Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 585

 

 

 

 

 

 

 

     2019           5           29                                         2019/ШЦТ/585         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат, 

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,

орчуулагч Д.Уянга,

шүүгдэгч  Ду Хаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  Ду Хаг-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908016310682 дугаар хэргийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, 1970 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хадам эхийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Ду Хаг

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч  Ду Хаг нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2019 оны 3 дугаар сарын 02-ны шөнө 23 цаг 48 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр, 1 дүгээр орц, 4 давхрын шатан дээр эхнэр А.Тын толгойн тус газар цохиж унаган шатны хамгаалалт төмөр мөргүүлэн, өшиглөж, мөн тухайн байрны 1 дүгээр орцны гадна заамдаж газар нүүрээр нь унаган, буцаж гэртээ орсны дараа нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 00-01 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр, 14 тоотод хадам эх Н.Дгийн зүүн гарны булчингаас барьж байгаад баруун талын чамархай руу нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Ду Хаг шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө нь өгсөн мэдүүлэгтэй ижил. Тухайн өдөр эхнэртэйгээ гэртээ хоол идэж, архи уусан. Орцонд хэсэг залуус пиво ууж, тамхи татаж байсан. 30 минутын дараа салхинд гарахаар гарсан. Эхнэр гадаа хүмүүстэй маргалдаад эхэлсэн. Би “боль” гээд эхнэрээс зуурсан. Эхнэр чанга чанга орилоод байсан. Би эхнэрийг явахгүй болохоор цохисноо санаж байна. Эхнэр монголоор 1 зүйл хэлэхэд тэр залуус ирээд зодоон болсон. Би 1 хэсэг ухаан алдсан байсан. Гэртээ орсон байсан. Согтсон байсан учраас сайн санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэртээ ортол хадам ээж “яагаад эхнэрээ зодсон” гээд хашгирахаар нь би түлхсэн байх. Миний санаж байгаагаар ийм зүйл байна. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Их гэмшиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908016310682 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А.Тын: “2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр Pyun Do Hag “найзтайгаа уулзана” гэж гараад 18 цагийн үед гэртээ халамцуу архи уусан ирсэн. Ирэхдээ “Орцонд залуучууд архи уугаад, тамхи татаад сууж байна, би гараад тамхи татах гэхээр эвгүй юм” гэж хэлэхээр нь гарахад манай давхарт ...18-20 орчим насны 4 залуу тамхи татаад, дундаа нэг том пиво тавьчихсан сууж байхаар нь би тэд нарт “миний дүү нар энд битгий архи уу” гэж хэлэхэд тэд нар “эгчээ бид нар одоохон явлаа уучлаарай” гэхээр нь би орсон. Бид хоёр хоолоо идчихээд жаахан архи хамт уусан. Тухайн өдөр мөн урьдын адил алхахаар хувцсаа өмсөөд гартал нөгөө хүүхдүүд орцонд сууцгааж байхаар нь би “юугаа хийгээд сууцгааж байгаа юм, одоо явцгаа” гэж хэлээд зогсож байтал гэнэт л юу болсон юм миний толгой дүүрээд явчихсан. Юу болсныг мэдэхгүй, би орон гаран сайн юмаа санахгүй хэсэг байж байгаад хартал нөгөө залуучууд манай нөхрийг бүчээд авчихсан байхаар нь би “наад хүн чинь гадаад хүн, хэрэгт орно” гэж хэлж байснаа санаж байна. Нэг хүүхэд нь “таныг танай нөхөр чинь аллаа шүү дээ” гэж хэлж байсан. ...Хэсэг бужигнаж байгаад би гэртээ ороод толинд харахад хоёр нүд хөхөрч, уруул хавдчихсан байсан. Тэгж байхад нөхөр араас орж ирсэн. Ээж нөгөө өрөөнөөс гарч ирээд нөхөр лүү “яаж байгаа юм” гээд зуурч авах гээд дайрахад нь манай нөхөр цохьчихсон юм шиг байна лээ. Ээж л дайрч байгаад намайг цохичихлоо гэж хэлсэн.

...Надад нэхэмжлэх зүйлгүй. Ямар нэг санал хүсэлт байхгүй, гомдолгүй. Бид хоёр эвлэрсэн, одоо хамт байгаа” гэх мэдүүлэг /хх-36, 37-38/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.03.05-ны өдрийн 3031 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.2.А.Тын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний зовхи, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.6. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-70/,

Хохирогч Н.Дгийн: “...22 цагийн үед байх Т, Pyun Do Hag хоёр гарч яваад 20, 30 минутын дараагаас манай давхарт хүмүүс орилолдож, эмэгтэй хүн чарлах чимээ гарахад нь би охиныхоо дууг таниад гэрээс гараад шатан дээр очиход Т шатны буланд биеэрээ налаад унаж байхаар нь би очиж босгоод авах үед Pyun Do Hag шатны доош явдаг дугуйрдаг хэсэг дээр улаан куртиктэй залуутай зууралдаад байж байхаар нь би охиноо дагуулаад гэр лүүгээ ороод харахад Тын куртикны суга урагдчихсан, хамар уруул нь хавдаад цус гарчихсан, нүүр нь бас халцарсан байхаар нь би цэвэрлэчихээд өрөө рүүгээ орсон. ...Би том өрөөндөө орж охиныхоо нүүрний зургийг гар утсаар авах гэтэл Pyun Do Hag над руу уурлаад миний гар утсыг аваад чулуудчихсан. Тэгэхээр нь би Монголоор “чи яагаад миний охиныг ийм болгож байгаа юм” гэтэл миний зүүн гарны булчингаас барьж байгаад баруун талуун чамархай руу гараараа 2 удаа цохиход миний толгой дүнгэнээд сонин болоод байж байтал Т “чи яахаараа миний ээжийг цохиж байгаа юм” гээд Pyun Do Hag руу очиход миний охины нүүр лүү цохиход нь Т уначихсан. Удалгүй цагдаа ороод ирсэн. Цагдаа орж ирсний дараа охиныг бас алгадаж унагасан.

...Нэхэмжлэх зүйл байхгүй. Би хүргэндээ ямар нэгэн гомдолгүй, саналгүй...” гэх мэдүүлэг /хх-42-43, 45-47/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.03.05-ны өдрийн 2974 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Н.Д-н биед тархи доргилт, зүүн бугалга шуунд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Шинэ гэмтэл байна” гэжээ /хх-75/,

Гэрч Д.Бадамсэрээжидийн: “...4 давхарт гарч Адъяасүрэн тэмцээнд явсан тухайгаа яриад бид пиво уусан. ...Би Адъяасүрэнтэй орцонд үлдээд яриад сууж байтал нөгөө хаалганаас гаднаас орж ирсэн ах гарч ирээд дахиад тамхи татаад муухай хараад зогсож байх үед араас нь нөгөө эгч нилээд согтуу болчихсон гарч ирсэн. Эмэгтэй нь нилээд том дуугаар “та нар гараач, зайлаач” гээд биднийг загнаад тэр хоёр шатан дээр зэрэгцээд зогсож байгаад нөгөө эгч бид хэдийн ууж байсан пивоноос “алив эгчдээ” гээд аваад шууд уучихсан. Бид “aхаа уучлаарай” гээд шатаар доошоо гарах гээд босоод алхахад нөгөө эрэгтэй нь “шиба, чинчаа” гэсэн солонгос үг яриад зөндөө солонгосоор юм ярьж байснаа нөгөө эгчийн дагз руу нь гараа зангидаад 1 удаа цохиод авахад нөгөө эгч шатан дээр өнхрөөд уруул, амаараа шатны хамгаалалт төмөр мөргөөд унасан. Би тэр явдлыг бүр сайн харсан. Орцонд гэрэл муутай болохоор бүдэгхэн харагдаж байсан ч бид тэнд удаан суусан болохоор бүх зүйлийг тод харж байсан. Нөгөө ах тэр эгчийг хөлөөрөө жийгээд, дэвсэж байгаа нь харагдсан. Чухам биеийн аль хэсэг рүү нь дэвссэнийг анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-48-49/,

Гэрч Э.Адъяасүрэнгийн: “...Би Бадамсэрээжидтэй орцонд үлдээд яриад сууж байтал нөгөө хаалганаас гаднаас орж ирсэн ах нөгөө эгчтэй хамт нилээд согтуу болчихсон гарч ирээд явган хүний шат руу гарч хоорондоо гадаадаар хэрэлдээд том том дуугараад байснаа эрэгтэй нь эмэгтэйгээ хэвлий тус газар нь хөлөөрөө жийгээд унагаахад нөгөө эгч нүүрээрээ шатны төмөр хаалт мөргөөд унахад нь Бадамсэрээжид миний утсаар цагдаад дуудлага өгсөн. Бид хоёр сандраад “та болиоч ээ, эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гээд гүйж очоод Бадамсэрээжид нөгөө унасан эгчийг “та зүгээр үү” гээд татаад босгосон. Би хажууд нь зогсож байтал нөгөө ах дахиад гадаадаар юм яриад эмэгтэй рүү дайраад ирэхэд нь би 2 гараараа цээж рүү нь түлхээд холдуулсан. ...Нөгөө эгч тэр ахын араас гараад ирэхэд нөгөө ах дахиад өшиглөөд надаас 4-5 алхмын зайд газар унагасан...” гэх мэдүүлэг /хх-52-53, 54-55/,

Шүүгдэгч  Ду Хаг-ийн яллагдагчаар өгсөн: “...Би эхнэр, хадам ээж хоёроо зодож гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Би архи ууснаас болоод болсон зүйлийг, хийсэн үйлдлээ санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-113-116/,

гэрч Т.Галдансүхийн мэдүүлэг /хх-44/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны хамтарсан багийн гишүүдийн хурлын тэмдэглэл /хх-81-89, 90-92, 93-95, 96-104, 105-106/, шүүгдэгчийн эрүүлжүүлэгдсэн талаарх баримтууд /хх-122-124/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-125/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-129/, хохирогч нарын “Хохирлын мөнгө авсан. Гомдолгүй...” гэх хүсэлт /хх-135, 136/, прокурорын тогтоол /хх-141-142/, шүүгдэгчийн хүсэлт /хх-143/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Бусдад төлөх төлбөргүй. Хохирогч Т архины хамааралтай гэх байдал тогтоогдоогүй. Түүний буруутай, зүй бус үйлдэл байхгүй. Мөн орцонд байсан хүмүүстэй маргасан гэх үйл баримт хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоогүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Согтууруулах ундаа хэрэглэсний улмаас ийм үйлдэл гаргасан. Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь хохирогч Тын архи хэрэглэдэгтэй холбоотой байсан” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч  Ду Хаг согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 02-ны шөнө 23 цаг 48 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр, 1 дүгээр орцны 4 давхрын шатан дээр эхнэр А.Тыг зодож, биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний зовхи, хамарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Мөн шөнөдөө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр, 14 тоотод хадам эх Н.Дг зодож, биед нь тархи доргилт, зүүн бугалга шуунд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч А.Тын “...Бид хоёр хоолоо идчихээд жаахан архи хамт уусан. ...Зогсож байтал гэнэт л юу болсон юм миний толгой дүүрээд явчихсан. Юу болсныг мэдэхгүй... Нэг хүүхэд нь “таныг танай нөхөр чинь аллаа шүү дээ” гэж хэлж байсан. ...гэртээ ороод толинд харахад хоёр нүд хөхөрч, уруул хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-36/, шүүх эмнэлгийн 3031 дүгээр “1.2. А.Тын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний зовхи, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-70/, хохирогч Н.Дгийн “...Чи яагаад миний охиныг ийм болгож байгаа юм” гэтэл миний зүүн гарны булчингаас барьж байгаад баруун талын чамархай руу гараараа 2 удаа цохиход...” гэх мэдүүлэг /хх-42-43/, шүүх эмнэлгийн 2974 дүгээр “1.Н.Д-н биед тархи доргилт, зүүн бугалга шуунд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-75/, гэрч Д.Бадамсэрээжидийн “...солонгосоор юм ярьж байснаа нөгөө эгчийн дагз руу нь гараараа зангидаад 1 удаа цохиод авахад нөгөө эгч шатан дээр өнхрөөд уруул, амаараа шатны хамгаалалт төмөр мөргөөд унасан. ...Нөгөө ах тэр эгчийг хөлөөрөө жийгээд, дэвсэж байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг /хх-48-49/, гэрч Э.Адъяасүрэнгийн “...эрэгтэй нь эмэгтэйгээ хэвлийн тус газар нь хөлөөрөө жийгээд унагаахад нөгөө эгч нүүрээрээ шатны төмөр хаалт мөргөөд унахад...” гэх мэдүүлэг /хх-52-53, 54-55/, шүүгдэгч  Ду Хаг-ийн яллагдагчаар өгсөн “...Би эхнэр, хадам ээж хоёроо зодож гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-113-116/, гэрэл зураг /хх-25/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч  Ду Хаг-ийн согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Т, хадам эх Н.Д нарыг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч  Ду Хаг-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Т, Н.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн А.Тын “...Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-37-38/, “Хохиролд 4.464.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-135/, хохирогч Н.Дгийн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-45-47/, “Хохиролд 1.000.000 төгрөг авсан...” гэх хүсэлт /хх-136/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Улсын яллагчийн торгох ял оногдуулах дүгнэлтийг зөвшөөрч байна. 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, ямар нэг шалтгаангүйгээр гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч  Ду Хаг-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч  Ду Хаг-ийг 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  Ду Хаг урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ду Хаг /Pyun Do Hag/-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ду Хаг-ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ду Хаг-ийг 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ду Хаг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  Ду Хаг урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Ду Хаг-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР