Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/02082

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29 210/МА2024/02082

 

 

Л, Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/03576 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Л, Г нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Б-д холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 198,315,000 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 180,573,210 төгрөг, нийт 378,888,210 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Т, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Б.Г нь Б.Б-ийн захиалгаар **** дүүргийн ** дүгээр хороо, А-н *** дугаар гудамжны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээ, орон сууцны зориулалттай 15 давхар барилгын иж бүрэн карказ угсралтын ажлыг нийт 1,328,702,000 төгрөгөөр гүйцэтгэхээр болсон. Б.Б нь барилгын тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулна гэх шаардлага тавьсны дагуу Л ХХК, Б.Г нартай байгуулсан.

1.2. Талууд уг гэрээнд 576 м.кв талбай бүхий зоорийн давхрын зэв цэвэрлэх ажлыг 15,000,000 төгрөг, 576 м.кв талбай бүхий барилгын каркас 1-р давхрын ажлыг бэлэн 37,440,000 төгрөг, бартераар 37,440,000 төгрөг, нийт 74,880,000 төгрөг, 729 м.кв талбай бүхий барилгын каркас 2 давхрын ажлыг бэлэн 47,385,000 төгрөг, бартераар 47,385,000 төгрөг, нийт 94,770,000 төгрөг, 8,800 м.кв талбай бүхий барилгын 3-р давхраас техникийн давхар хүртэлх ажлыг бэлэн 572,026,000 төгрөг, бартераар 572,026,000 төгрөг, нийт 1,144,052,000 төгрөгөөр тус тус гүйцэтгэхээр тохирсон.

Дээрх ажлуудаас зоорийн давхрын зэв цэвэрлэх, барилгын каркас 1, 2-р давхрын ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгснөөс зоорийн давхрын зэв цэвэрлэх 15,000,000 төгрөг, барилгын каркас 1-ийн 50 хувийн төлбөр 37,440,000 төгрөг, нийт 52,440,000 төгрөгийг хүлээн авсан. Харин барилгын каркас 1-ийн үлдэгдэл 50 хувийн төлбөр 37,440,000 төгрөг, барилгын каркас 2-ийн төлбөр болох 94,770,000 төгрөг, нийт 132,210,000 төгрөгийн төлбөрийг хүлээн аваагүй.

1.3. Гэрээнд зааснаар хариуцагч нь ажлын хөлс 132,210,000 төгрөгийг 1 хоногийн 0,5 хувийн алданги болох 661,050 төгрөгийг 457 хоногийн алданги 66,105,000 төгрөг нэхэмжилсэн.

1.4. Мөн хариуцагчийн санхүүгийн асуудлаас шалтгаалан барилга угсралтын ажил 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 80 хоногийн хугацаагаар зогссон. Нэхэмжлэгч Б.Г нь барилга угсралтын ажилд ашиглах зорилгоор Э ХХК болон И ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж пум, булан, сапуд, мөн Х ХХК-аас труба, дэгээ, хавчаар, боолт, жүлдий зэргийг түрээсэлсэн. Барилга угсралтын ажил 80 хоног зогссон хугацааны төлбөрийг гэрээний 5.2.5-д заасны дагуу Э ХХК-д 6,360,000 төгрөг, И ХХК-д 58,605,600 төгрөг, Х ХХК-д 8,735,600 төгрөгийг тус тус хариуцагч төлөх үүрэгтэй.

1.5. Түүнчлэн хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 15 давхарт хэрэглэгдэх фанер мод 700 ширхэг буюу нэг бүрийн үнэ 54,000 төгрөг, нийт 37,800,000 төгрөг, брусс /5*5/ хэмжээтэй мод 4,000 ширхэг буюу нэг бүрийн үнэ 9,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг, брусс /7*7/ хэмжээтэй мод 1,950 ширхэг буюу нэг бүрийн үнэ 16,000 төгрөг, нийт 31,200,000 төгрөгөөр тус тус худалдан авч тус барилгын зурагт тааруулан зүсэж хэрэглэсэн. Хэрэв хариуцагч гэрээ цуцлагдаагүй бол эдгээр фанер, брусс модыг барилгад ашиглах байсан. Энэ нь өөр барилгад ашиглах боломжгүй.

Иймд гэрээ цуцлагдахаас өмнө гүйцэтгэсэн ажлын хөлс 132,210,000 төгрөг, алданги 66,105,000 төгрөг, барилгын ажил зогссон хугацааны барилгын туслах материалын түрээсийн зардалд 75,573,210 төгрөг, хохиролд 105,000,000 төгрөг, нийт 378,888,210 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Л ХХК, Б.Г нартай 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 20210614/01 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээгээр С**** дүүрэг ** дүгээр хороо, А***н ** дугаар гудамжинд байрлах үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 15 давхар барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон.

2.2. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 1-3 дугаар давхар хүртэлх барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн ба угсралтын явцад гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь Монгол улсад мөрдөгдөж буй барилгын холбогдох норм ба дүрэм, стандартад нийцээгүй, барилгын зураг төслөөс зөрүүтэй гүйцэтгэсэн. Тухайлбал бетон цутгалтын явцад арматурын хамгаалалтын үе алдагдаж арматур ил гарсан, зураг төсөлд заасан хүлцэх алдаанаас хэтэрсэн, 1-3 давхрын баганын хөндлөн огтлолын хэмжээ зөрүүтэй, цутгамал хана, хананд гарсан хаалганы нүх муруй зөрүүтэй, шатны гишгүүр болон шал хана тэгш бус зэрэг доголдолтой хийсэн. Нэхэмжлэгчийн хийсэн ажил нь хүлцэх алдаанаас хэтэрсэн болох нь Г ХХК-ийн хэмжилт, Н ХХК-ийн албан шаардлагаар нотлогдож байгаа. Мөн хийсэн ажлаа хүлээлгэн өгч, доголдлоо арилгасны дараа ажлын хөлс яригдах дараалалтай байх ёстой гэж үзэж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-ээс 132,210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК, Б.Г нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 246,678,210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,210,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 819,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК, Б.Г нарт олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан ямар нотлох баримт, тайлбараар хариуцагч гэрээ цуцалсан буруугүй гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй, мөн шүүх баримтаа дурдаагуй нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан бичгийн ямар нотлох баримт байгаа эсэх, мөн хэргийн аль үйл баримт нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа эсэх, мөн зохигчдын тайлбартаа шалтгаант холбоотой талаар дурдаагүй.

4.2. Мөн шүүх гэрээ цуцлагдах нөхцөл байдалд нэхэмжлэгч нар буруутай гэсэн дүгнэлт нь гэрч Э.Н-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байхад анхан шатны шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биенээ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгадаг тул бодитойгоор харьцуулан үзэх гэсэн ойлголт нотлох баримтыг тал бүрээс үнэлэх ажиллагааны хэсэг болдог, эдгээрийг анхан шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Б гэрээг цуцалсан буруутай, гэрээний үүргээ зөрчсөн нь хариуцагчийн санхүүгийн асуудлаас шалтгаалан барилга угсралтын ажил зогссонтой холбоотойгоор түрээсийн төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч Л ХХК-аас хариуцагч Б.Б-д хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар албан бичиг, үүний хариуг өгсөн албан бичиг, хариуцагчийн өөрийнх нь тайлбар, гэрч Э.Н-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалтгай нотлогдон тогтоогдсон. Хариуцагчийн санхүүгийн асуудлаас шалтгаалан барилга угсралтын ажил зогссонтой холбоотойгоор алданги төлөх үүрэг хүлээх нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан нийцсэн.

Дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгүүдэд дурдсан баримтууд нь зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн гзж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол ойлгомжгүй байна. Бетон хийц чанартай байсан эсэхтэй холбоотой маргаан талуудын хооронд үүсээгүй. Харин барилгын ажил хийж гүйцэтгэхдээ зураг төслийн дагуу бус, зураг төслөөс өөр байдлаар хийсэн бөгөөд энэ нь норм, дүрэмд заасан хүлцэх алдаанаас давсан. Нэхэмжлэгч талын үйлдвэрлэдэг бетон чанар сайн. Нэхэмжлэгч бетонтой холбоотой актыг үндэслэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь хэрэгт шууд хамааралтай баримт биш. Пум, сапуд гэх мэт хэрэгслүүдийг Б.Б-ийн барилгад хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй ба зарим хэрэгслийг барилгын ажил хийх явцад хэрэглээгүй. Б.Б, И ХХК-д төлбөртэй холбоотой албан бичиг явуулсан бөгөөд өөр төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй. Б.Г нь Ю ХХК-ийг өөрийн компани гэдэг боловч хэрэгт үүнтэй холбоотой баримт байхгүй. Гэрээ цуцалсан үндэслэлийг шүүх дүгнээд Л ХХК-д хүргүүлсэн албан бичиг болон Э.Н-ийн мэдүүлэг, Ю ХХК-аас Б.Б-д хүргүүлсэн албан бичгүүдээр нотлогдож байна гэж үзсэн. Гүйцэтгэгч гэрээ болон норм, дүрэмд заасны дагуу ажлыг хангалттай хийж гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгчийн буруугаас болж гэрээ цуцлагдсан тул гэрээ цуцлагдсанаас үүссэн хариуцлагаа өөрөө хүлээ ёстой гэж нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлыг гэрээ болон хуульд заасны дагуу албан ёсоор актаар хүлээлгэн өгөөгүй, гүйцэтгэсэн ажил нь барилгын норм дүрэмд заасан шаардлага хангаагүй ба хүлцэх алдаанаас хэтэрсэн байгаа нь захиалагчид хохирол учруулахуйц нөхцөл байдал үүссэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

6.2. Хариуцагч талаас гүйцэтгэгчийн алдаатай гүйцэтгэсэн ажлыг засварлахад ямар хэмжээний зардал гарах, ямар материал орохыг мэдэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүхээс өөрсдөө мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуул гэх үндэслэл зааж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шинжээчийг зөвхөн шүүгч захирамж гарган томилох хуулийн зохицуулалттай юм.

6.3. Хариуцагч талаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан өөрийн татгалзалтай холбогдуулан нэхэмжлэгчийг цутгамал бетон, төмөр бетон бүтээц норм дүрэмд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын доголдлыг засварлахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татталзаж шийдвэрлэсэн.

6.4. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хариуцагчийн өөрийн татгалзалтай холбогдуулан гаргасан хүсэлт, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Манай ажлыг зогсоож, Я.Д-аар шинжээчийн дүгнэлт гаргуулвал танай ажлыг үргэлжлүүлэн явуулах болно гэх шаардлага тавьсан. Тиймээс Я.Д-аар шинжээчийн дүгнэлт гаргуулж, шаардлага хангасан ажил хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн тул актад гарын үсэг зурсан. Анхан шатны шүүх талуудыг өөрсдөө хэмжилтээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуул гэсэн бүрэн эрхийг өгсөн. Хариуцагч тал өөрсдийн давуу талаа ашиглаж, хэмжилтийн компани сонгож хэмжилт хийлгэсэн боловч ихдээ 1 см зөрүүтэй болох нь тогтоогдсон. Гэвч хариуцагч талаас шүүхийн журмаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Маргаан бүхий барилгын ажил одоо дуусах шатандаа явж байгаа.

Анхан шатны шүүх хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах гэж байна гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохгүй байсан. Түүнчлэн, ямар үндэслэлээр, юун дээр шинжээч томилуулах гэж байгаа талаар хариуцагч тал тайлбарлаж чадаагүй тул шүүх талуудыг өөрсдөө шинжээчийн дүгнэлт гаргуул гэж шүүх хуралдааныг дахин хойшлуулсан. Н ХХК-ийн инженер Э.Н шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Я.Д-аар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг Б.Б гаргасан. Гэвч Я.Д-ын шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Шүүх хариуцагч талд татгалзлаа нотлох, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нотлох хангалттай хугацаа өгсөн. Гэвч нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 38 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлэхгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч Л ХХК, Б.Г нар нь хариуцагч Б.Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 198,315,000 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 180,573,210 төгрөг, нийт 378,888,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Л ХХК, Б.Г нар нь **** дүүргийн ** дүгээр хороо, А****н ** дугаар гудамжны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээ, орон сууцны зориулалттай 15 давхар барилгын иж бүрэн карказ угсралтын ажлыг гүйцэтгэх, Б.Б нь ажлын хөлс нийт 1,328,702,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон ба гэрээний зүйл болох ажлын үр дүн доголдолтой эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч ...Тухайн хийсэн ажил яг тухайн зургийн дагуу хийгдээгүй, нэмээд бид нар тухайн хийсэн ажил дээр нь нэмэлт ажил хийх шаардлагатай байгаа юм. ...Ийм учраас мэргэжлийн байгууллагыг хөндлөнгийн шинжээчээр томилж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. ...Шинжээчээс гүйцэтгэсэн ажил зургийн дагуу хийгдэж үү, үгүй юу, норм дүрэм, стандартыг хангасан эсэх, тухайн зургийн дагуу хийгдээгүй бол зургийн дагуу хийгдэхэд ямар хэмжээний ажил хийгдэх ёстой вэ, тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд ямар хэмжээний зардал, хөлс хүч, материал гарахаар байна вэ гэдэг зүйлүүдийг тодруулна. гэх агуулгаар хүсэлт гаргажээ./2хх42-44/

Анхан шатны шүүхээс дээрх хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд хамаарахгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь талуудын хооронд байгуулсан барилга угсралтын гэрээний дагуу үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 15 давхар барилгын каркас угсралтын ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгэсэн, ажил дутуу хийгдсэн, тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд ямар хэмжээний зардал гарсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулахаар хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулах, бүрдүүлэх үндэслэлд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч доголдлын талаар нэхэмжлэгч нарт гомдлын шаардлага гаргасан, доголдлыг арилгуулахаар хугацаа тогтоосон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэжээ.

Хариуцагч талын гаргасан дээрх нотлох баримт гаргуулах тухай хүсэлт нь түүний татгалзлын үндэслэлтэй холбоотой байх ба шүүх хүсэлтийг хангаагүй атлаа хариуцагчийн татгалзал нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж заасанд нийцээгүй байна.

5. Иймд шүүх нотлох баримтыг бүрдүүлэх талаарх хэргийн оролцогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх бөгөөд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/03576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,391,341 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 819,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН