| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2024/00616/И |
| Дугаар | 210/МА2024/02110 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/02110
2024 12 06 210/МА2024/02110
М ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2024/04575 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч М нарт холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 98,578,440 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Р, хариуцагч М ХХК, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Ц.У-ийн өмгөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. М ХХК ньМ ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаатай барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр худалдагч М ХХК нь өөрсдийн үйлдвэрлэж буй 42,5 маркийн задгай, ууттай нийт 528 тонн цементийг нийлүүлэх, худалдан авагч М ХХК нь төлбөрийг гэрээний 2.2.3-т заасан хуваарийн дагуу 8, 9, 10, 11 дүгээр саруудад тус тус 27,951,000 төгрөг, нийт 11,804,000 төгрөгийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн.
1.2. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс ууттай болон задгай нийт 655,15 тонн буюу 108,693,750 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлснээс М ХХК нь 28,695,800 төгрөгийг төлж, үлдэгдэл 79,997,950 төгрөгийг төлөөгүй. Мөн тус гэрээний 2.2.6-д заасны дагуу цементийн тээврийг гүйцэтгэн худалдан авагч талын талбайд буулгасан. Тус тээврийг зардал болох 2,150,750 төгрөгийг төлөөгүй байгаа. М ХХК нь цементийн төлөгдөөгүй төлбөр 79,997,950 төгрөг, тээврийн зардал 2,150,750 төгрөг, нийт 82,148,700 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрч тус төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн төлж барагдуулах хүсэлтийг гаргасан боловч хугацаандаа төлж барагдуулаагүй.
1.3. Гэрээний 4.8, 4.10-т заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй төлбөрийн алдангийг тооцож үзвэл алданги 16,429,740 төгрөг байна.
1.4. Мөн уг гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Б.А , Ц.У нартай байгуулсан. Б.А өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, **** гудамж, *** дүгээр байр *** тоот хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, мансарт зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Ц.У-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** аймаг *** сум *** дүгээр баг, **** * дүгээр гудамж *** тоот хаягт байршилтай, 166 м.кв талбайтай, таван өрөө амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө барьцаанд бүртгэлтэй байгаа.
1.5. Иймд хариуцагч М ХХК -аас худалдах, худалдан авах гэрээний төлбөр 82,148,700 төгрөг, алданги 16,429,740 төгрөг, нийт 98,578,440 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М ХХК, Б.А нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдсан 528 тонн цементийг нийлүүлсэнтэй холбоотой баримт байхгүй буюу уг хэмжээний цементийг нийлүүлсэн нь нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлд дурдахдаа ...манай М ХХК -ийг уг талуудын хоорондын гэрээний хугацаанд нийт 27,951,000 төгрөгийн төлөлт хийсэн гэжээ. Гэтэл манай М ХХК -ийн зүгээс нийт дээрх гэрээний хугацаанд 23,040,000 төгрөг, 744,800 төггрөг, 27,951,000 төгрөг буюу нийт 3 удаагийн төлөлтөөр 51,735,800 төгрөгийн төлөлт хийсэн. Иймд нэхэмжлэгч талын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь анхан шатны баримтаар нотлогдохгүй, мөн төлбөр тооцооны хувьд зөрүүтэй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Ц.У-***гийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. **** аймгийн *** сумын *** дүгээр баг, **** гудамж, *** тоот хаягт байршилтай 166 м.кв талбайтай, 5 өрөө амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь хэдийгээр бичиг баримтын хувьд миний нэр дээр байгаа боловч М ХХК -ийн өмч хөрөнгө юм. М ХХК нь үүргийн гүйцэтгэл хангуулахаар миний нэр дээр үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн байсан бөгөөд үүргийн гүйцэтгэл хангагдаж дууссан тул үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэх итгэмжлэлийг миний бие олгож байсан. Гэтэл миний олгосон итгэмжлэлээр өөрийн үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэн авалгүйгээр М ХХК-ийн барьцаанд тавьсанг шүүхэд хариуцагчаар дуудагдах үед мэдсэн. М ХХК , М ХХК -ийн хооронд байгуулагдсан гэрээнээс нэг ч төгрөгийг авч захиран зарцуулаагүй, гэрээ байгуулагдсан талаар мэдэхгүй, гэрээний талуудтай холбоогүй тул гэрээний төлбөрийг хариуцах үүрэгтэй хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Иймд хариуцагч Ц.У***-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 77 дугаар зүйлийн 77.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М нарт холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 98,578,440 төгрөг гаргуулах, үүргийг хариуцагч Б.А гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй, **** дүүргийн 1** дүгээр хороо, **** гудамж, *** дүгээр байр ** тоот хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, мансард зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Ц.У-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, **** аймаг *** сум ** дүгээр баг, ***** гудамж **** тоот хаягт байршилтай, 166 м.кв талбайтай, 5 өрөө амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650,843 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх худалдан авагч нь бараа бүтээгдэхүүн буюу цементийг авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн эсэхийг дүгнээгүй, аливаа байдлаар бараа бүтээгдэхүүнийг Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн ямар харилцааны үр дүнд авсныг дүгнээгүй зөвхөн хариуцагчаас гэрээний үнийг нэхэмжлэх, шаардлагаа хэрэгжүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд шууд дүгнэлт өгч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бх нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд М ХХК-ийн борлуулалтын ажилтан У.Ө-ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг урьд гаргах боломжтой байсан гэж татгалзаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан, өмнө нь уг хүсэлтийг гаргаж байгаагүй байхад анхаарч үзэлгүй, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломж олгоогүй оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан. Гэтэл гэрч асуулгах хүсэлтийг хэлэлцэхдээ зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрч мэдүүлэг өгөх нь хэрэгт ач холбогдолгүй гэх байдлаар дүгнэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан байтал хариуцагч М ХХК нь ямар хууль зүйн үндэслэлээр тухайн 79,997,950 төгрөгийн үнэ бүхий цементийг 2,150,750 төгрөгийн тээврийн зардлаар хүргүүлэн хүлээн авч, үйл ажиллагаандаа үнэ төлбөргүй, хариу ямар нэгэн үүрэг хүлээхгүй зарцуулсанд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасныг удирдлага болгож байх боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэснийг хэрэглээгүйд гомдолтой байна. Хууль зүйн шинжлэх ухаанд болон нийгмийн харилцаанд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэл нь тухайн хугацаанаас өмнөх үйл явдалын үнэн бодит байдлыг тодорхой хугацаа өнгөрсөний дараа тогтоох боломжгүй гэж үзэж хуульд хөөн хэлэлцэх хугацааг тусгаж хэрэглэдэг. Гэтэл нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч М ХХК -ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээний дагуу цементийг хүлээн авч, хариу төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхээ хариуцагч М ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаартай компанийн тэмдэгтэй, гүйцэтгэх захирал С.Д-ын гарын үсэгтэй албан бичгээр мэдэгдсэн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 82,148,700 төгрөгийн өглөг, авлагатай болохыг нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын санхүүгийн алба баталгаажуулсан. Энэхүү хугацаанаас хойш шүүхийн шийдвэр гарах 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч М ХХК нь цементийн үнийг төлсөн талаар баримт гаргаж өгдөггүй, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч М ХХК, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 82,148,700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээ, хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд бий болсон баримт мэдээллийг дүгнээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед нэхэмжлэгчийн зүгээс гэрчтэй холбоотой асуудлыг дурдаагүй атлаа хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад гэрчтэй холбоотой асуудлыг дурдсан. Гэрчийн мэдүүлгээр М ХХК -ийг эрэн сурвалжлуулж байсан гэдгийг нотлох боломжтой гэж тайлбарладаг. Гэвч Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах асуудал яригдана. Тухайн байгууллагын ажилтан, иргэнээр уг байгууллагыг эрэн сурвалжлуулж байсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах асуудал яригдахгүй. Мөн анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтыг нотолж чадахгүй гэж үзэж, гэрч асуулгах хүсэлтийг хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн тул үндэслэлтэй.
6.2. М ХХК -ийн захирал С.Д болон тухайн компани хаана үйл ажиллагаа явуулж байгааг тогтоож, уг байгууллагыг олох зорилгоор үйл ажиллагаа явуулсан. Уг нөхцөл байдал нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж тайлбарладаг. Гэвч ямар нэгэн байгууллагын борлуулалтын менежерийн албан тушаалтан шүүх, цагдаагийн байгууллагын ажлыг хийж, эрхийг нь хэрэгжүүлэх үүрэгтэй этгээд биш гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан гэрч оролцуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул үндэслэлтэй. Уг тохиолдолд гэрээний дагуу шаардах эрх гаргасан атлаа хуульд заасны дагуу 10 жилийн хөөн хэлэлцэх хугацааны талаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 4 жил 10 сарын хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа 3 иргэн, хуулийн этгээдийг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн зүгээс санал тавьсныг хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хэргийг шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 98,578,440 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч тал М ХХК -ийн захирал С.Д-ыг хайж олох ажиллагааг манай компанийн борлуулалтын ажилтан У.Ө хэрэгжүүлж байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг тоолоход У.Ө-ыг гэрчээр асуулгах нь ач холбогдолтой байсан гэж тайлбарлаж уг хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргажээ./хх-130/
Анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2024/18530 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхихдоо шүүх хуралдаанаас өмнө нь гаргах боломжтой байсан гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. гэж заасан нь гэрч асуулгах хүсэлт гаргаж буй этгээд хүсэлтдээ үндэслэлийг заасан байхыг шаарджээ. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж заасныг анхан шатны шүүх үндэслэхдээ гэрчийн мэдүүлэг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзээгүйгээ огт тайлбарлаагүй байна. Дээрхи зохицуулалтын зорилго нь хэргийн оролцогч нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэхэд хүсэлт гаргасан байх, хүсэлтэд уг нотлох баримт хэрэгт ямар ач холбогдолтой байхыг заасан байх урьдчилсан нөхцөлийг зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой бүхий байдлыг мэдэж байх гэх шаардлагууд оролцогчоос гарах хүсэлтийн үндэслэлд хамаарах юм.
Түүнчлэн, шүүх гэрчээс мэдүүлэг аваагүй атлаа шүүх хуралдаанаас өмнө нь гаргаж өгөх бололцоотой байсан хүсэлтийг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдоогүй гэж дүгнэж буй нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, гэрчээс мэдүүлэг авсны дараа уг мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой эсэх нь тодорхой болох учиртай.
4. Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.3-т зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүх уг хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарч байна. Иймд нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
5. Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдаагүй. Харин 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны явцад ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр маргаж, үүнтэй холбоотойгоор нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хангаж, уг ажиллагааг хийсэн байна.
Хариуцагч тал шүүх хуралдаанаас өмнө бичгээр хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гаргаагүй байхад зохигчийг хэргийн талаар бүрэн мэтгэлцэж, хэрэгт нотлох баримтууд хангалттай цугларсан гэж үзэх боломжгүй. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо бичгээр шаардлагын үндэслэл, хариу тайлбар гаргаж, уг баримтын хүрээнд талууд харилцан мэтгэлцэх учиртай.
Иймд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2024/04575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721,043 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЦОГТСАЙХАН