Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02035

 

 

 

 

 

 

 

 

2024 11 25 210/МА2024/02035

 

 

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/04825 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: В ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2015/01583 дугаар захирамжаар хариуцагч В ХХК-аас 284,294,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХК-д олгож шийдвэрлэсэн.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, В ХХК-ийн өмчлөлийн ***** дүүргийн ** , ****/***/ ***-ны гудамж, *** тоот хаягт байршилтай 125 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай, суурилагдсан цогцолбор тоног төхөөрөмжийг нийт 182,727,538 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдлээр хүлээн авсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч И ХХК нь нэхэмжлэгч В ХХК-ийн өмчлөлийн дээрх 125 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай суурилагдсан цогцолбор тоног төхөөрөмж нь өнөөдрийн зах зээлийн ханшаар буюу олон нийтэд нээлттэй мэдээллээр 300,000,0000 төгрөгийн үнэ цэнтэй байхад тоног төхөөрөмжийг 182,727,538 төгрөгөөр үнэлсэн нь төлбөр авагчийн талд хэт нэг талд үйлчлэн нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байна.

1.3. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2021/02879 дугаар шийдвэртэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээч Х ХХК нь тоног төхөөрөмжийг 237,340,000 төгрөгөөр, мөн шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2024/00016 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт шинжээч Х ХХК нь тоног төхөөрөмжийг 267,400,000 төгрөгөөр тус тус үнэлж байсан. Шинжээч И ХХК нь нэхэмжлэгч В ХХК-ийн өмчлөлийн 125 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай суурилагдсан цогцолбор тоног төхөөрөмжийн үнэлгээг гаргахдаа тоног төхөөрөмжийн м.куб буюу эзэлхүүн нь 110 м.куб байхад 15 м.куб гэж буруу тодорхойлсон, тоног төхөөрөмжид шаардагдах нэмэлт материал болох 2 тонн бүхий даралтын шингэн, 320 градус хүртэл халдаг 8 тонн халдаг тосны үнэ цэнийг тооцоогүй, төхөөрөмжийг суурилуулахад шаардагдах суурь, тоног төхөөрөмжийг суурилуулахад шаардагдах ажлын зардлыг багаар тооцсон, цогцолбор тоног төхөөрөмжийн салшгүй нэг хэсэг болох тос халаах зуухны яндангийн үнэлгээг гаргаагүй, янданг угсрахад шаардагдах зардал зэргийг тооцоогүй.

1.4. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, В ХХК-ийн өмчлөлийн ***** дүүргийн ** , Наран/***/ баянхошууны гудамж, *** тоот хаягт байршилтай 125 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай, суурилагдсан цогцолбор тоног төхөөрөмжийг 182,727,538 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2016/01583 дугаар захирамжаар В ХХК-аас 284,294,000 төгрөгийг гаргуулж К ХК-д олгох, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, В ХХК-ийн өмчлөлийн ***** дүүргийн ** , Наран/*****/ *****-ны гудамж, ** тоот хаягт байршилтай 125 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай, суурилагдсан цогцолбор тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч В ХХК-д мэдэгдлүүдээр зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, В ХХК-ийн өмчлөлийн ***** дүүргийн ** , Наран/***/ -ны гудамж, 24, 26, 28, 30 тоот 10.991 м.кв талбайтай газрыг В ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмжийн хамт 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20390537/10, 20390536/07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20390536/13 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр авагч К ХК, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлбөр төлөгч В ХХК-ийн гаргасан үнэлгээтэй танилцаад үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, харилцан тохиролцох боломжгүй тул хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж өгөх талаар албан бичгээр хүсэлт өгч 2024 оны 03 дугаар сарын 27-ний өдөр И***** ХХК-ийг шинжээчээр томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, В ХХК-ийн өмчлөлийн ***** дүүргийн ** , Наран/*****/ баянхошууны гудамж, *** тоот хаягт байршилтай 125 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай, суурилагдсан цогцолбор тоног төхөөрөмжийг 182,727,538 төгрөгөөр үнэлж, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4-170/8509, 4-170/8508 дугаар мэдэгдлүүдээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн байна.

2.4. Төлбөр төлөгч В ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/18 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4-170/10181, 4-170/10184 дугаар албадан дуудлага худалдааны мэдэгдлийн 1 хувийг тус тус төлбөр төлөгч, төлбөр авагч нарт тус тус хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. В***** ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биш шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргасан учир шинжээчийг гэрчээр оролцуулж, тайлбар асуусан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна, шийдвэр гүйцэтгэлийн өр төлбөрөө өнгөрсөн 8 жилийн хугацаанд төлөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар В ХХК-ийн нэхэмжлэлтэй Н-т холбогдох хэрэгт 2024 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В ХХК -д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, В ХХК-ийн өмчлөлийн ***** дүүргийн ** , Наран/****/ Б****-ны гудамж, ** тоот хаягт байршилтай 125 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай, суурилагдсан цогцолбор тоног төхөөрөмжийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний И**** ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн барьцааны хөрөнгө болох тоног төхөөрөмж нь 2010 онд ашиглалтанд орсон боловч одоо Монгол Улсад ийм тоног төхөөрөмж ашигладаг компани болон үйлчилгээний байгууллага байхгүй, үйлдвэрлэснээс хойш 14 жил болсон бөгөөд тоног төхөөрөмжийн ашиглах хугацаа 10 жил байхад хугацаа дууссан, элэгдэл, хорогдол, тоног төхөөрөмжид хэрэглэх тос болон шингэн ашиглагдах боломжгүй, тосны хэмжээ түүний үнэлгээг тооцож үнэлэх хэрэгтэй гэдэг нь үндэслэлгүй байна. Шинжээч И**** ХХК нь 171,016,468 төгрөгөөр үнэлсэн ба уг тайланд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо ижил төсөөтэй харьцуулж болохуйц адил зориулалттай хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийн судалгааг хийж, харьцуулах хөрөнгийн ялгаатай байдалд шаардлагатай тохируулгыг тооцож зах зээлийн нийтэд арилжаалагддаг төсвийн жишиг зүйлсийн аргаар үнэлж тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан үнэлсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Уг тоног төхөөрөмж 14 жил болсон бөгөөд ажлын 8 цагт 1,200 ширхэг хавтан үйлдвэрлэх хүчин чадвартай. Гэтэл уг машин 2-3 сар ажиллаад 7-8 хоногт ажиллаж гаргах хэмжээний хавтанг гаргаад эргэлтийн хөрөнгө болоод зогссон гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд К ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Уг тоног төхөөрөмж 14 жил болсон. Энэ нь Татварын тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр элэгдэл хорогдол нь дууссан, ашиглах боломжгүй тоног төхөөрөмж байдаг. Шүүх хуралдааны явцад уг тоног төхөөрөмжид хэрэглэгдэх тос, шингэнийг сольж шинэчилсэн гэх үндэслэл тогтоогдоогүй мөн хариуцагчаас өөр компани томилж тоног төхөөрөмжийн шингэнийг үнэлүүлье гэх хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хангаагүй бөгөөд ямар үндэслэлээр хангаагүй гэдэгт тайлбар өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2016/01583 дугаар захирамжаар В ХХК-аас 284,294,000 төгрөгийг К ХХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ./хх51-53/ Нэхэмжлэгч В ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, үнийн санал авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-50, 54-55, 56, 59-61, 66-68/

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр И ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Итгэлт эстимэйт ХХК нь төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, В ХХК-ийн өмчлөлийн ***** дүүргийн ** , ****/18140/ ***-ны гудамж, **  тоот хаягт байршилтай 125 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай, суурилагдсан цогцолбор тоног төхөөрөмжийг 182,727,538 төгрөгөөр үнэлж, Н-т ирүүлжээ./хх8-36/

6. Дээрх үнэлгээний тайланд биет элэгдлийн хувийг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаар тогтоолыг үндэслэн үнэлгээ тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 297 дугаар тогтоолоор Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байтал хуульд нийцээгүй Засгийн газрын тогтоолыг баримтлан шинжээч үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй. Иймд шинжээч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг удирдлага болгон ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

Иймд шүүх В ХХК-ийн өмчлөлийн ***** дүүргийн ** , ***/18140/ баянхошууны гудамж, *** тоот хаягт байршилтай 125 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай, суурилагдсан цогцолбор тоног төхөөрөмжийг 182,727,538 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шинжээч нь уг тайланд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо ижил төсөөтэй харьцуулж болохуйц хөрөнгийн үнэ ханшийг судалж нийтэд арилжаалагддаг төсвийн жишиг аргаар тооцсон гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. Шинжээч дүгнэлт гаргахдаа хүчингүй болсон Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаар тогтоолыг баримтлан элэгдэл хорогдол тооцож үнэлгээ тогтоосон нь хууль дээдлэх зарчимд үл нийцнэ. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/04825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН