Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01997

 

 

 

 

 

 

  2024 11 20 210/МА2024/01997

 

 

М.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/04014 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* газарт холбогдох

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00386 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2022/00690 дугаар магадлалаар ******* ХХК, Б.*******, С.******* нараас 1,344,591,588 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30 дугаар байр, ******* 110 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 2 дугаар сарын дуудлага худалдаанд оруулсан байна.

1.3. Миний бие 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл орон нутагт томилолтоор ажиллаж байсан. Энэ хугацаанд миний утас холбогдохгүй байх тохиолдол байсан. Гэтэл 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 241/4441 тоот мэдэгдлээр таны байр 2 дугаар сарын 16-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 235,000,000 төгрөгөөр борлогдсон гэж мэдэгдсэн. Улмаар 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөр төлөгч мөнгөө төлөөгүй тохиолдолд байрыг дуудлага худалдааны ялагчид өгнө гэж мэдэгдсэн.

1.4. Хариуцагч нь дуудлага худалдаанд миний байрыг оруулах талаар надад мэдэгдээгүй, цаашлаад байр борлогдсон болохыг дуудлага худалдаанаас хойш 4 хоногийн дараа мэдэгдэж хугацаа алдагдуулсан. Энэ тухай гомдлуудыг ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч хариуг хуулийн хугацаанаас удаж авсан. Эндээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь нэг талыг барьж миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30 дугаар байрны ******* 110 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг албадан борлуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00386 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 210/MA2022/00690 дүгээр магадлалаар ******* ХХК, Б.*******, С.******* нараас 1,344,591,588 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. 

2.2. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ******* ХХК, Б.*******, С.******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30 дугаар байрны ******* хаягт байрлах 110 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 22261137/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22261137/10 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан. 

2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4/134 дугаар тогтоолоор шинжээч томилж дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 330,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гуравдагч этгээд буюу тус хөрөнгийн өмчлөгч төлбөр төлөгч ******* ХХК-ийн менежер М.******* нь тус хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, тус хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гарсан.

2.4. Үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны доод үнийг хуульд заасан журмаар буюу шинжээчийн тогтоосон үнэ 330,000,000 төгрөгийн 70 хувь болох 231,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж, 235,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон.

2.5. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/20 дугаар анхны албадан дуудлага худалдааны тогтоол, 4-241/2821 дугаар мэдэгдлийг М.*******ын дугаар руу холбогдон мэдэгдэж, удаа дараа дуудсан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор ирэхгүй байсан тул М.*******ын илгээсэн Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо 47а байрны хаягт баталгаат шуудангаар хүргүүлж баталгаажуулсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан ******* газарт холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/04014 дугаартай шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7-т Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2/20 тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 330,000,000 төгрөгийн 70 хувь болох 231,000,000 төгрөгөөр, анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоож, хугацааг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт болох талаар М.*******д мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Тодруулбал, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/20 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4-241/28******* мэдэгдлийг М.*******ын ажлын газарт нь ирэхэд байхгүй байсан тул түүний утсаар мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2024.02.07, 2024.02.08, 2024.02.09-ний өдрийн тэмдэглэл, худалдан борлох болсныг мэдэгдсэн баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдэж болно гэж заасан ба өмчлөгч нь Завхан аймагт хаягтай, Улаанбаатар хот, ******* ХХК-д ажилтай, өөрийн харилцах хаягаа Баянзүрх дүүрэг гэж тодорхойлж өгсөн ба шийдвэр гүйцэтгэгч утсаар мэдэгдэж баримт үйлдсэн, түүнчлэн М.******* биечлэн гарын үсэг зурсан байгааг зохих журмын дагуу мэдэгдсэн гэж үзнэ гэж дурдсан байна.

Гэвч 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 4-241/28******* мэдэгдэл болон Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2/20 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.02.07, 2024.02.08, 2024.02.09-ний өдрийн тэмдэглэлд М.*******ын гарын үсэг байгаа боловч хэзээ танилцаж, гарын үсэг зурсан огноо байхгүй байна. Энэ нь шүүгч шийдвэр гаргахдаа нотлох баримтыг сайтар нягталж шалгаагүй гэдгийг харуулж байгаа бөгөөд М.*******д анхны албадан дуудлага худалдаа болохоос өмнө дуудлага худалдаа явуулах газар, хугацааг тодорхой мэдэгдээгүй гэдгийг нотолж байна. Мөн түүнчлэн М.******* нь 2024.01.30-ны өдрөөс 2024.02.15-ны өдрийг хүртэл орон нутагт томилолтоор ажиллаж байсан ба утас нь холбогдох боломжгүй байсан.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.26-ны өдрийн 101/ШШ2024/04014 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М.******* нь ******* газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2022/00690 дугаар магадлалаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагын 50,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ХХК, Б.*******, С.******* нар үлдсэн 1,344,591,588.49 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх, эхний 3 сарын төлбөр болох 360,000,000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн гүйцэд төлсөн тохиолдолд Б.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлөх, төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд Б.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү- дугаарт тус тус бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүд, М.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, М.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус тохирч зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-50-54 дүгээр тал/

3.1. Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд М.*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30 дугаар байрны ******* хаягт байршилтай 110 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн. Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор үнэлгээ тогтоох шинжээчээр Ж.г томилсон, шинжээч хөрөнгийг 330,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 58-59, 70-73, 74-75 дугаар тал/

3.2. М.******* нь дээрх үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/03606 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/01857 дугаар магадлалаар тогтоогдсон, уг шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 76-77, 78-84, 85-89, 90 дүгээр тал/

4. Дээрх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанууд хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцнэ.

5. Улмаар, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 231,000,000 төгрөгөөр тогтоож, 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулахаар ахлан шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2/20 дугаар тогтоол гарсан байна. /хх-97 дугаар тал/

5.1. Нэхэмжлэгч М.*******д анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2024 оны 1 дүгээр сарын 31, 2024 оны 2 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд утсаар болон түүний мэдүүлсэн хаягийн дагуу шуудангийн байгууллагаар хүргүүлсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан байх ба уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсэгт нийцжээ. /хх-ийн 91-92, 94, 95 дугаар тал/

5.2. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдэлтэй биечлэн танилцсан болох нь мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд уг баримтад нөхөж гарын үсэг зуруулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байв. /хх-ийн 99 дүгээр тал/

Иймд анхан шатны шүүх анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байх тул дээрх ажиллагааны талаар мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

6. Ийнхүү хариуцагч байгууллага нь дээрх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, барьцаа хөрөнгийн өмчлөгч М.*******ын эрх ашгийг хохироосон гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/04014 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

Т.ГАНДИЙМАА