| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2024/02861/И |
| Дугаар | 210/МА2024/02153 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/02153
| 2024 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 210/МА2024/02153 |
,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/05077 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,, ХХК-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 66,305,076.87 төгрөг, нотариатын зардал 18,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Зээлдэгч ,,,,,,,,,, ХХК нь манай байгууллагатай 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 76,800,000 төгрөгийн үнэ бүхий /Apple брэндийн Iphone загварын 9ш гар утас/ бараа бүтээгдэхүүнийг худалдан авах зорилгоор нэг сарын 2.98%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай авахаар тохиролцсон.
Зээлдэгч зээл авснаас хойш нийт 36,433,841.05 төлсөн ба зээлийн хуваарь 120 хоног зөрчигдөж 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 58,634,153.14 төгрөг, хүү 7,627,917.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,006.20 төгрөг, нийт 66,305,076.87 төгрөгийг төлөлгүй манай байгууллагыг хохироож байна. Энэ талаар ,,,,,,,,,, ХХК-д удаа дараа мэдэгдэж шаардсан боловч одоог хүртэл бүрэн төлөөгүй.
Иймд гэрээний үүрэгт 66,305,076.87 төгрөг, нотариатын зардал 18,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Талуудын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ний 2.1-д заасан 76,800,000 төгрөгийн зээлийн төлбөрийг манай компани өөрийн дансанд хүлээн аваагүй энэ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй. Тодруулбал, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зээлийг шилжүүлж, олгосноор зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхээр заасан. Үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж байгуулсан хэлцэл тул дээрх гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм. ,,,,,,, нь хуульд заасан зөвшөөрлийг авалгүйгээр Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг явуулсан.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,, ХХК-аас 66,280,070.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,006 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 489,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 489,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх энэ төрлийн гэрээнд тавигдах шаардлага буюу мөнгө, эд зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болохыг ямар нотлох баримтаар тогтоосон нь тодорхойгүй. Хариуцагч зээлийг бодитоор хүлээн аваагүй ба нэхэмжлэгч зээлийг бодитоор олгосон талаар шүүхэд нотлох баримтыг гаргаж өгөөгүй.
Анхнаасаа зээл олгоогүй, зээлийг хүлээн аваагүй талаар маргаж буй тохиолдолд зээлийн үүргийг хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзах асуудлаар маргаан өрнөх боломжгүй. Дээрх агуулгаар хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс шүүхэд татгалзал тайлбараа хийсэн боловч шүүх төлбөрийн үүргийн талаар дүгнэсэн байна.
Мөн зээлийг өөрт олж аваагүй учраас талуудын хооронд хийсэн хэлцэл нь зээлийн гэрээний шинжийг агуулаагүй худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан.
Иймд 76,800,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийн үнээс 36,433,841.055 төгрөгийг төлсөн учир 40,366,158.945 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түүнчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах явуулах тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга, эсхүл Санхүүгийн зохицуулах хороонд албан ёсоор бүртгүүлж зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Гомдлыг зөвшөөрөхгүй. Зээлийг олгосон учраас гар утас, холбогдох хэрэгслийг хариуцагч нь хүлээж авсан. Тус компани Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан зөвшөөрлийг авах шаардлагагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалж үндсэн зээл 58,634,153.14 төгрөг, хүү 7,627,917.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,006.20 төгрөг, нийт 66,305,076.87 төгрөг болон нотариатын хөлс 18,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь зээлийг бодитоор хүлээн аваагүй, хуулийн этгээд үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж байгуулсан хэлцэл тул дээрх гэрээ хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр ,,,,,,, нь 76,800,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.98 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, ,,,,,,,,,, ХХК нь гэрээнд заасан хугацаанд зээлийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба гэрээний хугацааг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан байна.
3.1. Гэрээний дагуу хариуцагч ,,,,,,,,,, ХХК нь ХХК-иас Apple iPhone 14 Pro Max Deep Purple 128 GB гар утас 9 ширхэг, Apple iPhone 14 Pro Max Space Black 128 GB гар утас 9 ширхгийг тус тус хүлээн авсан үйл баримтад хариуцагч маргаагүй.
Энэхүү гар утас хүлээн авсан үйл баримт нь зээлийн гэрээнд хамааралгүй болохыг нотлох баримтын хуваарилалтаар хариуцагч нотлох үүрэгтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг үүргээ биелүүлээгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө зээлж авалгүйгээр дээрх гар утсыг худалдан авсан, төлбөрийг төлсөн болохоо нотолж чадаагүй.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.
4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэсэн.
Мөн гэрээгээр хүү тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн байна.
4.1. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл нь санхүүгийн түрээс байх бөгөөд мөнгөн зээлийн үйл ажиллагааг ашиг олох зорилгоор байнга эрхэлдэг үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг гэрээ байгуулах үед Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 9, 11 дүгээр зүйлд зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагыг тавихгүй.
Иймд талууд нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээ байгуулсан тул энэ нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хүрээнд байгуулах зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй.
Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлгүй орхигдуулсныг дээрх байдлаар нэмж дүгнэв.
4.2. Мөн хариуцагч талын гаргасан зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь зээлийг олгохдоо хариуцагчийн ирүүлсэн ХХК-ийн нэхэмжлэхийг үндэслэн тухайн хуулийн этгээд рүү төлбөрийг шилжүүлснээр Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нэрлэн заасан этгээдэд зээлийг олгожээ.
Түүнчлэн хариуцагч нь ийнхүү зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авснаа зөвшөөрч үндсэн зээл 18,165,846.86 төгрөг, хүү 18,103,313.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 164,680.48 төгрөг, нийт 36,433,841.05 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.
4.3. Гэрээний хэрэгжилтийн явцад үүргийн зөрчил үүссэн учир нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан гэх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.
4.4. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл 58,634,153.14 төгрөг, хүү 7,627,917.53 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд нэмэгдүүлсэн хүү тооцох зохицуулалт байхгүй тул 43,006 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Ийнхүү нэмэгдүүлсэн хүүгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үүргийн харилцаанд хамаарахгүй Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан шаардах эрхийн хүрээнд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсныг дээрх байдлаар залруулан дүгнэв.
Мөн гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагчийн хүлээн зөвшөөрч төлсөн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцохгүй болно.
6. Үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэл гаргахад зарцуулсан нотариатын зардал 18,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хангасан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.
7. Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/05077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 489,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Т.БАДРАХ