал бууруулахад төрийн албаны тухай хуулийг баримтлах үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч Н.Эрдэнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зэрэг нь Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар болон дүүргийн ажлын хэсгийн шалгалтуудаар тогтоогдож байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Үр дүнгийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дүрмийн 5.3 дахь заалтыг үндэслэж тус төвийн ахлах мэргэжилтэн болгож албан тушаалыг бууруулсан. Дээр дурдсаны дагуу нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш тул Төрийн албаны тухай хуулийг баримтлах үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан байна. Хөдөлмөрийн тухай хуульд албан тушаал бууруулах зохицуулалт байхгүй учраас маргаан бүхий акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/120 дугаар захирамж нь хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй болно. Ажил олгогчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэсэн үндэслэлийг маргаан бүхий актад агуулгаар нь тусгаж өгсөн...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн 2015 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө нь тус үр дүнгийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасанчлан гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Шалгалтын илтгэх хуудас, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Баясахын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар баталсан шалгалтын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн илтгэх хуудсаар тус тус сахилгын зөрчлүүд тогтоогдсон байдаг. Тухайлбал, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Шалгалтын илтгэх хуудаст бодлогын зорилтын хүрээнд илэрсэн зөрчлийн 2 дахь хэсэгт Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар 9 албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан байх боловч өвчтэй байсан 1 албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан байна /эмчийн магадлагаатай/ гэж дурдсан байна. Нийт 9 мэргэжилтэнтэй байгууллагын бүх ажилтнаа бүгдийг нэг зэрэг 1 сарын хугацаагаар үндсэн цалинг 15 хувиар бууруулж шийдвэрлэсэн нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын зөрчлийг тогтоосон байх шаардлагыг зөрчиж байна. Мөн албан хаагчиддаа нийтэд нь үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан явдал нь удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл болно. Мөн байгууллагын үйл ажиллагааны тайлангуудад үнэлгээ хийгдээгүй, цаасаар гаргаж хэрэг бүрдүүлээгүй, албан хаагч нарын ажлын гүйцэтгэл, тайлан бичилт хангалтгүй, төвийн даргын зүгээс биелэлтэнд хяналт тавьж, баталгаажуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг баталсан боловч албан хаагч нар чиг үүргийн дагуу ажилладаггүй, Төвийн баримтлах ёстой дүрэмд заасан 9 чиг үүргийг 2013-2015 оны төлөвлөгөөнд тусгаагүй, байгууллагын цахим хуудасны баяжилт хангалтгүй, зарим цэснүүд хоосон зэрэг нь холбогдох хууль тогтоомж, үр дүнгийн гэрээ, гэрээний салшгүй хэсэг болох төлөвлөгөөнд заасан авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх, ажлыг эрчимжүүлж, нийтийн албаны үйл ажиллагааг иргэдэд ил тод, ялгамжгүй шударга, хүртээмжтэй, хүнд сурталгүй хүргэнэ гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжпийн асуудал эрхэлсэн орлогч Т.Баясахын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар баталсан шалгалтын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн илтгэх хуудасны Бодлого зорилтын хүрээнд илэрсэн зөрчил хэсэгт албан хаагчид ур чадварын нэмэгдэл нөхөн олгох тухай тушаал гаргасан нь Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт зөрчсөн, үндсэн үйл ажиллагааны хүрээнд гэсэн хэсэгт хүүхдийн аж байдлын талаарх мэдээллийн бааз үүсгээгүй, судалгааны хавтсанд 2013 оноос хойшхи судалгаа байгаагүй гэсэн нь үр дүнгийн гэрээний Нийгэм эдийн засгийн 2015 оны зорилтын заалтын 4.1.3-д заасан гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачлагад суурилсан тогтолцоо бүрдүүлэх заалтын хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдийн судалгааг шинэчлэх гэсэн заалтыг зөрчсөн, үндсэн хөрөнгө, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжид тооллогоор нийт 44 118 410 төгрөгийн үлдэгдэлтэй байхаас 1 190 000 төгрөгийн нөүтбүүк 1 ширхэг, 1 399 900 төгрөгийн үнэтэй зургийн аппарат дутаж, 41 528 510 төгрөгийн эд хөрөнгө тоологдсон нь үр дүнгийн гэрээний манлайллын зорилтод дурдсан арга хэмжээний 3а, 3б заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д контрактад заасан үндэслэл буй болсон тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцалж болох тухай заасан байна. Маргаан бүхий актын хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Нэхэмжлэгчид 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг ирүүлэх үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардсан боловч ирүүлээгүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Эрдэнэг Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргаас цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт 1 670 113 төгрөг гаргаж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговрын хүрээнд хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 182 072 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь " ...Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 18-д зааснаар үр дүнгийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанг Хөдөлмөрийн тухай хуульд заасан контрактаар ажиллаж байгаа ажилтантай адилтгаж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл дотор албан тушаал бууруулах тухай заагаагүй тул дээрх Б/20 дугаар захирамж нь буруу гарсан бөгөөд хэлбэрийн шаардлага хангаагүй байна. Учир нь захирамжид өмнөх албан тушаалаас чөлөөлсөн, өөр албан тушаалд томилсон талаар дурдагдаагүй байна. Гэвч агуулгын хувьд өмнөх албан тушаалаас чөлөөлсөн гэж үзнэ. Улмаар үр дүнгийн гэрээний 5.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заагаад, 5.3-т сануулах 2 шар карт авсан бол улаан карт өгч гэрээг цуцлах тухай зохицуулжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарлаж байх боловч үр дүнгийн гэрээнд заасан сануулах болон гэрээг цуцлах тухай шар, улмаар улаан карт өгч байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар тайлбар гаргахгүй байна. Түүнчлэн дээрх 33 дугаар тогтоолын 8.3-т "Ажилтан контрактад тусгагдсан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйд гэм буруутай нөхцөлийн аль хэлбэрт нь ямар шийтгэл ногдуулах болон бусад хариуцлагыг ямар хэмжээгээр хүлээлгэхийг талууд контрактаар тохиролцон тогтооно" гэж заасныг зөрчиж үр дүнгийн гэрээнд энэ талаар зохицуулсан заалт байхгүй. Иймд дээрх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох буюу даргын албан тушаалаас чөлөөлөх үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм...Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан байна. Уг заалтыг хэрэглэх нөхцөл нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн байхыг шаардаж байна. Гэтэл анхан шатны шүүх хөдөлмөрийн контракт гэж үзнэ гэж дурдсан атлаа хөдөлмөрийн гэрээнд хамаарах заалтыг удирдлага болгон шййдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд хамаарч байна...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Нийслэлийн болон дүүргийн сонгуулийн хорооны тогтоолоор сонгуулийн хорооны гишүүн, санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай тул шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсэж хүсэлт гаргасаар байтал хүсэлтийг үл хэрэгсэн хурлыг хийсэн нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхийг зөрчсөн үндэслэл болно. Мөн анхан шатны шүүх гэрч асуулгах хүсэлтийг хангаж захирамж гаргасан атлаа түүнийгээ хэрэгжүүлэлгүй шууд шүүх хурлыг хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Н.Эрдэнэ нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/82 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргаар томилон, ТҮ-9-1 шатлалаар цалинжиж хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Үр дүнгийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, Хүүхэд хөгжлийн төвийн дүрмийн 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, албаны чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж түүнийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус төвийн ахлах мэргэжилтэн болгон албан тушаал бууруулсан байна. /хх 10, 19/

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл дотор албан тушаал бууруулах тухай заагаагүй тул дээрх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот захирамж нь хууль зөрчсөн, хэлбэрийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

            Хэргийн 14 дүгээр талд авагдсан үр дүнгийн гэрээний 5.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр, 5.3-т сануулах 2 шар карт авсан бол улаан карт өгч гэрээг цуцлах тухай заажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч ажилтныг ажлаас халах ноцтой зөрчил гаргасан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж мэтгэлцээгүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох буюу албан тушаалаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Н.Эрдэнэд олгож,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын гаргасан хүсэлтээр тус тус хойшлуулж байжээ. /хх 60-65, 100-102, /

 

Анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч талд мэдэгдсэн байна. /хх-103/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.” гэж заажээ.

 

Хэргийн 123-126 талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар сонгуулийн хэсэгт ажиллаж байгаа ажилтнуудад ажлаас цалинтай чөлөөлөхөөр зохицуулсан байх тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04915 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Монголын Энхтайван найрамдлын байгууллагын төлсөн 500 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

  

                                      ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

                      

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН