| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2023/05466/И |
| Дугаар | 210/МА2024/02036 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/02036
2024 11 25 210/МА2024/02036
Д.О-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/03751 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Б ХХК-д холбогдох,
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн 24,380,000 төгрөг, зардал 640,350 төгрөг, алданги 44,889,600 төгрөг, нийт 69,909,950 төгрөг гаргуулах үндсэн,
ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 31,971,000 төгрөг, алданги 11,893,212 төгрөг, нийт 43,864,212 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Д.О нь Б ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх БУАГ-22/009 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр захиалагч нь ***** дүүргийн *** дүгээр хороо, ****-д баригдах 167 м.кв талбайтай, амины орон сууцыг 3 сарын хугацаанд 1 м.кв талбайг 2,400,000 төгрөгөөр тооцож нийт 400,800,000 төгрөгөөр батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгүүлэхээр тохирсон.
1.2. Дээрх гэрээний 5.1, 5.3-т заасны дагуу нийт 365,900,000 төгрөг төлсөн.
1.3. Б ХХК нь уг гэрээний 4.2-т заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж дуусгаагүй. Иймээс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хийж гүйцэтгүүлэхээр нэмэлт хугацаа тогтоосон. Тухайн үед захиалагч барилгын зураг дээр террасны талбайн м.кв-ыг 23,40 гэж илүү бичсэн байсныг мэдээд ажил гүйцэтгэгчид мэдэгдэхэд ...барилгыг барьж дуусаад хүлээлгэж өгөхдөө дахин м.кв-ыг хэмжээд үнийг тооцно... гэхээр нь энэ талаар тэмдэглэл үйлдсэн. Дээрх нэмэлтээр тохирсон хугацааг хариуцагч хэтрүүлсэн. Д.О нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дутуу гүйцэтгэлтэй барилгыг хүлээн авсан. Барилгыг зураг төслийн дагуу 167 м.кв талбайтайгаар баригдсан эсэхийг шалгуулахаар Д ХХК-д хандсан. Тус компанийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн хэмжилтээр барилгыг 142,3 м.кв талбайтай гэсэн. Тус компанид 640,350 төгрөгийн үнэлгээний хөлс төлсөн.
1.4. Б ХХК нь барилгыг зураг төслийн дагуу 167 м.кв талбайтайгаар барьж гүйцэтгээгүй, 24,7 м.кв дутуу буюу 142,3 м.кв талбайтай барьсан тул үүнийг 1 м.кв-ыг 2,400,000 төгрөгөөр тооцвол 341,520,000 төгрөг төлөх байсан. Б ХХК -д төлсөн 365,900,000 төгрөгөөс дээрх төлөх үүргийг хасвал илүү 24,380,000 төгрөг шилжүүлсэн байна.
1.5. Б ХХК -ийн зүгээс 2,929,000 төгрөгийн барилгын материал худалдан авахуулсан. Уг төлбөрийг буцаан төлөөгүй, үлдэгдэл төлбөрөөс хасна гэж хэлж байсан.
1.6. Гэрээний 8.1.3-т заасны дагуу Б ХХК нь 112 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд 1 хоногийн 400,800 төгрөгийн алдангийг тооцвол 44,889,600 төгрөг төлөхөөр байна.
1.7. Иймд хариуцагч Б ХХК -аас хувийн сууцны талбайн үнэд илүү төлсөн 24,380,000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэсэн зардал 640,350 төгрөг, барилгын материал авахуулсан зардал 2,929,000 төгрөг, алданги 44,889,600 төгрөг, нийт 72,838,950 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд талуудын төлбөрийн тооцоонд орсон 2,929,000 төгрөгийг хасаж, хариуцагч Б ХХК -аас нийт 69,909,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Б ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Д.О тэй барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, уг гэрээний дагуу **** дүүргийн ** дүгээр хороо, ****-нд байрлах амины орон сууцны барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн. Д.О-гийн амины орон сууцны ажлын зургийг зурахдаа барилгын талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон байсан бөгөөд захиалагч зурагтай танилцаж, зөвшөөрсний үндсэн дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан. Зураг төсөлд тусгагдсан тэнхлэгээр тооцсон хэмжээгээр барилга угсралтын ажлын м.кв-ын үнэлгээг тооцож төлбөрийн хэмжээнд гэрээнд тусгасан. Зураг төслийг захиалагч Д.О хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан тул ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлгүй. Б ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заалт болон барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээнд заасны дагуу барилгыг зураг төслийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгсөн.
2.2. Нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлдээ 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр барилгыг хүлээн авч, түлхүүрээ авсан талаар дурджээ. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж тодорхой заасан бөгөөд захиалагч нь гэрээ байгуулах үед барилгыг зураг төслийн дагуу гүйцэтгэх, зураг төсөлд талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон талаар мэдэж байсан боловч барилгыг хүлээн авсан тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан.
2.3. Нэхэмжлэгч Д.О-гийн өөрөө гаргасан барилгын материалын үнэ болох 2,929,000 төгрөгийг гэрээний үлдэгдэл төлбөр болох 34,900,000 төгрөгөөс хасаж тооцон одоо төлөх ёстой төлбөрийн хэмжээг 31,971,000 төгрөгөөр тооцон талууд тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан тул уг мөнгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
2.4. Мөн талбайн хэмжилт хийлгэхэд төлсөн 640,350 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь анхнаасаа барилга угсралтын ажил эхлэхээс өмнө талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон талаар нэхэмжлэгч Д.О мэдэж байсан, барилгыг хүлээн авахдаа ч мэдэж байсан, мэдэх боломжтой байсан ба уг хэмжилтийг хийсэн нь Б ХХК -аас шалтгаалаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
3.1. Б ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу **** дүүргийн ** дүгээр хороо, ****-нд байрлах амины орон сууцны барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж, барилгыг захиалагч Д.О т хүлээлгэн өгсөн. Гэрээний 5.3‑т заасны дагуу Д.О нь ажил эхлэхэд үнийн дүнгийн 50 хувьд 46,800,000 төгрөг, мөн бартерын нөхцлөөр 160,000,000 төгрөгийн үнэ бүхий 2015 оны Лексус маркийн автомашин, барилгын ажлын явцад 40 хувьд 153,920,000 төгрөг бэлнээр, түлхүүр гардан авахдаа 40,800,000 төгрөгийг тус тус Б ХХК -д төлөх байсан.
3.2. Захиалагч Д.О нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 34,900,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд захиалагчаас гарсан барилгын материалын зардал 2,929,000 төгрөгийг хасаж тооцон улмаар 31,971,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан тул энэхүү тооцоог баталгаажуулж тооцоо нийлж захиалагч Д.О уг тооцоог хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Дээрх төлбөрийн үлдэгдлийг төлөхийг нэхэмжлэгч талаас удаа дараа шаардахад элдэв шалтаг тоочин төлөхөөс татгалзсан.
3.3. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 31,971,000 төгрөгөөс гэрээний 8.2-т зааснаар төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувиар алданги тооцвол 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 09‑ний өдрийг хүртэл 124 хоногийн алданги 37,2 хувь буюу 11,893,212 төгрөг болсон.
3.4. Иймд Д.О ээс гэрээний үлдэгдэл төлбөр 31,971,000 төгрөг, алданги 11,893,212 төгрөг, нийт 43,864,212 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Б ХХК нь 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан боловч 1 жил 8 сарын дараа хагас дутуу барилгыг Д.О хүлээн авсан, одоо ч дутуу зүйлс байгаа. Б ХХК нь талбайн хэмжээг гаргахдаа нэг стандартаар хэмжиж гаргах ёстой байхад илүү 24 м.кв-ыг барилгын зурагтаа тусгаж 167 м.кв гэж гаргасан. Энэ талаар мэдээд хэлэхэд дахин хэмжилт хийнэ гэж байснаа одоо болохоор зураг төслийн дагуу хийсэн гэж байгааг зөвшөөрөхгүй. Барилгыг хүлээн авахдаа м.кв-ын зөрүүг эрх бүхий байгууллагаар гаргуулах талаар ярьж, 2 талаасаа хэмжилт хийлгэж талбайн хэмжээг үнэн зөв гаргаж өгөхийг хүссэн. Барилгын хөгжлийн төвд хүсэлт гаргаж хэмжээг тооцуулсан. Харин Б ХХК нь хэмжилт хийсэн баримтыг гаргаж өгөөгүй. Б ХХК нь гэрээний 2.1-д заасан хугацаанд барилгыг барьж гүйцэтгээгүй, 1 жил 5 сар буюу нийт 17 сарын дараа байшинг хүлээж авсан. Иймд хариуцагчид гэрээний үлдэгдэл төлбөр болон алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК -аас 24,380,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О т олгож, нэхэмжлэлээс үлдэх 45,529,950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, алдангид 43,864,212 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 679,384 төгрөг, хариуцагч Б ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 377,271 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК -аас 279,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О т олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, барилгын ажлын зураг, гэрч Ө.Б-ын мэдүүлэг, ажил хүлээлцсэн акт, тооцоо нийлсэн баримтаар барилгын хэмжээг тэнхлэгээр тооцох талаар талууд тохиролцсон болох нь нотлогдож байхад шүүх цэвэр зайгаар хэмжсэн хэмжилтийн дүнг үндэслэн 167 м.кв талбайн хэмжээнд хүрэхгүй гэж дүгнэсэн үндэслэлгүй.
Талууд нэгэнт талбайн хэмжээг тэнхлэгээр тооцохоор тохиролцож, ажлын зургийг зурсан бөгөөд ажлын зургийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэсэн гүйцэтгэгч компанийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгг Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан бөгөөд зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, барилга угсралтын ажлын талбайн хэмжээ нь зураг төсөл дээр үндэслэгдсэн, зураг төслийг захиалагч Д.О хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан тул ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлгүй.
Б ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 болон барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээнд заасны дагуу барилгыг зураг төслийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгсөн.
Харин нэхэмжлэгч Д.О гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй.
Нэгэнт талууд тохиролцсоны дагуу тэнхлэгээр тооцсон хэмжээгээр, барилгын ажлын зурагт заасны дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж барилгыг хүлээлгэн өгсөн байхад хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй, тусгай мэдлэг шаардсан асуудал гэж үзэж шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Доголдолтой эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг хүлээн авсан, эсхүл доголдлыг илрүүлэх боломжтой байсан боловч эд хөрөнгийг шалгаж аваагүй худалдан авагч нь худалдагчаас дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлүүлэхийг шаардах эрхээ алдах талаар хууль хэрэглээний хувьд нэгэнт тогтсон практик юм. Өөрөөр хэлбэл, барилгын ажлын талбайн хэмжээг тэнхлэгээр буюу гадна хананы голоор тооцсон болохыг нэхэмжлэгч мэдэж ажлын зурагт гарын үсгээ зурсан, ийнхүү мэдэж байсан боловч ажлыг хүлээн авсан. Хэрэв барилгын ажлын хэмжээг цэвэр зайгаар буюу дотор ханаас тооцох байсан бол үнийг өөрөөр тогтоох байсан талаар хариуцагч тайлбарладаг.
6.2. Анхан шатны шүүх хариуцагч талын нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгч Д.О-гийн гарын үсэг зурж баталгаажуулсан ажлын зургийг эцсийнх байна гэж дүгнэсэн атлаа уг зургийн дагуу баригдсан барилгыг доголдолтой гэж үзсэн нь буруу дүгнэлт болсон. Гэрээнд тэнхлэгээр тооцохоор заасан барилгын ажлын талбайн хэмжээг цэвэр зайгаар буюу ашигтай талбайгаар тооцсон хэмжээтэй харьцуулан тоо хэмжээндээ хүрэхгүй доголдолтой гэж дүгнэж буй нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болж байна. Өөрөөр хэлбэл, тэнхлэгээр хэмжвэл тэнхлэгээр тооцсон хэмжээ гарах боломжтой ба тэнхлэгээр тооцох ёстой хэмжээг ашигтай талбайгаар хэмжихэд зөрүү үүснэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч нь гэрээ болон барилгын зурагт тэнхлэгээр тохирсон гэж байна. Гэрээнд тэнхлэгээр тооцож 167 м.кв талбай бүхий орон сууцыг бариулна гэж тусгаагүй. 167 м.кв талбай орон сууцыг 3 сарын хугацаанд 400,800,000 төгрөгөөр тооцож бариулна гэж тохиролцсон. Уг барилгыг анх тохирсон 3 сарын хугацаанд барьж дуусгаагүй учраас гэрээний хугацааг сунгасан. Нэхэмжлэгч нэмэлт хугацааг тогтоохдоо талбайн хэмжилтийг ажил хийгдэж дууссаны дараа хэмжүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэрээ сунгагдсаны дараа 2023 оны 09 дүгээр сард ажлыг хүлээж авсан.
Анхан шатны шүүх ажил хүлээлцсэн баримтыг гаргаж өгөхийг шаардахад хэмжилт хийгдсэн баримт байгаагүй. Тухайн үед нэхэмжлэгч хариуцагч талд хэмжилт хийх шаардлагатай гэхэд холбогдох газраар нь хэмжилтээ хийлгээрэй гэсэн учраас нэхэмжлэгч Барилга хөгжлийн төвд хандахад барилга байгууламжийг барихад аж ахуй нэгжүүд бүхэлдээ MNS 6058:2009 гэх стандартыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх нь зөв гэдэг. Үүнийг уялдуулан Д ХХК-д хүсэлт гарган талбайн хэмжилт хийлгэхэд 1 давхар нь 83,1 м.кв, 2 давхар нь 59,2 м.кв талбайтай гэж хэмжсэн. Хэргийн 60 дугаар талд авагдсан барилгын зурагт 1 давхар нь 87 м.кв талбай, тэнхлэгээрээ 98 м.кв талбай гэсэн байдаг. Хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан баримтаар нийт ашигтай талбай 2 давхар нь 63 м.кв талбай, тэнхлэгээр тооцвол 70 м.кв талбай энэ хоёрын нийлбэр нь тэнхлэгээр тооцоолбол тухайн барилгын зураг төслийн хувьд 60,05 м.кв талбай барихаар батлагдсан, ашигтай талбайг нь тооцохоор 151 м.кв талбай байдаг. Хариуцагч тал Д ХХК-ийн хэмжилтэд маргахгүй гэсэн. Мөн доголдолтой байсныг мэдээд Барилгын хөгжлийн төвд хандаж, Д ХХК-аар хэмжилт хийлгэсэн нь хуульд заасан 6 сарын хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Б ХХК нь нэхэмжлэгч барилгын зургийг зөвшөөрч гарын үсэг зурсан гэж байна. Гэрээ байгуулж, зураг үзүүлэхэд зураг дээр Х гэж бичээд 23,4 м.кв талбайг илүү нэмсэн байсан. Энэ талаар хэлэхэд барилгыг хүлээлгэж өгөхдөө хоёр тал хамтраад м.кв талбайг тодорхойлоод зөрүү байвал зөрүүгээр нь тооцож өгнө гэж хэлсэн болохоос анхнаасаа террас хийлгэнэ гэж тохиролцоогүй. Хариуцагч талаас хэмжилт хийхдээ байшинг гадна талаас нь хэмжиж хэмжилт хийсэн хэр нь дүгнэлт гаргаж өгөөгүй. Захиалагчид өгсөн зураг нь таны барилгын давхар, материалын талаар хийгдэх зураг өгснөөс м.кв талбайг тооцсон тодорхой зураг өгөөгүй бөгөөд тооцооллын талаар тайлбарласан зүйл байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн 24,380,000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэсэн зардал 640,350 төгрөг, барилгын материал авахуулсан зардал 2,929,000 төгрөг, алданги 44,889,600 төгрөг, нийт 72,838,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,929,000 төгрөгөөр багасгаж, нийт 69,909,950 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 31,971,000 төгрөг, алданги 11,893,212 төгрөг, нийт 43,864,212 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрснөөр талууд харилцан маргажээ.
3. Д.О нь Б ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр БУАГ-22/009 тоот барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Б ХХК нь ***** дүүргийн *** дүгээр хороо, ***-нд байрлах газарт 167 м.кв талбайтай хувийн сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд батлагдсан зураг төслийн дагуу барьж гүйцэтгэх, захиалагч Д.О нь 167 м.кв талбай хувийн сууцыг 1 м.кв талбайг 2,400,000 төгрөгөөр тооцож, нийт 400,800,000 төгрөг төлөхдөө урьдчилгаа төлбөр үнийн дүнгийн 50 хувьд 46,800,000 төгрөг, мөн бартерын нөхцөлөөр 160,000,000 төгрөг өртөг үнэ бүхий 2015 оны Лексус маркийн автомашин, барилгын явцад 40 хувьд 153,920,000 төгрөг бэлнээр, түлхүүр гардан авахдаа 40,080,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна./хх53-57/
Уг гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор талууд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг сунгаж, барилга угсралтын ажлыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусгахаар тохиролцсон байна./хх-58/ Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ./хх-58/
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б ХХК -д гэрээний дагуу бартерын нөхцөлөөр 189,000,000 төгрөгийн өртөг бүхий Лексус маркийн автомашин, бэлэн мөнгөөр 176,900,000 төгрөг, нийт 365,900,000 төгрөг төлсөн болох нь хариуцагч компанийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь ****** тоот дансанд гэрээний төлбөр төлсөн баримт, тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй./хх-31, 58, 59/
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хариуцагч нь гэрээгээр хүлээсэн доголдолгүй үр дүн шилжүүлэн өгөх үүргээ бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хувийн сууцыг 24,7 м.кв талбайгаар дутуу буюу зохигчдын тохиролцсон 167 м.кв талбайн хэмжээнд хүрэхгүй ажлыг хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэгч нь илүү төлсөн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй. гэж дүгнэсэн нь зөв байна.
Хэрэгт авагдсан ажлын зураг, ажил хүлээлцсэн акт, Д ХХК-ийн хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, гэрч Ө.Б-ын мэдүүлэг, талуудын тайлбараас үзвэл, анхан шатны шүүх хариуцагч Б ХХК -ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ нийт 142,3 м.кв талбай байгаа нь талуудын тохиролцсон 167 м.кв талбайн хэмжээнд хүрээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. /хх25-29, 60-85, 213-215, 230-250, 2хх1-10/
Учир нь талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр БУАГ-22/009 тоот барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж байхад орон сууцны ашигтай талбайгаар хэмжих MNS 6058:2009 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалыг мөрдлөг болгож байжээ.
Хариуцагч Б ХХК нь барилгын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд эрхэлдэг хуулийн этгээд болохын хувьд хэрэглэгч болох Д.О т гэрээ байгуулах үед гэрээний 5.1 дэх хэсэгт заасан барилгын нийт талбай 167 м.кв талбайтай байх ба уг талбайг барилгын гадна талын хэмжээсээр тогтоосон, Монгол улсад мөрдөгдөж буй орон сууцны ашигтай талбайгаар хэмжих MNS 6058:2009 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалаар тооцооогүй болохыг тайлбарлаж өгөх үүрэгтэй. Ийнхүү тайлбарлаагүйгээс хэрэглэгч Д.О нь дээр дурдсан аргачлалын дагуу хувийн сууцны талбайн хэмжээг тооцож тодорхойлосныг Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар түүнд ашигтайгаар тайлбарлана.
Иймд хариуцагчийн ...талбайн хэмжээг тэнхлэгээр тооцохоор тохиролцож, түүний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн гэх агуулгаар гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна.
7. Хариуцагч Б ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1.1, 7.1.3-т заасан үүргээ биелүүлээгүй, Монгол улсын стандартад нийцсэн хувийн сууцыг барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч Д.О нь илүү төлсөн мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан байна.
Анхан шатны шүүх Д ХХК-ийн хэмжилтээр тогтоогдсон 142,3 м.кв талбай байх тул нэхэмжлэгч нь 167 м.кв талбайд тооцон илүү хөлс төлсөн мөнгөн хөрөнгө болох 24,380,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2, 352 дугаар зүйлийн 352.2.3-т тус тус заасантай нийцсэн байна.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас талбайн хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 640,350 төгрөг, алданги 44,889,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдэлд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.
9. Хариуцагч Б ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 31,971,000 төгрөг, алданги 11,893,212 төгрөг, нийт 43,864,212 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээний хөлсийг бүрэн төлсөн гэж шүүх дүгнэж нэхэмжлэгчийн илүү төлсөн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн тул хариуцагч Б ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхгүй. Хариуцагч нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө авсан байхад нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/03751 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК -аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499,171 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЦОГТСАЙХАН