| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 184/2024/01465/И |
| Дугаар | 210/МА2024/01991 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2024/01991
2024 11 20 210/МА2024/01991
Б.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.******* даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/04822 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.*******ид холбогдох
Хувийн сууц болон газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие нь Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 12 гудамж, ******* хаягт байрлах, Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, 50 м.кв талбай бүхий хувийн орон сууц болон ******* нэгж талбарын дугаартай, Г-******* улсын бүртгэлийн дугаартай 390 м.кв талбайтай өмчлөх эрх бүхий газрын хууль ёсны өмчлөгч юм.
1.2. Дээрх хашаа, байшинг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.*******аас 55,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед худалдан авч байгаа хувийн сууц, газар дээр Г.******* гэх хүн амьдарч байсан бөгөөд Г.******* нь хэсэг хугацаанд танай хашаа, байшинд амьдарч байя, боломжтой болохоороо суллаж өгье, би хашаа, байшинг чинь хараад байж байя гэж хэлэлцэж тохирсон.
1.3. Тухайн хашаа, байшин нь 2014 оноос Д.*******ын нэр дээр байсан, анх үзэхээр очиход байшингийн түлхүүр Д.*******ад байсан учраас Д.*******ыг тухайн хөрөнгийн эзэн мөн гэж итгэн худалдаж авсан.
1.4. Хариуцагч нь миний өмчлөлийн хашаа, байшинг суллаж өгөхгүй удсан ба суллах талаар түүнд удаа дараа хандсан боловч суллаж өгөөгүй. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Г.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Д.тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 6,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон мөн өдөр өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо Зүүн баян цагаан 12 гудамж, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, 390 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний газар болон тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 32 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан.
2.2. Зээлээс 2014 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөгийг төлсөн, 2014 оны 3 дугаар сард хүүгээ төлж чадаагүй юм. Гэтэл Д. нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 3 дугаар сараас байнга залгаж газар, байшинг чинь зарна гэж дарамтлан 2014 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Д. нь манайд 2 залуутай ирж хашаа, байшинг чинь хүнд үзүүлж зарах болсон гэж хэлээд, надад 8,000,000 төгрөг өгөх гэхээр нь хашаа байшингаа зарахгүй, 4-21 насны олон охин хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг хүн, зарах байсан бол би зээл авах шаардлагагүй байсан гэж хэлээд аваагүй.
2.3. Д.тай ирж хашаа, байшин үзэж байсан залуу газар, байшинг чинь 18,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлээд миний өмчлөлийн газар, хувийн сууцыг Б. гэх хүний нэр дээр 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн газар өмчлөх эрхийн гэрчилгээ харуулсан.
2.4. Д. болон түүний танил нотариатч Б. нар нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр надад хэлэлгүйгээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд дунд надаас Д.ын дүү Э. гэх хүнд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах эрхийг олгосон итгэмжлэлийг оруулан гарын үсэг зуруулсан байсныг сүүлд мэдсэн.
2.5. Э. нь дээрх хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б. гэх хүнтэй газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж газрыг 12,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 6,000,000 төгрөгөөр худалдсан байна. Б. нь дээрх гэрээний үндсэн дээр 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Б.******* гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж газрыг 2,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 9,000,000 төгрөгөөр худалдсан байсан.
2.6. Ийнхүү би Д., Э., Б. нарын хууль бус үйлдлийн улмаас өөрийн өмчлөлийн орон сууцыг алдаж, захиран зарцуулах эрхгүй болсон тул 2014 оноос харъяа дүүргийн шүүхэд итгэмжлэлийг хүчингүй болгуулж, өмчлөх эрхээ сэргээлгэхээр хандсан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12071 дугаар захирамжаар хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
2.7. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2021/00644 дугаар шийдвэрээр Д., Э. нарыг, мөн шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/01214 дугаар шийдвэрээр Д.*******, Б., Д. нарыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн, тус шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байсан.
2.8. Гэтэл эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед Д.******* нь ийм маргаантай асуудал байгаа болохыг мэдсээр байж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.******* гэх хүнд миний газрыг 10,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 5,000,000 төгрөгөөр тооцон худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдсан байна.
2.9. Б.******* нь тус шүүхэд намайг хариуцагчаар татан, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байх бөгөөд намайг шүүхээс дуудан ирүүлэх үед Б.******* гэх хүнд миний газар, хувийн сууц шилжсэн болохыг олж мэдсэн. Б.******* нь 3 жилийн өмнө худалдах, худалдан авах гэрээ хийсэн байж нэг ч удаа ирж байгаагүй, надтай уулзаж байгаагүй бөгөөд одоо ийнхүү 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга өмчлөгч мөн эсэхэд, тухайн гэрээ нь хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ төрж байх ба дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна.
2.10. Би өөрийн хувийн сууц болон газраа бусдад худалдах эрхийг Э. гэх хүнд огт олгоогүй, хүсэл зориг байгаагүй бөгөөд тухайн итгэмжлэл нь хүсэл зоригийн үндсэн дээр хийгдээгүй тул нотариатч нь хууль зөрчиж тухайн итгэмжлэлийг үйлдсэн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасны дагуу Г.*******оос Э.д 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр олгогдсон 42 дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тус итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Э., Б. нарын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Г.*******ийг маргааны бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байгаа болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 12 гудамж, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 390 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, хувийн сууц зориулалтай, өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө зэргийг хариуцагч Г.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх ийнхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.
а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч П., П., П. нараас мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 14336 дугаар захирамжаар гэрч асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар гэрч нарыг оролцуулалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 43.4, 43.5-д тус тус заасан журмыг ноцтойгоор зөрчиж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.
б. Нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн талаар:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой мэдээллийг мэдэж байгаа хүн болох Д.*******ыг гэрчээр оролцуулах хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Учир нь, маргаан бүхий орон сууцыг Д.******* нэхэмжлэгч Б.*******д худалдсан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч нь Д.*******ыг өмчлөгч биш гэдгийг мэдэх боломжгүй байсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Ийнхүү мэдэх боломжтой байсан эсэхийг тодруулахдаа тухайн худалдсан гэх Д.******* болон тухайн хашаа, байшинд оршин сууж байсан П., П., П. нарыг гэрчээр оролцуулан мэдүүлэг авах шаардлагатай байсан боловч тус үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
4.2. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нь оролцогчийн эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчиж, нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн өмгөөлөгч нь гэрч оролцуулаагүй гэдэг агуулгаар гомдол гаргасан. Гэрч оролцуулах захирамж гарсан бөгөөд гэрч нарыг удаа дараа дуудахад ирэхгүй байсан учраас албадан ирүүлэх ажиллагаа хийгээд мэдүүлэг өгөх эрхээр нь хангасан. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зохигч болон хэргийн оролцогчид шүүхийн дуудсанаар ирэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй.
5.2. Мөн Д.*******аас нэхэмжлэгч Б.******* нь худалдан авсан гэдэгт маргаан байдаггүй. Худалдаж авсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Улсын бүртгэлд бүртгэгдэж Д.*******ад өмчлөх эрх үүссэн учраас бид Д.*******ыг өмчлөгч гэж үзэн түүнээс газар, байшинг худалдаж авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******ид холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо Зүүн баян цагаан 12 гудамж, ******* хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, 390 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай 50 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1. Хариуцагчийн өмгөөлөгчөөс П., П., П. нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2024/14336 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байх ба гэрч нарт шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, албадан ирүүлэх хүсэлтийг талууд гаргаагүй үндэслэлээр тэднээс мэдүүлэг авалгүй хэргийг хянан шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 43.5 дахь хэсэгт зааснаар гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй ба хүрэлцэн ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол байгаа газарт нь очиж мэдүүлэг авах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол албадан ирүүлж гэрчээс мэдүүлэг авах журамтай.
Ийнхүү гэрчээс мэдүүлэг авах талаарх журмыг хуулиар тогтоосон байх бөгөөд хариуцагч тал гэрч нараас мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзаагүй нөхцөлд дээрх журмыг шүүх хэрэгжүүлнэ. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2024/15306 дугаар захирамжаар гэрч П.ыг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч уг захирамж биелэгдэх боломжгүй болсон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Иймд гэрч нарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тэднийг албадан ирүүлэх хүсэлт гаргаагүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.
3.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, уг хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байх, энэхүү эзэмшил хууль бус байхыг шаардана.
Шүүх хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх асуудлаар дүгнэлт хийгээгүй байх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үйл баримтын талаар тодруулаагүй, түүнд холбогдох баримт болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд түүний эзэмшил хууль бус эсэх, нэхэмжлэгчийн өмчлөх эрх хууль ёсны эсэх асуудлаар дүгнэлт хийх боломжгүй тул хэргийн үйл баримтыг тогтоогдсон гэж үзэхгүй.
4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/04822 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.ГАНДИЙМАА