Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 569

 

 

 

 

 

 

-

 

     2019           5           27                                         2019/ШЦТ/569         

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат, 

улсын яллагч А.Мөнхзул,

хохирогч Б.Ц,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908003730544 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,

урьд Нийслэлийн шүүхийн 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 351 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн б, 73 дугаар зүйлийн а дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, 1986 оны 5 дугаар сарын 04-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 cap 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 492 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 102 дугаар зүйлийн 1, 98 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 1998 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 4 cap 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигин боролзой овогт Гомбосүрэнгийн Б /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.Б 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 3-70 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Цгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой эхнэртэйгээ маргалдсан. Нүүрэнд нь цохиж хөхрүүлсэн. Эхнэртэйгээ 20 гаран жил болж байна. Эхнэр гэр орондоо тогтохгүй байснаас болж маргалдсан. Дал, мөр лүү нь цохиогүй, нүдэнд нь 1 удаа цохисон. Гэр бүлийн байдлыг харгалзан хөнгөн ял өгнө үү” гэв.

Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2 сар хиртэй хөдөө яваад ирэхдээ хүнтэй хамт гэртээ ирээд, ажилд цуг явсан нь миний буруу. Үүнээс болж хардуулж, надад гар хүрсэн. Өмнө нь зодож байгаагүй. Надад эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Нүүр хөхөрсөн нь үнэн. Нөхрийн биеийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардгийг нь харгалзан үзнэ үү” гэв.

 

Эрүүгийн 1908003730544 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Цгийн: “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 03 цагийн үед гэртээ байхад нөхөр Б гэртээ хий хоосон зүйл яриад байсан. Огт болоогүй зүйлийг болсон мэтээр яриад би харсан, миний сахиус надад хэлж байна гээд намайг хүнтэй хардаж нүүр, нуруу хэсэг рүү гараараа цохиж зодсон. 2-3 удаа цохисон. ...Надад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-29-34/,

Гэрч Б.Бямбадэмбэрэлийн: “Тэр шөнө намайг гэртээ амарч байхад манай хойд ээж Б.Ц утсаар залгаад “гэртээ хүрээд ир” гэж дуудсан. Аав, ээжийн гэрт очиход аав Г.Б, ээж Б.Ц нар хоорондоо маргалдаж муудалцсан байсан. ...Цгийн хамрын дээд хэсэгт, 2 нүдний хооронд хавдчихсан байсан. Ээж надад “аав чинь цохьчихсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-39/,

Гэрч Б.Өнөрийн: “2019 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө манай эгч Б.Ц “нөхөртэйгөө муудалцлаа” гээд манай гэрт ирсэн. Нөхөр нь хардаж зодсон талаар өөрөөс нь сонсож мэдсэн. 2 нүдний дунд хамрын дээд хэсэгт нь хөхөрсөн байсан. ...Тэр хоёр гэр бүл болоод 20 орчим жил болж байна...” гэх мэдүүлэг /хх-41/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.01.10-ны өдрийн 1133 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Цгийн биед хамар болон 2 нүдний доод зовхи, баруун мөр, даланд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-49/,

Шинжээч С.Одончимэгийн: “...Хамар болон хоёр нүдний доод зовхинд 1, баруун мөрөнд 1, даланд 1 удаа тус бүр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-50-51/,

Шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн: “2018 оны 9 дүгээр сараас манай эхнэр Ц Цогням гэх залуутай холбогдоод байсан. Түүнтэй “уулзахаа боль, гэр орондоо хонож өнж” гээд маргасан. Гэртээ том өрөөнд эхнэрийгээ буйдан сандал дээр сууж байхад нь би баруун гарын долоовор хуруугаараа чичиж заагаад хэрэлдэж байсан. Хуруугаараа чичиж байхад эхнэр Б.Ц ухасхийж босохдоо миний гарыг нүүрээрээ мөргөчихсөн. Тэгснээ “чи нүүр лүү цохьчихлоо ш дээ” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-84-85/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019.03.26-ны өдрийн 517 дугаар дүгнэлтэд: “1.Г.Б нь “Солиорох шинжгүй сэтгэл хөөрөл” эмгэг засрал сайжралын байдалтай байна. 2.Г.Бын дээрх эмгэг нь сэтгэцийн олдмол эмгэг болно. 3.Г.Б нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай” гэжээ /хх-55-58/,

Шинжээч О.Баатаржавын: “2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б гэх хүнийг үзсэн. Энэ хүний тархины гэмтэл олон жилийн өмнө авснаас улбаатай сэтгэл хөдлөлийн эмгэгтэй болсон байсан. Энэ хүнд “солиорох шинжгүй сэтгэл хөөрөл” гэх оношийг баталгаажуулсан. Г.Б болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай. Дээрх эмгэг нь засал сайжралын байдалтай байгаа тул хэрэг хариуцах чадвартай. Эмнэлгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-59-60/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8/, насанд хүрээгүй гэрч Б.Нандины мэдүүлэг /хх-42/, насанд хүрээгүй гэрч Б.Жаргалбаярын мэдүүлэг /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-74/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-90/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-91/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-92/, Хас банкны дансны хуулга /хх-93-94/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-99-103/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 3-70 тоот гэртээ эхнэр Б.Цг зодож, биед нь хамар болон 2 нүдний доод зовхи, баруун мөр, даланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Цгийн “...Б ...миний хамрын голд гараараа 1 удаа цохиод, дал, мөр лүү гараараа 2 удаа цохихоор нь...” гэх мэдүүлэг /хх-29-34/, гэрч Б.Бямбадэмбэрэлийн “...Цгийн хамрын дээд хэсэгт, 2 нүдний хооронд хавдчихсан байсан. Ээж надад “аав чинь цохьчихсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-39/, гэрч Б.Өнөрийн “2019 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө манай эгч Б.Ц “нөхөртэйгөө муудалцлаа” гээд ирсэн. 2 нүдний дунд хамрын дээд хэсэгт нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-41/, шүүх эмнэлгийн 1133 дугаар “1.Б.Цгийн биед хамар болон 2 нүдний доод зовхи, баруун мөр, даланд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх шинжилгээ /хх-49/, шинжээч С.Одончимэгийн “...Хамар болон хоёр нүдний доод зовхинд 1, баруун мөрөнд 1, даланд 1 удаа тус бүр мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-50-51/, шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн “...эхнэр Б.Ц ухасхийж босохдоо миний гарыг нүүрээрээ мөргөчихсөн. Тэгснээ “чи нүүр лүү цохьчихлоо” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-84-85/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Цг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул Г.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Надад санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-35, шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Б нь үндэслэлгүйгээр хардаж сэрдсэний улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад “3 удаа цохиулсан” талаараа хэлдэг. Энэ нь ч шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр тогтоогддог. Эмчилгээ хийлгээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй. Ажил хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Эрүүл мэндийн байдлыг минь харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. Хувиараа айлд халаалтын ажил хийдэг. Орлого олдог” гэж,

хохирогч “Нөхрийн биеийн байдлыг хэвийн болгох талаас дэмжиж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг. Надад тусалж дэмждэг” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, банкны дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад баримтуудаар тогтоогдохгүй байгаа, түүнчлэн ам бүл 6, эхнэр, 4 хүүдийн хамт амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг гэх байдлуудыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хардалт гэж шалтаглан хохирогчийн эрх чөлөөнд халдсан, солиорох шинжгүй сэтгэл хөөрөл эмгэгтэй/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, эмчилгээ хийлгээгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч Г.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин боролзой овогт Гомбосүрэнгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР