Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02043

 

 

 

 

 

 

 

  2024 11 25 210/МА2024/02043

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/03514 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ББСБ ХХК-д холбогдох

44,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ******* ХХК /******* ББСБ ХХК/-ийн гүйцэтгэх захирал Б.*******тай харилцан тохирч, 38,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн үүрэн холбооны ******* дугаарыг барьцаалан фидуцийн гэрээг байгуулсан.

1.2. Тус зээлийн болон фидуцийн гэрээнд зааснаар сар бүр тохирсон хүүг төлж, гэрээний хугацаа дууссаны дараа үндсэн төлбөрийг төлж, ******* дугаарыг буцааж авах талаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш сар бүр графикийн дагуу нийт 11,373,501.04 төгрөг төлсөн.

1.3. Дээрх гэрээнүүдэд зааснаар хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 41 дэх хоногоос тус дугаарыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. Гэтэл дээрх хугацаа дуусаагүй байхад буюу зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр дугаарыг худалдах гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссанаас хойш 37 дахь хоног дээр худалдан борлуулсан байдаг. Хариуцагч нь гэрээнд заасны дагуу дугаарыг худалдан борлуулах талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй ч энэ үүргээ зөрчиж, тус дугаарыг 90,000,000 төгрөгөөр О.*******д худалдан борлуулсан байна.

1.4. Хариуцагч ******* ББСБ ХХК нь О.*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 64,500,000 төгрөгийн 25,000,000 төгрөгийг бэлэн өгсөн гэж үзвэл уг дугаарыг 39,500,000 төгрөгөөр зарсан болж таараад байна. Зээлийн гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгч 38,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Иймээс хариуцагчийг 1,500,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Иймд хариуцагч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг тооцож, зөрүүг нэхэмжлэгчид олгох ёстой тул ******* дугаарыг худалдан борлуулсан 90,000,000 төгрөгийн үлдэгдэл 44,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Б.*******тай зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь энэхүү гэрээгээр 38,000,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусахад Б.******* нь үндсэн зээлээ төлөөгүй. Үндсэн зээлийн төлбөр төлөгдөөгүй 37 хоног өнгөрсөний дараа ******* ББСБ ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр уг дугаарыг худалдан борлуулсан.

2.2. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.7 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа дууссан, гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн банк бус санхүүгийн байгууллагад барьцаа хөрөнгийг гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх үүссэнээр ******* ББСБ ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойш 37 хоногийн турш нэхэмжлэгчийг үндсэн гэрээний төлбөрөө төлөхийг хүлээсэн. Гэхдээ энэ хугацаанд ямар ч төлөлт хийгдээгүй учраас зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу тухайн дугаарыг О.******* гэдэг хүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөр 64,500,000 төгрөгийн 39,500,000 төгрөгт тооцон шилжүүлж, үлдэх 25,000,000 төгрөгийг О.*******д бэлнээр төлсөн.

2.3. Нэхэмжлэгч тал манай компанийг 1,500,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байна. Зээлдэгч 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрээний үүрэг болох 38,000,000 төгрөгөө төлөөгүй учраас зээлдүүлэгч нь гэрээнд зааснаар үүрэг биелэгдэх хүртэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү бодож тооцох эрхтэй байдаг. Зээлдэгч 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрөө төлөөгүй учир зээлдүүлэгч 38,000,000 төгрөгийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох бүрэн эрхтэй. Нэхэмжлэгч зөрүү төлбөр гэж 44,400,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд дээрх нэхэмжлэлийн үнийн дүн нь хэрхэн тооцоологдсон болох нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ нотлох баримтгүй, үндэслэлгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ******* ББСБ ХХК-иас 44,400,000 төгрөг гаргуулах тухай Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бие ******* ББСБ ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирал Б.*******тай 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1032130101000339 зээлийн гэрээ байгуулан 38,000,000 төгрөг зээлж, мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 1032130101000339 дугаартай фидуцийн гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн үүрэн холбооны ******* дугаарыг барьцаалсан.

4.2. Тус гэрээгээр тохирсон хүү болох 11,373,501.04 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээ, фидуцийн гэрээгээр хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 41 дэх хоногоос тус дугаарыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон. Гэтэл дээрх хугацаа дууссан өдөр дугаарыг худалдах гэрээ байгуулж гэрээний хугацаа дууссанаас хойш 37 дахь хоног дээр бусдын өмчлөлд шилжүүлсэн.

Гэрээнд зааснаар хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 41 дэх хоног өнгөрсөний дараа худалдан борлуулах талаар надад урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, үүний дараа барьцааны зүйлийг худалдан борлуулах эрхтэй ч гэрээний үүргээ зөрчиж тус дугаарыг худалдан борлуулсан нь миний энэхүү үнэ цэнэтэй дугаарын өмчлөх эрхийг зөрчсөн байна.

4.3. Мөн нэхэмжлэгч миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, шүүх хуралдааны явцад амаар гаргасан зарим хүсэлтүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг 24 сарын хугацаатай буюу 2 жилийн хугацаатай байгуулсан гэж маргадаг. Уг зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дэх хэсэгт хугацааг тодорхой заасан.

5.2. Мөн ******* ББСБ ХХК нь утасны дугаарыг 90,000,000 төгрөгөөр зараад зөрүү төлбөрийг маань өгөхгүй байна гэдэг гомдол гаргасан. ******* ББСБ ХХК нь О.*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр О. дугаарыг 64,500,000 төгрөгөөр худалдан авах, гэрээний төлбөрт 25,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, бартерт нь Б.*******ийн ******* дугаарыг өгөхөөр харилцан тохиролцсон.

5.3. Тухайн гэрээний дагуу ******* дугаарыг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр О. нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал 37 хоногийн хугацаанд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж төлбөрөө төлөх боломжтой байсан боловч төлбөрөө төлөөгүйн улмаас 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр О.*******д дугаарыг шилжүүлээд, 25,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. ******* ББСБ ХХК нь тус дугаарыг 90,000,000 төгрөгөөр зараагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ББСБ ХХК-д холбогдуулан 44,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

3.1. Б.******* нь ******* ББСБ ХХК-иас /******* ББСБ ХХК/ 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ-гээр 38,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлж, мөн өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу өөрийн эзэмшилд бүртгэлтэй ******* дугаарыг хариуцагч байгууллагын эзэмших эрхэд бүртгүүлжээ. /хх-ийн 4-5, 7 дугаар тал/

Дээрх гэрээнүүдийг үндэслэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 41 хоногийн дараа утасны дугаарыг худалдан борлуулахаар тохирсон боловч хариуцагч нь зээлийн гэрээ дууссан өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бусдад 90,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үүнээс хойш 37 хоногийн дараа дугаарыг шилжүүлж, үүргээ зөрчсөн, энэ талаар урьдчилан мэдэгдээгүй гэж тайлбарлаж, үлдэгдэл 44,400,000 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ.

3.2. Түүнчлэн, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 64,500,000 төгрөгийн 25,000,000 төгрөгийг бэлэн өгсөн гэж үзвэл уг дугаарыг 39,500,000 төгрөгөөр зарсан болж таараад байна. Зээлийн гэрээний хугацаа дуусахад 38,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, хариуцагчийг 1,500,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна гэжээ. Ийнхүү хариуцагчийг 1,500,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулга бүхий тайлбар гаргасан байхад маргаан бүхий утасны дугаарыг худалдан борлуулсан үнийг ямар баримтыг үндэслэн хэдэн төгрөгөөр тодорхойлж байгаа болох, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж байгаа эсэх, анхны шаардага хэвээр бол 44,400,000 төгрөгийг хэрхэн тодорхойлсоныг шүүх тодруулж хэргийг хянан шийдвэрлэх байжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үнэ болох 44,400,000 төгрөгийг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байх ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүний тооцоолол тохирохгүй байна.

Энэ тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлж байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол, түүний үндэслэлийг тодруулах үүрэгтэй, ийнхүү тодруулснаар талууд тухайн хүрээнд бүрэн мэтгэлцэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах нөхцөл бүрдэх юм.

4. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байх ба уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/03514 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 379,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

Т.ГАНДИЙМАА