Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 595

 

 

 

 

 

 

 

     2019           6           03                                         2019/ШЦТ/595         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,  

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ж.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808046210664 дүгээр 2 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн оршин суух,

урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих ял,

Увс аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар нэмж нэгтгэн 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 2 capын хугацаагаар баривчлах ял,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 50.000 төгрөг хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Тайжууд овогт Жамбалын А /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өнөр” зочид буудлын хүлээн авагч ажилтай С.Ууганцэцэгийг “архи зарсангүй” гэх шалтгаанаар бэлэг эрхтэн рүү нь өшиглөж бэлгийн зүүн их уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 7 дугаар сарын 30-ны орой Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 40 дүгээр гудамж, 5а тоот иргэн Р.Энэбишийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, хөлдөөгч, лам хүүхдийн хавар болон өвлийн гутал, цөгц, хүрд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 890.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 40-03 тоотод оршин суух иргэн Г.Мөнхмандахын эзэмшлийн байшингийн цонхыг хагалж, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч сваровски хар шигтгээтэй зүүлт, бөгж, төмөр бугуйвч, мөнгөн бөгж, төмөр бөгж, өлзий хээтэй ээмэг, бөгж, сувдан шигтгээтэй мөнгөн зүүлт, бөгж, ээмэг бөгжний сав зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 01-нд хүн өшиглөсөн нь үнэн. Айлын гэрээс хулгай хийсэн нь үнэн. Нэмж нэгтгүүлье гэсэн нэгтгээгүй. Эрх зүйн байдал дордож байна. Тухайн үед ажилгүй байсан. Согтуу явж байгаад хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа ухаарч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн  1808046210664 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч Ж.А согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Өнөр” зочид буудалд хохирогч С.Ууганцэцэгийг өшиглөж бэлгийн зүүн их уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч С.Ууганцэцэгийн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 00 цагийн үед 1 эрэгтэй орж ирсэн. Тухайн эрэгтэй “архи авъя” гэж хэлсэн. Би түүнд “дэлгүүр хаасан, архи зардаггүй” гэхэд ойлгохгүй өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Би хэрэлдэхгүй гээд аль болох эвээр хэлж тайлбарлахад ойлгохгүй байсан. Хамгаалагч Түмээ “Ахаа та гарчихаа, энэ буудал шүү дээ, дэлгүүр биш” гээд гаргахад тэр залуу буцаад ороод ирсэн. Би “Дэлгүүр хаасан, тэглээ ч дэлгүүр нөгөө талын хаалгаар орно” гэж тайлбарлаж хэлээд Түмээ бид 2 гаргасан. Нөгөө согтуу эрэгтэй ахиад л ороод ирсэн. Тэр залуу над руу хашгичаад есөн шидийн хараал хэлээд доромжлоод байсан. Хамгаалагч Түмээ “Гар л даа ямар хэцүү юм” гээд бид 2 тэр залууг түлхээд хаалгаар гаргах явцад нөгөө согтуу залуу эргэж хараад миний бэлэг эрхтэн рүү 1 удаа өшиглөсөн. ...Бэлэг эрхтэн хавдаад маш их өвдөж байсан. Эмнэлэгт эмчилгээ хийлгэсний дараа бэлэг эрхтэний судас тасраад идээлээд бугалсан байсан. Эмчилгээний зардал болон бусад зардлыг нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-16-17, 18/,

Гэрч Э.Түмэндэлгэрийн “2017 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад нэг согтуу ах орох гээд байхаар нь “манайх хаасан, та согтуу байна” гэж хэлээд явуулсан. Тэгтэл зочид буудалд маргаан болоод байх шиг байхаар нь очтол нөгөө согтуу эрэгтэй ресепшин Ууганцэцэгтэй хэрэлдээд “Яагаад надад архи зардаггүй юм” гээд байхаар “архи зарахгүй” гэж хэлсэн. Би түлхээд гаргасан. Дахин орж ирээд Ууганцэцэг рүү дайраад маргалдаад байхаар нь би гаргах гээд түлхэж байхад Ууганцэцэг эгчийн салтаа хавьд нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-22/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.12.04-ний өдрийн 14932 дугаар актын дүгнэлтэд: “1.Ууганцэцэгийн биед бэлгийн зүүн их уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-28/,

Шүүгдэгч Ж.Аын яллагдагчаар өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Өнөр” зочид буудлын хүлээн авагч ажилтантай маргалдсан. Намайг түлхэж гаргаж байх үед нь би хүлээн авагч эмэгтэйн хөлний орчим өшиглөсөн. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-48, 2 дугаар хавтас, хх-121-124/,

хохирлын баримт /1 дүгээр хавтас, хх-21/, хохирогчийн өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-167-182/,

2. Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны орой Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 40 дүгээр гудамж, 5а тоотод байрлах хохирогч Р.Энэбишийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, хөлдөөгч, лам хүүхдийн хавар болон өвлийн гутал, цөгц, хүрдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 890.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Р.Энэбишийн “2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хөдөө яваад 8 дугаар сарын 09-ний өдөр ирэхэд гэрт хулгай орсон байсан. 2014 онд 650.000 төгрөгөөр худалдаж авсан хөлдөөгч, 2017 онд 350.000 төгрөгөөр худалдаж авсан лам хүүхдийн үстэй дотортой өвлийн гутал, 2017 онд 150.000 төгрөгөөр хуучнаар нь худалдаж авсан лам хүүхдийн хаврын гутал алдагдсан. Байшингийн хаалгыг эвдсэн байсан. ...Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-48-50, 51-52, 125/,

Гэрч С.Дэлгэрмаагийн: “Ж.А ...надад 2018 оны 9 дүгээр сарын эхээр манай хажуу талын Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 40-5а тоотоос хөлдөөгч, бурхны цөгц, хүрд, гутал хулгайлсан талаар ярьж байсан. Хажуу айлын Энэбиш чиний хамтран амьдрагч А манайхаас хулгай хийсэн байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-56-57/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.01.04-ний өдрийн 567 дугаар тайланд “Хохирлын дүн нь 1.140.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-68-71/,

Шүүгдэгч Ж.Аын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 30-ний өдөр 22 цагийн үед Дэлгэрмаагийн хажуу айлын байшингийн бүргэд хаалгыг хатуу төмөр ашиглаад хөшиж, эвдэж ороод тухайн айлаас 2 хаалгатай цагаан өнгийн хөлдөөгч, хөлдөөгчний доор байсан 2 ширхэг хүүхдийн гутал, цэнхэр өнгийн торон дотор бурхан шашны эд зүйлс болох зулын цөгц, ламын хүрд байсныг авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-111-114/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-41-45/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-75/,

3. Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 40 дүгээр гудамж, 03 тоотод байрлах хохирогч Г.Мөнхмандахын эзэмшлийн байшингийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч сваровский хар шигтгээтэй зүүлт, бөгж, төмөр бугуйвч, мөнгөн бөгж, төмөр бөгж, өлзий хээтэй ээмэг, бөгж, сувдан шигтгээтэй мөнгөн зүүлт, бөгж, ээмэг бөгжний сав зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Г.Мөнхмандахын: “2018 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 40-3 тоот хаягнаасаа нүүгээд хашаа байшингаа эзэнгүй үлдээсэн. 2018 оны 8 дугаар сарын эхээр санагдаж байна байшингийнхаа хажуугаар өнгөрөхөд цонх онгорхой байсан. Очиж үзэхэд гэрт хулгай орсон байсан. Миний өөрийн гоёл чимэглэлийн ээмэг, зүүлтний хослолууд алдагдсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-247, 250/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.01.29-ний өдрийн 673 дугаар тайланд “Хохирлын дүн нь 560.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-15-18/,

Шүүгдэгч Ж.Аын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 12-13 цагийн үед тухайн айлын байшингийн урд талын жижиг цонхыг гараараа цохиж хагалаад орсон. Орон дээр байсан жижиг хайрцагтай, дотор нь мөнгөн зүүлт, бөгж харагдсан. Хархорин захын замын хойд талд ломбарданд тавих гэтэл хуурамч байна гэхээр нь хогийн саванд бүгдийг нь хаясан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-29-32/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-238-244/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-21/,

 шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-50/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-78/, иргэний нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-128/, утсаар ярьсан тэмдэглэл /2 дугаар хавтас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас хохирол төлсөн баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.А нь 2018 оны 7 дугаар сарын 30, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг авч, нийт 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг,

мөн согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Өнөр” зочид буудалд хохирогч С.Ууганцэцэгийг өшиглөсний улмаас бэлгийн зүүн их уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ж.Аын хохирогч Р.Энэбиш, Г.Мөнхмандах нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалга, цонхыг эвдэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан санаатай 2 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй,

хохирогч С.Ууганцэцэгийг өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Ж.Аыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ууганцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Р.Энэбишид нийт 1.140.000 төгрөгийн, Г.Мөнхмандахад нийт 560.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Хохирогч С.Ууганцэцэгийн “44.000 төгрөг хүлээн авлаа, гомдол саналгүй” гэх хүсэлт /шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримт/, утсаар ярьсан тэмдэглэл, хохирогч Г.Мөнхмандахын “Хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-250/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-21/, хохирогч Р.Энэбишийн “...хохирлоо барагдуулсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-51-52/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-75/ зэргийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 5 сарын хорих ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож 37 хоногийн хорих ял, дээрх ялуудыг нэмж нэгтгэн 2 жил 6 сар 7 хоногийн хорих ял дээр урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 26 хоногийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 3 сар 3 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтээ маргахгүй, хохиролгүй тул 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Мөн учруулсан хохирлоо төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруу дээр маргахгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доод хэмжээгээр татаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи уух зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2 хүний эд хөрөнгөд нийт 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирлыг нөхөн төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 7 удаа ял шийтгэгдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/ зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзэн шүүгдэгч Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон 37 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ж.Ат энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг хэмжээг 2 жил 6 сар 7 хоногоор тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Ат энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар 7 хоногийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ж.Аын биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 2 сар 3 хоногоор тогтоож, дээрх тогтоогдсон үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж ...болно” гэж заажээ. Шүүх шүүгдэгч Ж.Аын урьд олон удаа ял шийтгэгдэж байсан, шийтгэх тогтоол гарах үед хорих ял эдэлж байгаа зэрэг хувийн байдал, согтуурсан үедээ хүний бэлэг эрхтэн рүү өшиглөн гэмтэл учруулсан, бусдын орон байранд хууль бусаар 2 удаа нэвтэрч, эд зүйлс авсны улмаас бусдад нийт 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тустус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Тухайн зүйл, хэсгүүдэд заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэн хүлээн авахаас татгалзсан болно.

Шүүгдэгч Ж.Аын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2018.03.29-ний өдрөөс 2018.03.31-ний өдрийг хүртэл 2 хоног, урьдчилан хоригдсон 2019.04.02-ны өдрөөс 2019.06.03-ны өдрийг хүртэл 62 хоног, нийт урьдчилан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж үзэв. /1 дүгээр хавтас, хх-31, 34, 211, 220/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөнгөгүй, шүүгдэгч Ж.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүйний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Тайжууд овогт Жамбалын Аыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 37 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 7 /долоо/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Ат энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар 7 хоногийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ж.Аын биечлэн эдлэх нийт хорих ялыг 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сар 3 /гурав/ хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Аын урьдчилан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Аын эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР