Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 597

 

 

 

 

 

 

 

     2019           6           03                                         2019/ШЦТ/597         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808033990920 дугаар 2 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг олон улсын сургуулийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр дамжааны оюутан гэх, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, Гүртэн овогт Бямбабаатарын О /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.О нь У.Тэмүүжинтэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7-23а тоотод оршин суух Б.Аыг гэртээ унтаж байхад нь гэрт нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, гар утас, банкны карт автомашины түлхүүр зэргийг хулгайлсан,

мөн уг хашаанд байсан иргэн Э.Боргилын эзэмшлийн 59-20 УНЛ улсын дугаартай Хьюндэй Грэйс маркийн тээврийн хэрэгслийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 14-нд Тэмүүжин над руу явсан. Намайг очиход 22 цаг болж байсан. Очиход “хүмүүс нь унтаагүй байна” гэхээр нь 01 цаг хүртэл хүлээсэн. Зөвхөн түлхүүр авч ирэх ёстой байсан. Лүн сум хүргэж өгсөн. “Гадуур зугаалъя” гэж ярьсан. Тэмүүжин “замын зардал хий” гээд 100.000 төгрөг өгснийг нь авсан. “Киа Оптима” гэдэг машин авсан. Карт, мөнгө авахаар тохирсон зүйл байхгүй. Ийм хэрэг хийсэндээ үнэхээр их харамсаж байна” гэв.

 

Эрүүгийн 1808033990920 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Аын: “2018 оны 7 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 3 хүүхдийн хамт гэртээ унтаж байсан. Гэрийн гадаа машин асах чимээ сонсогдсон. Гарч харах гэтэл хаалга гаднаас нь уячихсан байсан. Би хаалгаа онгойлгох гэж нилээд үзсэн. Болохгүй болохоор хаалганы хавтсаар гараа оруулж уяаг хутгаар тасалсан. Тэгээд гараад иртэл манай машиныг унаад явчихсан. Цагдаагийн байгууллага руу ярих гэтэл миний LG, Нокиа маркийн 2 утас алга болчихсон байсан. ...Манай 59-20 УНЛ дугаартай Оптима маркийн машин, микро машины 4119 УНА улсын дугаар, гэрт байсан Хас банкны цалингийн карт алга болсон. Би дүүгийнхээ найз Тэмүүжинг сэжиглэж байна. Энэ хүүхэд манай гэрт 1 сарын өмнө орох орон гэргүй гээд түр хугацаагаар амьдарсан. Манай бүх зүйлийг мэднэ...

...Би 5910 УНЛ дугаартай Оптима маркийн тээврийн хэрэгсэл болон LG, Нокиа маркийн гар утас бас цалингийн виза картаа буцааж авсан. Виза картанд байсан 1.200.000 төгрөгөөс 500.000 төгрөг авчихсан байсан. 4119 УНА улсын дугаар Оптима маркийн тээврийн хэрэгслийн багажинд байсан. ...Манай нөхөр Боргил Тэмүүжинг ...барьж аваад машин хаана байгааг заалгуулж Өвөрхангай аймаг руу явж машинаа авч ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-7-8, 9-10/,           

Гэрч Э.Боргилын: “...Гэртээ ирэхэд “эхнэр, 3 хүүхдийг гаднаас нь түгжээд хашаанаас тээврийн хэрэгсэл аваад зугтаачихсан” гэж хэлсэн. Би тэр өдрөөс эхлээд 3 хоног машинаа хайсан. 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд машин авч зугтаасан гэх Тэмүүжинг барьж аваад, машин хаана байгааг заалгаж, Өвөрхангай аймаг руу явсан. Машин дээрээ очиход аккумлятор буудчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-11-12/,

Насанд хүрээгүй гэрч Э.Ган-Оын: “...2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Тэмүүжин намайг дагаад манай эгч Аын Баруунсалааны Хустайн 7-23а тоотод анх ирсэн. Түүнээс хойш эгчийн гэрт ер нь байнга байх болсон. Байшингийн ажилд тусалж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-16-17/,

“Арвижих-эстимейт” ХХК-ийн 2018.07.31-ний өдрийн 18/109 дүгээр үнэлгээнд: “Нийт дүн 2.865.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-33-34/,

Шүүгдэгч Б.Оын яллагдагчаар өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Тэмүүжин над руу “энд нэг машин байна” гэж ярьсан. Би “яг хаана байгаа юм” гэхэд “Баруунсалааны эцэс дээр байна” гэсэн. Би 22 цаг өнгөрч байхад очсон. Тэгтэл Тэмүүжин “айлын хүмүүс унтаагүй байна, унтахаар нь машиныг орж авъя” гэж хэлээд би шөнийн 01 цаг хүртэл тэр хавиар хүлээж байсан. Тэмүүжин шөнө 01 цаг болж байхад “хүрээд ир” гээд би уг айлд очиход хашааны хаалга нь онгорхой байсан. Монгол гэрийн баруун талд байсан саарал өнгийн Оптима маркийн суудлын автомашин байхаар нь би айлын хүмүүс гараад ирэх байх гэж монгол гэрийн хаалганы гадна талаас гэрийн бүснээс нь уяагаар хүлчихсэн. Тэмүүжингээс автомашины түлхүүрийг аваад автомашиныг нь асаагаад хашаанаас гараад бид хоёр цуг явсан. Явж байхдаа Тэмүүжин “надад виза карт байгаа, түүнээс нь мөнгө авна” гээд тойрог ороод АТМ-с хэдэн төгрөг авсан талаар сайн мэдэхгүй байна мөнгө авчихсан ирсэн... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-54-57/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Б.Аын өргөдөл /1 дүгээр хавтас, хх-3/, гэрч Ц.Хишигжаргалын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-31/, “Хас” банкны дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-41/, “Киа Оптима” тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас, хх-42/, Төрийн банкны 2018.08.21-ний өдрийн 16/4546 дугаар албан бичиг /1 дүгээр хавтас, хх-44/, CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-46/, хохирол хүлээлгэж өгсөн тухай гар бичвэр /1 дүгээр хавтас, хх-47/, шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас, хх-83/, шүүгдэгчийн нас тоолсон “17 нас 10 сар 05 хоногтой” тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-84/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-85/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.04-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол /1 дүгээр хавтас, хх-152-154/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргаж өгсөн “Арвижих-эстимэйт” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар болон холбогдох 2 хуудас баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Уг гэмт хэргийг үйлдэх санаачлагыг Б.О гаргасан. У.Тэмүүжин хохирогчийнд 1 сар гаруй амьдарсан байдаг. Шунахайн сэдэлт, санаатай үйлдлээр үйлдэгдсэн. Тэмүүжин картнаас 500.000 төгрөг авсан. Түүнээс 60.000 төгрөгөнд газ хийж, Лүн суманд очиж, 100.000 төгрөгийг О авсан.

Өмгөөлөгч объектоо зөв тодорхойлж чадахгүй байна. Карт, утас, машины түлхүүр авсан үйлдлийг салгаж болохгүй. Бие биедээ захиалга өгөн, шөнө 2 цагийг хүлээж байгаа, машиныг унаад гарч байгааг юу гэж ойлгох юм. Эрүүгийн хуулиййн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг урьдаас төлөвлөөгүй гэнэт үүссэн байдаг. Худалдах зорилгогүй ч гэсэн Өвөрхангай яваад аккумлятор нь буудаад тэндээ орхисон. Тэмүүжин, О нарыг танисан бол ил, таниагүй бол ил биш гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Гэрээс гарах үйлдлийг таслан зогсоож байгааг анхаарна уу” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй. Б.О санаачилсан нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл Тэмүүжин түлхүүр авахаар орж гар утас, банкны карт зэргийг Отой ярьснаас зөрж авсан байдаг. Иймээс О энэ хэрэгт хамааралгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж байгаа. Тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүй байсан. Өсвөр насны 2 хүн “машин унаж зугаалъя” гэсэн л зорилготой байсан.  Хохирогчийн мэдүүлгээс “О, Тэмүүжин 2 гэж хэлээгүй, машин асахыг сонссон” гэдэг. Иймээс “илээр” гэдэг шинж үгүйсгэгдэж байна. Гэм буруугүй гэж үзэж байна.

Субъектив талын шинж “шунахайн сэдэлт” байна уу гэвэл ашиглан шамшигдуулах зорилгогүй байсан. Сонссон гэдгийг ил гэх үү, далд гэх үү гэдэг нь ойлгомжгүй. Гэр лүү орсон асуудал дээр маргаагүй. Хулгайлах гэмт хэрэг хийгээгүй. Машины түлхүүр чинь хулгай биш, түлхүүрийг 100.000 төгрөгөөр үнэлсэн байна лээ” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.О нь бусадтай бүлэглэн 2018 оны 7 дутаар сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7 дугаар гудамж, 23а тоотод байрлах гэртээ хохирогч Б.Аыг унтаж байхад нь гар утас, банкны карт, автомашины түлхүүрийг авсан,

Мөн цаг хугацаанд уг хашаанд байсан иргэн Э.Боргилын эзэмшлийн 59-20 УНЛ улсын дугаартай “Киа Оптима” маркийн тээврийн хэрэгслийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Аын “...машин асах чимээ сонсогдсон. Гарч харах гэтэл хаалга гаднаас нь уячихсан байсан. ...гараад иртэл машиныг унаад явчихсан. ...LG, Нокиа маркийн 2 утас алга болчихсон байсан. ...59-20 УНЛ дугаартай Оптима маркийн машин, машины 4119 УНА улсын дугаар, гэрт байсан банкны цалингийн карт алга болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-7-8, 9-10/, гэрч Э.Боргилын “...“эхнэр, 3 хүүхдийг гаднаас нь түгжээд хашаанаас тээврийн хэрэгсэл аваад зугтаачихсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-11-12/, гэрч Ц.Хишигжаргалын “...“Хашаан дотор байсан машинаа болон утсаа алдчихлаа, манай гэрт амьдарч байсан Тэмүүжин гэх хүүхэд аваад явчихлаа” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-31/, шүүгдэгч Б.Оын яллагдагчаар өгсөн “...Оптима маркийн суудлын автомашин байхаар нь би айлын хүмүүс гараад ирэх байх гэж монгол гэрийн хаалганы гадна талаас гэрийн бүснээс нь уяагаар хүлчихсэн юм. Тэмүүжингээс автомашины түлхүүрийг аваад автомашиныг асаагаад хашаанаас гараад бид хоёр цуг явсан. Явж байхдаа Тэмүүжин “надад виза карт байгаа, түүнээс нь мөнгө авна” гээд тойрог ороод АТМ-с хэдэн төгрөг авсан талаар сайн мэдэхгүй байна мөнгө авчихсан ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-54-57/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Б.Аын өргөдөл /хх-3/, “Хас” банкны дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-41/, “Киа Оптима” тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас, хх-42/, CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-46/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, CD бичлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О нь У.Тэмүүжинтэй санаатай нэгдэж бүлэглэн хохирогч Б.Аын хашаанд байгаа тээврийн хэрэгслийн түлхүүр, тээврийн хэрэгсэл, банкны виза карт, гар утаснууд зэргийг хулгайлсан, тухайн тээврийн хэрэгслийг асаах үед хохирогчийн мэдээд таслан зогсоохоор гэрээс гарах үйлдлийг хязгаарлаж гэрийн хаалгыг гадна талаас нь уясан, улмаар “Машинаа унтраагаач” гэсэн шаардлагыг хохирогч тавьсаар байхад үйлдлээ үргэлжлүүлэн аваад явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ад 1.265.000 төгрөгийн хохирол усан бөгөөд хохирогч нь “Киа Оптима” маркийн тээврийн хэрэгслийг буцаан авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Харин үлдэх хохирол /автомашинаа эрж хайсан зардал, виза картнаас алдагдсан мөнгө/-оос шүүгдэгч нь өөрт ноогдох 355.450 төгрөгийг төлсөн болох нь хохирол хүлээлгэж өгсөн тухай гар бичвэр /1 дүгээр хавтас, хх-47/-ээр тогтоогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.О үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийгээгүй, бусдыг буруутгаж байгааг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн 5 жил 8 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 2 дахин багасгаж 2 жил 9 сараар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх саналтай...

Шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж чадаагүй учраас хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэслэлгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, усан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Санаатай гэмт хэрэг 2 удаа үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. 4 сар цагдан хоригдоод гарсан. Дахиж ийм асуудалд орохгүй гэдэг. Санаатай гэмт хэрэг 2 үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэхгүй гэх үндэслэл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэмт хэрэг үйлдэх ашигтай нөхцлийг бүрдүүлж, шөнийн цагаар санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн/, гэмт хэргийн улмаас усан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 1.265.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол усан, хохирлыг нөхөн төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн хорих ялын дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 10 сар 05 хоногтой байсан болох нь нас тоолсон тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-84/-ээр батлагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ ...арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэн Б.Оыг өсвөр насны шүүгдэгч гэж үзсэн болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасныг баримтлан Б.От оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал /оюутан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг харгалзан түүний нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 124 /нэг зуун хорин дөрөв/ хоног урьдчилан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй. /1 дүгээр хавтас, хх-139-140, 143, 245, 2 дугаар хавтас, хх-26, 33, 40/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хэрэг үйлдэгдэх үеийн бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Гүртэн овогт Бямбабаатарын Оыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Оын эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жилээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 124 /нэг зуун хорин дөрөв/ хоног урьдчилан хоригдсон болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Б.От зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ял биечлэн эдлүүлэхийг Б.От мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР