| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0589/Э |
| Дугаар | 587 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 587
-
2019 5 29 2019/ШЦТ/587
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908020590726 дугаар хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,
урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Энхтайваны Х /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Э.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 26-9 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар алгадах, цээж дээр нь өвдгөөрөө дарах, бугуйг базах зэргээр зодож, биед нь зүүн шанаа, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалга, цээжний цус хуралт бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өөрийнхөө гэм буруутай үйлдлийг ойлгож байгаа. Дахин тийм үйлдэл гаргахгүй” гэв.
Эрүүгийн 1908020590726 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Зын: “Би нөхөр Хтай 2013 онд танилцсан. ...2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ажлын эмэгтэй Дөлгөөнтэй нэг кафед орж хүн тус бүр 0,5 литрийн гурван шил пиво уусан. ...Би газар охинтойгоо хэвтэж байгаад “зурагтын сувгаа сольё, өөр юм үзмээр байна” гэж хэлээд зурагтын сувгаа солиход нөхөр Х уурлаж босож ирээд “чи ямар эзэрхүү юм бэ, би юм үзэж болохгүй юу” гэж хэлээд намайг газар хэвтэж байхад дээрээс хоёр гараараа хоолой боогоод баруун гараараа зүүн хацар луу 4-5 алгадсан. Би өөрийгөө хамгаалаад эсэргүүцсэн. ...хоёр гарын булчингаас барьж байгаад намайг хойш нь орон дээр дарж унагаахдаа баруун хөлийн өвдгөөрөө миний цээжин дээр өвдөглөөд миний дээрээс буухгүй 5 минут болсон. ...Би нөхөр Хт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-6-7/,
Гэрч Г.Өөдөсийн: “...2019 оны 4 дүгээр сарын 11-ний орой гэртээ байхад хүргэн Х ирээд “З намайг хөөгөөд болдоггүй, би ааш занг нь тэвчихгүй байна, З архи уусан байна” гэж надад хэлсэн. Хүргэн манай гэрт сууж байгаад гараад явсан. Манай охин Заас болж хэрүүл маргаан болсон гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хх-14-15/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.04.10-ны өдрийн 4597 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Зын биед зүүн шанаа, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалга, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөлхгүй” гэжээ /хх-18/,
Шүүгдэгч Э.Хын яллагдагчаар өгсөн: “Би эхнэр Зтай 2013 онд танилцаж, нэг гэрт орсон. ...2019 оны 4 дүгээр сарын 11-ний 20 цагийн үед гэртээ ирсэн. Эхнэр З архи, согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн байдалтай хоолоо идээд сууж байсан. Би зурагт үзээд хэвтэж байхад З надаас зурагтны удирдлага аваад суваг солиод байсан. Би босоод Заас зурагтны удирдлага булааж аваад өөрөө зурагтны суваг солиход эхнэр босоод зурагтыг залгуураар нь салгаад унтраасан. Би босоод зурагтаа асаах гэтэл намайг түлхээд зууралдаад байсан. Би “Чи яахаараа дандаа юм болгон дээр эзэрхийлж байдаг юм, би зурагт үзмээр байна” гэж хэлэхэд эхнэр дайраад “Гуйлгачин минь чи юутай ирсэн юм” гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон. З уурлаад хэрүүл хийх болгондоо намайг “Гуйлгачин, чи юутай ирсэн юм” гэж хэлдэг. ...З босож ирээд “чи зайлаач” гээд дайрахаар нь би өөрөөсөө холдуулаад цээж рүү нь хоёр гараараа түлхэхэд З орон дээр хойшоо унаж босож ирээд пивор сандал барьж байгаад миний нуруу руу нэг удаа цохихоор нь би Зын хоёр гарын бугуйнаас барьж байгаад хойш нь орон дээр дарж унагаахад хэл амаар доромжлоод манай ээжийг “Гудамжны янхан авгайгийн шээс” гэж хэлэхээр нь миний уур хүрээд баруун гараараа зүүн шанаа руу нь 2 удаа алгадаад эхнэрийн дээрээс босоод гарч яваад ажил дээрээ хоносон...” гэх мэдүүлэг /хх-25-28/,
Мөрдөгчийн тогтоол /хх-32/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-34/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-35/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-37/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-38/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-39/, “Талст ертөнц” ХХК-ийн тодорхойлолт /хх-40, 41/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-44-45/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-46-47/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-48-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, шүүгдэгч, хохирогчийн хүсэлт /хх-65, 66/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 26-9 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Зыг зодож биед нь зүүн шанаа, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалга, цээжний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Зын “...Х ...миний дээрээс хоёр гараараа хоолой боогоод баруун гараараа зүүн хацар луу 4-5 алгадсан. ...хоёр гарын булчингаас барьж байгаад намайг хойш нь орон дээр дарж унагаахдаа баруун хөлийн өвдгөөрөө цээжин дээр өвдөглөөд буухгүй 5 минут болсон...” гэх мэдүүлэг /хх-6-7/, гэрч Г.Өөдөсийн “...З архи уусан байна. Намайг хөөгөөд болдоггүй гэсэн. Заас хэрүүл маргаан болсон гэж би бодож байна” гэх мэдүүлэг /хх-14-15/, шүүх эмнэлгийн 4597 дугаар “1.Б.Зын биед зүүн шанаа, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалга, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-18/, шүүгдэгч Э.Хын яллагдагчаар өгсөн “...Зын хоёр гарын бугуйнаас барьж байгаад хойш нь орон дээр дарж унагаахад ...баруун гараараа зүүн шанаа руу нь хоёр удаа алгадаад...” гэх мэдүүлэг /хх-25-28/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-44-45/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-26-27/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-48-25/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Хын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Зыг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Би нөхөр Хт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-6-7/, “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-66/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж,
шүүгдэгч “Дахиж тийм үйлдэл гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл итгэх харилцаанаас гэмт хэрэг үйлдэгдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, эмчилгээ хийлгээгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /сарын 500.000 төгрөгийн цалинтай/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Э.Хыг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Энхтайваны Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хыг 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР