| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 182/2024/01392/И |
| Дугаар | 210/МА2024/02044 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/02044
2024 11 25 210/МА2024/02044
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/03595 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, Б.*******, А.******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 643,956,667 төгрөг, нотариатын зардалд 47,000 төгрөг нийт 644,003,667 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, А.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК, Б.*******, А.******* нар нь 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээгээр 500,000,000 төгрөгийн эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээлийг сарын 1,225 хувь, жилийн 14,7 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай авсан. ******* ХК-ийн зүгээс ******* ХХК-ийн ******* тоот дансанд 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн санхүүжилтийг олгосон.
1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор Зээлийн батлан даалтын сан, ******* ХК, ******* ХХК-иуд БДГ-ЭҮБДТЗ-******* тоот Батлан даалтын гурвалсан гэрээг байгуулж, тухайн гэрээгээр Зээлийн батлан даалтын сан зээлийн гэрээний дагуу олгогдсон 500,000,000 төгрөгийн 33 хувьд нь батлан даалт гаргасан.
1.3. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн наран 16 гудамж, хаягтай, 272 м.кв талбайтай, Ү- бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн наран 16 гудамж, хаягтай, 908 м.кв талбайтай, Ү- бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн наран 16 гудамж, хаягтай, 700 м.кв талбайтай, Г- бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.
1.4. ******* ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр *******-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үндсэн зээлийн төлөлтийг бууруулан, хуримтлагдсан хүүгийн төлөлтийг дараагийн 24 сард хуваан төлөх нөхцөлтэй төлбөрийн хуваарь тохирсон.
1.5. Зээл олгосноос хойш ******* ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 40,004.09 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 100,695,932.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12.07 төгрөг нийт 100,735,949.1 төгрөгийг төлсөн. Харин Зээлийн батлан даалтын сангаас ******* ХК-ийн нэхэмжлэхийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 82,493,399 төгрөг төлсөн.
1.6. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул ******* ХК-ийн зүгээс гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүрэг биелэгдээгүй.
Зээлдэгч нар нь 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл 417,466,496.91 төгрөг, үндсэн хүү 225,919,031.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 571,140.15 төгрөг нийт 643,956,667.31 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Иймд ******* ХХК, Б.*******, А.******* нараас зээлийн төлбөрт 643,956,667.31 төгрөг, нотариатын зардал 47,000 төгрөгийг тус тус гаргуулж, зээлдэгч буюу хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000,000 төгрөгийн эх үүсвэртэй батлан даалтын төслийн зээлийг 1,23%-ийн хүүтэй, жилийн 14,7%-ийн хүүтэйгээр,120 сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч талаас үндсэн зээл 500,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүргээ биелүүлж, ковид цар тахлын хүнд үед 100,735,949 төгрөг, зээлийн батлан даалтын сантай байгуулсан гэрээний дагуу 82,500,000 төгрөг нийт 183,235,949 төгрөгийг үндсэн зээлээс төлж барагдуулсан. Зээлийн үлдэгдэл 316,764,054 төгрөгийг хүлээн зөвшөөрч, маргахгүй болно.
2.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус буюу хариуцагчийг буруу тодорхойлж компани, хувь хүнээс хэд хэдэн төгрөгийг гаргуулах эсэх нь эргэлзээтэй буюу ойлгомжгүй, ямар эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь тодорхой бус, эргэлзээтэй, ойлгомжгүй байна. Иймд байгалийн давагдашгүй хүчин зүйл болох дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал болон Иргэний хууль, бусад хууль тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэр, тогтоол зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 301,132,407 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.4. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолд заасан дарааллын дагуу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
2.5. 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 26,060,209 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.6. Нэхэмжлэгч ******* ХК-ийн гүйцэтгэх захирал Ө. нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01/128 дугаартай итгэмжлэлийг ******* ХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбарын захирал Б.од олгосон нь аль дүүргийн шүүхэд, хэн гэх хариуцагч нарт холбогдуулж олгосон эсэх нь тодорхой бус, мөн итгэмжлэл нь эрхийг бусдад шилжүүлэх эрхийг олгосон боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй, байгууллагын нягтлан бодогч гарын үсэг зураагүй нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дугаар зүйлийн 64.2.1, 64.2.2-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус итгэмжлэл байна.
Гүйцэтгэх захирал Ө.өөс хууль бусаар олгосон 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/128 дугаартай итгэмжлэлийн дагуу ******* ХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбарын захирал Б. нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 21/33 дугаартай албан бичгээр А.*******д олгосон итгэмжлэл нь хууль бус, хуульд заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус итгэмжлэл байна.
Мөн гүйцэтгэх захирал Ө. нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2300 дугаартай албан бичгээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт ******* ХК-ийг төлөөлөх эрхийг хуулийн газрын мэргэжилтэн А.*******д итгэмжлэл олгожээ. Энэ итгэмжлэл нь хариуцагч Б.*******, А.******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК болон Б.*******, А.******* нарт холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21/46 дугаартай албан бичгээр зээлийн гэрээний үүрэгт 617,896,458.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хуульд заасан шаардлага хангаагүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох салбарын захирал Б., А.******* хууль бус нэхэмжлэл гаргасан байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.3-т заасныг ноцтой зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК, Б.*******, А.******* нараас 644,003,667.31 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, Б.*******, А.******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох А.*******ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн наран 16 гудамж, хаягтай, 272 м.кв талбайтай, Ү- бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн наран 16 гудамж, хаягтай, 908 м.кв талбайтай, Ү- бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн наран 16 гудамж, хаягтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй газар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,605,883.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,605,883.34 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн гүйцэтгэх захирал овогтой нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/128 дугаартай итгэмжлэлийг ******* ХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбарын захирал Б.од олгосон. Энэ итгэмжлэл нь аль дүүргийн шүүхэд, хэн гэх хариуцагч иргэн, хуулийн этгээд нарт холбогдуулж олгосон эсэх нь тодорхой бус, мөн итгэмжлэл нь эрхийг бусдад шилжүүлэх эрхийг олгосон боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй, байгууллагын нягтлан бодогч гарын үсэг зураагүй нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн.
Нэхэмжлэгч ******* ХК-ийн гүйцэтгэх захирал овогтой өөс олгосон 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/128 дугаартай итгэмжлэлийн дагуу ******* ХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбарын захирал Б. нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 21/33 дугаартай албан бичгээр овогтой *******д олгосон итгэмжлэл нь хууль бус, хуульд заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус итгэмжлэл байна.
Мөн нэхэмжлэгч ******* ХК-ийн гүйцэтгэх захирал овогтой нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2300 дугаартай албан бичгээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт ******* ХК-ийг төлөөлөх эрхийг Хуулийн газрын мэргэжилтэн А.*******д итгэмжлэл олгожээ. Энэ итгэмжлэл нь хариуцагч Б.*******, А.******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүхийн шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцуулж, хуульд заасан шаардлага хангаагүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох салбарын захирал Б., А.******* хууль бус нэхэмжлэл гаргасан байтал анхан шатны шүүх нь дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэн зөв бодитой тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хууль бус шийдвэр гаргасан байна.
4.2. Нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийнхээ дагуу хариуцагч нарыг сонгосон боловч нэхэмжлэлээр шаардаж буй зээлийн гэрээний үүрэгт 617,896,458.98 төгрөгийг хэн хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь тодорхой бус, үүргийн гүйцэтгэлийг хэн хэний өмчлөлийн ямар үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нь тодорхой бус ямар ч шалтгаант холбоогүй, хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байхад анхан шатны шүүхийн шүүгч нь нэхэмжлэлийг шаардлагыг 644,003,667.31 төгрөг гэж тогтоож шийдвэр гаргасанд гомдолтой.
4.3. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 183,229,350 төгрөгийг төлсөн байхад Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаарт тогтоолд заасан дарааллын дагуу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж заасан хуулийн заалтыг хэрэглэхгүй, ноцтой зөрчиж, зээл төлөлт, зээлийн хүүг буруу тооцоолсон.
4.4. УИХ болон МУ-ын Засгийн газар, Монгол банкнаас авч хэрэгжүүлсэн Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахал, хөл хорионы улмаас банкны зээлийг хөнгөлөх, хүүнээс чөлөөлөх, зээл хойшлуулах арга хэмжээний хүрээнд зээлдэгч компанийн зүгээс ******* ХК-д хандаж удаа дараалан зээл хойшлуулах, зээлийн хүүг зогсоолгох тухай албан бичгүүдийг биечлэн хүргүүлсэн боловч хуулийн хугацаанд хариу ирүүлэхгүй, МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалтыг ноцтой зөрчиж, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой хохироож байгаад гомдолтой байна.
4.5. Нэхэмжлэлийн шаардлагаас 301,132,407 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай шүүх хуралдааны явцад болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа тодорхой тусгасан байхад анхан шатны шүүх нь хэт нэг талын байр суурийг илт хамгаалж хууль бус шийдвэр гаргаж хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироож байгаад гомдолтой байна.
4.6. Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээг үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шаардаж байгаа боловч дээрх зээлийн гэрээг ******* ХК-ийг төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүй этгээд болох Б., Д. нар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн *******-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг Б., О. нар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд овогтой ийг гүйцэтгэх захирлаар сонгосон (томилсон) байхад зээлийн гэрээнүүдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй, эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт/
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62 дугаар зүйлийн 62.3, 56 дугаар зүйлийн 56.5, 56.1 заалтуудыг ноцтой зөрчсөн хэлцэл, гэрээ байхад анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг дутуу буруу үнэлж, дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, илт хууль бус шийдвэр гаргаж, хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж, хохироож байгаад гомдолтой байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/03595 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 62.4, 62.5 дахь хэсэгт зааснаар ******* ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.өөс Сонгинохайрхан дүүргийн салбарын захирал болох Б.од итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг өгсөн бөгөөд тус итгэмжлэлээ гуравдагч этгээд буюу бусдад шилжүүлэх эрхтэй итгэмжлэл өгсөн.
5.2. Цар тахлын тухайд хүүг зогсоолгүй, төлсөн төлбөрийг шууд хүүнээс хасаж байсан. Хариуцагчтай байгуулсан гэрээнд эхлээд хүү хасагдана, дараа нь үндсэн зээл хасагдана гэж заасан. Уг зээлийн гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг тайлбарлавал хугацаа дууссан зээл дээр шууд үндсэн төлөлтөөс зээл хасагдах зохицуулалттай байна. Иймд тухайн хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж гомдол гаргасан гэж үзэж байна.
5.3. Цар тахлын үеэр орон сууцны зээл буюу ипотекийн зээлд хүү царцаах буюу зээлийг зогсоох шийдвэр гарч байсан. Монгол Улсын Засгийн газраас гарч байсан тогтоолуудад ямар нэгэн байдлаар бизнесийн зээлийг зогсоох шийдвэр гаргаж байгаагүй. Хариуцагч ******* ХХК-иас хүүг зогсоох талаар ******* ХК-д хүсэлт тавьж байгаагүй учраас гэрээний дагуу холбогдох хүүгээ тооцож шаардсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК, Б.*******, А.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 643,956,667 төгрөг, нотариатын зардалд 47,000 төгрөг, нийт 644,003,667 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Талууд 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, ******* ХК нь 500,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 14.7 хувийн хүүтэй, хэвлэх үйлдвэр байгуулах зориулалтаар зээлдүүлэх, ******* ХХК, Б.*******, А.******* нар нь зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацаанд хүү төлөх, мөн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 13-16 дугаар тал/
3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаартай барьцааны гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр зээлдэгч А.*******ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, хаягт байршилтай 908 м.кв талбай бүхий хувийн сууц, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, 272 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 19-20, 179-181 дүгээр тал/
3.3. Түүнчлэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* ХК нь ******* ХХК, Зээлийн батлан даалтын сантай 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр БДГ-ЭҮБДТЗ-******* дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарт олгосон 500,000,000 төгрөгийн 33 хувьд Зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргажээ. /хх-21-23 дугаар тал/
3.4. Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр *******-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, зээлийн үлдэгдлийг баталгаажуулж, 2020 оны 10 дугаар сараас хойш хуримтлагдсан хүүний өрийг 24 сард тэнцүү хуваан төлөх, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс төлөгдөх үндсэн зээлийн сарын төлбөрийг бууруулан, 12 сарын хугацаанд сар бүр 10,000 төгрөг төлөхөөр нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хх 17-18 дугаар тал/
3.5. Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан болон хүчин төгөлдөр байдлын талаар, гэрээний дагуу хариуцагч нар мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, гэрээний үүрэгт хариуцагч болон Зээлийн батлан даалтын сангаас төлсөн төлбөрийн хэмжээ, гэрээний үүргийн зөрчил, уг зөрчлийн улмаас гэрээ цуцлагдсан асуудлаар зохигч маргаагүй, харин үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн эсэх, нэхэмжлэл гаргах эрх олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангасан эсэх, Ковид-19 цар тахлын улмаас хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн асуудлаар маргажээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
Мөн хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас уг гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл, нөхцөл бүрдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцогдсон зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
4.1. Зээлийн гэрээгээр хариуцагч нар нь 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр тогтсон хугацаанд зөвхөн хүү төлөх, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн. Ийнхүү тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ хариуцагч нар гүйцэтгээгүй, энэхүү зөрчлийг арилгах талаар нэхэмжлэгч тал удаа дараа мэдэгдсэн боловч тухайн гэрээний үүргийн зөрчил арилаагүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан мэдэгдэл, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, энэ асуудлаар хариуцагч нар маргаагүй.
Энэхүү үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.
Гэрээ цуцлагдсанаар гэрээний үүрэг дуусгавар болох тул цуцлагдсанаас хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй бөгөөд хариуцагч нар нь авсан зээлээ гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүйгээс уг зөрчлийн улмаас үүсэх нэмэлт үүрэг буюу гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү, мөн зээлийн хүүг зээлийг ашигласан хоногоор, гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй.
Хариуцагч нар гэрээ цуцлагдсан 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 417,466,496 төгрөг, хүү 199,858,821 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 571,140 төгрөг нийт 617,896,458 төгрөг төлөх болох нь зээлийн дансны хуулга, хүү тооцооллын баримтаар тогтоогдсон байх ба хүүг хуульд заасан журамд нийцүүлэн тооцоолжээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсэг дээрх байдлаар хангагдсан гэж үзнэ.
4.2. Талууд 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар зээлдэгч нарын сар бүр төлөх зээлийн үндсэн төлбөрийн хэмжээг 12 сарын хугацаанд багасгаж, хуримтлагдсан хүүг хуваан төлөх байдлаар гэрээний төлбөр төлөх нөхцөлийг зээлдэгч нарын хүсэлтээр өөрчилсөн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд Ковид-19 цар тахлын улмаас гэрээний хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй гэх тайлбар, татгалзал үндэслэлгүйгээс гадна уг нөхцөл байдал нь зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, уг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
4.3. Зээлийн гэрээний 2.2.7-д нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийн үндсэн төлбөр төлөх байдлаар гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нарын төлсөн төлбөр нь сар бүрийн тогтоосон хэмжээнд хүрэлцээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл төлүүлэх зарчмаар үүргийн гүйцэтгэлийг тооцохоор тохирчээ.
Нэхэмжлэгч байгууллага дээрх тохиролцооны дагуу гэрээний хугацаанд хариуцагчийн төлсөн 183,229,348 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүд 12.07 төгрөг, үндсэн хүүд 100,695,932 төгрөг, зээлийн төлбөрт 82,533,403 төгрөгийг тооцсон нь талуудын зарчимд нийцсэн.
Харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дараалал нь үүрэг гүйцэтгэгчийн сонгох эрхэд хамаарахгүй, хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд гэрээний 2.2.7-д заасан дарааллаар үүргийг гүйцэтгэх тул хариуцагч нарын төлсөн 183,229,348 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасаж тооцохгүй бөгөөд үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчөөгүй гэж шүүх зөв дүгнэжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол хангагдахгүй.
4.4. Гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох нотариатын зардал 47,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч нар гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно.
5. Зээлийн гэрээгээр зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх тохиролцоо хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч тус бүрээр тодорхойлж шаардаагүй байх тул анхан шатны шүүхээс зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нарын хамтран хүлээх үүрэг гэж тодорхойлж, хариуцагч нараас бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцнэ.
Иймд хэн, хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь тодорхой бус гэх агуулга бүхий хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
6. Дээрхийг нэгтгэвэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, Б.*******, А.******* нараас 617,943,458 төгрөг /617,896,458 + 47,000/ гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 26,060,208 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүн өөрчлөгдсөнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
7. Талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн.
8. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй.
8.1. ******* ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.өөс тус компанийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын захирал Б.од олгосон 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01/128, хуулийн газрын мэргэжилтэн А.*******д олгосон 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2300, ******* ХК-ийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын захирал Б.оос А.*******д олгосон 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 21/33 дугаартай итгэмжлэлүүдэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байхаас гадна Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Түүнчлэн, дээрх итгэмжлэлүүд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь хэсэгт заасан эрх олгосон итгэмжлэлд хамаарахгүй тул энэ зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг шаардахгүй. Иймд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.
8.2. Зээлийн гэрээнд ******* ХК-ийг төлөөлж тус банкны Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын захирал Б., зээлийн ажилтан Д. нар гарын үсэг зурсан нь уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх үндэслэл болохгүйгээс гадна гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч нар маргаагүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/03595 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, Б.*******, А.******* нараас 617,943,458 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26,060,209 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,605,883.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, Б.*******, А.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,317,867 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай. гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,407,970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.ГАНДИЙМАА