Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1509

 

“**” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/04464 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “**” ТББ,

Хариуцагч Ц.**,

Хариуцагч Б.** нарт тус тус холбогдох,

 

Гэм хорын хохиролд 6 640 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.** нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан. Тус ** улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Ц.** нь тээврийн хэрэгслээ “**” ХХК-нд даатгуулсан байсан тул даатгуулагчийн нэхэмжилснээр бид 5 491 800 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Ингэснээрээ Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгуулагчаас шаардах эрхийг шилжүүлэн авч, иргэн Ц.**тай Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч тэрээр төлбөрөө төлсөнгүй. Иргэн Б.** нь Ц.**ийн Төлбөр барагдуулах гэрээнд батлан даалт гаргаж, Ц.** төлөхгүй бол төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Үүний дагуу иргэн Б.**ыг хамтран хариуцагчаар тодорхойлон тус төлбөрийг нэхэмжилж байна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3-д заасны дагуу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй жолооч, иргэний гаргасан зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд “**” ТББ нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Хариуцагч Ц.** нь жолоочийн хариуцлагын даатгалгүй байсан тул бид энэхүү асуудлаар тус байгууллагаас нөхөн төлбөр нэхэмжилсэн боловч уг байгууллага нөхөн төлбөр олгохоос татгалзсан ба манай компанийн зүгээс дээрх нөхөн төлбөрийн асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан ч бидний гомдлыг хангаагүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаар тодорхойлсон этгээдүүд хамтран хариуцагч бөгөөд “**” ХХК нь төлбөрийг тус этгээдүүдийн хэн альнаас нь ч шаардах эрхтэй. Мөн хариуцагч Ц.** нь даатгагчтай байгуулсан Төлбөр барагдуулах гэрээгээр тогтоосон графикийн дагуу төлбөр төлөөгүй тул түүнээс гэрээний 1.7-д "даатгуулагч гэрээгээр тогтоосон графикийг зөрчиж, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд даатгагч нь үлдсэн үнийн дүнг бүхэлд нь төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй. Энэ тохиолдолд үлдсэн нийт үнийн дүнгээс алданги тооцогдоно", 1.5-д “төлөгдвөл зохих үнийн дүнг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хонж тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно” гэж тус тус заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүн болох 4 297 800 төгрөгөөс алданги шаардах эрхтэй. Алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 2 148 900 төгрөгийн алдангийг нэмж нэхэмжилж байна. Үүнээс үндсэн төлбөр 4 491 800 төгрөгийг ** ТББ-аас, алдангийн 1 148 900 төгрөгийг Ц.**иас, үлдэх 1 000 000 төгрөгийг батлан даагч Б.**аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ** ТББ шүүхэд болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жолоочийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т энэ хуулийн 18.1 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр олгох зориулалтаар жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг зарцуулах”-аар, мөн хуулийн 23.2 дахь хэсэгт “жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг энэ хуулийн 23.1 дэх хэсэгт зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан. Жолоочийн даатгалын тухай хуулийн 18.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн аль нэг нь байвал жолоочийн даатгалын сан нь хохирогчийн өргөдлийг үндэслэн нөхөн төлбөр олгохоор хуульчилсан байх бөгөөд тус хуулийн 3.1.10-т хохирогч гэж даатгалын тохиолдлын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд эсхүл даатгалын тохиолдлын улмаас амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсаны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг ойлгоно гэжээ.

Гэтэл хохирогчийн зүгээс тус холбоонд хандаж даатгалын тохиолдлын талаар мэдэгдсэн болон нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл гаргасан талаарх нотлох баримт болон бүртгэл байхгүй байна. Дээр дурдсан хуулийн 13.6 дахь хэсэгт даатгуулаагүй жолооч энэ хуулийн 13.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг жолооч өөрөө хариуцна гэж заасан байх ба мөн хуулийн 13.2.2-т зааснаар даатгалын тохиолдлын талаар шуурхай албанд мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, даатгуулаагүй жолоочийн нөхөн төлбөрийг тус хуулийн 20.1.2-т зааснаар даатгагч буюу “**” ХХК нь жолоочоос нэхэмжлэх нь зүйтэй юм. Жолоочийн даатгалын тухай хуулийн 21.1 дэх хэсэгт жолоочийн даатгалын сан нь Даатгалын тухай хуулийн 12.3.3-т заасан албан журмын даатгалын сангийн бүрдэл хэсэг бөгөөд албан журмын бусад даатгалын сангаас тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна гэж заасан байх тул “**” ХХК-аас даатгуулагчтай байгуулсан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу олгосон нөхөн төлбөрийг тус холбооноос барагдуулах нь үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын албан журмын даатгагчтай холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулахад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас одоо хүртэл төлөөгүй. 2015 оны 06 дугаар сард уул, уурхайн хайгуулын компанид ажилтнаар орж, хөдөө орон нутагт ажиллаж байхад ажлын талбайд осол гарсны улмаас ажил явуулахыг зогсоосон юм. Ингээд уг компаниас                6 000 000 төгрөгийн цалингаа авч төлбөрөө барагдуулах гэсэн боловч тус компани нь бидэнтэй маргаан үүсгэсэн учраас Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Одоогоор би ажилгүй учир уг нэхэмжлэлийг барагдуулж чадахгүй байна.

Иймд дээр дурдсан цалингийн асуудал шийдэгдэхгүй байсан ч надад боломж олгож cap бүр 500 000 төгрөгөөр төлж барагдуулах санал байна. Би “**” ХХК-ийн нэхэмжилсэн 4 491 800 төгрөг болон алданги 2 148 900 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, гагцхүү cap бүр 500 000 төгрөг төлөх замаар барагдуулах тухай саналыг минь харгалзаж, хугацаа өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 400 000 төгрөгийг алданги гэж “**” ХХК-нд төлсөн гэжээ.

 

Хариуцагч Б.** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн Ц.**ийн “**” ХХК-ийн хооронд үүссэн төлбөрийн маргаанд батлан даагчаар оролцсон нь үнэн. Гэвч хариуцагч Ц.** тодорхой шалтгааны улмаас төлбөрөө төлж барагдуулаагүй нь ажлын байр нь хаагдсан, тогтмол орлогогүй болсон юм.

Хариуцагч Ц.** нь төлбөрөө барагдуулах сонирхолтой, төлбөр төлөх хугацааны талаар тайлбар гаргасан, үлдсэн төлбөр 4 491 800 төгрөгийг Ц.Октярбь өөрөө төлнө гэж байгаа. Үүнээс илүү нэхэмжилсэн алдангийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч Ц.**иас гэм хорын хохиролд 4 091 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “**” ХХК-нд олгож, нэхэмжпэлийн шаардлагаас хариуцагч “**” ТББ-д холбогдох хэсэг болон Ц.**, Б.** нарт холбогдох алданги 2 148 900 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.**иас 80 420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “**” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

"**" ТББ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт тус тус заасныг хэрэглэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Учир нь, Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.7, 18.1.1-д заасан заалтуудын дагуу зам тээврийн ослын хохирогч, манай компанийн даатгуулагч Ц.** нь өөрт учирсан хохирлыг "**" ТББ-аас шаардах эрхтэй бөгөөд иргэн Ц.**т учирсан хохирлыг "**" ХХК түүнтэй байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлснөөр Иргэний хуулийн 443.7 дахь заалтын дагуу Ц.**ийн "**" ТББ-д гаргах шаардах эрх "**" ХХК-д шилжсэн юм. Шаардах эрх шилжих асуудал нь Иргэний хуулиар зохицуулагдах бөгөөд Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалт нь тусгай ангийн болон Иргэний эрх зүйн бусад харилцаанд нэгэн адил үйлчлнэ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Жолоочийн даатгалын тухай хуулийн 23.2 дахь хэсэгт "Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг энэ хуулийн 23.1 дэх хэсэгт зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно" гэж заасныг үндэслэл болгон нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрөө **ноос шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Гэвч Жолоочийн даатгалын тухай хуулийн 23.2 дахь заалт нь Иргэний хуулийн 443.7 дахь заалтыг хэрэглэхгүй байх, нэхэмжлэгчийг шаардах эрх бүхий этгээд биш гэж үзэх үндэслэл болгохгүй юм. Учир нь хуулиар аливаа харилцааг бүхэлд нь, нэг бүрчлэн, үгчлэн зохицуулдаггүй. Тухайлбал, Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.7, 18.1.1 дэх заалтуудын дагуу төлбөр нэхэмжлэх эрх бүхий этгээд нь зөвхөн хохирогч байна гэж тайлбарлавал хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл хохирогчийн тодорхойлсон өөр этгээд төлбөр шаардах эрхгүй болох юм. Жолоочийн даатгалын тухай хуулийн 2.1 дэх заалтад "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль ... энэ хууль болон ... хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ" гэж заасны дагуу маргааны бүхий харилцаанд Иргэний хуулийн холбогдох заалт нэгэн адил хэрэглэгдэх юм. Иргэн Ц.** нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй жолооч тул хохирол шаардах эрхийг шилжүүлж авсан "**" ХХК-д нөхөн төлбөр олгох нь жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг хуульд зааснаас өөрөөр зарцуулсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

Жолоочийн даатгалын тохиолдлын хохирогчид учирсан хохирлыг өөр хэн нэгэн гуравдагч этгээд өөрөө сайн дураар төлж барагдуулсан бол Иргэний хуулийн шаардах эрх шилжих зохицуулалт, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх харилцааны зохицуулалтын дагуу "**" ТББ-аас төлбөр шаардах эрхтэй байна. Тухайлбал, даатгалын компаниуд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу олгосон нөхөн төлбөрийг зам тээврийн осолд буруутай жолоочийн хариуцлагын албан журмын даатгагч компаниас буцаан нэхэмжилж авдаг. Энэ нөхцөлд “Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу зөвхөн хохирогч нь шаардах эрх бүхий байна" хэмээн нөхөн төлбөрийг олгохоос татгалзах нь утгагүй хэрэг. Хэрэв тийнхүү шаардах эрхгүй буюу шаардах эрх шилжихгүй гэж үзвэл хохирогч жолоочийн хохирлыг төлж барагдуулсан этгээд хохирох юм.

Түүнчлэн, шүүхээс үндэслэлээ тодорхойлохдоо Жолоочийн даатгалын тухай хуулийн 1.1, Дааталын тухай хуулийн 6.2 дахь заалтуудыг дурдаж, тайлбарласан боловч хуулийн тус заалтууд нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй заалтууд юм. Анхан шатны шүүхээс апбан журмын даатгалын болон сайн дурын даатгалын сан нь тусдаа байх талаар хуулийн заалтуудыг үндэслэл болгосон нь мөн адил маргаан бүхий асуудлыг шийдвэрлэх үндэслэл болохгүй, хамааралгүй зохицуулалт юм. Тухайн сангуудыг даатгагч тусдаа байлгах нь даатгалын нөөц сангуудын удирдлагыг зохистой хэрэгжүүлэх, эрх бүхий байгууллагаас хяналт тавих боломжийг бүрдүүлж байгаа хэрэг болохоос шаардах эрх шилжихгүй байх эрх зүйн үр дагаварт хүргэхгүй. Хэрэв нэхэмжлэгч нь "**" ТББ-аас шаардах нөхцөлд ** нь нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байхад хүргэнэ хэмээн дүгнэсэн байна. Гэвч Жолоочийн даатгалын тухай хууль нь хохирогчийг заавал хохиролгүй байлгах зарчимд тулгуурладаг тул даатгалын тохиолдол бий болсон бол нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл байдаггүй. Иргэний хууль, Даатгалын тухай хуульд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бий болсон нөхцөлд хохирогчид нөхөн төлбөрийг олгосны дараа даатгалын тохиолдол гаргасан буруутай этгээдээс төлбөрийг буцаан нэхэмжлэх зохицуулалттай юм. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 1.1 дэх заалтыг тайлбарлаж, шийдвэрийн үндэслэл болгосон байгаа нь нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хамааралгүй зохицуулалт юм.

Даатгалын компаниудын зүгээс энэхүү асуудал гарахаас өмнө "**" ТББ-аас нөхөн төлбөрийг буцаан нэхэмжилж авдаг байсан. Харин сүүлийн үед иргэд даатгалын компаниудад тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулах, тээврийн хэрэгслээ даатгуулах явдал ихэссэнтэй холбоотой "**" ТББ-аас даатгалын компаниуд нөхөн төлбөр нэхэмжлэх явдал ихэссэн. Үүнтэй холбоотой тус байгууллагын удирдлага, гүйцэтгэх захирлууд солигдох явцад жолоочийн даатгалын сангаас даатгалын компаниудад нөхөн төлбөр олгохгүй байх байр суурь баримтлах болсон. Түүнээс биш хуулийн дагуу нөхөн төлбөр олгох үүрэг хүлээх асуудлаар өмнө маргаж байгаагүй билээ. Тухайлбал, даатгагчийн анх гаргасан хүсэлтийн дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзахдаа дээрх байдлаар татгалзаагүй, гагцхүү "иргэн Ц.**тай нөхөн төлбөр буцаан нэхэмжлэх гэрээ байгуулагдсан байх тул, түүнээс нэхэмжлэх нь зүйтэй" гэдэг байдлаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Угтаа, жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг даатгалын компаниуд төвлөрүүлдэг тул нэхэмжлэгч **ноос нөхөн төлбөр нэхэмжилснээс тус холбооны үйл ажиллагаанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн олгосон нөхөн төлбөрийг "**" ТББ-аас гаргуулах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг хүсч байна.

Иргэн Ц.**, Б.** нараас алданги нэхэмжилсэн шаардлагын хувьд:

Бид иргэн Ц **, Б.** нараас Нөхөн төлбөр буцаан нэхэмжлэх гэрээ болон Батлан даалтын гэрээний дагуу алданги нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн тус шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд үндэслэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохын тулд тус гэрээ хууль бус байх шаардлагатай билээ. Гэтэл нөхөн төлбөр буцаан нэхэмжлэх, батлан даалтын гэрээнүүд нь хууль бус биш юм. Шүүхээс “даатгагч Иргэний хуулийн дагуу буруутай этгээдээс зөвхөн даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна" гэж дүгнэсэн. Гэвч бид Иргэний хуулийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу алданги нэхэмжлээгүй, буруутай этгээдүүдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр алданги нэхэмжилсэн. Иргэний хуулийн 1.2, 189.1 дэх заалтуудын дагуу иргэний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчлэх тул талууд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Иймд талууд төлбөр төлөгдөх үүргийг баталгаажуулах үүднээс гэрээ байгуулан алданги тогтоосон нь хуульд харшлахгүй юм. "**" ХХК нь нэгэнт иргэн Ц.**, Б.** нартай харилцан тохиролцож төлбөрийг нэг дор бус, урт хугацаанд хувааж төлөх боломж олгож гэрээ байгуулсан тул, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар төлбөр хоцрох хугацаанд алданги тогтоох нь зүй ёсны хэрэг билээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Ц.**, Б.** нараас алданги нэхэмжилсэн хэсгийг хангаж шийдвэрлэхийг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “**” ХХК нь хариуцагч “**” ТББ, Ц.**, Б.** нарт тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 6 640 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “**” ТББ эс зөвшөөрч, хариуцагч Ц.** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.** нь алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Ц.** нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 23 дугаар байрны баруун замд Л.Сүхболдын эзэмшлийн Киа Оптима маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 2.7 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас Ц.**ийн жолоодож явсан Тоёота Ландкруйзер маркийн ** улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж, Ц.**ийн эзэмшлийн автомашинд  5 297 800 төгрөгийн хохирол учруулсан болох нь Тээврийн прокурорын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 219 дүгээр тогтоол, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 215 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 30 тоот автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайлан, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдсон байна.

 

“**” ХХК-аас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ц.**т учирсан хохирлын нөхөн төлбөрт 5 297 800 төгрөг, үнэлгээний зардалд 194 000 төгрөг, нийт               5 491 800 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу уг нөхөн төлбөрийг гэм хор учруулсан буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлэн авчээ.

 

Нэхэмжлэгч “**” ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг төлөх хэмжээ, хугацаа, хариуцлагын талаар хариуцагч Ц.**тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлыг буруутай этгээдээр төлүүлэх гэрээгээр тогтоогдож байна.

 

Талууд хуулиар тогтоосон гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаар тохиролцон гэрээний үүргээр сольсон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл болно.

 

Уг гэрээний дагуу хариуцагч Ц.** нь нэхэмжлэгч “**” ХХК-д гэм хорын нөхөн төлбөрт 5 491 800 төгрөгийг гэрээнд заасан хувиарийн дагуу төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр заасан боловч уг үүргээ биелүүлээгүй, энэ үйл баримтын талаар талууд маргаангүй тул Ц.**т Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний үндсэн төлбөр болон алдангийг төлөх үүрэг үүссэн, тэрээр гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Түүнчлэн Б.** нь Ц.**ийн батлан даагчаар мөн өдөр “**” ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч Ц.**ийн гэрээгээр хүлээсэн үүргийг давхар хариуцна.

 

Иймд гэрээний үндсэн төлбөр 4 491 800 төгрөг, алданги 2 148 900 төгрөг, нийт           6 640 700 төгрөгөөс Ц.**ийн төлсөн 400 000 төгрөгийг хасч, нийт 6 240 700 төгрөгийг хариуцагч Ц.**, Б.** нараас гаргуулж нэхэмжлэгч “**” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгч “**” ХХК нь хариуцагч “**” ТББ-аас даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхгүй байна. Учир нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр шаардах эрхтэй этгээд нь замын хөдөлгөөнд оролцож байгаа зам тээврийн осолд орсон “хохирогч” байх тул шүүх “**” ТББ-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Жолоочийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, заалт хамаарахгүй талаар заан баримтлаагүйг зөвтгөж давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/04464 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 458 дугаар зүйлийн 458.1  зааснаар хариуцагч Ц.**, Б.** нараас 6 240 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “**” ХХК-д олгож, Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “**” ТББ-нд холбогдох “**” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “80.420,0” гэснийг “114 801” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн төлсөн 121 210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА