| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2023/05250/И |
| Дугаар | 210/МА2024/02114 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/02114
2024 12 06 210/МА2024/02114
Х-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03417 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч Х-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Б ХХК-д холбогдох,
нийгмийн даатгалын шимтгэл 18,151,096,996 төгрөг, алданги 8,061,825,137 төгрөг, нийт 26,212,922,133 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Б ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс 17,959,915,825 төгрөгийн шимтгэлийн өр үүссэн байна. Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс ажил олгогчид дээрх үүссэн шимтгэлийн өр төлөхийг шаардаж, удаа дараа шат дараалсан арга хэмжээ авч, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчиж өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлж барагдуулаагүй. Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3-т зааснаар төлбөл зохих шимтгэл 17,959,915,825 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 7,997,369,958 төгрөг, нийт 25,957,285,783 төгрөгийг Б ХХК -иас гаргуулна.
1.2. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дугаар зүйлийн 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан хувь хэмжээгээр алдангийг тооцсон. Тус шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан ба энэ хугацаанд Б ХХК -ийн 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл 191,181,171 төгрөг түүнд оногдуулсан алданги 64,455,178 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
1.3. Иймд үндсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 18,151,096,996 төгрөг, алданги 8,061,825,137 төгрөг, нийт 26,212,922,133 төгрөгийг Б ХХК -иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч Б ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 18,151,096,996 төгрөгийн өр төлбөрийг төлөх ёстой, энэ үнийн дүнд маргахгүй боловч Зөрчлийн тухай хуулийн 2.1.1 дэх хэсэгт заасан зөрчил буюу хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг хянан шийдвэрлэхийн тулд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дахь хэсэгт заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал мөрдөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт ...нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр заасан. Нэхэмжлэгч талаас иргэний шүүхэд хариуцагч талын шимтгэл төлөх үүрэгт ногдуулах алдангийг шийдвэрлэхээр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон Н нь Б ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3 дахь хэсэгт зааснаар төлбөл зохих шимтгэл, алданги гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х **-ын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Талууд үндсэн шимтгэлийг хүлээн зөвшөөрч алдангид маргасан. Анх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зөрчил шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас гарснаас хойш буюу анх байцаагчийн дүгнэлтээр 11,924,738,000 төгрөгийн төлбөр тавигдсан бол одоо энэ төлбөрийн хэмжээ нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 18,151,096,996 төгрөгийг үндсэн шимтгэл, алданги 8,061,825,137 төгрөг, нийт 26,212,922,1334 төгрөгийн өр үүссэн. Б ХХК нь 3 тэрбум гаруй төгрөг төлсөн. 2021 оноос хойш төлөлт хийгдэхгүй явсаар цаана нь нийтийн эрх ашиг зөрчигдөж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, заалт буюу шимтгэл хугацаандаа төлөөгүйгээс үүсэх алдангийг 0,3 хувиар тооцохоор хуульд зохицуулсан. Зөрчлийн процессын тухайд улсын байцаагч шийтгэл оногдуулахдаа хуульд заасан журам зөрчсөн байж болно. Гэхдээ нөхөн төлбөрийн шийтгэврийн асуудал дээр шимтгэл, алданги дээр маргахгүй явж байгаад 2022, 2023 онд талууд гэрээ байгуулж, үндсэн шимтгэл, алдангийг төлөхөөр тохиролцсон. Иймд хуульд заасан шимтгэл, алдангийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК -аас 25,417,887,657 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н т олгож, 795,034,476 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Б ХХК -аас 127,247,388 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Хавтас хэргийн 66 дугаар талд Х **-ын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/5290 дугаартай албан бичгээр тус дүүргийн Ерөнхий прокурор О.А бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32024/04630 дугаартай шүүгчийн захирамжаар Х газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн. Хэргийн 80 дугаар талд прокурор Т.М нэхэмжлэлийг гардаж авч, хэргийн 73-74, 81, 111, 112-114, 121, 125, 130 дугаар талуудад авагдсан шүүхийн баримт дээр Т.М гарын үсэг зурсан. Гэтэл хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/2257 дугаартай Х **-ын ерөнхий прокурор Ц.Х нь Т.М-д итгэмжлэл олгосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогч биш этгээдэд нэхэмжлэл гардуулж, мөн шүүхээс итгэмжлэлгүй оролцогчийг гарын үсэг зуруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.
5.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3-т заасныг үндэслэсэн бөгөөд хариуцагчийг Нийгмийн даатгалын тухай хууль зөрчсөн үйлдэлийг зөрчил гэж үзэн хариуцлага тооцож буйгаа илэрхийлж, алданги 8,061,825,137 төгрөг гаргуулахаар шаардсан нь хэргийн харьяалал зөрчсөн. Нэхэмжлэлд дурдсан 2020-2023 оны хооронд үүссэн нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийн асуудал нь 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт тодорхой зохицуулагдсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэхээр зохицуулсан. Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих гэсэн 10.17 дугаар зүйлийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцохоор заасан.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан ба мөн хуулийн 10.17 дугаар зүйлд Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих үйлдлийг зөрчил гэж тодорхойлж, уг зөрчилд ногдуулах шийтгэлийг хуулиар тодорхойлсон байна. Мөн дээрх зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ гэж тогтоосон тул хариуцагч Б ХХК -ийн Нийгмийн даатгалын хууль зөрчсөн гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал мөрдөгдөх ёстой.
Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын орлого, шимтгэлийн байцаагч М.А нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бие даан явуулах эрх бүхий албан тушаалтан бөгөөд тэрээр шүүх хуралдааны үед тайлбарлахдаа хариуцагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн гэж тайлбарласан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл бүрдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан харьяаллын дагуу бүрэн явуулж, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэнийг илрүүлсэн тохиолдолд торгох болон алданги тооцохоор шийтгэл оногдуулж, акт үйлдэх ёстой. Нийгмийн даатгалын байцаагчийн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан. Харин иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ба захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн хуулийн этгээдэд хариуцлага тооцох асуудалд хамаарахгүй. Мөн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоос үзвэл нийгмийн даатгал, алдангитай холбоотой асуудал болон улсын байцаагчийн акт болон шийтгэлийг хуудастай холбоотой эрх зүйн маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалал мөн гэж үзэж байна.
5.3. Анхан шатны шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч талыг тайлбарыг үндэслэж буруу дүгнэсэн. Тухайлбал, анхан шатны шүүх ...захиргааны хэргийн шүүхийн харьяалалын асуудлаар талууд өмнө нь маргасан, тухайн асуудал нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэгэнт дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй... гэж тус тус дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, хийсвэр дүгнэлт болжээ. Учир нь хариуцагчийн зүгээс улсын байцаагчийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд хандаж уг шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0391 дугаартай шийдвэрээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон боловч уг шийтгэлийн хуудсыг засварлаж, хариуцагчид гардуулах эрх нь нээлттэй талаар шийдвэртээ тусгасан байхад Нийгмийн даатгалын хэлтэс энэхүү ажиллагааг хууль журмын дагуу өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй. Харин Х-ийн байцаагч дахин уг алдааг залруулж шийтгэлийн хуудас оногдуулж, алданги тооцсон бол бид үүнтэй холбоотойгоор шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ тухайн магаантай асуудлаар холбогдох харьяаллын шүүхэд өмнө нь шийдвэрлүүлж нэгэнт дууссан тул дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар маргааныг шийдэхгүй гэх агуулгаар Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг тус тус үгүйсгэж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0391 дугаартай шийдвэрээр нийгмийн даатгалын орлого шимтгэлийн байцаагч М.Алтангэрэлийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б ХХК -ийг 500,000 төгрөгөөр торгох тухай 0041362 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Харин Захиргааны шүүхээс алдангийн асуудлыг хянан хэлэлцээгүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх талууд алдангийн асуудлаар өмнө нь харьяалах шүүхээр маргалдаж дууссан мэтээр дүгнэсэн нь Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0391 дугаартай шийдвэрийг үзээгүйтэй холбоотой гэж үзэхээр байна.
Мөн анхан шатны шүүх ...Б ХХК-д нийгмийн даатгалын байцаагчийн ногдуулсан шийтгэлийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхийн харьяаллаар талууд маргасан, цаг хугацааны хувьд тухайн асуудлаар уг шийтгэл ногдуулсан актыг захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа талууд төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ гэж дүгнэсэн нь зөвхөн нэг талын тайлбарт үндэслэсэн, бодит байдалд нийцээгүй, шүүх илт нэг талыг баримталж дүгнэсэн. Учир нь талууд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1 жилийн хугацаатай нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах гэрээг байгуулж байсан бөгөөд энэхүү гэрээг сунгаж 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр уг гэрээг дахин байгуулсан. Нөгөөтэйгүүр захиргааны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 10 гаруй сарын дараа буюу 2023 оны 03-р сарын 20-ны өдөр талууд дахин гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шийтгэл оногдуулах эрхтэй байсан. Гэтэл шүүх цаг хугацааны хувьд хамааралгүй 2 үйл баримтыг хооронд нь холбож, талууд тохиролцсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.
Хариуцагч тал нийгмийн даатгалын шимтгэл төлөх гэрээний асуудлаар маргаагүй гагцхүү хуульд заасан арга хэмжээг шат дараалалтай авалгүй шүүхэд шууд хандсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т заасан торгуулийн арга хэмжэз авагдаагүй тул тус заалтын тайлбар хэсэгт дурдсан алдангийн асуудал хэрэгжих боломжгүй. Талууд 2023 оны 03 дугаар сараас 2024 оны 03 дугаар cap хүртэл төлбөрийн график тохирсон бөгөөд энэ хугацаанд төлбөр барагдаагүй тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3-т заасны дагуу торгууль, алданги оногдуулахыг харилцан тохиролцсон. Гэтэл нийгмийн даатгалын газар Зөрчлийн хуульд заасан арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхгүй буюу торгууль оногдуулаагүй нь гэрээг зөрчиж байна.
5.4. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан алдангид 8,061,825,137 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар нэхэмжлэгч тал алданги тооцсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг баримтад зааснаар алдангийн нийт үнийн дүнг 8,450,638,646 төгрөг гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, уг баримтад дурдсан алдангийн дүн нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 388,831,509 төгрөгийн зөрүүтэй тооцогдсон байсан. Энэ талаар шүүхэд тайлбарласан бөгөөд Нийгмийн даатгалын газраас алдангийг буруу тооцсон байх магадлалтай учраас нотлох баримтад эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ байдлыг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй.
Хариуцагч Б ХХК -ийн хувьд улс орон даяар үүссэн ковид цар тахал, хилийн хорио цээр, эдийн засгийн хямралын улмаас үйл ажиллагаа нь багагүй хугацаанд тасалдсаны улмаас нийгмийн даатгалын өр хуримтлагдсан. Уг өрийг төлөхөөр илэрхийлж тайлбарласан. Гагцхүү анхан шатны шүүх бодит байдлыг үнэн зөв дүгнэлгүй, хуульд заасан харьяаллыг зөрчин их хэмжээний алданги гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулахаар тооцсон 7,266,790,661 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч тал хэргийн харьяаллын талаар шүүхийн шийдвэрт гомдол гаргах нь зохимжгүй. Мөн шийтгэлийн хуудсыг Захиргааны хэргийн шүүх хууль бус захиргааны акт байна гэж тогтоогдсон ба Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа Б ХХК -тай нийгмийн даатгалыг тогтоосон хугацаанд барагдуулах авлага барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн хангалттай гүйцэтгэхгүй байсан тул иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тохиолдолд хариуцлагын тухай зохицуулалт нь 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3-т заасан тайлбар хэсэг, мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т ...төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа. Б ХХК 2020 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл төлж барагдуулсан бол талуудын хооронд маргаан үүсэхгүй байсан. Гэвч үүргээ хангалттай биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х **-ын тайлбарын агуулга: Х-ээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээр Б ХХК-д холбогдох хэрэгт Х газраас төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. 2020 оны 12 дугаар сараас хойш Б ХХК нь Нийгмийн даатгалын тухай хууль зөрчиж, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс үүдэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Н нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 17,959,915,825 төгрөг, алданги 7,997,369,958 төгрөг, нийт 25,957,285,783 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын шимтгэл 191,181,171 төгрөг түүнд оногдуулсан алданги 64,455,178 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч Б ХХК -иас нийгмийн даатгалын шимтгэл 18,151,096,996 төгрөг, алданги 8,061,825,137 төгрөг, нийт 26,212,922,133 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэл 18,151,096,996 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч гэж маргажээ.
3. Б ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэл 18,151,096,996 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй талаар зохигч шүүхэд маргаагүй.
4. Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэйг зөв дүгнэж, хариуцагч Б ХХК -иас нийгмийн даатгалын шимтгэл 18,151,096,996 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ шийдэлд зохигч гомдол гаргаагүй учир үйл баримтын талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй орхив.
5. Харин анхан шатны шүүх ...тухайн маргаантай асуудлаар холбогдох харьяаллын шүүхэд өмнө нь хандаж шийдвэрлүүлсэн, улмаар үүний дараа өр төлбөрийг барагдуулах асуудлаар гэрээ байгуулсан тул дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар маргааныг шийдэхгүй гэж дүгнэж, хариуцагч талын төлөгдөөгүй шимтгэлд холбогдох алдангид 7,266,790,661 төгрөгийг тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Учир нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0391 дугаар шийдвэрээр нийгмийн даатгалын орлого шимтгэлийн байцаагчийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосон, уг алдааг улсын байцаагчийн зүгээс залруулж дахин шийтгэлийн хуудас олгоогүй бөгөөд захиргааны хэргийн шүүхээс алдангийн асуудлыг хянан хэлэлцээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас алданги гаргуулах тухай нэхэмжлэл нь хэргийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл дэх хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан.
Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бөгөөд энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.
Дээрх зохицуулалтаас үзвэл уг арга хэмжээг нийгмийн даатгалын байцаагч харьяалан шийдвэрлэх эрхтэй. Х-ийн байцаагч дахин шийтгэлийн хуудас оногдуулаагүй байхад нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотойгоор алданги нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан хэргийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, алдангитай холбоотой асуудлыг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэх буюу нийгмийн даатгалын байцаагчийн эрх хэмжээнд хамаарна. /ИХШХШТХ-ийн 65.1.3т хамаарах ойлголт болчих байх, энэ хэсгийг хассан нь зүгээр байх/
Иймд нэхэмжлэгч Х-ийн хариуцагч Б ХХК -иас Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар алданги тооцож, алданги 8,061,825,137 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь иргэний шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.
Учир нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ба захиргааны хэм хэмжээ зөрчсөн хуулийн этгээдэд хариуцлага тооцох асуудал нь үүнд хамаарахгүй.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан алданги 8,061,825,137 төгрөг гаргуулах тухай Х-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.
7. Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Хан-Уул дүүргийн прокурорын газар оролцсон байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогч биш этгээдэд нэхэмжлэл гардуулж, мөн шүүхээс итгэмжлэлгүй оролцогчийг гарын үсэг зуруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.
7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй.
Харин Н нь нийгмийн даатгалын санг бүрдүүлэх чиг үүргийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасан тохиолдолд тухайн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд прокурорын байгууллага оролцох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл шүүх төр, нийтийн эрх ашиг хөндөгдөх магадлалтай гэж үзэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Х газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу байх боловч энэ нь уг хэргийн шийдэлд нөлөөлөхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
7.2. Түүнчлэн, Х газраас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр прокурор Т.М-д 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна./хх-133/ Прокурор Т.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн байр суурьтай оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхино.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК -иас 18,151,096,996 төгрөг гаргуулан Н т олгосугай. гэж,
тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан алданги 8,061,825,137 төгрөг гаргуулах тухай Х-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн 2 дахь заалт нэмж,
тогтоох хэсгийн 2, 3, 4 гэсэн дугаарлалтыг 3, 4, 5 гэж дугаарлан өөрчилж,
3 дахь заалтын ...127,247,388 гэснийг 90,913,435 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Б ХХК -иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,492,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН