| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2023/03773/И/Т |
| Дугаар | 210/МА2024/01992 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2024/01992
2024 11 20 210/МА2024/01992
Т.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/03919 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Т.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.*******д холбогдох
Орон сууц чөлөөлүүлэх тухай хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.*******, түүний өмгөөлөгч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол, 40в байрны ******* хаягт байрлах 45 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 сарын 800,000 төгрөгөөр хөлслүүлэхээр 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр М.*******тай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.
1.2. Хөлслөгч М.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрөө төлөөгүй, төлбөрөө төлөхийг шаардахад төлнө гэж хэлж хойшлуулсаар ирсэн. Сүүлд М.*******тай уулзахаар түрээсийн байранд очиход Д.******* гэх өөр хүнд давхар түрээслүүлсэн байна.
1.3. Тухайн орон сууцанд амьдарч байгаа Д.*******д байрандаа өөрөө амьдрах хүсэлтэй байгаагаа хэлж байрыг суллаж өгөх шаардлага тавьсан боловч тэрээр М.*******д байрны түрээсийн мөнгийг төлсөн, гарах хугацаа болоогүй гэх шалтгаанаар орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа болно. Иймд орон сууцнаас Д.******* болон түүний гэр бүлийг, эд хөрөнгийн хамт албадан чөлөөлүүлж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Д.*******, Э.******* нар нь ******* ХХК-д 2020 оны 6 сард 17,000,000 төгрөг зээлүүлсэн. Зээлийн хүүнд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороололд байрлах 40в байрны ******* 2 өрөө орон сууцанд суухаар тохиролцож, зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.
2.2. 2020 оны 6 дугаар сард 12,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал болох М.*******гийн эзэмшлийн, Хаан банк ХК дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг шинэчлэн хийж, тухайн өдрөө үлдэгдэл 5,000,000 төгрөгийг М.*******гийн дээрх данс руу шилжүүлсэн.
2.3. М.******* бидэнд анх тайлбарлахдаа уг байрны эзэн болох Т.******* урт хугацаагаар гадаад явсан ба бид нар орон сууцыг нь хөлслөх гэрээ хийсэн, бусдад хөлслүүлэх эрхтэй, та нараас 17,000,000 төгрөг зээлж зээлийн гэрээ болон хөлслөх гэрээ албан ёсоор хийхэд санаа зовох зүйлгүй гэж хэлсэн. Бид хэлсэн ёсоор гэрээнд заасан үүргээ биелүүлсэн ба орон сууц хөлслөх гэрээг жил бүр сунгаж, жилд 5,000,000 төгрөгийг нэмж зээлүүлж байхаар тохиролцсон юм.
2.4. Сүүлийн төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг хийж, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл гэрээгээ сунгасан. Би М.*******гийн дансанд 27,000,000 төгрөгийн төлбөр хийсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******гийн хууль бус эзэмшлээс эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 40/в дүгээр байрны ******* хаягт байршилтай, 45м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.*******д мөнгө зээлүүлж, зээлийн хүүнд тухайн орон сууцанд суухаар тохирсон ба 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг төлж 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл гэрээгээ сунгасан. Нийт 27,000,000 төгрөгийг зээлүүлсэн. М.******* нь нэг ч төгрөг надад буцаан төлөөгүй.
4.2. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Д.******* үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу, өмчлөгчийн зөвшөөрлийн дагуу ашиглаж байгаа тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Өмчлөгч болон түрээслэгч Д.******* нарын хооронд түрээсийн гэрээ хийгдээгүй. М.*******, Д.******* нарын хооронд хийсэн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд өмчлөгчийн зөвшөөрлийг аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 40в дүгээр байр ******* хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөх эрхэнд халдсан зөрчлийг арилгах, зогсоохыг шаардах эрхтэй, энэхүү эрхийг хууль ёсны эзэмшигч хэрэгжүүлж болохыг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зохицуулсан.
Маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгчөөр А. бүртгэлтэй талаарх баримт хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Т.******* нь уг эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс шаардах эрхийн үндэслэлээ М.*******тай байгуулсан гэх 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-г үндэслэн тайлбарлажээ. Уг гэрээгээр Т.******* нь Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 40в байр *******ын 2 өрөө орон сууцыг М.*******гийн эзэмшилд шилжүүлэх, М.******* хөлс төлөх үүрэг хүлээсэн байх ба тухайн гэрээний дагуу орон сууцыг М.*******гийн эзэмшилд шилжүүлсэн гэжээ.
Энэ тохиолдолд дээрх гэрээ нь нэхэмжлэгч Т.******* нь өмчлөгч А.ыг төлөөлж түүний орон сууцыг гэрээ байгуулаагүй этгээд болох Д.*******гийн эзэмшлээс орон сууцыг шаардах эрхийг нэхэмжлэгчид олгохгүй юм.
Иймд маргааны зүйл болсон орон сууцны өмчлөгчөөс нэхэмжлэгчид өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг шилжүүлсэн эсэх болон шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгосон эсэх асуудлыг тодруулсаны эцэст хэргийг шийдвэрлэх байжээ.
4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээж хийх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/03919 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.ГАНДИЙМАА