Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/02154

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/02154

 

 

,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/04777 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,,,,,,

Төрийг төлөөлж: ,,,,,,,

улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,, прокурор ,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний аав ,,,,,,, 1951 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баривчлагдаж, тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар ял төлөвлөх явцдаа 1952 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шоронд нас барсан. Хэргийг Монгол улсын ерөнхий прокурорын газрын 2001 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5/57 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож, хэлмэгдсэнд тооцсон.

Улмаар ,,,,,,,г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол улсын Ерөнхий прокурорын 67 тоот цагаатгасан үнэмлэхийг надад олгосон. Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ,,,,, дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар төрийн сангийн данснаас 1 сая төгрөгийг охин ,,,,,,, надад олгосон.

Иймд нөхөн олговор 80,000,000 төгрөг олгож өгнө үү гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ,,,,,ын татгалзал, тайлбарын агуулга:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хүчин төгөлдөр хуулийн дагуу хангагдах боломжгүй гэжээ.

 

3. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ,,,,,,,гийн цагаатгалын нөхөн олговор олгох тухай нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан байгаа учраас нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Гонгорын Шинэнд олгох нөхөх олговор 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 дугаар данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Би улс төрийн хилс хэрэгт холбогдож амь насаараа хохирсон ,,,,,,,гийн төрүүлсэн ганц охин гэдгийг хууль хяналтын байгууллагууд бүх шатанд тогтоосон байхад хуулиар олгогдсон нөхөн төлбөр авах эрхийг хязгаарласанд гомдолтой байна.

Хуульд хугацаа тогтоосон нь хэлмэгдэгсдийн эрхийг аль болох богино хугацаанд сэргээж, нөхөн төлбөр олгох төрийн бодлогыг нэг дор шуурхай хэрэгжүүлж хэлмэгдэл хэмээх хар түүхийг дуусгавар болгох агуулгатай. Тийм ч учраас анхан шатны шүүхүүд хуульд заасан үндэслэл нь бодитойгоор нотлогдсон хэлмэгдэгч болон хэлмэгдэгчийн үр хүүхдүүдэд хугацааг үл харгалзан нөхөн төлбөр олгох ажиллагааг шийдвэрлэсээр байгаа нь шударга бөгөөд хүнлэг ёсоор хандаж байгаагийн илрэл юм.

Нэг ижил маргааныг шүүхүүд өөр өөрөөр шийдвэрлэж байна. Үүнээс үзэхэд хэлмэгдсэн иргэн шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдаж улам хохирч байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн үйл явц нь тодорхой цаг хугацаанд эхэлж тодорхой иргэдийг хэлмэгдүүлсэн нь судалгаа болон баримтаар тогтоогдсон. Хэлмэгдлийн хор уршгийг түргэн шуурхай барагдуулах үйл явц төрийн байгууллага, шүүхийн шатанд гацаж байгаа тул нотлох баримтад тулгуурлан шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурорын гаргасан тайлбарын агуулга:

Гомдлыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн талаар шүүх зөв дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,, нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч ,,,,,,,гийн төрсөн охин учир Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Гуравдагч этгээд ,,,,,, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцсон ,,,,,, нь нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн.

 

3. Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 886, 2004 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ,,,,, дугаар шийдвэрүүдээр ,,,,,,, нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж нас барсан, ,,,,,,, нь хэлмэгдэгчийн төрсөн охин бөгөөд 1,000,000 төгрөгийн нөхөх олговор авч байсан үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй.

 

3.1. Мөн хэлмэгдэгч ,,,,,,, болон түүний гэр бүлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан орон сууц, гэр олгох, орон сууц худалдан авахад зориулан мөнгөн олговор олгогдоогүй үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч ,,,,,,,гийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй байх боловч хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж заасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дээрх хуулийн зохицуулалт ёсоор 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө шүүхэд гаргаагүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хугацааг өнгөрүүлсэн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

4.1. Дээрх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй нөхцөл байдлаа нэхэмжлэгч нь коронавирус цар тахалтай холбон тайлбарлах боловч Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхэд хязгаарлалт тогтоогдсон гэж дүгнэхгүй.

Түүнчлэн коронавирус цар тахал гарч байсан цаг хугацаанд шүүхийн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдаж байсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

4.2. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт орсон байх бөгөөд энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан.

 

4.3. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны талаар дурдсан боловч энэ талаар анхан шатны шүүхэд мэдүүлээгүй тул энэ нөхцөл байдлыг шалгаж тодруулах ёстой байсан гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч оролцсон болохыг дурдвал зохино.

 

5. Гомдолд дурдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт хүчингүй болсон тул нөхөх олговрыг шаардах эрхтэй гэх тайлбарын талаар анхан шатны шүүхийн хийсэн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

Уг заалт нь цагаатгуулах гомдол гаргах асуудлыг зохицуулсан бөгөөд энэ зохицуулалт хүчингүй болсон нь хүчин төгөлдөр зохицуулалтын дагуу нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдлыг сэргээх үндэслэл болохгүй.

 

6. Дээр дурдсан дүгнэлтийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/04777 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ