Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/02109

 

 

 

 

 

 

 

 

2024 12 06 210/МА2024/02109

 

 

Т.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/03854 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Т.У-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч М ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие М ТӨХК-ийн Төмөр замын үйл ажиллагаа, удирдлагын газрын Инженер технологийн хэлтсийн зүтгүүрийн ашиглалт хариуцсан инженерийн албан тушаалд 2023 оны 08 дугаар сард томилогдсон.

1.2. 2024 оны 01 дүгээр сард М ТӨХК-ийн ашиглалтын паркад байсан зүтгүүрүүдийн зэхэлтийн тосны нөөцгүй болсон шалтгаанаар М ХХК-аас 1000 литр тос болон илчит тэрэгний зэхэлтийн элс зээлж авч байсан. 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр М ХХК-ийн зүгээс CKD4B-3003 илчит тэрэгний цилиндрийн крышкагаар тос алдсан тул засвар хийлгэхээр хүсэлт гаргасан. Ингээд инженер Б.О-ын хамт засварласан бөгөөд энэ ажлын хүрээнд М ТӨХК-д ямар нэгэн хохирол учраагүй.

1.3. М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/99 дугаар тушаалаар 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр удирдлагын зөвшөөрөлгүйгээр Цогтцэций өртөөний зүтгүүрийн депод М ХХК-ийн зүтгүүрт засвар үйлчилгээ хийх үйл ажиллагааг дур мэдэн зохион байгуулж, хөдөлмөрийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн.

1.4. Т.У нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн аль заалтыг хэрэглэсэн талаар заагаагүй тул тушаал хууль бус, үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Уг тушаалыг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан бөгөөд уг хорооны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тэмдэглэлээр хөдөлмөрийн хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авах эрх нь нээлттэй болно гэж шийдвэрлэсэн. Энэ баримтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.5. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Т.У нь М ТӨХК-д Төмөр замын үйл ажиллагаа, удирдлагын газрын Инженер технологийн хэлтсийн зүтгүүрийн ашиглалт хариуцсан инженерээр томилогдон ажилласан.

2.2. Тэрээр ажиллах хугацаандаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус компанийн эзэмшлийн Цогтцэций өртөөнд байрлах Зүтгүүрийн депод М ХХК-ийн CKD4B-3003 серийн зүтгүүр, ажилтнуудыг оруулах, засвар үйлчилгээ хийх асуудлыг компанийн удирдлагад танилцуулж, зөвшөөрөл авалгүйгээр бие даан шийдвэрлэсний улмаас компанийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулсан. Энэ үйлдэл нь М ТӨХК-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн талаар Т.У т танилцуулж, тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/99 дугаар тушаалаар Т.У-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

2.3. Иймд "М" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын шийдвэр нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан М ТӨХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Т.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.У-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. М ТӨХК нь Т.У ыг тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/99 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, М ТӨХК-ийн дүрмийн 8.11.9, хөдөлмөрийн дотоод журмын 1.9, 10.2.5, 12.4.5, 12.4.19 дэх заалт, Хяналтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотоод аудит, хяналт шалгалтын хийх тухай ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дотоод аудит, хяналт шалгалтын тайланг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөр эрхлэлтийг харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 80 дугаар зүйлд заасан. Ажил олгогчоос маргаан бүхий тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүлийн 80.1.4-т заасныг үндэслээгүй байхад шүүхээс хамааралтай байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ажил олгогчийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд хөдөлмөрлөх үндсэн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана хэмээн заасан.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9.3, 9.4, 9.5-д Ажилтан ажил олгогч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.5, 6.1.19 дүгээр зүйл, хөдөлмөрийн дотоод журмын 12.4.5, 12.4.19-д заасан ноцтой зөрчлийг гаргасан байна гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээний 6.1.5 болон хөдөлмөрийн дотоод журмын 12.4.5-д ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бизнест хор хохирол явуулах үйл ажиллагаа явуулсан гэж заасан. Т.У нь ажил олгогчийн бизнест учруулсан хохирол байхгүй. Ажил олгогчоос харьцуулсан тооцоолол гаргаж өгсөн бөгөөд энэ нь шууд хохирол учирсаныг нотлохгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч талаас ямар хохирол учирсан талаар асуухад дээрх тооцоололд заасан 1,184,321 төгрөгийн зардал гарсан. Төмөр замын үйл ажиллагаа, удирдлагын газрын дарга, Зүтгүүрийн депогийн ахлах инженер Г.А, Зүтгүүрийн засварын инженер Б.О нараар төлүүлсэн гэж тайлбарладаг боловч бодитоор М ТӨХК-д хохирол гэж төлбөр төлөөгүй, төлсөн талаар баримтгүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогчид бодит хохирол учраагүй мөн зүтгүүрийн засвар нь тусгай зөвшөөрлөөр хийгддэг үйл ажиллагаа бөгөөд М ТӨХК нь зүтгүүрийн засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж орлого олдоггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд учирсан хохирлын талаар нотлох баримтгүйгээр хийсвэрээр дүгнэсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Т.У аас ажил олгогч нь хохирлын төлбөр гэж ямар нэгэн төлбөр нэхэмжлээгүй.

4.3. М ТӨХК-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын тайланд Зүтгүүрийн зэсвар хариуцсан инженер Б.О-д зүтгүүрийн засварыг амжилттай хийснийг харгалзан үзэж 1 сарын 10 хувь цалинг хасах сахилгын шийтгэл авах санал-ыг гаргасан боловч Б.О засвар хийснээ зөвшөөрсөн учраас сахилгын шийтгэл ногдуулаагүй. Т.У нь зүтгүүрийн ашиглалт хариуцсан инженер бөгөөд компанийн зүтгүүрийн ашиглалт болон зүтгүүрийн бригадын ажил үүргийн зохион байгуулалтыг хариуцдаг байсан. Харин зүтгүүрийн засвар хариуцсан инженер Б.О нь маргаан бүхий актыг гаргах үндэслэл болоод буй зүтгүүрийн засвар үйлчилгээг хариуцан ажиллах үүрэгтэй. Ажил олгогчоос Б.О ыг зүтгүүрийн засварыг амжилттай зохион байгуулсан хэмээн сайшааж, Т.У ыг ажлаас чөлөөлсөн нь нэг талыг баримталсан. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөлд байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалд ноцтой зөрчил гаргасан талаар тодорхой дурдсан. Уг зөрчлийг М ТӨХК-ийн дотоод журам, хяналт шалгалт аудитын газрын шалгалтын дүгнэлтээр тогтоосон. Т.У нь удирдлагуудад танилцуулалгүйгээр зөвхөн Б.О инженертэй зөвшилцөн шийдвэрлэж, тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, баримтад гарын үсэг зурсан. Давж заалдах гомдолд ...Б.О д арга хэмжээ аваагүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй, хариуцагчийг засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй гэж худал тайлбарлаж байна. Б.О д арга хэмжээ авагдсан бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад уг асуудлаар маргаагүй учраас холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж өгөөгүй. Засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь манай компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагааны чиглэл, дүрмээс харагддаг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Т.У нь М ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн Төмөр замын үйл ажиллагаа, удирдлагын газрын Инженер технологийн хэлтсийн зүтгүүрийн ашиглалт хариуцсан инженерээр ажиллаж байсан, анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/99 дугаар тушаалаар удирдлагын зөвшөөрөлгүйгээр Цогтцэций өртөөний Зүтгүүрийн депод М ХХК-ийн зүтгүүрт засвар үйлчилгээ хийх үйл ажиллагааг дур мэдэн зохион байгуулж, хөдөлмөрийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр Т.У тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөгдсөн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. .

4. Т.У нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзээд Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан, улмаар тус хороо 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж гаргасан шийдвэрт талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн эрхийн маргааныг дуусгавар болгожээ.

Дээрх шийдвэрийг Т.У эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулах нь зүйтэй.

5. М ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1-д Ажилтан нь ажил олгогчоос баталсан дүрэм, журам, заавар, хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, тэдгээрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ ажилтан Т.У биелүүлээгүй, түүнийг дээрх журмын 12.4.5, 12.4.19, хөдөлмөрийн гэрээний 6.1.5-д заасны дагуу ажилласан гэж үзэхгүй.

Учир нь тэрээр 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр удирдлагын зөвшөөрөлгүйгээр Цогтцэций өртөөний Зүтгүүрийн депод М ХХК-ийн зүтгүүрт засвар үйлчилгээ хийх үйл ажиллагааг дур мэдэн зохион байгуулж, хөдөлмөрийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байна. Иймээс ажил олгогч М ТӨХК-ийн дотоод аудит, хяналт шалгалт хийх тухай ажлын хэсэг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж, уг хурлаар зөрчлийг шалган тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

М ТӨХК-ийн хөдөлмөрийн гэрээний 6.1.5-д ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бизнест хор хохирол явуулах үйл ажиллагаа явуулсан, 6.1.19-д албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа давуу тал буюу компаниас албан ажилд нь зориулж олгосон хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцсон байна./хх-48/

Хариуцагч байгууллагын зөрчлийг шалгасан 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Дотоод аудит, хяналт шалгалтын тайлан, түүнд хавсаргасан ажилтан О.Б-ны тайлбар, камерын бичлэг, зүтгүүрийн засварын ажлын үнэлгээний харьцуулсан тооцоолол баримт, Цогтцэций зангилааны хоногийн ажлын мэдээ, ажилтан Т.У-ын тайлбараар нэхэмжлэгч Т.У нь хөдөлмөрийн дотоод журмын 12.4.5, 12.4.19, хөдөлмөрийн гэрээний 6.1.5, 6.1.19-д заасан ноцтой зөрчил гаргасан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэх зохицуулалтад нийцжээ.

6. Анхан шатны шүүх Т.У ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасантай нийцсэн гэж дүгнэж, ажилд эгүүлэн тогтоолгох, үр дагаварыг арилгуулахтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

Учир нь нэхэмжлэгч Т.У нь М ТӨХК-ийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр Цогтцэций өртөөний Зүтгүүрийн депод засвар үйлчилгээ хийх үйл ажиллагааг дур мэдэн зохион байгуулсан байх тул ажил олгогчийн санаачилгаар түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцсэн.

Харин шүүх ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотойгоор үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлаагүйг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

7. М ТӨХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/99 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлаагүй нь ажилтан Т.У-ын гаргасан зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Уг тушаалд М ТӨХК-ийн дүрмийн 8.11.9, хөдөлмөрийн дотоод журмын 1.9, 10.2.5, 12.4.5, 12.4.19, 9.1.5-д заалтыг баримталсан байх тул ажил олгогчоос авсан арга хэмжээ нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцсон ноцтой зөрчлийг Т.У гаргасан байх тул түүнд тохирсон арга хэмжээг ажил олгогчоос авсан нь ажилтны гаргасан ноцтой зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон байх тул тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

8. Нэхэмжлэгч М ТӨХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан зүтгүүрийн засварын ажлын үнэлгээний харьцуулсан тооцоолол, Дотоод аудит, хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон, энэ талаар шүүх зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн ...Т.У нь ажил олгогчийн бизнест хохирол учруулсан хохирол байхгүй. Ажил олгогчоос харьцуулсан тооцоолол гаргаж өгсөн бөгөөд энэ нь шууд хохирол учирсаныг нотлохгүй, М ТӨХК нь зүтгүүрийн засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж орлого олдоггүй гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн ...ажил олгогчоос Т.У ыг ажлаас чөлөөлсөн атлаа Б.О д сахилгын шийтгэл ногдуулаагүй гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Ажил олгогчоос Б.О д сахилгын ямар шийтгэл оногдуулсан нь Т.У ыг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой маргаанд хамааралгүй байх тул уг гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/03854 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 158.2.2 дахь хэсэг гэснийг 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН