Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 624

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

        Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Сэлбэ 23 гудамж, 577 тоот хаягт оршин суух Боржигон овогт Төмөрчөдөрийн Цогтцацрал /рд:ЧС85081303/-ын нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

        Эд хөрөнгийг хураасан тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

        Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Цогтцацрал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хийж байна. 2016 оны 02 сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуун овоо, АОС гудамж, 6 тоотод ирж, Т.Цогтцацрал миний өмчлөлийн 164 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 126 м.кв талбайтай 2 давхар байшинг “Май капитал” ХЗХ-ны төлбөрт хураан авсныг 2016 оны 5 сарын 17-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч Б.Наранчимэг дээр очиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай танилцахдаа мэдлээ. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Цолмонтуяа нь 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 04/02 эд хөрөнгө хураасан тогтоол үйлдэж хууль бусаар хураан авсан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 04/02 эд хөрөнгө хураасан тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 сарын 24-ний өдрийн 85 дугаартай шийдвэрээр 25,271,840 төгрөгийн төлбөрт хураав гэжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 04/02 дугаар эд хөрөнгө хураасан тогтоол үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “...хөндлөнгийн гэрчээр ...тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн сонирхолгүй ...эсхүл захирах захирагдах ёсны холбоогүй ...хүнийг оролцуулж болно...” гэж заасан байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан буюу захирах захирагдах ёсны холбоотой ажилтан нарыг оролцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Мөн хөндлөнгийн гэрчээр Баянзүрх дүүргийн 1-р хороо 18-7 тоотод оршин суух, Намнансүрэнгийн Эрдэнэбулга, Хан-Уул дүүргийн 3-р хороо, Арцатын 3-7 тоотод оршин суух, Дулмаа овогтой Батбаяр нарыг оролцууллаа гэсэн боловч эдгээр гэрч нарын регистрийн дугаар тодорхойгүй байна.

2016 оны 5 сарын 23-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан болно. Гэтэл хууль заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хариу авахаар уулзсан боловч, ахлах шийдвэрийн тогтоолыг өгөхгүй байгаа бөгөөд хариу мэдэгдэх хуудас өгсөн болно. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 183/02 дугаар эд хөрөнгийг хураасан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрээр Төмөрчөдөрийн Цогтцацралаас 25,271,840 төгрөг гаргуулж “Май капитал” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут АОС гудамжны 6 тоот хувийн орон сууц, газрыг 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 15/85 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 04/02 дугаартай тогтоолоор хурааж, 2016 оны 5 сарын 17-ны өдөр төлбөр төлөгч Т.Цогтцацрал нь үнийн саналаа өгч албадан дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлтийг гаргасан. Уг үнийн саналыг төлбөр авагч “Май капитал” ХЗХ хүлээн зөвшөөрч 2016 оны 5 сарын 27-ны өдрийн 6/225 дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд, 2016 оны 7 сарын 08-ны өдрийн 7/244 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаагаар орсон боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хураах тогтоол хуулийн дагуу явуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу явуулж хөндлөнгийн гэрч нарыг байлцуулсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд Т.Цогтцацралын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Т.Цогтцацрал нь “Май капитал” ХЗХ-нд гишүүнээр элсэн орж өөрийн санхүүгийн тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхээр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан зээл авсан байдаг. Улмаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зугтаж алга болсон байдаг. “Май капитал” ХЗХ нь шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй буцааж байсан. Эцэст нь Т.Цогтцацралыг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоосноор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэр гарч 25,271,840 төгрөгийг Т.Цогтцацралаас гаргуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэж байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай саад учруулах зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг гүжирдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үнэн бодит байдлаас илт өөрөөр шүүх хяналтын байгууллагын үйл ажиллагааг саатуулах зорилготой гэдэг нь илт байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч Т.Цогтцацрал нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгийг хураасан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

        Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 сарын 18-ны өдрийн 301 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 5 сарын 14-ний өдрийн 314 дүгээр тогтоолоор хариуцагч Т.Цогтцацралаас 25,271,840 төгрөгийг  гаргуулж “Май капитал” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн ба 2015 оны 8 сарын 07-ны өдөр 2468 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас гарч албадан гүйцэтгүүлэхээр болжээ. /хх-35-45х/

 

        Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгчийн хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуут АОС 9 гудамж, 6 тоот хаягт байршилтай 164 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 126 м2 талбайтай хувийн сууцыг 2015 оны 10 сарын 27-ны өдөр битүүмжилж /хх-56х/, 2016 оны 02 сарын 03-ны өдөр хураасан байна. /хх-63х/

 

        Улмаар 2016 оны 5 сарын 17-ны өдөр төлбөр төлөгч Т.Цогтцацралаас үнийн санал авч, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 250,000,000 төгрөгийг төлбөр авагч “Май капитал” ХЗХ хүлээн зөвшөөрсөн /хх-70х, 74-75х/ тул 2016 оны 6 сарын 10-ны өдөр дуудлага анхны албадан дуудлага худалдаанд, 2016 оны 6 сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулжээ. /хх-80х, 84х/ 

       

        Нэхэмжлэгч Т.Цогтцацрал нь эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхдээ захирах, захирагдах ёсны холбоотой ажилтан нарыг хөндлөнгийн гэрчээр байлцуулсан, мөн хөндлөнгийн гэрч нарын регистрийн дугаар тогтоолд тусгагдаагүй тул эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж өөрийн татгалзал, үндэслэлийг тус тус тайлбарлан маргаж байна.

 

        Нэхэмжлэгч Т.Цогтцацрал нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 04/02 дугаар эд хөрөнгө хураасан тогтоолыг эс зөвшөөрсөн  /хх-1х, 15-29 мөр/ агуулгатай нэхэмжлэл гаргасан байх боловч нэхэмжлэлийн шаардлагадаа “2015 оны 11 сарын 25-ны өдрийн 183/02 дугаар эд хөрөнгийн хураасан тогтоолыг...” хэмээн дурдсаныг /хх-1х-арын нүүр/ шүүх техникийн алдаа гаргасан байна гэж дүгнэв.

 

        Учир нь иргэний хэрэгт 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 04/02 тоот “Эд хөрөнгийг хураасан тогтоол” авагдсан байна. /хх-63х/

 

        Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь эд хөрөнгийг хураах тогтоол үйлдэхдээ захирах, захирагдах ёсны холбоотой этгээдүүдийг хөндлөнгийн гэрчээр байлцуулсан гэсэн нэхэмжлэгч Т.Цогтцацралын тайлбар баримтаар нотлогдохгүй байна. 

 

        Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Цогтцацрал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтыг өөрөө цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

 

        Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах журамд /30 дугаар зүйл/ хөндлөнгийн гэрч нарыг регистрийн дугаарыг “Эд хөрөнгийг хураасан тогтоол”-д бичих шаардлага тавигдаагүй байна.         

 

        Нэхэмжлэгч Т.Цогтцацрал нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны үнийн саналыг өөрөө өгсөн, түүнийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн, улмаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсны дараагаар өмнөх үе шат болох эд хөрөнгийг хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж байгаа нь үндэслэл муутай байна.

 

        Иймд “Эд хөрөнгийг хураасан тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Цогтцацралын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

        Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үе шат, дарааллаар явагдсан, шийдвэр гүйцэтгэгч тухай бүр хуульд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэж, холбогдох тэмдэглэлийг үйлдэж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

        Төлбөр төлөгч Т.Цогтцацрал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагч “Май капитал” ХЗХ-ны эрх, ашиг зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв.

 

        Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч болон хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэн боловч зохигч талууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлээгүй учир мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

        Хариуцагчийн төлөөлөгчөөс нотлох баримтаар CD бичлэг гаргаж өгсөн байх боловч юуг, ямар үйл баримтыг нотлохоор өгсөн болох нь тодорхойгүй, түүнчлэн уг СD бичлэгийг хуульд заасны дагуу бэхжүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул шинжлэн судлаагүй болохыг дурдах нь зүйтэй.     

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 30 дугаар зүйлийн 30.1-т заасныг удирдлага болгон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 02 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгийг хураасан тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай Т.Цогтцацралын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                                                               

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР