Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 579

 

 

 

 

 

 

 

     2019           5           28                                         2019/ШЦТ/579         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,  

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808047691581 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, Угтаал овогт Тогоонацагийн Г /РД: /.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Т.Г нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23а байрны орцны үүдэнд иргэн Ц.Тын хоолойг багалзуурдан түүний хувцасны халааснаас Самсунг эс-7 болон Нокиа маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэний улмаас 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  С.Мягмарсүрэнтэй бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 17-ны орой найз Мягмарсүрэн гүйж ирсэн. “Найзыг нь энд хэдэн юм дээрэлхээд хамаг юмаа алдчихлаа” гэсэн. Бид 2 байрны гадаа очтол 1 залуу байсан. Тэр залууг би зугтах гэж байна гэж ойлгоод бариад явсан. Тэр залуугаас Мягмарсүрэнгийн утас, бор хавтас гарч ирсэн. Мягмарсүрэн “баярлалаа” гээд бид 2 архи ууж байтал цагдаад баригдсан. Би хохирогчийг цохиж зодоогүй. Мягмарсүрэн юмаа алдсан уурандаа очоод цохисон. Хохирогчоос 1 ширхэг нимгэн утас энгэрийн халааснаас би авсан. Хийсэн хэргээ бүрэн хүлээж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял өгнө үү” гэв.

 

Эрүүгийн  1808047691581 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Тын: “2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлынхантай хоолонд оронгоо архи уугаад 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23а байрныхаа гадаа ...сандал дээр тамхи татаад сууж байтал гэнэт 50 орчим насны, нүүрэн дээрээ сорвитой эрэгтэй хүн 40 орчим насны, 170см орчим нуруутай эрэгтэй хүнтэй хамт хүрч ирээд үг хэлж амжаагүй байхад нүүрэн дээрээ сорвитой залуу нь шууд миний дагзан хэсэгт цохиж аваад үргэлжлүүлээд 2-3 удаа нүүрэн тус газар цохисны дараа хажуу талаас нөгөө өндөр залуу нь надад тулж ирээд намайг багалзуурдаж байгаад “чи яагаад миний найзын гар утсыг авсан юм бэ” гэж хэлэхдээ миний гадна талын хувцсыг нэгжиж халааснаас Самсунг Эс-7 загварын гар утас, дотор халааснаас Нокиа загварын доошоо сөхөгддөг гар утсыг минь авчихсан. Яг тэр үед 23б байрны орцны жижүүр эгч Баярмаа гэж хүн хажуугаар явж таараад “хөөе та нар болиоч, хүн аллаа шүү дээ” гэж хэлтэл нүүрэн дээрээ сорвитой болон өндөр залуу хоёр очоод өндөр нь хэл амаар доромжилсон утгатай үг хэллэг хэлж байгаад хамар луу нь цохитол орцны жижүүр эгч хойшоо саваад уначихсан. Нөгөө хоёр хүн зугтаад яваад өгөхөөр нь би гэртээ ороод цус болсон хувцсаа солиод хажуу талын байранд байдаг Чука найзындаа очиж болсон асуудлын талаар тайлбарлаж өгтөл найз Чука, би болон эхнэртэй нь орцны жижүүр дээр очиж хаачсан талаар нь асуутал “урд зүг рүү шинэ Драгон руу явсан, намайг дагаад яв” гэж хэлээд бид дөрөв хамтдаа цагдаад дуудлага өгөөд шинэ Драгон руу яваад урд талд нь очтол нөгөө намайг дээрэмдсэн гэх хоёр эрэгтэй гурван шил архи авчихсан уух гээд сууцгааж байсан. Цагдаа бид нар дээр ирээд “хэн дээрэмдсэн бэ, зааж өгнө үү” гэж асуухаар нь би “энэ орцны жижүүр эгч сайн харсан, би бага зэргийн согтолттой байна” гэж хэлтэл орцны жижүүр Баярмаа эгч “яг энд шинэ Драгоны урд талд архи уух гээд сууж байгаа хоёр эрэгтэй хүн энэ залууг дээрэмдсэн” гэж хэлээд барьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-12-15/,

Гэрч О.Баярмаагийн: “2018 оны 10 дугаар сарын 16-ны 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23б байрнаасаа гараад 23а байрны жижүүр лүү явж байтал гаднах сандал дээр зүс үл таних залуу сууж байсан. Нөгөө залуу дээр зүс үл таних 2-3 залуу очоод хацар нь сонин 50 орчим насны хөгшин эрэгтэй хүн очоод үгийн зөрөөгүй цохиж аваад “энэ залуу бол миний гар утсыг хулгай хийж авсан” гээд хэд хэдэн удаа нүүр лүү нь цохиод байх шиг байсан. 50 орчим насны эрэгтэй хүнтэй хамт явж байсан өндөр 40 орчим насны өндөр залуу нь сууж байсан залууг хоолойноос заамдаж боогоод “чи миний найзын гар утсыг гаргаж өг” гээд цээж рүү нь цохиод байхаар би очоод “болиоч, та нар ямар хаашаа юм” гэж хэлтэл өндөр биетэй залуу нь “хуц солиор, янхан, гичий минь” гэж хэлээд хамар луу цохитол хамраас цус гараад би хойшоо ойчих шиг болсон. Тэгээд нөгөө хэдэн залуучууд яах ийхийн зуургүй зугтаагаад алга болсон. Би гараа угаагаад 00 өрөөнд байтал сандал дээр сууж дээрэмдүүлж байсан залуу гаднаас 2 найзыгаа дагуулж орж ирээд “манай найзыг дээрэмдсэн байна, та салгасан гэсэн, ямархуу хүмүүс байсан бэ” гэхээр нь би зүс царайг нь өөрийнхөө харснаараа дүрсэлж хэлсэн. Цагдаа нар ирээд нөгөө дээрэмдэх гэж байсан 2 залууг олоод надад үзүүлтэл нөгөө зодож байсан залуучууд мөн байсан...

...Т ахыг ямар ч үгийн зөрөөгүй очоод 50 орчим насны, нүүрэн дээрээ сорвитой эрэгтэй нь дагз руу нь 1, нүүрэн тус газар 3 удаа гараараа цохиж, нөгөө 40 орчим насны, 170 см орчим нуруутай эрэгтэй нь тулж очиж багалзуурдаж байгаад халааснаас нь мэдрэгчтэй утас, товчлууртай утас ухаад авчихсан. Би болиулах гээд халааснаас нь ухаж авсан утсыг нь буцааж авах гэж булаацалдсан чинь ...нэг удаа цохисон. ...Миний бодлоор тэр хоёр хүн архины мөнгөө л олох гэж бусдыг дээрэмдсэн гэж бодож байна. Би гар утсыг нь булаацалдаж байхдаа нэг нь манай байрны Мягмарсүрэн, нөгөөх нь Драгон хавьцаа архи уугаад явж байдаг Г гэж хүмүүс мөн байсныг нь таньсан болохоор дараа нь шууд хараад мөн гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-19-21, 82-83/,

Гэрч Ц.Эрдэнийн: “2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед гэрээсээ нөхрийн хамт гарч байтал үүдэнд найз Ц.Ттай таартал “найз нь хүнд зодуулаад тархиа хагалуулж, хоёр гар утсаа дээрэмдүүлчихлээ, яг та хоёртой уулзах гэж байлаа” гээд манай орцонд байсан. Би дагзных нь хавиас урсаж байсан цусыг арчиж өгөөд юу болсон талаар асуугаад дагуулж гартал “намайг зодсон хүмүүсийг би одоо хараад сайн таньж чадахгүй, тухайн үед салгаж өгсөн орцны жижүүр таниад байх шиг байсан” гэж хэлэхээр нь 23а байранд очиж Баярмаа гэх орцны жижүүртэй уулзаад дөрвүүлээ ойр хавиар хайж яваад шилэн Драгоны урд талд архи уугаад сууж байсан хоёр залууг нөгөө орцны жижүүр эмэгтэй “энэ хоёр яг мөн” гэж зааж өгөхөөр нь манай нөхөр барьж аваад тэр хавьд эргүүл хийгээд явж байсан хоёр эргүүлийн цагдаад барьж өгч байсан. Биед нь нэгжлэг хийсэн боловч гар утас нь гарч ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-79-80/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.10.24-ний өдрийн 12649 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Т-н биед дагзны хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-23/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.12.12-ны өдрийн СХ3-18-640 дүгээр тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө /2 ширхэг гар утас/ нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018.10.16-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 330.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-87-90/,

Гэрч Ж.Наранцогтын “...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ...20-22 цагийн хооронд Н.Ганхуягийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад шилэн Драгоны урд талд сэжиг бүхий дөрвөн хүн архи уугаад сууж байхаар нь очоод шалгаж байтал ардаас 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүн хүрч ирээд өөрийгөө орцны жижүүр гэж танилцуулсан эмэгтэй архи ууж байсан дөрвөн хүний хоёрыг “энэ хоёр энэ хүнийг дээрэмдсэн” гэж зааж өгсөн. Бид хоёр тэнд байсан дөрвөн хүний бие болон хувцсанд нэгжлэг хийж үзэхэд хохирогчийн хэлсэн гар утаснууд гарч ирээгүй. Нүүрэндээ сорвитой, намхан, мяраалаг, өөрийгөө Мягмарсүрэн гэж танилцуулсан залуугаас нь цагаан өнгийн гар утас гарч ирсэн нь хохирогчийн утас биш байсан. Гар утаснаас өөр ямар нэгэн эд зүйл, бичиг баримт гарч ирээгүй. Өндөр нуруутай өөрийгөө Г гэж танилцуулсан хүнээс нь ямар ч эд зүйл гараагүй. Ямар ч байсан хохирогчийн хэлсэн хоёр ширхэг гар утас гараагүй. Нэг нь өвөртөө задлаагүй шинэ архи нуугаад байхаар нь хаанаас авсан талаар асууж авсан дэлгүүрт очиж гар утас барьцаанд тавьсан талаар лавлахад бэлэн мөнгөөр төлж авсан байсан. Тэгээд Г, Мягмарсүрэн гэх хоёр хүнийг хэлтэст хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-182/,

Шүүгдэгч Т.Ггийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Драгон төвийн баруун урд тал хавиар явж байтал 10 жилийн найз Мягмарсүрэн гүйж ирээд “энэ хажууханд намайг хэдэн юм дээрэлхээд хамаг юм авчихлаа, хурдлаарай, гүйгээрэй” гэхээр нь бид хоёр хамт 23А байрны тэр хавиар гүйж байтал Мягмарсүрэн ардаас надад хандаж “хөөе, тэр 23а байрны гадна сууж байгаа эрэгтэй мөн байна’’ гэхээр нь хартал танихгүй хар өнгийн ледринэн куртиктэй, 165см орчим өндөртэй, 37 орчим настай эрэгтэй хүн сандал дээр сууж байхаар нь “чи яагаад хүний юм авдаг юм” гээд бариад авсан чинь тэр залуу надтай зууралдсан. Би заамдаж байгаад доош дарж хэвтүүлээд энгэрийн халааснаас нь нэг хар өнгийн нимгэн ухаалаг утас аваад Мягмарсүрэнгээс “энэ утас чинь мөн үү" гэж асуутал “мөн” гэхээр нь тэр утсыг Мягмарсүрэнд өгчихсөн. Нөгөө талынх нь энгэрийн халааснаас Мягмарсүрэнгийн бичиг баримтууд гарч ирсэн. Бид хоёр нөгөө залууг тэнд нь орхиод архи авах гэж Цэрмаа эгчийн дэлгүүр лүү явтал мөнгө хүрэхгүй байхаар нь буцаж 23а байран дээр ирээд Мягмарсүрэн гэртээ ороод мөнгө аваад гараад ирсэн. Бид хоёр Драгон төвийн урд талд архи хувааж уугаад сууж байтал цагдаа нар ирээд барьж авсан” гэх мэдүүлэг /хх-73-76/,

С.Мягмарсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед Орбитод байх найзындаа хоёр шил архи хувааж уучихаад 23А байранд байрлах дүү Бямбагаравын гэрт орохоор 20 цагийн үед очтол хаалганых нь чип байхгүй болохоор хүн онгойлгохыг хүлээгээд сууж байтал нэг мэдсэн зүүрмэглэсэн байсан. Гэнэт хэн нэгэн миний халаасыг ухаад, гадуур хувцас тайлах гэж байхаар нь хартал 3, 4 хүн миний урд зогсож байсан. Би шууд миний хувцсыг оролдож байсан хүний гарыг нь шувтарч болиулаад урагшаа Драгон төв рүү цагдаа хайгаад гүйсэн чинь багын найз Г зогсож байсан. Гд “намайг хүмүүс сэгсэрчихлээ, чи энэ хавиар архи ууж байнга явдаг юм чинь таньж магадгүй дагаад яв” гэж хэлтэл Г намайг дагаж гүйсээр буцаад нөгөө 23А байрны урд иртэл миний сууж байсан сандал дээр нэг залуу сууж байсан. Гд “энэ нөгөө намайг сэгсэрч байсан 3, 4 залуусын нэг мөн юм шиг байна” гэж хэлтэл Г нөгөө залуу дээр гүйж очоод учир зүггүй заамдаж аваад “чи яагаад миний найзыг сэгсэрдэг юм” гэж хэлээд тэр хоёр хоорондоо ноцолдож эхэлсэн. Г зуурч байгаад нэг халааснаас нь автобусны карт, банкны карт болон бор өнгийн гэртэй хар дэлгэцтэй андройд загварын хавтгай утас зэргийг гаргаж ирэхээр нь хартал миний эд зүйлс байсан. Нөгөө залуу зугтаад явчих шиг болсон. Гд талархсанаа илэрхийлэх гэж нэг шил архи авч өгөх гээд халаасаа ухтал мөнгө байхгүй байсан. Дүүгийнд ороод 20.000 төгрөг авч гарч ирээд нэг шил архи аваад шинэ Драгоны урд талд хувааж уугаад байж байтал цагдаагийн алаг машин ирээд бид хоёрыг авч яваад эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-29-30, 65-67/,

хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6/, илтгэх хуудас /хх-7/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, гэрч Д.Алтанхуягийн мэдүүлэг /хх-84-85/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-115/, гэрч И.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх-177-178/, “Юнител, Мобиком, Скайтел” ХХК-ийн тодорхойлолт /хх-183, 184, 185/ зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.  

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.

Хүч хэрэглэсэн. 2 утас авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдоно. Мягмарсүрэн өөрийн утсаа олж авсан гэдэг нь, бичиг баримт нь гарч ирсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Зугтах гэж байсан талаар хэрэгт хохирогч, гэрч нар огт мэдүүлдэггүй. Хэдэн минут биш хэдэн цагийн дараа эзнийг олсон” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Т нилээн согтуу байсан. Биеэ удирдах чадваргүй болж болчимгүй үйлдэл хийдэг. 2 утсаа дээрэмдүүлсэн гэдэг ч 2 ширхэг утас эд мөрийн баримтаар хураагдаагүй. Шүүгдэгч нарын мэдүүлэг 1 утас авсан гэдэг. Энэ нь харилцан мэдүүлгээр тогтоогдож байгаа. Хүч хэрэглэж дээрэмдэж авсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагаатгаж өгнө үү.

Шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо давхар нотлогдоно. Эд мөрийн баримтыг олох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан хэргийн бодит байдлыг тогтоох ёстой” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.      

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Г нь С.Мягмарсүрэнтэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23а байрны орцны үүдэнд хохирогч Ц.Тын хоолойг багалзуурдан түүний хувцасны халааснаас “Самсунг эс-7” болон “Нокиа” маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч Ц.Тын “...50 орчим насны, нүүрэн дээрээ сорвитой эрэгтэй хүн, 40 орчим насны, 170см орчим нуруутай эрэгтэй хүнтэй хамт хүрч ирээд үг хэлж амжаагүй байхад нүүрэн дээрээ сорвитой залуу нь шууд миний дагзан хэсэгт цохиж аваад үргэлжлүүлээд 2-3 удаа нүүрэн тус газар цохисны дараа нөгөө өндөр залуу нь намайг багалзуурдаж байгаад ...миний гадна талын хувцсыг нэгжиж байгаад гадна халааснаас Самсунг Эс-7 загварын гар утас, дотор халааснаас Нокиа загварын доошоо сөхөгддөг гар утсыг минь тус тус авчихсан...” гэх мэдүүлэг /хх-12-15/, гэрч О.Баярмаагийн “...2-3 залуу очоод хацар нь сонин 50 орчим насны хөгшин эрэгтэй хүн үгийн зөрөөгүй цохиж аваад ...хэд хэдэн удаа нүүр лүү нь цохиод байх шиг байсан. Тэгтэл нөгөө 50 орчим насны эрэгтэй хүнтэй хамт явж байсан өндөр 40 орчим насны өндөр залуу нь нөгөө сандал дээр сууж байсан залууг хоолойноос заамдаж боогоод. ...Цагдаа нар ирээд нөгөө дээрэмдэх гэж байсан 2 залууг олоод надад үзүүлтэл нөгөө дээрэмдэх гээд зодож байсан залуучууд мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-19-21/, шүүх эмнэлгийн 12649 дүгээр “1. Ц.Т-н биед дагзны хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-23/, шүүгдэгч Т.Ггийн яллагдагчаар өгсөн “...эрэгтэй хүн 23а байрны урд талын сандал дээр сууж байхаар нь “чи яагаад хүний юм авдаг юм” гээд бариад авсан чинь тэр залуу надтай зууралдсан. Би заамдаж байгаад доош дарж хэвтүүлээд энгэрийн халааснаас нь нэг хар өнгийн нимгэн ухаалаг утас аваад Мягмарсүрэнгээс “энэ утас чинь мөн үү" гэж асуутал “мөн” гэхээр нь түүнд өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх-73-76/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Ггийн бусадтай бүлэглэж, хохирогч Ц.Тыг зодож, эд зүйлийг нь авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Т.Гг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Тт 330.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.Г өөрт ноогдох 165.000 төгрөгийг төлсөн нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Хаан банк”-ны орлогын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч Т.Гг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Гд 3 жилийн хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Болсон хэргийн талаар тогтвортой мэдүүлж ирсэн. Гэм буруугийн хувьд маргадаггүй. Шүүгдэгч эцгийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан, хохирол бүрэн нөхөн төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа/ болон шүүгдэгч Т.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн хорих ялыг хөнгөрүүлж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Т.Ггийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 131 /нэг зуун гучин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. /хх-146, 156-157, 166, 175-176/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Угтаал овогт Тогоонацагийн Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ггийн урьдчилан хоригдсон 131 /нэг зуун гучин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Ггийн эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР