| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2024/03772/И |
| Дугаар | 210/МА2024/02108 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/02108
2024 12 06 210/МА2024/02108
Д.Л-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/03666 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч Д.Л-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Б-т холбогдох,
үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Д.Л нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03204 дугаар захирамжаар Х ХК-д 620,717,050 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,665,868 төгрөгийг тус тус төлөхөөр шийдвэрлэсэн.
1.2. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг ББ-аас гүйцэтгэж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-***** дугаарт бүртгэлтэй, **** дүүргийн *** дүгээр хороо, И, *** дугаар байр, *** тоотод байрлах 351,5 м.кв талбайтай, хувийн орон сууцыг үнэлүүлэхээр шинжээч томилж, 1,872,207,117 төгрөгөөр үнэлүүлсэн. Уг үнэлгээ нь зах зээлийн үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлгээ тогтоогдсоны гадна хөрөнгийн үнэлгээ тогтоох үйл явц нь холбогдох хуульд нийцээгүй.
1.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шинжээч томилох тухай 05/44 дүгээр тогтоолоор С ХХК-ийг шинжээчээр томилсон боловч уг тогтоолд шинжээчийн эрх, үүргийг хэн, ямар этгээдэд танилцуулсан нь тодорхойгүй, бичвэр үйлдээгүй тогтоол баталсан атлаа үнэлгээчин Д.Э-д тогтоол танилцуулж гарын үсэг зуруулсан байх ба уг баримтад тусгагдсан хуулийн зүйл, заалтуудыг одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан ажиллагаанд хамааралгүй, хууль зүйн үндэслэлүүд байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, 2022 онд хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн заалтуудыг хэрэглэсэн.
Мөн шинжээчид эрх, үүрэг танилцуулсан баримтууд нь хугацааны хувьд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, мөн оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэсэн өөр хоорондоо зөрүүтэй огноотойгоор үйлдэгджээ. Уг тогтоол, тэмдэглэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 12 дугаар зүйлийн 12.2, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгч С ХХК-ийг шинжээчээр томилсон боловч уг хуулийн этгээдээс үнэлгээчин Д.Э-ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах эрх олгосон баримт байхгүй бөгөөд үнэлгээчин хөлсөөр, гэрээгээр ажиллаж байгаа эсхүл хамаарал бүхий этгээд болох тухай ямар ч баримт шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байхгүй, ийм баримтуудыг талуудад шийдвэр гүйцэтгэгч танилцуулаагүй.
Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээний тайланг С ХХК-аас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/0085 дугаар албан бичигт хавсаргаж, хариуцагчид ирүүлсэн байна. Уг албан бичгийг захирал И.З баталгаажуулсан ч хөрөнгийн үнэлгээний тайланг үнэлгээчин Д.Э, туслах Г.Д нар баталгаажуулж, гарын үсэг зурсан байна. Шинжээчээр томилогдсон С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үүсгэн байгуулагчаар 2 этгээд бүртгэгдсэн, хугацаагүй эрхтэй үнэлгээчин гэх Д.Э-ы талаарх мэдээлэл байхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгчээс томилсон этгээд шинжээчээр ажиллахаар хуульчилсан, үнэлгээчин Д.Э-ыг шинжээчээр томилсон ямар ч шийдвэр байхгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрхгүй этгээдийг оролцуулж, өөр хоорондоо зөрүүтэй баримтуудыг үйлдсэн байна.
1.4. Хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцахад зах зээлийн аргыг сонгон төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоосон байна. Зах зээлийн жишиг үнэ тогтоох эх сурвалж болгон ашиглаж, харьцуулсан 3 үл хөдлөх эд хөрөнгийн хувьд эрс ялгаатай байхад адилтган авч үзэж, үнийн жишиг эх сурвалж болгож, харьцуулалт хийсэн нь үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 8-9 дүгээр хуудаст бичигдсэн өөр хувийн сууцны мэдээлэлтэй танилцахад зах зээлийн үнэ ялгаатай байна. Дээрх 3 хөрөнгийг ямар үндэслэлээр сонгож, харьцуулалтын эх сурвалж болгон ашигласан нь тодорхойгүй байна. Мөн төлбөрт хураагдсан хувийн сууц нь 351,5 м.кв талбайтай байхад 32,0 хувиар бага буюу 240 м.кв талбай бүхий хувийн сууцыг сонгож, харьцуулалт хийж бодитой бус хөрөнгийн үнэлгээ тогтоосон гэж үзэж байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03204 дугаар захирамжаар Д.Л оос 620,717,050 төгрөгийг гаргуулж Х ХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн, төлбөр төлөгчид удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хураасан.
2.2. Хөрөнгийн үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн үнэлгээчин томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Тус газраас хөрөнгийн үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд талуудад танилцуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Б-т холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч Д.Л нь зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүйгээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлбөр төлөх үүрэг хүлээсэн төлбөр төлөгч болно. Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ялгаварлалгүйгээр ажиллагаа явуулах, оролцогч нарт хүндэтгэлтэй тэгш харьцах, ажиллагаатай холбоотой эрх, үүргийг тайлбарлах, тавьж буй шаардлагыг ойлгомжтой, үндэслэлтэй тайлбарлаагүй. Төлбөр төлөгчийн өмч үнэгүйдэх, зах зээлийн үндсэн үнэ цэнээс доогуур үнэлэн төлбөр авагчид хэт их боломж олгож буйд гомдолтой байна.
4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талуудын үнийн талаар тохиролцоогүй барьцааны зүйлийг үнэлэх гэж буй бол тойргийн шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээчин томилохдоо үйлдсэн тогтоолд үнэлгээний эрхтэй ямар байгууллагыг томилж буй нь тодорхойгүй, үнэлгээчин Д.Э-д ямар үндэслэлээр тогтоолыг танилцуулсан нь ойлгомжгүй. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэж буй энэ тохиолдолд төлбөр төлөгч Д.Л ид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээг өөрийн зардлаар хийлгэх боломж олгоогүй. Хөрөнгийн үнэлгээ нь дуудлага худалдаа явуулах анхны үнийг тогтоож буй хэлбэр бөгөөд үнэлгээг хэт доогуур тогтоосон нь хоёр дахь дуудлага худалдаа явуулах, үүнээс үүдэлтэй хөрөнгийн үнэлгээг зохих хувиар бууруулах эрсдэл үүсгэж төлбөр авагчийн хүссэн үнийн саналын хэмжээнд хүрэхгүй байна. Танилцуулсан үнэлгээний тайланд иргэний хувийн өмчийг үнэлэхдээ ямар аргаар хийсэн нь тодорхойгүй, үнэлж буй хөрөнгийн байрлаж буй бүс нутаг, давуу тал зэргийг тодорхойлон тогтоогүйгээс үнэ цэнэ буурсан гэж үзэж байна.
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг товлохдоо итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралдаанд оролцох боломжит хугацаанд мэдэгдээгүй, тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байдлыг мэдэгдэж байхад энэ талаар тэмдэглэл үйлдээгүй, харгалзаагүй хэт нэг талыг баримталж шүүх хуралдааныг зохигчийн оролцоогүйгээр явуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Б-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03204 дугаар захирамжаар Д.Л нь зээлийн гэрээний үүрэгт 620,717,050 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ./хх42-43/
4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 23360718 дугаар тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна./хх41, 44/
Мөн шүүхийн шийдвэрт заасан барьцааны зүйл болох Д.Л-ийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-***** дугаарт бүртгэлтэй, **** дүүргийн *** дүгээр хороо, И, *** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 351,5 м.кв талбайтай, хувийн орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23360718/06 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23360718/11 дугаар тогтоолоор хураан авч, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр С ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.9, 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ.
5. Шинжээч С ХХК нь төлбөрт хураагдсан Д.Л-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-***** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, И, *** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 351,5 м.кв талбайтай, хувийн орон сууцыг 1,872,207,117 төгрөгөөр үнэлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна./хх62-84/
С ХХК-ийн үнэлгээчин Б.Э нь үнэлгээний тайландаа үнэлгээ гаргахад ашигласан арга, аргачлалыг тодорхой тусгаж, үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтад орсон он, худалдахаар санал болгосон үнэ, талбай, хүчин чадал, жишиг хөрөнгийн тодорхойлолт, үндсэн хийц бүтээц, зориулалт, байршил, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал, гадна тохижилт, ашиглалтын чанар зэргийг харгалзан үзсэн байна. Иймд С ХХК-ийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.
6. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Д.Л ид 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 3-2415 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна./хх87-88/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Л эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гаргасан гэж дүгнэж, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.
7. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
7.1. ...шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээчин томилохдоо үйлдсэн тогтоолд үнэлгээний эрхтэй ямар байгууллагыг томилж буй нь тодорхойгүй, үнэлгээчин Д.Э-д ямар үндэслэлээр тогтоолыг танилцуулсан нь ойлгомжгүй. гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Шинжээчээр томилогдсон С ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 435 дугаар тогтоолоор даатгалын хохирлын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий ТЗ 211/25 дугаартай гэрчилгээ олгогдсон хуулийн этгээд байх тул хариуцагч байгууллагаас үнэлгээчин Б.Э д 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шинжээчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
7.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэж зааснаар дахин үнэлгээ тогтоох үндэслэл бий болсон, энэ талаар хүсэлт гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, холбогдох баримтуудыг тайландаа хавсаргасан /хх62-84/ байх тул ...дахин үнэлгээг өөрийн зардлаар хийлгэх боломж олгоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
7.3. шүүх хуралдааны товыг зарлахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралдаанд оролцох боломжит хугацаанд мэдэгдээгүй, тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байдлыг мэдэгдэж байхад энэ талаар тэмдэглэл үйлдээгүй гэх агуулгаар гомдол гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/03666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН