| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2024/04985/И |
| Дугаар | 210/МА2024/02045 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/02045
2024 11 25 210/МА2024/02045
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/03895 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.*******т холбогдох
Дизель түлшний үнэ 32,992,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Э.******* нь ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ГО/210702 дугаар Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ-г хэрэгжүүлэх зорилгоор ******* ХХК-ийн шатахуун тээврийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан бөгөөд уг гэрээгээр дамжуулан 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Хово /Howo/ маркийн түлш тээвэрлэх автомашинаар 35 удаагийн ачилтаар нийт 11,894 литр дизель түлшийг хүлээн авсан.
1.2. Гэвч Э.******* нь зээлээр худалдан авсан дизель түлшний нийт төлбөр 32,992,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу эцсийн байдлаар 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулж дуусах үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Э.*******ээс зээлээр худалдан авсан дизель түлшний төлбөр 32,992,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие 2021 онд ******* ХХК-ийн нүүрс тээвэрт Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлд тээвэр хийж байхдаа ******* ХХК-иар дамжуулан Цогт-Овоо сум дахь ******* ХХК-иас түлш авч байсан. Энэ хугацаанд 35 удаагийн авалтаар 11,894 литр дизель түлш авсныг ******* ХХК-ийн гаргасан материалд дурдсан байгаа. Тухайн үед түлшийг 2,100 төгрөгөөр авч байсан.
2.2. ******* ХХК-тай өөрийн нэрээр ямар ч гэрээ хийгээгүй бөгөөд ******* ХХК, түүний захирал Б.*******ын хийсэн гэрээний дагуу бүх түлшийг авч хэрэглэсэн.
2.3. ******* ХХК-ийн тооцсоноор орлого орох бүрт өөрийн хэрэглэсэн түлшний үнийг ******* ХХК-ийн захирал Ө.*******гийн ******* дансанд 25,702,000 төгрөг, ******* ХХК-ийн захирал Б.*******ын эхнэр Б.ийн Хаан банкны дансанд 7,290,000 төгрөгийг өөрийн Хаан банкны данс болон эхнэр Б.гийн Хаан банкны данс, Төрийн банкны данснаас 10 удаагийн гүйлгээгээр нийт 32,992,000 төгрөгийг төлж барагдуулсан.
2.4. ******* ХХК-ийн хийсэн гэрээний дагуу хувийн машиндаа түлш авдаг байсан учир дээрх 2 компанийн аль алиных нь шаардсан үед түлшний мөнгийг өгөх үүрэгтэй гэж бодож байсан тул 2 удаагийн гүйлгээгээр 7,290,000 төгрөгийг ******* ХХК-ийн захирал Б.*******ын хэлснээр түүний эхнэр Б.ийн дансанд шилжүүлсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.*******т холбогдох шатахууны төлбөр 32,992,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэх дүгнэлтийг хийхдээ Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан 8 үндэслэлээс зөвхөн нэг үндэслэлд буюу тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан буюу хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл гэх агуулгад дүгнэлт хийсэн нь буруу байна.
Хэрэв шүүгчийн дүгнэснээр ******* ХХК, Э.******* нарын хооронд ямар ч хэлцэл байгуулагдаагүй, хүсэл зоригийн илэрхийлэл огт байхгүй гэж үзвэл хариуцагч Э.******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших гэж зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан аргаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх байдлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохгүйгээр шийдвэрлэх нь хуульд нийцэх байсан.
Гэтэл шүүх дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа ба шийдвэр үндэслэл бүхий болоогүй.
4.2. Мөн хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-тай ямар нэг гэрээ байгуулаагүй гэж татгалздаг боловч Э.******* тус компаниас 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр 35 удаа буюу нийт 11,894 литр 32,990,000 төгрөгийн дизель түлш зээлээр авч, хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрч, энэ талаар маргадаггүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Шатахуун авсан гэдэг нь үнэн. Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байгаа нь ор үндэслэлгүй зүйл. Шатахуун авч хэрэглээд нэг ч төгрөг дутаахгүй өгсөн.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан дизель түлшний төлбөрт 32,992,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх үйл баримтыг буруу тогтоож, алдаатай эрх зүйн дүгнэлт хийсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулна.
3.1. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэж үздэг.
Худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдаж буй эд хөрөнгө, түүний үнэ нь тухайн гэрээний гол нөхцөл болох ба энэ талаар харилцан тохиролцсон бол гэрээний талуудын хүсэл зориг нэгдсэн буюу уг гэрээг байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл болно.
3.2. Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь шатахуун түгээх станцаас 2021 оны зун 32,992,000 төгрөгийн үнэ бүхий 11,894 литр түлш хүлээн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар зохигч маргаагүй.
Өөрөөр хэлбэл, талуудын хэн аль нь ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлөөр түлш нийлүүлэгдэж байгааг мэдэж байсан. Энэ тохиолдолд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа тодорхой үйлдлээр илэрхийлж, бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
3.3. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. гэж заасан.
Хариуцагч нь дээрх гэрээгээр 11,894 литр түлшийг хүлээн авсан тул түүний үнэ 32,992,000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба түүний зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 25,702,000 төгрөгийг ******* ХХК-ийн захирал Ө.*******гийн ******* дансанд ******* түлш альфа /хх-ийн 29, 32-36 дугаар тал/ гэсэн утгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч байгууллагаас уг баримтуудыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүй тул үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийг хүлээж аваагүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх шилжүүлэг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт нийцэж байх тул хариуцагчийг гэрээний үүрэгт 25,702,000 төгрөг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй.
3.4. Харин гэрээний үнээс үлдэх 7,290,000 төгрөгийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.*******ын эхнэр гэх Б.ийн Хаан банк дахь дансанд /хх-ийн 30-31 дүгээр тал/ шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч уг мөнгийг нэхэмжлэгч байгууллага хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгэсэнд тооцохгүй. Иймд хариуцагчаас 7,290,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,702,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.
4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/03895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******ээс 7,290,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,702,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,910 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 131,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.ГАНДИЙМАА