| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0587/Э |
| Дугаар | 586 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 586
-
2019 5 29 2019/ШЦТ/586
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Журагат,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908016270656 дугаар хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жаргалант овогт Буян-Очирын Б /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүнсалааны хуучин эцсийн автобусны буудлын орчим 20-48 УНЯ улсын дугаартай “Ниссан тида” маркийн машин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Отэй хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газрууд цохиж зодон гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Согтуу хүний үгийг өнгөрөөж чадаагүй миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг хүнтэй хардаад маргаан үүссэн. Том алдаа гаргаснаа ухамсарлаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэв.
Эрүүгийн 1908016270656 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Оийн: “2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр манай ажлынхан ...салхинд гарсан. ...Орой нь би харьж явах замдаа нөхөр Б.Б руу залгаад “намайг тосоод авчих” гээд такси барьж Жанцан дээр ирсэн. Б.Б ...намайг Жанцангийн уулзвар орчмоос авсан. Би өглөө гарахдаа нөхөртэйгээ маргачихсан байсан. Халамцуу байсан учир нөхөртөө уурлаж явсан. Тэгээд хэрэлдсэн. ...Зүүнсалааны хуучин эцсийн автобусны буудал хүрэх дөхөх үед Б.Б маргаж байгаад нүүрний зүүн хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон, хэдэн удаа гэдгийг санахгүй байна. Нөхөртөө анх удаа цохиулсан учир их бухимдаад машинаас буух гэтэл миний өмсөж байсан куртикний энгэрээс зулгааж хоолой боосон. Би машинаас бууж ээжийнхээ гэр лүү явъя гэж бодоод машины арааг “Р” араа руу түлхчихсэн. Машин огцом зогсонгуут би духны зүүн хэсгээрээ машины урд талын салоныг мөргөсөн. Машинаас буугаад ээжийнхээ гэр лүү явсан. ...Би нөхөр Б.Бтай эвлэрсэн. Ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед үүссэн шарх гэмтэл өөрөө эдгэрчихсэн...” гэх мэдүүлэг /хх-19/,
Гэрч М.Бямбахишигийн: “2019 оны 3 дугаар сарын эхээр ...нагац эгч Б.О такситай, түүний нөхөр Б.Б өөрийнхөө машинтай ирчихсэн. ...Б.Б ах эгчийг “уучлаарай, машинд суучих л даа харья” гэж хэлж байсан. Эгчийн духны зүүн хэсэг хавдсан байсан. Маргаашнаас нь зүүн нүд, хөмсөг, духны зүүн хэсэг нь хөхөрч эхэлсэн. Хүзүүний урд хэсэгт боолгуулсан юм шиг цус шүүрчихсэн байсан. Эгч “нөхөртөө зодуулаад ийм болсон” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-26/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2019.03.10-ны өдрийн 3215 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.О-н биед духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд цус хуралт, хүзүүний урд дунд хэсэгт зулгарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-35/,
Шинжээч Б.Ариунзулын: “...Б.Оийн духны зүүн хэсэгт 1, зүүн хөмсөгт 1, зүүн зовхинд 1, хүзүүний урд хэсэгт 1 удаагийн хүчин зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн хөмсөг, зүүн дээд зовхи, хүзүүний урд дунд хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-36-37/,
Шүүгдэгч Б.Бы яллагдагчаар өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Б.О ажлынхаа хүмүүстэй амралтанд өдрөөр явчихаад 21-22 цагийн орчимд ирсэн. ...Намайг тосож авахад эхнэр согтуу ирсэн. Дэлгүүрээс тамхи авчихаад машиндаа суух гэтэл замаар өнгөрч явсан эмэгтэй хүнтэй эхнэр намайг хардаад “юу өөр хүүхэн хараад байгаа юм бэ” гэж хэрүүл үүсгэсэн. ...жолоо булаацалдаад эсхүл явж байсан машинаас үсэрч буух гээд байсан. Тэр үед би түүний өмсөж байсан куртикнээс зулгаагаад суудал дээр суулгахад хүзүү нь зулгараад улайчихсан. Би “ухаан орооч” гээд баруун гараараа нүүрний зүүн хэсэгт 1-2 удаа алгадсан. ...Явж байсан машин огцом зогсоход эхнэр маань машины урд салон толгойгоороо мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-70-72/,
хохирогч Б.Оийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-12-15/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43/, “Талх чихэр” ХК-ийн тодорхойлолт /хх-60/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-61/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-75-87/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалааны хуучин эцсийн автобусны буудлын орчим 20-48 УНЯ улсын дугаартай “Ниссан тида” маркийн машин дотор хамтран амьдрагч Б.Оийг зодож, биед нь духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд цус хуралт, хүзүүний урд дунд хэсэгт зулгарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Оийн “...Б.Б маргаж байгаад нүүрний зүүн хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон, ...куртикний энгэрээс зулгааж хоолой боосон...” гэх мэдүүлэг /хх-19/, гэрч М.Бямбахишигийн “...Б.О эгчийн духны зүүн хэсэг хавдсан, маргаашнаас нь зүүн нүд, хөмсөг, духны зүүн хэсэг нь хөхөрч эхэлсэн. Харин хүзүүний урд хэсэгт боолгуулсан юм шиг цус шүүрчихсэн байсан. “Нөхөртөө зодуулаад ийм болсон” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-26/, шүүх эмнэлгийн 3215 дугаар “1. Б.О-н биед духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд цус хуралт, хүзүүний урд дунд хэсэгт зулгарал тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-35/, шүүгдэгч Б.Бы яллагдагчаар өгсөн “...куртикнээс зулгаагаад суудал дээр суулгахад хүзүү нь зулгараад улайчихсан. ...баруун гараараа түүний нүүрний зүүн хэсэгт 1-2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-70-72/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-12-15/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-75-87/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бы гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Оийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Би нөхөр Б.Бтай эвлэрсэн. Ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед үүссэн шарх гэмтэл өөрөө эдгэрчихсэн...” гэх мэдүүлэг /хх-21/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хийдэг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж,
шүүгдэгч “Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хардалтын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, эмчилгээ хийгдээгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлийн байдал, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /сарын 1.200.000 төгрөгийн цалинтай/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Быг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаргалант овогт Буян-Очирын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР