| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2024/04701/И |
| Дугаар | 210/МА2024/02042 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/02042
2024 11 25 210/МА2024/02042
“*******” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/04355 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХК-д холбогдох
20,890,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. “*******” ГХО ХХК нь гадаад худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, бараагаа хадгалах зорилгоор “*******” ХК-тай 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан цагдаагийн академи, *******од байрлах “*******” ХК-ийн өмчлөх эрхийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 900 м.кв бүхий талбайг түрээслэх, түрээсийн төлбөрт 1 м.кв үнийг 12,100 төгрөг байхаар нэг сарын түрээсийн төлбөрийг 10,890,000 төгрөг, түрээсийн гэрээний барьцаанд 10,890,000 төгрөг нийт 32,670,000 төгрөгийг хариуцагчийн дансанд байршуулах, түрээсийн гэрээний хугацааг 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 2 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцсон.
1.2. 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “*******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* тоот дансанд түрээсийн төлбөр гэх утгаар 32,670,000 төгрөгийг бүрэн шилжүүлж, үүргээ биелүүлсэн.
1.3. Түрээсийн гэрээний хугацаа 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болж агуулахын чанар, хийц зэрэг нь хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй гэх үндэслэлээр гэрээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй байгаагаа илэрхийлж хариуцагчийн талбайг чөлөөлж эхэлсэн.
Гэтэл “*******” ХК-ийн зүгээс объектыг бүхэлд нь манай компанийг эзэмшиж, ашиглаж байсан гэх үйл баримт гаргаж ирэн, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 19,602,000 төгрөгийн нэхэмжлэх илгээсэн. Тухайн баримтаас үзэхэд манай байгууллагад түрээсэлж байсан объектын нийт хэмжээг 3,420 м.кв талбайгаар тооцон түрээсийн гэрээний дагуу ашигласан 900 м.кв талбайг хасаж, үлдэгдэл 2,520 м.кв талбайд түрээс бодож санхүүгийн тооцоолол гаргасан байсан. Түүнчлэн хариуцагч нь өөрийн агуулахад байсан манай нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг барьцаалан авч, хүлээлгэж өгөхгүй манай байгууллагын бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад учруулж байсан.
Ингээд нэг тэрбум төгрөгийн бараагаа хариуцагчийн агуулахаас чөлөөлөн авах шаардлага бий болсон. Үүнийг ч хариуцагч компани мэдэж 10,000,000 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дотор шилжүүлээд бараагаа ав гэж шахалт үзүүлж эхэлсэн.
Энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд барааны хугацаа дуусах, холбогдох захиалагч нараас гэрээний хугацаа хожимдсонтой холбоотой хохирол, хор уршиг нэхэмжлэх эрсдэл үүсээд байсан тул хариуцагч компанийн дээрх хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагч компанийн дансанд “барьцаа” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн.
1.4. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусаж гэрээ дуусгавар болсон тул барьцаа 10,890,000 төгрөг, үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан 10,000,000 төгрөг нийт 20,890,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. “*******” ГХО ХХК-ийн захирал С.******* манайд хандан “…Манайх ер нь танайхаар байнга үйлчлүүлнэ. Гэнэт баахан бараа ирэх гээд хураах агуулахгүй болчихоод байна. Өмнөх нөхцөлөөрөө гэрээ хийе, бид бараагаа одоо буулгачихъя, баахан машин түрээсэлчихсэн тул төлбөрт унах гээд байна. Танайх гэрээний төслөө явуулчих, бараагаа агуулахад чинь буулгах боломж олгооч” гэж дугаараас холбогдсон. 2022, 2023 онуудад түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээ сунгаж байсан тул зөвшөөрч “*******” ГХО ХХК-ийн барааг нь төлбөрөө аваагүй байхдаа агуулахад буулгах зөвшөөрлийг олгосон. Гэрээний төслийг С.ийн хэлсэн и-мэйл хаягаар явуулсан, …маргааш 17 цагт гэрээгээ эх хувиар нь өгснөөр төлбөрөө хүлээн авсан.
2.2. Тус компани 2022 оны 8 дугаар сард манай агуулахыг үзэн түрээслэх боломжтой гэж хүсэл зоригоо илэрхийлэн, 2022-2024 онд тус тус гэрээ байгуулсан. Гэрээний 1.6-д “Түрээслэгч энэхүү гэрээний 1.1-т заасан талбайг урьдчилан үзэж түрээсийн зориулалтаар ашиглах боломжтой гэж үзэн сонгосон болно.” гээд баталгаажуулсан тул агуулахын чанар, хийц зэрэг нь хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй гэх тайлбар үндэслэлгүй.
2.3. Уг агуулах нь 5,200 м.кв талбайтай бөгөөд “*******” ГХО ХХК 2022 онд 3,117 м.кв түрээслэж байсан, 2024 онд 900 м.кв талбай түрээсэлнэ гэж гэрээгээр тохирсон боловч гэрээг нэг жилээр дахин байгуулна гэж хэлээд агуулахын чөлөөтэй талбайд бараа хураасан бөгөөд нийт бараа хураасан талбай нь 3,420 м.кв болсныг С.******* мессежээр нэхэмжлэлд бичсэн талбайг хүлээн зөвшөөрсөн.
2.4. Гэрээний 2.1.10-т “гэрээ дуусгавар болоход түрээслэгч төлбөрийн үлдэгдэлтэй бол барааг талбайгаас гаргахгүй байх эрхтэй” гэж заасны дагуу эрхээ эдэлсэн тул барааг барьцаалсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Энэ бүхэн өөрсдийнх нь буруугаас болж төлбөр төлөхгүй залилах гэсэн санаа байсан нь дээрх тайлбараас ойлгогдох байх. Зүй нь 1 жилээр гэрээ хийнэ гэж хууралгүй, гэрээний дагуу төлбөрөө төлж, хугацаандаа гэрээгээ дуусгавар болгох тухай мэдэгдлээ ирүүлсэн бол эдгээр асуудал үүсэхгүй байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээтэй холбоотойгоор хариуцагч нь манай компанид төлөх ёстой нийт 97,811,000 төгрөгийн өр төлбөр байгаа тул манай компани төлбөр төлөх бус, дараах үндэслэлээр төлбөр нэхэмжлэх эрхтэй байна. Үүнд:
3.1.1. Гэрээгээр 900 м.кв агуулахын талбайг түрээслэхээр тохиролцсон боловч хариуцагч гэрээний 2.4.4-т заасан “Түрээсийн талбайгаас өөр талбайд бараа бүтээгдэхүүнээ буулгаж хураахгүй” гэснийг зөрчиж талбайн хэмжээг 2,520 м.кв-аар хэтрүүлж нийт 3,420 м.кв талбай ашигласан. Түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан компанийн гүйцэтгэх захирал С.******* мессежээр илүү талбай ашигласнаа хүлээн зөвшөөрч, манай компанийн тоот утсанд бичиж байсан.
Гэрээний 1.2-т заасны дагуу 1 м.кв талбайн түрээсийн төлбөр нь 12,100 төгрөг тул хариуцагчаас 2,520 м.кв илүү ашигласан талбайн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 30,492,000 төгрөг, алданги нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 15,246,000 төгрөг нийт 45,738,000 төгрөг нэхэмжилж байна.
3.1.2. С.******* нь нэг сарын хугацаанд ашиглах гэж буй 2,520 м.кв талбай буюу нийт 3,420 м.кв талбайн талаар надтай уулзаж тайлбарлахдаа “бид 3,420 м.кв талбайг чинь 3 дугаар сарын 16-наас эхлэн жилээр түрээслэх гэрээ хийнэ, 3 дугаар сарын 15-ныг дуусталх хугацааны тооцоогоо тэр үед нөхөж хийнэ. …” гэж байсан. Гэрээний 3.7, 4.3-т зааснаар гэрээгээ дүгнэж, дуусгавар болгох эсэхийг шийдвэрлээгүй, талбайг 3 дугаар сарын 16-наас хойш ашигласаар байсан тул гэрээний 4.3-д заасны дагуу гэрээ 1 сараар сунгагдсанд тооцох үндэслэл үүснэ. Иймд манай компани 1 сарын түрээс 41,382,000 төгрөг, алданги нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 20,691,000 төгрөг нийт 62,073,000 төгрөг нэхэмжилж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нийт 107,811,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс хариуцагчийн 2024 оны 03 дугаар сарын 19-нд төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж нийт 97,811,000 төгрөгийг “*******” ГХОХХК-иас гаргуулж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
4.1. “*******” ГХОХХК-ийг илүү талбай ашигласан гэх боловч хариуцагчаас түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дахь хэсэгт зааснаар илүү талбайн түрээстэй холбоотойгоор манайд албан мэдэгдэл, хүсэлт огт ирүүлж байгаагүй.
Мөн түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-т “Энэ гэрээтэй холбоотой аливаа нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр үйлдэх бөгөөд талууд гарын үсэг зурж тамга дарснаар уг нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болж энэ гэрээний салшгүй нэг хэсэг болно” гэж заасан байхад түрээсийн гэрээнд тусгаснаас өөрөөр нэмэлтээр талбай ашиглах талаар огт харилцан тохиролцоогүй буюу гэрээнд нэмэлт өөрчлөлт огт оруулаагүй.
Манай компанийг уг талбайг ашигласан талаар талбайн гэрэл зураг, хэмжилт хийлгэсэн албан ёсны байгууллагын дүгнэлт, илүү талбай ашигласныг баталгаажуулсан акт, баримт бичиг огт байхгүй байж 2,520 м.кв гэх нарийн тооцооллыг түрээслүүлэгч компани гаргаж ирсэн байдаг.
4.2. “*******” ХК нь манай компанитай байгуулсан 900 м.кв талбай түрээслэсэн гэрээг үндэслэж алданги нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй шаардлага байна. Зүй нь, манай компани нэмэлтээр талбай ашигласан, тухайн талбайд нэмэлт гэрээ хийж, түрээсийг тохирч үүргийн гүйцэтгэл хангуулах аргыг тохирч гэрээ байгуулсан бол уг шаардлагыг гаргах хууль зүйн үндэслэлтэй болох байсан.
Дээрх үндэслэлээр 2,520 м.кв талбайн түрээсийн төлбөр, алданги буюу нийт 45,738,000 төгрөгийн нэхэмжлэл нь огт үндэслэлгүй.
4.3. Манай компанийн зүгээс гэрээний хугацаа дуусахад “*******” ХК-ийн агуулахыг чөлөөлж эхэлсэн бөгөөд харин түрээслүүлэгч хууль бус үйлдэл гаргаж илүү төлбөр нэхэж, барааг барьцаалж эхэлсэн. Түрээслүүлэгч өөрөө талбайг чөлөөлөх боломж олгохгүй хууль бус үйлдэл гаргаснаа түрээсийн гэрээг сунгасанд тооцож нэг сарын түрээсийг алдангийн хамт нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “” ХХК нь нийт 97,811,000 төгрөг гаргуулах тухай “*******” ГХОХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “” ХХК-д холбогдох 20,890,000 төгрөг гаргуулах тухай “*******” ГХО ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 262,400 төгрөг, хариуцагчийн 647,005 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Талууд 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулсан, уг түрээсийн гэрээний заалт, зохицуулалтад маргадаггүй. Бидний зүгээс илүү талбай ашигласан талаар хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д заасны дагуу илүү талбайн түрээстэй холбоотой манайд албан мэдэгдэл, бичиг огт өгч байгаагүй, энэ үйл баримттай хариуцагч маргадаггүй. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаас өөрөөр нэмэлтээр талбай ашиглах талаар огт харилцан тохиролцоогүй буюу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Нэмэлт өөрчлөлт оруулсан талаар баримт байхгүй.
Гэтэл шүүхийн зүгээс манай компанид ажиллаж байсан ажилтан хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл гаргаж талуудын гэрээгээр тохирсон байдал болон Иргэний хуульд тусгасан түрээсийн гэрээг бичгээр хийх зэрэг зохицуулалтуудыг няцаасан.
6.2. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх заалтыг буруу тайлбарласан бөгөөд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд уг барьцаанаас суутгах эрх олгогдсон хуулийн зохицуулалтыг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн. Манай зүгээс барьцаа 10,890,000 төгрөгийг 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн байгуулагдсан түрээсийн гэрээний үүргийн барьцаа болгож шилжүүлснээс бус анхан шатны шүүхийн шинээр гаргаж ирсэн 2,520 м.кв талбайн түрээстэй холбоотой шилжүүлсэн зүйл огт байхгүй, уг 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээний үүргээ биелүүлж, түрээсэлж байсан агуулахыг хариуцагчид хүлээлгэж өгсөн, энэ талаарх баримтыг тус тус өгсөн. Гэрээний үүргийн барьцаанд шилжүүлсэн төлбөрөөс талуудын хооронд огт байгуулагдаагүй 2,520 м.кв талбайн түрээсийн төлбөрт Иргэний хуулийн барьцаатай холбоотой зохицуулалтыг холбон хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6.3. Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь хариуцагч компанийн захирал М.гийн утсанд хийсэн үзлэг /хх86-91/-ийг үндэслэсэн бөгөөд уг утасны зурвасаар манай компанийн ажилтан С.ийг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, 2,520 м.кв талбайг түрээсэлснээ хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэдэг.
Гэтэл уг нотлох баримт нь зөвхөн нэг талын гаргаж өгсөн баримт, шүүхээс утсанд үзлэг хийхдээ ямар дугаараас ирсэн гэдэгт үзлэг хийгээгүй, хэргийн оролцогчоос гаргасан уг нотлох баримтыг үнэлэхдээ харилцан зурвасаар харилцсан этгээдээс ч тодруулга аваагүй. Манай зүгээс уг ажилтан ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан учир тодруулах боломжгүй байдлаа илэрхийлж тухайн ажилтны ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулалгүйгээр гар утсанд хийсэн үзлэгийг гол нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой.
6.4. Зохигчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх бүхий л хугацаанд өөрсдийн нэхэмжлэл, тайлбараар манай компанийн барааг барьцаалсан талаар маргадаггүй бөгөөд гол нь ямар үндэслэлээр барьцаалсан талаар маргадаг.
Хариуцагчийн хариу тайлбарт “1 тэрбум төгрөгийн үнэ бүхий барааг барьцаалан авсан” гэх үйл баримтад түрээсийн гэрээний 2.1.10-т заасныг үндэслэн эрхээ эдэлсэн гэж тайлбарлан, барьцаалснаа хүлээн зөвшөөрдөг. Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ч 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны үеэр 10,000,000 төгрөг шилжүүлэхээр үлдэх барааг авахыг зөвшөөрсөн гэх мэтээр манай компанийн барааг барьцаалан 10,000,000 төгрөг шаардсан талаар тайлбар гаргадаг.
Гэтэл анхан шатны шүүхийн Үндэслэх хэсгийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт хариуцагч үүргийн гүйцэтгэлийг уг мөнгөнөөс хангуулах эрхтэй, нэхэмжлэгч нь барааг барьцаалсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохигч нарын тайлбар, мэдүүлэг өөрөө нотлох баримт болдог бөгөөд талууд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараар барааг барьцаалан 10,000,000 төгрөг шаардсан байхад шүүх уг нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй, бараа барьцаалсан үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч нотлоогүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Манай компанийн зүгээс манай барааг барьцаалсан тул “барьцаа” гэх гүйлгээний утгаар шилжүүлэг хийсэн талаар тайлбарласан боловч шүүх энэ баримт дээр мөн дүгнэлт хийгээгүй.
6.5. Манай компанийн зүгээс шүүхийн аль ч үе шатанд түрээсийн гэрээ нэмэлтээр байгуулаагүй, нэмэлтээр талбай түрээслэсэн зүйл байхгүй, энэ талаар хариуцагч компаниас манайд мэдэгдсэн зүйл байхгүй гэж маргадаг байхад шүүх нэг сар түрээсэлсэн дээр нэхэмжлэгч маргадаггүй гэж дүгнэсэн байдлаас анхан шатны шүүх ямар байдлаар үйл баримтад дүгнэлт хийсэн нь харагдана.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээгүй зэрэг байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр болон 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус компанитай хамтран ажиллаж, талууд гэрээ байгуулж байсан. Уг гэрээнд гүйцэтгэх захирлаар С.******* гарын үсэг зурж, тамга дарсан. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх захиралд хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нь тодорхой хэмжээний эрхийг олгосноор гэрээг гүйцэтгэх захирал С.*******тэй байгуулсан. Нэхэмжлэгч талаас С.ийг төлбөр тооцооны асуудлыг шийдэх эрхгүй этгээд гэж тайлбарладаг тул анхан шатны шүүх С.*******тэй харилцсан зурвасыг гол нотлох баримтаар үнэлсэн. С.ийн “2,520 м.кв биз дээ нэхэмжлэлээ явуулчихаарай” гэсэн зурвас хавтаст хэргийн 93-98 дугаар талд авагдсан.
7.2. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.10-т “төлбөр тооцооны үлдэгдэл байвал барьцаа хөрөнгөнөөс гаргуулна” гэж зохицуулсан. Түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт “Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.”, 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь хэсэгт “Хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан” гэж зааснаар хэлцэл хийгдсэнд тооцогдоно. С.******* 900 м.кв-аас 2,520 м.кв талбайг илүү ашигласнаа хүлээн зөвшөөрдөг. Анх санал тавихдаа “ачилтын автомашинууд хүлээгдээд бараагаа буулгах газаргүй байгаа учраас 2022 онд байгуулагдсан гэрээгээ сунгана” гэж нэхэмжлэгч тал буюу гүйцэтгэх захирал С.******* удаа дараа санал тавьсан нь зурвасаар нотлогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүх үнэн зөв шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “*******” ГХОХХК нь хариуцагч “*******” ХК-д холбогдуулан барьцаа 10,890,000 төгрөг, үндэслэлгүй шилжүүлэн авсан 10,000,000 төгрөг нийт 20,890,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 97,811,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзжээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
3.1. Талууд 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулж, уг гэрээгээр “*******” ГХОХХК нь “*******” ХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй агуулахын зориулалттай объектоос 900 м.кв талбайг 2 сарын хугацаатай түрээслэх, нэг сарын төлбөрт 10,890,000 төгрөг төлөхөөр тохирсон байна. Дээрх харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-ийн 10-11/
Учир нь, нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус түүний тодорхой хэсгийг түрээслэхээр тохирсон байх тул уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага тавигдахгүй, харин бичгээр байгуулах шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэгт 2 сарын түрээсийн төлбөр болох 21,780,000 төгрөгийг төлсөн, түрээсийн зүйлийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид буцаан өгч гэрээ дуусгавар болсон байх ба уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдох асуудлаар талууд маргаагүй. /хх-ийн 12,19/
3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд нэг сарын түрээсийн төлбөр болох 10,890,000 төгрөгийн хэмжээгээр барьцааны зүйлийг тодорхойлж, уг мөнгөн хөрөнгийг “*******” ХК-д шилжүүлэх, гэрээ дуусгавар болсны дараа “*******” ГХОХХК-д буцаан өгөхөөр тохирч, тэдний хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа үүсчээ. Уг гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх-ийн 11/
Барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар үндсэн гэрээний шаардах эрхтэй салгаж үл болох эрх бөгөөд үндсэн үүрэг дуусгавар болсон нөхцөлд уг эрх дуусгавар болох учиртай.
Нэхэмжлэгч байгууллага нь түрээсийн гэрээний дагуу төлбөл зохих 2 сарын төлбөрийг төлсөн, тус гэрээ 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсноор барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн барьцааны эрх дуусгавар болсон.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч барьцааны зүйл болох 10,890,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй. Иймд түрээсийн талбайгаас илүү талбай ашигласны төлбөрт барьцааны мөнгөн хөрөнгийг тооцсон гэх агуулга бүхий хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдана.
3.3. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасан.
Нэхэмжлэгч байгууллага нь 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээгээр тохирсоноос илүү талбай ашиглаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг боловч энэхүү тайлбар үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан талуудын 2024 оны 3 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд харилцсан зурвасаар /хх-ийн 90-95/ үгүйсгэгдсэн байна. Уг баримтыг үгүйсгэж, няцаасан баримт нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй байх тул дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй гэж үзнэ.
Дээрх зурваст дурдсанаар хариуцагчаас “…3,420 м.кв талбай ашигласны зөрүү 19,602,000 төгрөг” шаардсаны хариуд нэхэмжлэгч байгууллагын ажилтан С.*******эс “нэхэмжлэлээ явуулчих” гэсэн нь талуудын хүсэл зориг нэгдсэн буюу нэхэмжлэгчийн илүү ашигласан талбайн хэмжээ 2,520 м.кв, 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 12,100 төгрөгөөр тохиролцсон гэж дүгнэх үндэслэл болохгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцэхгүй.
Харин нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “барьцаа төлбөр” утгаар 10,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, уг шилжүүлгийг хариуцагчийн шахалтаар хийсэн гэх боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул дээрх мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл биш гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд агуулах ашигласны төлбөрт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Барьцааны эрх нь үндсэн үүргийн шаардах эрхтэй салшгүй холбоотой үүсдэг бөгөөд үндсэн үүргийн харилцаанаас өмнө барьцааны эрх үүсэхгүй тул 10,000,000 төгрөгийг барьцааны зүйл гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн шилжүүлэг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт нийцсэн, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр нэхэмжлэгч 10,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/04355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын дугаарлалтыг “2”, 2 дахь заалтын дугаарлалтыг “1” гэж тус тус өөрчилж,
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХК-иас 10,890,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ГХОХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 262,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 647,005 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “*******” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 189,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ГХОХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА