Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/125

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Хохирогч: Д.А

Шүүгдэгч: Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Гончигдавгын Гт холбогдох 1812005930298 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Ө овгийн Г-гын Г /РД:............../ 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн эхнэр Д.Аг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр байшин янзалж байсан. Манай нөхөр Г.Г-тэй 1 шил архи уугаад сууж байхаар нь би яагаад архи ууж байгаа юм гээд уурлаад тал тоосго байхаар нь аваад шидсэн. Тухайн үед тоосго шидсэнээс болж бид хоёр маргалдсан гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812005930298 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.А-гийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагт ажлаа тараад гэртээ харихад манай нөхөр Г гэртээ согтуу Г-тэй хамт байж байсан. Би гэртээ орсон чинь Г гараад явахаар нь би Г-ийг архи уулаа гэж уурласан чинь өөдөөс архи уусан асуудал алга, хүн аваад ирэхээр нь бага зэрэг уучихлаа гэж хэрүүл хийгээд гадаа байшин барихад тусалж байсан Ц-д хоол хийж өг гэхээр нь би өөдөөс нь чадахгүй гэж хэлээд 2 цаг орчим хэрүүл, маргаан хийсэн. Гэтэл сүүлдээ Г гэрээс гарч ороод, хэрэлдэж байгаад гэрийн баруун талын орон дээр намайг цохиж унагаагаад, дээрээс цохиж нүдээд үсдэж газар унагаагаад, дээрээс дэвсэж зодсон. Би ч гэсэн өөдөөс нь биеэ хамгаалж өшиглөж цохисон. Би гарч зугтаах гэсэн боловч намайг гаргаагүй. Тэр үед манай 3 настай бага хүүхэд байсан болохоор би тэр хүүхдээрээ гадаа юм хийж байсан ахыгаа дуудуулсан. Ц-г гаднаас орж ирэхийн өмнө эргүүлэгний тавиур дээр байсан цул төмрөөр миний нуруу орчим, зүүн далны доод хэсэгт 2-3 удаа цохисон. Яг тэр мөчид гаднаас Ц орж ирээд гарт нь байсан цул хар төмрийг шүүрч аваад салгасан. Хэрүүл маргаан хийсэн үедээ намайг зодож байсан бөгөөд зодох бүртээ гартаа таарсан эд зүйлсээр цохиж, зодож байсан. Мөн зодох бүрт нь гадаа зугтааж гарч, айлд очиж хонож байсан. Намайг айлд очоод хоночихвол тэр айлд очоод агсан тавьчихдаг учир сүүлдээ айлууд айгаад байдаг болсон болохоор айлаар очихоо болиод гэртээ байдаг болсон. Миний толгой маш их өвдөж байна, мөн цээж их өвдөж байна. 2 хавирга хугарсан, нуруу хөхөрсөн, зүүн ташаа хөхөрсөн, 2 чихээр хатгаж гүрээ рүү өвдөж байна. Ер нь олон удаа цохиж, зодсон бөгөөд гараараа цохиж, хөлөөрөө дэвсэлж, өшиглөж төмөр нүдүүрээр нуруу руу 2-3 удаа цохисон. Би гар, хөлөөрөө хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй. Ц ах намайг салгасан. Өөр том хүн байгаагүй. 3 настай миний бага хүү байсан. Өөр хүн байгаагүй. Гэхдээ намайг зодсоны маргааш нь миний зүүн суганы доод хэсэг рүү их өвдөж байсан болохоор Г-ийн дүү Г тэнд нь наалт нааж өгсөн. Г яг хэзээ, хэрхэн зодож байсан талаар он, сар, өдрийг сайн хэлж мэдэхгүй байна. Хүмүүст мэдэгдэхгүйгээр зодож байсан. Би эмчид огт үзүүлж байгаагүй учир эмнэлгийн ямар нэгэн баримт бичиг байхгүй. Манай хажуу айлын Ж эгч Г-ийн ах, дүү нар нь намайг зодуулж байсан талаар мэднэ. Г 2 жилийн өмнө толгой руу аягаар цохиод цустай нь хольж байсныг манай том охин А мэдэж байгаа. Г ер нь шалтгаангүйгээр агсан тавиад, хэрүүл хийж, үндэслэлгүй хардаж, ялихгүй шалтгаанаас хэрүүл хийж асуудал эхлүүлж байдаг. Гэртээ шөнө голдуу зодож байсан. Г намайг өмнө нь зодож байсан талаар Г-ийн найз М мэдэх бөгөөд түүний дэргэд зодож байсан. Гэртээ зодуулаад хашгирч чимээ шуугиан гаргадаггүй болохоор ойр хавийн хүмүүс мэдэхгүй байх. Духны зүүн дээд буланд үсний захад аягаар хага цохисон сорви байгаа. Өөр гэмтлийн үлдэгдэл байхгүй. Миний толгой өвддөг болсон. Өөр жижиг шарх сорви нь эдгэсэн байгаа. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хуулийн дагуу хурдан шийдэж өгнө үү. Эмчилгээ хийлгээд, одоо эдгэж байгаа учраас өвчин зовиур байхгүй. Надад ямар нэг гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б-ын мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би Г руу залгаад өнөөдөр би завтай байна, ах нь танай хаалгыг суулгаад өгье гэж хэлээд гадуур гарч унаа хайж яваад Г-тэй гудамжинд таараад машинаар нь гэртээ хийсэн хаалгаа аваад Г-ийн гэр рүү хүргүүлсэн. Хаалга буулгаад байж байхад манай нутгийн залуу болох Г өврөөсөө нэг шил архи гаргаж ирснийг бид гурав хувааж ууж, дуусаад, Г гараад явсан. Тэгээд өдрийн ундны цаг болж байхад Гийн эхнэр Д.А нь гэртээ ирээд архи уусан байна гээд нөхөр Г руугаа дайрч, хэрүүл хийгээд тэр хоёр гэртээ орсон. Хэсэг хугацааны дараа 3 настай жаахан хүүхэд над дээр ирээд аав, ээжийг зодоод байна гэж хэлэхээр нь гэрт нь орсон чинь Г баруун гартаа төмөр нүдүүр бариад эхнэрээ орон дээр дарчихсан байж байхаар нь би гарнаас нь булааж авч салгасан. Эхнэр нь орон дээр уйлаад хэвтэж байсан. Би тэр хоёрыг салгаад Г-т чи яахаараа эмэгтэй хүн зодож байдаг юм гэж хэлээд, салгаад нөгөө талын орон дээр нь суулгаад тэр хоёрт хандаж, одоо хэрүүл, маргаан, зодоон хийхээ боль гэж хэлээд эвлэрүүлээд гадаа гарч байшинд хаалга суулгасан. Удалгүй Г гэрээсээ гараад яваад өгсөн. Би байшинд хийсэн хаалгаа суулгаад орой 5 цагийн үед дуусаад гэрт нь ороход эхнэр Д.А нь бэртэж, гэмтсэн бололтой, ёолоод амьсгаадаад хэвтэж байсан. Би юмаа хийж дуусаад гэртээ харьсан. Би гадаа байшинд нь хийсэн хаалгаа суулгаад байж байхад тэдний бага хүүхэд над дээр ирээд ээжийг аав зодоод байна гэж хэлэхээр нь би гэрт нь ороход Г эхнэр Д.А-г дээрээс нь дарсан, баруун гартаа нүдүүр бариад цохих гээд далайж байхаар нь би араас нь тэвэрч аваад салгаад, нүдүүрийг нь гараас нь булааж авч, тэр хоёрыг салгасан. Намайг орохоос өмнө хэд, хэд зодож, цохисон байсан байх. Гэрт ороход эхнэрийнхээ дээрээс дараад баруун гартаа нүдүүр барьсан эхнэр нь уйлаад байж байсан. Би Г-ийг араас нь тэвэрч аваад, салгаж хоорондоо дахиж хэрүүл, зодоон хийхгүй байх талаар хэлээд гадаа гарч байшинд хаалга суулгасан. Тухайн үед өөр хүн байгаагүй. Г, түүний эхнэр Д.А, би, 3 настай бага хүүхэд нь байсан. Өөр хүн хараагүй байх. Г Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн Шинэ хороололд буюу хаягыг нь сайн мэдэхгүй байна, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цагийн үед эхнэр Д.Агаа зодсон. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр гэрт нь ороход Г, эхнэр Д.А-тайгаа хэрүүл, маргаан хийгээд эхнэр Д.А нь уйлаад сууж байхаар нь түүний эхнэр бид хоёр түүнд архи уухгүй байх талаар хэлсэн. Яг зодож байхыг нь хараагүй бөгөөд гэрт нь ороход эхнэр нь уйлаад сууж байсан. Г, А хоёр хоорондоо таарамжтай байдаг бөгөөд хааяа хэрэлдэж, маргалдаж байдаг. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан хийж байдаг. А нь өмнө нь нөхөртөө зодуулж байсан талаар ярьж байсан. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр гэрт нь ороход эхнэр нь уйлаад Г намайг зодож, дарамталдаг гэж хэлж байсан. Зодож байхад нь би таараагүй. Г дахиж архи ууж, эхнэрээ зодохгүй гээд гэмшсэн байдалтай А бид хоёрт амлаж байсан. Тэр хоёр ямар шалтгааны улмаас хэрүүл маргаан хийдэг талаар би хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй. Г архи уусан үедээ эхнэртэйгээ хэрүүл, маргаан хийж, эхнэрээ зоддог байх, тэрнээс болж ийм асуудал гарч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Г-ын мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө гэрт нь ороход манай ах Г нутгийн Б-той хамт гадаа байшингийн хаалга суулгаж байсан бөгөөд ахаас машиныг нь аваад хөдөө гэртээ очиж цагаан идээ авахаар явсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед байшинд нь засвар хийж өгөхөөр ирэхэд эхнэр А нь миний хавирга өвдөөд байна, зүүн талын хавирга хэсгээр өвдөөд байна гэхээр нь эмийн сангаас барагшууны наалт авч өвдөж байгаа хэсэгт нь нааж өгчихөөд гадаа гарч байшингийн засвар хийсэн. Өдөр гэрт нь орж хоол идэхэд өвдөх нь гайгүй болчихлоо гэж байсан. Тэрнээс хойш би уулзаагүй гэртээ харьсан. Харин сүүлд нь сонсоход Улаанбаатар хот руу явсан гэж байсан. Би гэрт нь ороход хавирга өвдөөд байна гээд гэртээ сууж байхаар нь би эмийн сангаас наалт авчирч нааж өгсөн. Тухайн өдөр би байхгүй байсан болохоор зодож, цохиж байхыг нь хараагүй. Намайг байхад нь зодсон асуудал болоогүй. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн үед гэрт нь ороход Г ахын эхнэр А нь хавирга өвдөөд байна гэж надад хэлэхээр нь би эмийн сан явж наалт авчирч хавирга хэсэгт нь нааж өгсөн. Намайг наалт нааж өгөхөд ил харагдах шарх сорви байгаагүй. Би сайн ажиглаж хараагүй. Гадна хэсгээс нь харахад ил харагдах шарх сорви байгаагүй. Г нь ойрын хэдэн жил эхнэр Д.А-гаа зодож, цохисон асуудал гаргаагүй. Би Гийг эхнэрээ зодож байхыг нь хараагүй, манайх хол байдаг, айл буудаггүй болохоор би мэдэхгүй. Залуу байхдаа хэрэлдэж, маргалдаж байсан. Манай ах, эхнэр нь болох А хоёр хоорондоо таарамжтай байдаг бөгөөд хааяа хэрэлдэж маргалдаж байдаг. А эгч надад хэлэхдээ ах бид хоёр чинь өчигдөр муудалцаад, ах чинь намайг цохичихлоо гэж хэлэхээр нь би эмийн сангаас наалт авчирч нааж өгсөн. Би юугаар, яаж цохисон талаар нь асуугаагүй учраас мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.-Гийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сумын төв рүү орж ирээд хүний машинтай явж байхад манай сумын Б таараад чи хаа хүрэх гэж байгаа юм, би айлд хаалга аваачиж буулгах гэсэн чинь унаа байдаггүй, чи завтай бол дөхүүлээд өгөөч гэхээр нь би Б-ын гэрт очиж модон хаалга ачаад Гийн гэрт очиж хаалгыг нь буулгаад тэдний хашаанд сууж байхад гаднаас Г орж ирээд бид нар мэнд усаа мэдэлцээд хэсэг хугацааны дараа би өвөртөлж явсан 0.5 граммын “Ерөөл” нэртэй архиа гаргаад бид гурав хувааж уугаад би тэднийхээс гараад хөдөө явсан. Өөр юу болсныг би мэдэхгүй. ...Ойрын хэдэн жил Г эхнэрээ зодсон асуудал гаргаагүй, би хараагүй. Манайх хол байдаг, айл буудаггүй. Залуу байхдаа хэрэлдэж, маргалдаж байсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нгийн мэдүүлсэн: ...Г.Г-ийг би багаас нь мэднэ. Бид хоёр ээжийн талаар эгч, дүүсийн хүүхдүүд, нэг нутаг усанд төрсөн, хамаатан садны холбоотой хүмүүс болохоор бие биеэ сайн мэддэг болсон. Г.Г янз бүрийн илүү дутуу зан ааш байхгүй, хүнтэй эвтэйхэн харьцдаг төлөв даруу хүн байгаа юм. Хүнд тусархуу байгаагаараа л байдаг, хааяа архи уухаараа араншин муутай, биеийн эрүүл мэнд муу, толгой тархи өвддөг архи тааруулж уух хэрэгтэйг ах хүний хувиар би өөрт нь хэлж байсан. Хааяа архи уудаг, гэхдээ архи дарс уусан үедээ янз бүрийн зан, ааш байхгүй, жаахан авир муутай хүн. Өөр бусдаар илүү дутуу ааш зан байхгүй. Сая архи уугаад эхнэртэйгээ маргалдаж, эхнэрээ зодсон байсан. Манайхаар орж гараад мэнд устай ахаа, эгчээ гээд хүнд туслаад явдаг. Г Архангай аймгийн Хангай суманд 8 дугаар анги төгссөн, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн малчин хүн байгаа юм. Одоо хөдөө Хангай сумын Ноён хангай багт малаа маллаад амьдарч байгаа. Г сум орон нутагтаа нэр хүнд сайтай, хүнтэй эвтэй найртай, хүнд тусархуу, ажилсаг, хөдөлмөрч залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Г-ийн мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нутгийн ах Б хаалга хийлгээд тэрийгээ авахаар гадаа гудамжинд гарч унаа хайхад Г ах машинтайгаа явж байгаад таараад би машины нь гуйж хийлгэсэн. Хаалгаа гэртээ хүргүүлж, буулгаад гадаа байж байхад Г ах дэлгүүрээс нэг шил архи авчирч Б, Г ах, бид гурав хувааж уусан. Архи ууж дуусаад Г ах явлаа гээд яваад өгсөн, харин би Б ахын хамт хаалгаа суулгаад байж байхад манай эхнэр ажлаасаа цайны цагаар ирээд чи архи уулаа гээд бид маргалдсан. Б ах хаалга суулгаад гадаа үлдсэн, харин эхнэр бид хоёр гэртээ орж хэрэлдэж байгаад би эхнэрээ цай нүддэг жижиг төмрөөр нэг удаа хавирга хэсэг рүү нь цохисон. Би уур бухимдалтай байсан болохоор өөрийн үйлдлээ хянаж чадахгүй, эхнэрээ гараараа алгадаж, үснээс нь зулгааж зодсон байсан. Зодсон үйлдэл нь миний буруу эхнэрээсээ уучлалт гуйсан бөгөөд бид хоёр хоорондоо эвлэрсэн. Манай эхнэрийн 2 хавирга хугарсан байсан. Эмчилгээ хийлгээд эдгэж байгаа. Бид хоорондоо эвтэй найртай байж, дахиж ийм асуудал гаргахгүй. Бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.А-тай маргалдаж хэрүүл зодоон хийсэн. Өөр шалтгаан байхгүй. Би Хангай сумын Ноён хангай багийн Дэлгэрэнгүй хорооллын 01-01 тоот хашаанд өөрийн гэртээ эхнэр Д.А-г хувийн таарамжгүй харьцааны улмаас цайны нүдүүр төмрөөр хавирга, хэвлий хэсэг рүү нь цохисон. Мөн гараараа алгадаж үснээс нь зулгаасан байсан. Би архи уусан үедээ өөрийн үйлдлээ хянаж чадаагүйн улмаас ийм үйлдэл хийсэн байсан. Урьд нь бид гэр бүлийн асуудлаас болж хэрэлдэж, маргалдаж байсан. Гэхдээ зодож байгаагүй, харин санаа нийлэхгүй асуудлаас болж хэрэлдэж байсан. Манай эхнэр Д.А архи уулаа, байшингаа барьсангүй гэж хэлснээс болж хэрүүл, маргаан хийж байгаад эхнэрээ цай нүддэг төмрөөр хавирга, хэвлий хэсэг рүү нь цохиж, 2 хавиргыг нь хугалж гэмтэл учруулсан. Өөр бэртэл, гэмтэл учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 53-56 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 562 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Д.А-гийн биед цээжний зүүн талын 7,8-р хавирганы далны шугамаарх зөрөөтэй хугарал, тархи доргилт, цээжний зүүн хажуу, зүүн гуяны гадна дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар зүүн 7,8-р хавирганы хугарал гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, тархи доргилт гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, бусад цус хуралт гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Д.Агийн 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 41 хуу/ 

 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06 хуу/

Эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 42-47 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67 хуу/ 

Шүүхэд шинээр гаргаж өгсөн эмчилгээтэй холбоотой баримтууд зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг дэвсгэрт Д.А-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Г.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн эхнэр Д.А-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А-гийн мэдүүлсэн “Г гэрээс гарч ороод, хэрэлдэж байгаад гэрийн баруун талын орон дээр намайг цохиж унагаагаад, дээрээс цохиж нүдээд үсдэж газар унагаагаад, дээрээс дэвсэж зодсон. Би гарч зугтаах гэсэн боловч намайг гаргаагүй. Ц-г гаднаас орж ирэхийн өмнө эргүүлэгний тавиур дээр байсан цул төмрөөр миний нуруу орчим, зүүн далны доод хэсэгт 2-3 удаа цохисон. Яг тэр мөчид гаднаас Ц орж ирээд гарт нь байсан цул хар төмрийг шүүрч аваад салгасан. Хэрүүл маргаан хийсэн үедээ намайг зодож байсан бөгөөд зодох бүртээ гартаа таарсан эд зүйлсээр цохиж, зодож байсан. 2 хавирга хугарсан, нуруу хөхөрсөн, зүүн ташаа хөхөрсөн, 2 чихээр хатгаж гүрээ рүү өвдөж байна. Ер нь олон удаа цохиж, зодсон бөгөөд гараараа цохиж, хөлөөрөө дэвсэлж, өшиглөж төмөр нүдүүрээр нуруу руу 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн “өдрийн ундны цаг болж байхад Г-ийн эхнэр Д.А нь гэртээ ирээд архи уусан байна гээд нөхөр Г руугаа дайрч, хэрүүл хийгээд тэр хоёр гэртээ орсон. Хэсэг хугацааны дараа 3 настай жаахан хүүхэд над дээр ирээд аав, ээжийг зодоод байна гэж хэлэхээр нь гэрт нь орсон чинь Г баруун гартаа төмөр нүдүүр бариад эхнэрээ орон дээр дарчихсан байж байхаар нь би гарнаас булааж авч салгасан. Эхнэр нь орон дээр уйлаад хэвтэж байсан. Би тэр хоёрыг салгаад Гт чи яахаараа эмэгтэй хүн зодож байдаг юм гэж хэлээд, салгаад нөгөө талын орон дээр нь суулгаад тэр хоёрт хандаж, одоо хэрүүл, маргаан, зодоон хийхээ боль гэж хэлээд эвлэрүүлээд гадаа гарч байшинд хаалга суулгасан. Би байшинд хийсэн хаалгаа суулгаад орой 5 цагийн үед дуусаад гэрт нь ороход эхнэр Д.А нь бэртэж, гэмтсэн бололтой, ёолоод амьсгаадаад хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Г-ын мэдүүлсэн ”маргааш өглөө нь 10 цагийн үед байшинд нь засвар хийж өгөхөөр ирэхэд эхнэр А нь миний хавирга өвдөөд байна, зүүн талын хавирга хэсгээр өвдөөд байна гэхээр нь эмийн сангаас барагшууны наалт авч өвдөж байгаа хэсэгт нь нааж өгчихөөд гадаа гарч байшингийн засвар хийсэн. Эгч надад хэлэхдээ ах бид хоёр чинь өчигдөр муудалцаад, ах чинь намайг цохичихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Н-гийн мэдүүлсэн “Г сая архи уугаад эхнэртэйгээ маргалдаж, эхнэрээ зодсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/, мөрдөн байцаалтын шатанд Г.Г-ийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Архи ууж дуусаад Г ах явлаа гээд яваад өгсөн, харин би Б ахын хамт хаалгаа суулгаад байж байхад манай эхнэр ажлаасаа цайны цагаар ирээд намайг чи архи уулаа гээд бид маргалдсан. Б ах хаалга суулгаад гадаа үлдсэн, харин эхнэр бид хоёр гэртээ орж хэрэлдэж байгаад би эхнэрээ цай нүддэг жижиг төмрөөр нэг удаа хавирга хэсэг рүү нь цохисон. Би уур бухимдалтай байсан болохоор өөрийн үйлдлээ хянаж чадахгүй, эхнэрээ гараараа алгадаж, үснээс нь зулгааж зодсон байсан. Манай эхнэрийн 2 хавирга хугарсан байсан. Би Хангай сум Ноён хангай багийн Дэлгэрэнгүй хорооллын 01-01 тоот хашаанд өөрийн гэртээ эхнэр Д.А-г хувийн таарамжгүй харьцааны улмаас цайны нүдүүр төмрөөр хавирга, хэвлий хэсэг рүү нь цохисон. Мөн гараараа алгадаж үснээс нь зулгаасан байсан. Би архи уусан үедээ өөрийн үйлдлээ хянаж чадаагүйн улмаас ийм үйлдэл хийсэн байсан. Урьд нь бид гэр бүлийн асуудлаас болж хэрэлдэж, маргалдаж байсан. Манай эхнэр Д.А намайг архи уулаа, байшингаа барьсангүй гэж хэлснээс болж хэрүүл, маргаан хийж байгаад эхнэрээ цай нүддэг төмрөөр хавирга, хэвлий хэсэг рүү нь цохиж, 2 хавиргыг нь хугалж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-56/, хохирогч Д.А-гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 562 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

            Иймд шүүгдэгч Ө овогт Гын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Гийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 29 см урт, 3 см өргөн төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүхэд ирүүлсэн сиди 1 ширхгийг хохирогч Д.А-д буцааж олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

             Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн сидиг эд мөрийн болон нотлох баримтаар тооцоогүй тул хохирогч Д.Ад буцааж өгөх нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасан зан үйлээ засах, 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Г.Гт сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Г-ийн тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 29 см урт, 3 см өргөн төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүхэд ирүүлсэн сиди 1 ширхэгийг хохирогч Д.А-д буцааж олгосугай.

 

6. Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Г-ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ